Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Холбоочдын гудамж-4 Төрийн банкны 2 дугаар байр, 3 давхарт оршин байх, Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 25 дугаар байр, 9 тоотод оршин суух, Боржигон овогт Зоригтын Ганчимэг /РД:тя78031404/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 27 дугаар байр, 9 тоотод оршин суух, Багшийнхан овогт Баатарын Лхамсүрэн /РД:пю84072707/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8 дугаар байр, 9 тоотод оршин суух, Өрнөх овогт Даваагийн Доржханд /РД:чй75102500/ нарт холбогдох,

 

795,262,958.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, Б.Энхсүрэн, хариуцагч З.Ганчимэг, түүний өмгөөлөгч Б.Сарнай /2426/, хариуцагч Б.Лхамсүрэн, түүний өмгөөлөгч С.Батхүлэг, хариуцагч Д.Доржханд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг /0229/, иргэдийн төлөөлөгч Н.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, Б.Энхсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар “Хадгаламж банк” ХХК түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих зохицуулалттай. Банкны эрх хүлээн авагчаас “Хадгаламж” банкны хуучин удирдлагуудаас хүлээн авсан “Хадгаламж” банкны 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн тэнцлээр “Хадгаламж” банкны 1000001821010065 тоот Төрийн ордон тооцооны төв нэртэй дансанд 701,643,525.79 төгрөгийн актив бүртгэлтэй байсан. Тус активыг судлан үзэхэд “Хадгаламж” банкны төрийн ордон дахь салбарт эрхлэгчээр ажиллаж байсан Д.Доржханд, хянагч теллерээр ажиллаж байсан З.Ганчимэг, теллерээр ажиллаж байсан Б.Лхамсүрэн нар нь 2008 оны 12 дугаар сараас 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж, бүлэглэн “Хадгаламж” банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгө, валютыг тэдний зөвшөөрөлгүйгээр зээл хэлбэрээр гарган авч, завшиж үрэгдүүлэн бусдад 586,999,000 төгрөг, 90,302 ам.доллар, 1,500 евро, буюу нийт 709,339,805.18 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн 21047240 дугаартай хэрэг үүсгэн Д.Доржханд, З.Ганчимэг, Б.Лхамсүрэн нарыг яллагдагчаар тус тус татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуульд заасны дагуу “Хадгаламж” банкны зарим актив пассив, хөрөнгийг “Төрийн банк”-д шилжүүлж, үлдэх актив нь банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд хэвээр үлдсэн. Иймд тус авлагыг төлүүлэхээр эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох тухай хүсэлтийг хуулийн байгууллагад хүргүүлснээр тус хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож эхэлсэн.

“Хадгаламж” банкны Төрийн ордон дахь тооцооны төвийн салбарт Б.Лхамсүрэнг теллерээр, З.Ганчимэгийг хянагч теллерээр, Д.Доржхандыг эрхлэгчээр ажиллаж байх үед нь 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Хадгаламж” банкны дотоод аудитын газраас гэнэтийн тооллого хийж шалгахад тус салбарт бэлэн байх ёстой үлдэгдлээс төгрөгийн касс 335,744,639.7 төгрөгөөр, ам.долларын кассын үлдэгдлээс 63,652 ам.доллар, еврогийн кассын үлдэгдлээс 1,500 евро тус тус дутагдсан. Банкны удирдлагын зүгээс уг гэмт үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсанаар Б.Лхамсүрэн, З.Ганчимэг, Д.Доржханд нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт удаа дараагийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх нягтлан бодох бүртгэлийн 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 108 дугаар дүгнэлтээр хохирлын хэмжээг 586,999,000 төгрөг, 84,502 ам.доллар, 1,500 евро гэж эцэслэн тогтоож, дутагдлыг тооцохдоо хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, гүйлгээ хийсэн код нэрээр нь тус тус хариуцахаар дараах тооцооллоор дүгнэлтэд тусгасан байдаг. Үүнд: Д.Доржхандаас дангаар 145,750,000 төгрөг, 22,000 доллар, Д.Доржханд, Б.Лхамсүрэн нараас 80,650,000 төгрөг, Д.Доржханд, З.Ганчимэг нараас 22,500,000 төгрөг, Д.Доржханд, З.Ганчимэг, Б.Лхамсүрэн нараас 338,099,000 төгрөг, 62,502 доллар, 1,500 евро, нийт 586,999,000 төгрөг, 84,502 доллар, 1500 евро болсон.

