Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00158

 

“....банк” ХХК дахь банкны эрх хүлээн

авагчийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/00211 дүгээр шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 657 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “....банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч

          Хариуцагч: Д.Д-

          Хариуцагч: З.Г-

          Хариуцагч: Б.Л- нарт холбогдох

          795,262,958.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантогтох, Б.Энхсүрэн, хариуцагч З.Г-, түүний өмгөөлөгч Б.Сарнай, хариуцагч Б.Л-гийн өмгөөлөгч С.Батхүлэг, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

      Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ...... банкнаас 2013-07-21-ний өдрийн тэнцлээр  “Төрийн ордон тооцооны төв” нэртэй дансанд 701,643,525.79 төгрөгийн актив бүртгэлтэй байсан. Тус активыг судлан үзэхэд уг салбарт эрхлэгчээр ажиллаж байсан Д.Д-, хянагч теллерээр ажиллаж байсан З.Г-, теллерээр ажиллаж байсан Б.Л- нар 2008-12-р сараас 2010-09-22-ны өдрийг хүртэл хугацаанд Банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж, бүлэглэн ....банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгө, валютыг тэдний зөвшөөрөлгүйгээр зээл хэлбэрээр гарган авч, завшиж үрэгдүүлэн бусдад 586,999,000 төгрөг, 90,302 ам.доллар, 1,500 евро, буюу нийт 709,339,805.18 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан. Энэ үйлдлийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн Д.Д-, З.Г-, Б.Л- нарыг яллагдагчаар тус тус татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуульд заасны дагуу ......банкны зарим актив пассив, хөрөнгийг Төрийнбанк ХХК-д шилжүүлж, үлдэх актив нь банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд хэвээр үлдсэн. Иймд тус авлагыг төлүүлэхээр эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох тухай хүсэлтийг хуулийн байгууллагад хүргүүлснээр тус хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож эхэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт удаа дараагийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх нягтлан бодох бүртгэлийн 2012-08-10-ны өдрийн шинжээчийн 108-р дүгнэлтээр хохирлын хэмжээг 586,999,000 төгрөг, 84,502 ам.доллар, 1,500 евро гэж эцэслэн тогтоож, дутагдлыг тооцохдоо хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, гүйлгээ хийсэн код нэрээр нь тус тус хариуцахаар дүгнэлтэд тусгасан. Үүнд: Д.Д-аас дангаар 145,750,000 төгрөг, 22,000 доллар, Д.Д-, Б.Л- нараас 80,650,000 төгрөг, Д.Д-, З.Г- нараас 22,500,000 төгрөг, Д.Д-, З.Г-, Б.Л- нараас 338,099,000 төгрөг, 62,502 доллар, 1,500 евро, нийт 586,999,000 төгрөг, 84,502 доллар, 1,500 евро юм. Мөн Монголбанкны хяналт шалгалтын газрын шинжээчийн 2010 оны дүгнэлтээр Д.Д-ын үйлдлүүд нь Банкны тухай хуулийн 9.1, 10.1. 11.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-30 дугаар зүйлүүдэд заасан зээл олгох ажиллагаа болон зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдэгчээр гарын үсэг зуруулан, зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлснээр олгосонд тооцно гэх заалтууд, кассын үйл ажиллагааны зааврын 3.9.2, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмын 11.2.2-т заасан ажил олгогчийн болон харилцагчийн нууцыг задруулсан, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, данс бүртгэл будлиантуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг зохисгүй үйлдэл гаргасан, 11.2.5-д заасан ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн буруу үйл ажиллагаа явуулсан, 11.2.9-д заасан төлбөр тооцооны баримтад харилцагч байгууллага, иргэдийг төлөөлөн гарын үсэг зурсан, гүйлгээ хийсэн, 11.2.16-д заасан гэнэтийн тооллогоор кассын дутагдал гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 10.2.3-т заасан ажил олгогчийн болон харилцагчийн нууцыг задруулсан, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, эрх мэдлээ хэтрүүлсний улмаас ажил олгогчид хохирол учруулсан, 10.2.6-д заасан ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бизнест хор учруулах үйл ажиллагаа явуулсан, 10.2.10-т заасан төлбөр тооцоооны баримтад харилцагч байгууллага, иргэдийг төлөөлж гарын үсэг зурсан зэрэг заалтуудыг зөрчиж банкны ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Хянагч теллер З.