Мөн Монгол банкны хяналт шалгалтын газрын шинжээчийн 2010 оны дүгнэлтээр Д.Доржхандын үйлдлүүд нь Банкны тухай хуулийн 9.1, 10.1. 11.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-30 дугаар зүйлүүдэд заасан зээл олгох ажиллагаа болон зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдэгчээр гарын үсэг зуруулан, зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлснээр олгосонд тооцно гэх заалтууд, кассын үйл ажиллагааны зааврын 3.9.2, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмын 11.2.2-т заасан ажил олгогчийн болон харилцагчийн нууцыг задруулсан, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, данс бүртгэл будлиантуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг зохисгүй үйлдэл гаргасан, 11.2.5-д заасан ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн буруу үйл ажиллагаа явуулсан, 11.2.9-д заасан төлбөр тооцооны баримтад харилцагч байгууллага, иргэдийг төлөөлөн гарын үсэг зурсан, гүйлгээ хийсэн, 11.2.16-д заасан гэнэтийн тооллогоор кассын дутагдал гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 10.2.3-т заасан ажил олгогчийн болон харилцагчийн нууцыг задруулсан, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, эрх мэдлээ хэтрүүлсний улмаас ажил олгогчид хохирол учруулсан, 10.2.6-д заасан ажил олгогч болон түүний эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бизнест хор учруулах үйл ажиллагаа явуулсан, 10.2.10-т заасан төлбөр тооцоооны баримтад харилцагч байгууллага, иргэдийг төлөөлж гарын үсэг зурсан зэрэг заалтуудыг зөрчиж банкны ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Хянагч теллер З.Ганчимэг, теллер Б.Лхамсүрэн нар нь дээрх хугацаанд хадгаламж эзэмшигч нарын хадгаламжийн мөнгө, валютыг тэдний зөвшөөрөлгүйгээр гаргадаг үйлдэл нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7.2.2-т заасан хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх тухай заалт, 10.2-т заасан хадгалагч нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл, итгэмжлэгдэгчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэн гүйлгээ хийх, хадгаламж эзэмшигч нарын хадгаламжийн мөнгө, валютыг тэдний зөвшөөрөлгүйгээр, ямар нэгэн баримтгүйгээр бэлнээр олгосон. “Хадгаламж” банкны кассын ажиллагааны зааврын 3.11-т заасан бэлэн мөнгөний чек болон тэдгээртэй адилтгах бусад баримтаар зарлагын гүйлгээ хийх тохиолдолд харилцагчийн иргэний үнэмлэх, итгэмжлэлийг шалгасны үндсэн дээр хийнэ гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн.

Ингээд хариуцагч нарт холбогдох эрүүгийн хэрэг шүүхэд шилжигдэж хянагдсан. Хамгийн анх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Доржхандыг банкны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнээс 685,289,365 төгрөгийг гаргуулж “Хадгаламж” банкинд олгохоор шийдвэрлэж байсан. Гэвч Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 511 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүхийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 278А дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Доржханд, З.Ганчимэг, Б.Лхамсүрэн нарыг банкны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, “Хадгаламж” банкинд учирсан хохирлыг шийдвэрлэхдээ гэмт хэрэгт оролцсон оролцоо, нөхцөл байдлыг харгалзан нийт 709,339,805 төгрөгийн хохирлын 70 хувь буюу 496,537,863 төгрөгийг Д.Доржхандаас, 20 хувь буюу 141,867,961 төгрөгийг З.Ганчимэгээс, 10 хувь буюу 70,933.805 төгрөгийг Б.Лхамсүрэнгээс тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 6 дугаартай магадлалаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 278А дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн. Ингээд Прокуророос Д.Доржханд, З.Ганчимэг, Б.Лхамсүрэн нарт холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлсэн боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 870 дугаартай тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Д.Доржханд, З.Ганчимэг, Б.Лхамсүрэн нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх ба яллагдагч Д.Доржханд, З.Ганчимэг, Б.Лхамсүрэн нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөнтөлөхөө илэрхийлж, өршөөлд хамрагдах хүсэлтийг гаргасан тул тэдгээрт холбогдох эрүүгийн 21047240 дугаартай хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо яллагдагч нарын оршин суугаа газрын харьяа дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхийг дурдсан. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч нараас тэдгээрийн учруулсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

“Хадгаламж” банк нь хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан хохирлыг арилгасан. Хадгаламж банкинд учирсан хохирлыг авлагын данс нээж бүртгэсэн. Ийнхүү бүртгэхдээ 84,502 ам долларыг 2010 оны 10 сарын 27-ны өдрийн Монгол банкны зарласан ханшаар тооцон /1 ам долларыг 1,289.26 төгрөгөөр тооцсон/ 108,945,048.52 төгрөг, 1,500 еврог мөн өдрийн Монгол банкны зарласан ханшаар тооцон /1 еврог 1,798.39 төгрөгөөр тооцсон/ 2,697,585 төгрөг. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нийт хохирлоос 3,396,897.97 төгрөг төлөгдсөн болно.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нарын бүлэглэн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас “Хадгаламж” банкинд учирсан хохирлын үлдэгдэл 583,602,102.03 төгрөг, 84,502 ам.доллар, 15,005 евро байна. Уг хохирлыг хариуцагч нараас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх нягтлан бодох бүртгэлийн 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 108 дугаар дүгнэлтийн дагуу буюу хариуцагч нарын тус тусын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, гүйлгээ хийсэн кодын дагуу дараах хэмжээгээр хариуцан төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

1/ Д.Доржхандаас 308,892.367.34 төгрөг, 42,834 ам.доллар буюу 105,302,248.9 төгрөг, 500 евро буюу 1.307,610 төгрөг, нийт 415,502,226.26 төгрөгийг нэхэмжилнэ.

2/ Б.Лхамсүрэнгээс 151,892,367.34 төгрөг, 20,834 ам.доллар буюу 51,217,888.9 төгрөг, 500 евро буюу 1,307.610 төгрөг, нийт 204,417,866.24 төгрөгийг нэхэмжилнэ.

3/ З.Ганчимэгээс 122,817,367.4 төгрөг, 20,834 ам.доллар буюу 51,217,888.9 төгрөг, 500 евро буюу 1,307,610 төгрөг, нийт 175,342,866.3 төгрөгийг нэхэмжилнэ. Ингээд нийтдээ 795,262,958.80 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа, нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.

Гадаад валютийн ханшийг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ханшаар тооцсон байгаа. Мөн “Хадгаламж” банк нь хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан хохирлыг арилгасан гэж бид дээр дурдсан. Нийтдээ 701,643,525.79 төгрөгийг “Хадгаламж” банк нь тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигч нарт төлсөн байгаа. Энэ нь уг 701,643,525.79 төгрөгийг эрх хүлээн авагчийн шийдвэрээр балансаар тусгаарласан тухай “Хадгаламж” банкны 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн дотоодын дансны хуулгаар нотлогдож байгаа, энэ үнийн дүн дээр ч хариуцагч нар маргахгүй байгаа юм.

Хариуцагч нар нь уг хохирлын мөнгөөр “форекс” хэмээх нэртэй олон улсын валют арилжааны тоглоом тоглосон гэдэг нь тогтоогдсон. Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хууль бусаар үрэгдүүлж, шамшигдуулсан гэдгийг тогтоосон. Гэхдээ 160,000,000 орчим төгрөг яг хаашаа алга болсон гэдгийг тодруулах үүднээс л шүүх удаа дараа хэргийг буцааж байснаас бус хариуцагч нарын гэм буруутай үйлдэл байгаа гэдэг дээр бүгд санал нийлсэн байдгийг энд дурдах хэрэгтэй байх гэжээ.

 

Хариуцагч Д.Доржханд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Миний бие үйлдсэн хэрэг, гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Харин нэхэмжилж буй үнийн дүнгийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй. “Хадгаламж” банк нь тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигч нарт 701,643,525.79 төгрөгийг төлсөн байгаа. Өөрөөр хэлбэл энэ 701,643,525.79 төгрөг нь “Хадгаламж” банкнаас дутагдсан төлбөрийн бодит хэмжээ, хадгаламж эзэмшигч нарт буюу банкинд учирсан бодит хохирол юм. Энэ 701,643,525.79 төгрөгөөс иргэний хариуцагчаар оролцсон М.Ариунжаргалын төлөх ёстой 18,360,000 төгрөг, Ц.Сувдаагийн төлөх ёстой 37,000,000 төгрөгийг хасаад үлдэх 646,283,525.79 төгрөгийг миний бие дангаараа хариуцан төлөх хүсэлтэй байна. Хэргийн бусад хариуцагч нар болох З.Ганчимэг, Б.Лхамсүрэн нар энэ хэрэгт хамааралгүй, надаас шалтгаалж тэд хэрэгт холбогдсон гэжээ.