Г-, теллер Б.Л- нар нь дээрх хугацаанд хадгаламж эзэмшигч нарын хадгаламжийн мөнгө, валютыг тэдний зөвшөөрөлгүйгээр гаргадаг үйлдэл нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7.2.2-т заасан хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх тухай заалт, 10.2-т заасан хадгалагч нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл, итгэмжлэгдэгчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэн гүйлгээ хийх, хадгаламж эзэмшигч нарын хадгаламжийн мөнгө, валютыг тэдний зөвшөөрөлгүйгээр, ямар нэгэн баримтгүйгээр бэлнээр олгосон. ....банкны кассын ажиллагааны зааврын 3.11-т заасан бэлэн мөнгөний чек болон тэдгээртэй адилтгах бусад баримтаар зарлагын гүйлгээ хийх тохиолдолд харилцагчийн иргэний үнэмлэх, итгэмжлэлийг шалгасны үндсэн дээр хийнэ гэх заалтуудыг тус тус зөрчсөн. Ингээд хариуцагч нарт холбогдох эрүүгийн хэрэг шүүхэд шилжин хянагдсан. ДЭХАШ-ны 1-р шүүхийн 2014-02-26-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Д-ыг банкны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнээс 685,289,365 төгрөгийг гаргуулж ...банк ХХК-д олгохоор шийдвэрлэж байсан. Гэвч давж заалдах шатны 10-р шүүхийн 2014-06-10-ны өдрийн 511 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. ДЭХАШ-ны 1-р шүүхийн 2014-10-24-ний өдрийн 278А дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Д-, З.Г-, Б.Л- нарыг банкны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ....банк ХХК-д учирсан хохирлыг шийдвэрлэхдээ гэмт хэрэгт оролцсон оролцоо, нөхцөл байдлыг харгалзан нийт 709,339,805 төгрөгийн хохирлын 70% буюу 496,537,863 төгрөгийг Д.Д-аас, 20% буюу 141,867,961 төгрөгийг З.Г-ээс, 10% буюу 70,933,805 төгрөгийг Б.Л-гээс тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч давж заалдах шатны 10-р шүүхийн 2015-01-06-ны өдрийн 6-р магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн. Ингээд Прокуророос Д.Д-, З.Г-, Б.Л- нарт холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлсэн боловч БЗ,СБ,ЧДүүргийн ЭХАШШ-н 2015-12-03-ны өдрийн 870 дугаартай тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2016-01-25-ны өдрийн 159 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Д.Д-, З.Г-, Б.Л- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх ба яллагдагч Д.Д-, З.Г-, Б.Л- нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, өршөөлд хамрагдах хүсэлтийг гаргасан тул тэдгээрт холбогдох эрүүгийн 21047240 дугаартай хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015-08-11-ний өдрийн хуулийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч ИХ-н 497.1, 497.3-т зааснаар хариуцагч нараас тэдгээрийн учруулсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна. ......банк ХХК нь хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан хохирлыг арилгасан. ....банкинд учирсан хохирлыг авлагын данс нээж бүртгэсэн. Ийнхүү бүртгэхдээ 84,502 ам долларыг 2010-10-27-ны өдрийн Монголбанкны зарласан ханшаар тооцон /1 ам долларыг 1,289.26 төгрөгөөр тооцсон/ 108,945,048.52 төгрөг, 1,500 еврог мөн өдрийн Монголбанкны заралсан ханшаар тооцон /1 еврог 1,798.39 төгрөгөөр тооцсон/ 2,697,585 төгрөг гэж. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нийт хохирлоос 3,396,897.97 төгрөг төлөгдсөн болно. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нарын бүлэглэн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас ......банк ХХК-д учирсан хохирлын үлдэгдэл 583,602,102.03 төгрөг, 84,502 ам.доллар, 15,005 евро байна. Уг хохирлыг хариуцагч нараас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх нягтлан бодох бүртгэлийн 2012-08-10-ны өдрийн шинжээчийн 108 дугаар дүгнэлтийн дагуу төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Д.Д-аас 308,892,367.34 төгрөг, 42,834 ам.доллар буюу 105,302,248.9 төгрөг, 500 евро буюу 1,307,610 төгрөг, нийт 415,502,226.26 төгрөгийг, Б.Л-гээс 151,892,367.34 төгрөг, 20,834 ам.доллар буюу 51,217,888.9 төгрөг, 500 евро буюу 1,307,610 төгрөг, нийт 204,417,866.24 төгрөгийг, З.Г-ээс 122,817,367.4 төгрөг, 20,834 ам.доллар буюу 51,217,888.9 төгрөг, 500 евро буюу 1,307,610 төгрөг, нийт 175,342,866.3 төгрөгийг, Ингээд нийтдээ 795,262,958.80 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ.

    Хариуцагч Д.Д- тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. ....банк ХХК нь тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигч нарт 701,643,525.79 төгрөгийг төлсөн байгаа. Өөрөөр хэлбэл энэ 701,643,525.79 төгрөг нь ....банк ХХК-иас дутагдсан төлбөрийн бодит хэмжээ, хадгаламж эзэмшигч нарт буюу банкинд учирсан бодит хохирол юм. Энэ 701,643,525.79 төгрөгөөс иргэний хариуцагчаар оролцсон М.А-н төлөх ёстой 18,360,000 төгрөг, Ц.С-н төлөх ёстой 37,000,000 төгрөгийг хасаад үлдэх 646,283,525.79 төгрөгийг дангаараа хариуцан төлөх хүсэлтэй байна. Хэргийн бусад хариуцагч нар болох З.Г-, Б.Л- нар энэ хэрэгт хамааралгүй, надаас шалтгаалж тэд хэрэгт холбогдсон гэжээ.

      Хариуцагч Б.Л- тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Би сургуулиа төгсөөд 2007 онд ...банк ХХК-ийн Төрийн ордон дахь салбарт теллерээр ажилд орсон. Тухайн үед теллер нь бэлэн орлого зарлагын гүйлгээ болон бэлэн бусаар тооцоо, гүйлгээ хийдэг байсан. Теллер нь тухайн салбарын ахлах теллер болон захиралд шууд захирагдаж ажилладаг. Анх ажилд ороход надтай эд хөрөнгийн хариуцлагын гэрээ болон хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй. Миний ажилд орсон салбар бол Төрийн ордон дотор байрладаг байсан учир гаднаас харилцагч орж ирж үйлчлүүлэх боломжгүй бөгөөд зөвхөн Төрийн ордон дотор ажилладаг хүмүүст үйлчилдэг байсан. Тухайн үед уг салбарт банкны ажилтан бүх мэдээллийг бичиж, гүйлгээ хийж, харилцагч нар зөвхөн баримтад гарын үсэг зурж гүйлгээ хийдэг байсан. Салбарын дээрх хэлбэрээр явагддаг үйл ажиллагааг төв салбараас ойлгож, хүлээн зөвшөөрдөг байсан. Төв салбараас дотоод хяналтын шалгалт нь энгийн салбарт 1 жилд 2-3 удаа ирдэг бол манай салбарт 2 жил дотоод хяналт шалгалт ирээгүй, кассын шалгалт ч хийгдээгүй байсан. Мөн салбарын онцлогоос шалтгаалаад манай салбар руу шууд нэвтрэх боломжгүй байсан. Зөрчлийн талаар мэдээлэх бодлого, хүлээлгэсэн үүрэг байдаггүй байсан. 2008 оны сүүлээр утсаар ярьж гүйлгээ хийх нь хэвийн үзэгдэл байсан, гүйлгээ хийгдэж байсан ч харилцагч нар гарын үсэг зурах нь багассан. Миний хувьд уг асуудлаар ахлах теллер, салбарын эрхлэгч нарт мэдэгдэх үүрэгтэй байсан бөгөөд өөр цааш нь хэнд мэдэгдэхээ мэдэхгүй байсан. Гэтэл захирал Д.Д- нь надад би хийгдсэн гүйлгээнүүдийг мэдэж байгаа, санаа зоволтгүй гэж хэлж байсан. Банкны тухай хууль тогтоомж, мөн ....банкны дотоод дүрэм, журмуудыг зөрчсөн гэдгээ зөвшөөрч байгаа. Харин нэхэмжлэлд дурдсан шиг надад харилцагч, хадгаламж эзэмшигч нараас авсан нэг ч мөнгө, төгрөг байхгүй учир нэхэмжлэлд дурдагдсан мөнгийг би хариуцахгүй. Нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирлоос өөртөө нэг ч төгрөг аваагүй гэжээ.