 

Хариуцагч Д.Доржхандын өмгөөлөгч Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нь бол Д.Доржханд энэ нэхэмжлэлийг дангаараа хариуцах учиргүй юм. Өөрөө сайхан сэтгэл гаргаж, мөнгийг ганцаараа төлнө гэж хэлж байх шиг байна. Учир нь“Хадгаламж” банкны Төрийн ордон дахь тооцооны төвийн салбарт эрхлэгчээр ажиллаж байсан Д.Доржханд нь эрүүгийн гэмт хэрэгт дурдагдсан энэ бүх гүйлгээнүүдийг дангаараа хийх ямар ч боломжгүй. Хариуцагч З.Ганчимэг, Б.Лхамсүрэн нартай бүгдээрээ л энэ хэрэгт оролцсон, бүгдээрээ л гэм буруутай. Үндсэндээ бол санхүүгийн тоглоом буюу форекс гэж тоглоомийг н.Билэгсүрэн, н.Энхтөр, З.Ганчимэг, Д.Доржханд нар тоглосон, тэдний нэр дээр карт байдаг бөгөөд долларын гүйлгээг эдгээр хүмүүс хийсэн нь нотлогддог. Мөн З.Ганчимэг нь өөрийнхөө картаар 500 доллар ашиг гэж авсан нь харагддаг бөгөөд үүнтэй холбоотой шүүхийн шинжилгээний дүгнэлт гарсан байдаг. Өнөөдөр Д.Доржханд нь өөрийн хариуцлагаа хүлээгээд дүүгээсээ орж ирсэн 2,000 еврог төлсөн, ах дүү, найз нөхдөөсөө аваад 60,000,000-70,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Д.Доржханд нь өөрийн гэсэн хөрөнгө, мөнгөгүй бөгөөд эгчийнхээ хоёр нялх хүүхэдтэй дөрвүүлээ 2 өрөө байранд амьдарч байгаа. Иргэн н.Сувдаа, н.Ариунжаргал нар эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдан явж байсан. Эдгээр хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгө орж байсан бөгөөд 60,000,000 төгрөг нэг удаа орсон байдаг. Мөн н.Сувдаагийн данс руу нийт 37,000,000 төгрөг орсон нь тогтоогдсон. Энэ нь 60,000,000 төгрөгөөс гадна хийгдсэн гүйлгээ юм. н.Ариунжаргал нь мөн иргэний хариуцагчаар тогтоогдож 18,360,000 төгрөгийг төлөхөө зөвшөөрсөн байдаг. Тиймээс иргэний хариуцагч болох н.Ариунжаргал, н.Сувдаа нарын хариуцах ёстой нийт 55,360,000 төгрөгийг “Хадгаламж” банкинд бодит учирсан хохирол болох 701,643,525.79 төгрөгөөс хасч тооцуулах хүсэлтэй байгаа. Нэхэмжлэгч тал нийтдээ 795,262,958.80 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь сая хэлсэнчлэн нэхэмжлэгчид учирсан буюу бусдад төлж барагдуулсан нийт төлбөр нь 701,643,525.79 төгрөг болох нь хэрэгт авагдсан дотоодын дансны хуулгаар нотлогдож байгаа. Яг энэ үнийн дүнгээр өөрсдөө авлагаа хаасан байдаг. Гэтэл бусдад төлбөрийг төгрөгөөр төлчихөөд одоо шүүхэд хандахдаа ам доллар, евро гэж салгаж, нэхэмжлэл гаргах үеийн ханшаар мөнгөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тодруулбал хэрэг гарсны дараа хохирлыг төгрөгөөр төлчихөөд, төлөгдөөд дууссан мөнгийг одооны ханшаар тооцож нэхэмжилж болохгүй. Иймд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцагч нарын оролцоог тооцож, хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

 