    Хариуцагч З.Г- тайлбартаа: Банкны хувьд харилцагчийн зөвшөөрөлгүй гүйлгээ хийдэг байсан гэдэг нь худлаа юм. Бид харилцагчийн утсаар болон бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу гүйлгээ хийдэг байсан. Уг асуудлаас шалтгаалан захирал Д.Д- нь мөнгө ашигласан гэдгийг нь мэдсэн. Түүнээс хойш бид гүйлгээний талаар харилцагчаас асууж шийдвэрлэдэг байсан. 2008 оноос хойш банкны салбарын шалгалт манайд огт хийгдээгүй байсан. Тиймээс Д.Д- захиралтай үгсэн хуйвалдаж, уг мөнгөнөөс авч ашигласан зүйл байхгүй. Харин банкны тухай хууль тогтоомж зөрчсөнийг зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр102/ШШ2019/00211 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-г баримтлан Д.Д-аас 366,608,742.22 төгрөг, Б.Л-гээс 180,322,386.13 төгрөг , З.Г-ээс 154,712,397.44 төгрөг тус тус гаргуулан ....банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, Д.Д- холбогдох нэхэмжлэлээс 48,893,484.04 төгрөг, Б.Л-д холбогдох нэхэмжлэлээс 24,095,480.11 төгрөг, З.Г-т холбогдох нэхэмжлэлээс 20,630,468.86 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Д.Д-аас 1,990,994 төгрөг, Б.Л-гээс 1,059,562 төгрөг, З.Г-ээс 931,512 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 657 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/00211 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Л-, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2019/03167 дугаартай захирамжаар, З.Г- нь мөн дүүргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШЗ2019/04018 дугаартай захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлөгдсөн болохыг дурдсан байна.

      Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний шүүх эрүүгийн шүүхийн ажиллагааг гүйцэтгэлээ. Магадлалд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн 2015-01-06-ны өдрийн 6 дугаартай магадлалаар шүүгдэгч нарын гэм бурууг зөв тогтоож, тэдгээрээс төлөх төлбөрийн хэмжээг зөв тогтоох шаардлагатай гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэж байсан үйл баримт тогтоогдож байна гэжээ. Дээрх Эрүүгийн хэргийн шүүхийн магадлалд Д.Д- нь банкны онц их хэмжээний мөнгөн хөрөнгийг зээл хэлбэрээр гарган авч хувьдаа ашигласан, мөн банкны хууль тогтоомж зөрчсөний улмаас банкинд хохирол учруулсан нийлмэл үйлдлүүд байх ба эдгээр үйлдэл бүрт хохирлыг мөнгөн дүнгээр тооцож, хэргийг зөв зүйлчлэх, мөн З.Г-, Б.Л- нар дээрх үйлдлүүдийн аль хэсэгт оролцсоныг нарийн тогтоох шаардлагатай байна. Ингэснээр тэдгээрээс төлөх төлбөрийг зөв тооцон гаргуулж шийдвэрлэхэд ач холбогдолтой юм гэж дүгнэсэн байдаг. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд нийлмэл үйлдэл тус бүрийг тогтоох шаардлагатай ба харин иргэний журмаар гэм хорыг шийдвэрлэхэд энэ үйлдэл тус бүрийг тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх зохицуулалттай. Иргэний эрх зүйн онолоор бусдад гэм хор учруулсны улмаас үүрэг үүсэхэд үүрэг гүйцэтгэгчийн гэм буруу, бусдад учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба хариуцагч нар өөрийн теллер кодоор хууль бус гүйлгээг хийгээгүй байсан бол банкинд энэ хохирол учрахгүй байсан болно. Магадлалын 9-р тал, Дээрх гэмт хэрэг эрүүгийн шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй байсан шалтгаан нь хариуцагч нарын гэм буруу, банкинд учруулсан хохирлын хэмжээнд биш харин банкнаас хууль бусаар гарган авсан 701,789,365.00 төгрөгөөс форексын арилжаанд оруулсан болох нь тогтоогдсон 538,448,533.96 төгрөгийг хасч тооцоход үлдэх 163,340,832.04 төгрөгийг хэн юунд зарцуулсан болох нь тогтоогдохгүй байсан юм. Учир нь үүнийг зөвхөн хариуцагч нар өөрсдөө мэдэх тул үүнийг тогтоож чадахгүй, эрүүгийн журмаар хэргийг шийдвэрлэхэд мухардалд орсон байдаг. Иймд нэхэмжлэгчээс хариуцагч нар нь банкнаас хууль бусаар авсан мөнгөнөөс, хэн нь хэдийг форексын арилжаанд оруулсан, үлдэх мөнгийг юунд зарцуулсныг мэдэх боломжгүй, мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй тул тэдгээрийн өөрийн теллер кодоор гүйлгээ хийж банкнаас хууль бусаар гаргасан мөнгөн дүнг тус тус нэхэмжилсэн тухай давж заалдах шатны шүүхэд тайлбарыг гаргасан боловч хүлээн авсангүй. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, энэ талаар эвлэрэн хэлэлцэх боломжтой эсэхэд анхаарч ажиллагаа явуулаагүй нь ИХШХШТХ-ийн 67.1.4-т заасантай нийцээгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлээ. Шүүхээс нэхэмжлэгчид эрх, үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан нь хэргийн материалд байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эсэх нь нэхэмжлэгчийн өөрийн эрхэд хамаарах асуудал юм. ХХША-ны Д.Д- нь нэхэмжлэлийн нийт дүнг дангаар хариуцах боломжтой тухай тайлбарыг гаргаж байсныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй. Энэ тухай буюу Д.Д-ын тайлбарыг зөвшөөрөх эсэх тухай шүүх бүрэлдэхүүнээс шүүх хуралдааны явцад асууж байсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай тайлбарыг өгч шүүх хуралдаан үргэлжлэн явагдсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс нотлогдоно. Нэхэмжлэгч эхнээсээ гэм хорыг хариуцагч нарт холбогдох хэмжээгээр нь нэхэмжилсэн бөгөөд нэг хариуцагчид дангаар нь хариуцуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй тухай байр суурийг тууштай баримталж байсан, цаашид ч баримтлах болно. Мөн Д.Д- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан нь хэрэгт байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүхээс эвлэрэн хэлэлцэх боломжтой эсэхийг анхаараагүй гэж үзэж нэхэмжлэгчийн эвлэрэх эсэх тухай хуулиар олгогдсон эрхэд халдаж байгаад гомдолтой байна. Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     “....банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч 2017-03-23-ны өдөр   Д.Д-, Б.Л-, З.Г- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нийт 795,262,958.80 төгрөг шаарджээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь Д.Д-аас 308,892,367.34 төгрөг, 42,834 ам доллар /105,302,248.9 төгрөг/, 500 евро /1,307,610 төгрөг/ нийт 415,502,226.26 төгрөг., Б.Л-гээс 151,892,367.34 төгрөг, 20,834 ам доллар /51,217,888.9 төгрөг/, 500 евро /1,307,610 төгрөг/ нийт 204,417,866.24 төгрөг., З.Г-ээс 122,817,367 төгрөг, 20,834 ам доллар /51,217,888.9 төгрөг/, 500 евро/ 1,307,610 төгрөг/ нийт 175,342,866.3 төгрөг тус тус нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч үндэслэлээ тайлбарлахдаа “..хариуцагч нарыг эрүүгийн хэрэгт шалгасан ч тэд гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр Өршөөл үзүүлэх тухай 2015-08-11-ний өдрийн хуулийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хохирлыг иргэний журмаар шаардаж байна...” гэжээ.

    Хариуцагч Б.Л-, З.Г- нар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй.  Д.Д- нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгчид учирсан бодит хохирол нь 701,643,525.79 төгрөг тул уг мөнгөнөөс М.А-н 18,360,000 төгрөг, Ц.С-н 37,000,000 төгрөгийг хасаад үлдэх 646,283,525.79 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө... З.Г-, Б.Л- нар надаас болж энэ хэрэгт холбогдсон...” гэж маргасан байна.   

    Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...  Д.Д-, З.Г-, Б.Л- нар гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч энэ нь тэднийг учирсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөхгүй...банк харилцагч нартаа нийт 701,643,525 төгрөг төлсөн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангана... хариуцагч нар тус бүрээс гаргуулах хохирлын хэмжээг тодорхойлохдоо Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх нягтлан бодох бүртгэлийн 2012 оны 108 тоот дүгнэлтэд заасан мөнгөний хувь хэмжээгээр тооцож 701,643,525.79 төгрөгийн 52,25 хувийг Д.Д-аас, 25,7 хувийг Б.Л-гээс, 22,05 хувийг З.Г-ээс гаргуулна...” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.

    Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Б.Л-, З.Г- нарын   гомдлоор хянаж, шийдвэрийг хүчингүй болгохдоо “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх 2015-01-06-ны өдрийн 06-р магадлалаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байсан тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012-08-10-ны өдрийн №108 тоот шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй баримт гэж үзэхгүй... Д.Д- дангаараа төлбөрийг хариуцах талаар тайлбар гаргаж байсныг шүүх анхаарч үзээгүй байна...” гэсэн үндэслэл заажээ. 

   Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо “...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй...Д.Д- дангаараа хариуцлага хүлээх санал гаргасныг бид зөвшөөрөхгүй...шүүхээс эвлэрэн хэлэлцэх боломжтой эсэхийг анхаараагүй гэдэг нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй..” гэсэн байна.  

     Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     1. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо хуулийн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

      а/. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогч хүлээнэ.

     Хариуцагч нар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012-08-10-ны өдрийн №108 тоот дүгнэлт буюу эрүүгийн хэргээс иргэний хэрэгт авсан бичгийн баримтыг үгүйсгэдэг боловч уг татгалзлаа баримтаар нотлож чадаагүй байна. Д.Д-, З.Г-, Б.Л- нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015-01-06-ны өдрийн 6 дугаар магадлал гарснаас хойш буюу  2016 оны 01 дүгээр сард гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нарт холбогдох эрүүгийн хэрэг өмнө нь нэмэлт мөрдөн байцаалтанд буцаж байсан үйл баримт  “....банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2017-03-23-ны өдрийн нэхэмжлэлийг үгүйсгэхгүй юм. 