Хариуцагч Б.Лхамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Би сургуулиа төгсөөд 2007 онд “Хадгаламж” банкны Төрийн ордон дахь салбарт теллерээр ажилд орсон. Тухайн үед теллер нь бэлэн орлого зарлагын гүйлгээ болон бэлэн бусаар тооцоо, гүйлгээ хийдэг байсан. Теллер нь тухайн салбарын ахлах теллер болон захиралд шууд захирагдаж ажилладаг. Анх ажилд ороход надтай эд хөрөнгийн хариуцлагын гэрээ болон хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй. Миний ажилд орсон салбар бол Төрийн ордон дотор байрладаг байсан учир гаднаас харилцагч орж ирж үйлчлүүлэх боломжгүй бөгөөд зөвхөн Төрийн ордон дотор ажилладаг хүмүүст үйлчилдэг байсан. Тухайн үед уг салбарт банкны ажилтан бүх мэдээллийг бичиж, гүйлгээ хийж, харилцагч нар зөвхөн баримтад гарын үсэг зурж гүйлгээ хийдэг байсан. Салбарын дээрх хэлбэрээр явагддаг үйл ажиллагааг төв салбараас ойлгож, хүлээн зөвшөөрдөг байсан. Төв салбараас дотоод хяналтын шалгалт нь энгийн салбарт 1 жилд 2-3 удаа ирдэг бол манай салбарт 2 жил дотоод хяналт шалгалт ирээгүй, кассын шалгалт ч хийгдээгүй байсан. Тухайн үед банкуудын өмчлөл солигдоод нэлээн бужигнаж байсан. Мөн салбарын онцлогоос шалтгаалаад манай салбар руу шууд нэвтрэх боломжгүй байсан. Зөрчлийн талаар мэдээлэх бодлого, хүлээлгэсэн үүрэг байдаггүй байсан. 2008 оны сүүлээр утсаар ярьж гүйлгээ хийх нь хэвийн үзэгдэл байсан, гүйлгээ хийгдэж байсан ч харилцагч нар гарын үсэг зурах нь багассан. Миний хувьд уг асуудлаар ахлах теллер, салбарын эрхлэгч нарт мэдэгдэх үүрэгтэй байсан бөгөөд өөр цааш нь хэнд мэдэгдэхээ мэдэхгүй байсан. Тухайн үед ахлах теллертээ уг асуудлыг хэлж, мэдэгдэж байсан. Гэтэл захирал Д.Доржханд нь надад “би хийгдсэн гүйлгээнүүдийг мэдэж байгаа, санаа зоволтгүй” гэж хэлж байсан. Тухайн үедээ Д.Доржханд нь банкны салбарт олон жил ажилласан, туршлагатай, нэр хүндтэй хүн байсан тул би түүнд итгэж, ахлах теллер болон захирлын өгсөн чиглэлийн дагуу ажилласан. Миний бие Банкны тухай хууль тогтоомж, мөн “Хадгаламж” банкны дотоод дүрэм, журмуудыг зөрчсөн гэдгээ зөвшөөрч байгаа. Ийм учраас үр дүн, хариуцлагыг хүлээхэд бэлэн. Харин нэхэмжлэлд дурдсан шиг надад харилцагч, хадгаламж эзэмшигч нараас авсан нэг ч мөнгө, төгрөг байхгүй учир нэхэмжлэлд дурдагдсан мөнгийг би хариуцахгүй. Нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирлоос өөртөө нэг ч төгрөг аваагүй гэжээ.

 