     Хэрэг хянан шийдвэрлэхэд тооцоо, тоо бүртгэл зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор шинжээч томилох ажиллагааг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр хийнэ.     

     Хариуцагч нар нэхэмжлэлийн үнийн дүнг үгүйсгэдэг боловч учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байгаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Д- /хх1-н 59, 121,126, 146, хх2-н 156, хх3н 14, 93, 104/, Б.Л- /хх1-н 101, 144-145, хх2-н 156, хх3-н 107, 109-113, 117 / З.Г- /хх1-н 75, хх3-н 73, 84, хх3-н 104,106,119/ нар тайлбар, хүсэлт гаргахдаа ч энэ талаар дурдаагүй байна.

    Хариуцагч нар нэхэмжлэлийг үгүйсгэж чадаагүй байхад давж заалдах шатны шүүх зарим баримтыг “..эргэлзээтэй...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт нийцээгүй гэж үзнэ.   

     б/. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, зохигч эвлэрэх эрхтэй байдаг.

    Хариуцагч нэхэмжлэлийн бүх шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн бол “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн” гэж үзнэ. “....банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нийт 795,262,958.80 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнийг хариуцагч нар зөвшөөрөөгүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3, 74.2,106.4-г зөрчсөн гэж үзэхгүй.

    Түүнчлэн, нэхэмжлэгч нь 701,643,525 төгрөгийг харилцагч нартаа төлсөн болохыг зохигч нар үгүйсгээгүй ч уг хэмжээгээр төлбөрийг барагдуулахаас хариуцагч нар татгалзсан байна. 

     Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг “зохигч эвлэрсэн” гэж ойлгоно.

     795,262,958.80 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 646,283,525.79 төгрөгийг Д.Д- төлөх тухай тайлбар гаргасан ч үүнийг “....банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч зөвшөөрөөгүй байна.  

    Анхан шатны шүүх зохигчийг эвлэрүүлэх ажиллагаа явуулаагүй гэх байдал хэрэгт буй баримтаар тогтоогдоогүй тул энэ тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7., 26 дугаар зүйлийн 26.2, 26.3.,67 дугаар зүйлийн 67.1.4., 74, 106 дугаар зүйлүүдийн зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

      Мөн шүүх Д.Д-аас 366,608,742 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд тухайн хариуцагч өөрөө болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргаагүй байх тул  нэг хариуцагч “...дангаараа төлбөрийг хариуцах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх анхаараагүй..” гэх нөхцөл байдал шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл болохгүй. 

       Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов.  

      2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

    “....банк” ХХК-ийн Төрийн ордон дахь тооцооны төвийн салбарт Д.Д- эрхлэгчээр, З.Г- ахлах теллерээр, Б.Л- теллерээр 2008-2010 оны хооронд ажиллаж байхдаа банкны хууль, тогтоомжийг зөрчсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь  Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016-01-25-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор нотлогджээ.   

     Хариуцагч нар “....банк” ХХК-д ажиллаж байхдаа банкны хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай нь тогтоогдсон тул үүний улмаас учирсан хохирлыг нэхэмжлэгч нь Д.Д-, З.Г-, Б.Л- нараас шаардах эрхтэй.

     “....банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч 795,262,958.80 төгрөг  нэхэмжлэхдээ Д.Д-аас 415,502,226.26 төгрөг., Б.Л-гээс 204,417,866.24 төгрөг., З.Г-ээс 175,342,866.3 төгрөг тус тус шаардсан бөгөөд эрүүгийн журмаар хэргийг шалгах явцад гаргасан шинжээчийн дүгнэлт, хариуцагч нарын ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

    Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

     Хариуцагч нар гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлож  чадаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 497,510 дугаар зүйлийн зохицуулалтад нийцсэн байна. 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэнэ.

    З.Г-, Б.Л- нар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн боловч татгалзлаа нотолж чадаагүй тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. 

  Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангав.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 657 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/00211 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