Хариуцагч Б.Лхамсүрэнгийн өмгөөлөгч С.Батхүлэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Лхамсүрэн нь дангаараа, дур мэдэж орлого, зарлагын гүйлгээ хийсэн зүйл байхгүй. Дандаа Д.Доржханд болон З.Ганчимэг нартай хамт гүйлгээ хийсэн байдаг. Мөн Б.Лхамсүрэн өөрөө бие дааж форекс арилжаанд оролцсон, данс нээлгэсэн ямар ч оролцоо байхгүй. Эрүүгийн журмаар хэн нэгнийг буруутайг тогтоосон зүйл байхгүй, шүүхээс гэм буруугийн талаар шийдвэр гараагүй. Хариуцагч Б.Лхамсүрэн нь эрүүгийн хэрэгт өршөөгдсөн нь үнэн, гэхдээ хохирлыг хариуцахгүй гэдгээ хэлсэн байдаг. Учир нь эрүүгийн хэрэгт “Хадгаламж” банк буюу хадгаламж эзэмшигч, харилцагч нарт учирсан хохирлыг Д.Доржханд хариуцна, З.Ганчимэг, Б.Лхамсүрэн нарт бусдад учруулсан хохирлыг хариуцуулахгүй гэж үзэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол гарсан байх. Анхан шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдсэн боловч эхний хурлаар Б.Лхамсүрэн, З.Ганчимэг нарыг гэм буруугүй гэж үзсэн байдаг. Гэтэл дараагийн хуралд нь гэм буруугийн асуудлыг Б.Лхамсүрэнгийн хувьд 10 хувь, З.Ганчимэгийн хувьд 20 хувийн гэм буруутай гэж дүгнэсэн. Ингэхдээ Д.Доржханд нь банкинд их хэмжээний хохирол учруулсан талаар дүгнэсэн. Уг шинжээчийн дүгнэлт нь буруу юм. Тэгэхээр гэм буруугийн хэмжээг зөв тодорхойлоогүй буюу хувь тооцож хариуцуулах нь буруу гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс уг хохирлыг хуваасан үйлдлийг дүгнэхгүйгээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Уг давж заалдах шатны шүүхийн магадлал нь хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч тал хариуцагч нарыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т зааснаар хамтран оролцсон гэж үзсэн байгаа. Гэтэл хамтран оролцоо гэдгийг Улсын дээд шүүхийн тайлбараар үзвэл хамтран оролцоно гэдэг нь нэгдмэл ашиг сонирхолтой, нийгэмд аюултай үйлдэл хийхийг хүссэн хүсэл зориг нь нэгдсэн байх ёстой гэж тайлбарласан. Эрүүгийн хуульд урьдчилан амлаж хамтран ажилласан байхыг хамтран оролцох гэж тодорхойлсон. Гэтэл уг хэрэгт Б.Лхамсүрэн нь ямар нэгэн үр шим хүртээгүй, ямар нэгэн байдлаар өөртөө давуу байдал үүсгээгүй, энэ талаар ямар ч үйлдэл баримтаар тогтоогдохгүй байгаа. Мөн Б.Лхамсүрэн нь тухайн үед салбарын гурван ажилтны хамгийн бага албан тушаалтан байсан бөгөөд нөгөө 2 хүний өгсөн үүргийг гүйцэтгэдэг байсан. Иймээс уг хэрэгт хамтран оролцсон гэх байдал тогтоогдохгүй байна. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хамтран оролцсон гэм буруу нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Харин Б.Лхамсүрэн нь Банкны хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам зэргийг зөрчсөн гэдгээ зөвшөөрч байгаа бөгөөд уг харилцаа нь Хөдөлмөрийн харилцаанд хамаарч, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцох үндэслэлтэй. Тэгэхээр Хөдөлмөрийн харилцаанд хөдөлмөрийн хариуцлагыг эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал гэж тодорхойлсон. Гэмт хэрэг үйлдсэн таслан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээ байгуулсан бол ажилтан эд хөрөнгийн хариуцлага хүлээх ёстойг Хөдөлмөрийн хуульд заасан. Харин эдгээр нөхцөл хангагдаагүй тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхгүйг Хөдөлмөрийн тухай хуульд заасан. Гэтэл Б.Лхамсүрэнг анх ажилд ороход түүнтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, энэ талаар баримт байхгүй. Нэгэнт Б.Лхамсүрэн ажил олгогчтой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй тул эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхгүй, харин эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх үндэслэлтэй. Тиймээс уг алдагдсан мөнгийг бүгдийг нь хариуцахгүй юм. Мөн гэм буруугийн хувьд тухайн салбар нь Төрийн ордон дотор байрлаж байсан, өөрийн гэсэн онцлогтой салбар байсан. Уг салбарын үйлчлүүлэгч нар нь жирийн салбарын үйлчлүүлэгчидтэй адил биш. Салбарын харилцагч нар нь гарын үсгээ дараа нь нөхөж зурдаг гэх зэрэг банкны тухай хууль тогтоомжид нийцэхгүй байдал дэлгэрсэн байсан. Энэ байдлыг нь ч банкны төв нь ойлгож 2008 оноос хойш ямар нэгэн шалгалт хийгээгүй байсан. Ажил олгогч нь ажилтандаа үүрэг хүлээлгэж хариуцлага тооцох үүрэг нь Д.Доржханд захиралд байсан. Б.Лхамсүрэн нь уг асуудлын талаар Д.Доржхандад л мэдээлэх үүрэгтэй байсан бөгөөд уг үүргээ биелүүлж Д.Доржхандад мэдэгдэж байсан. Ажил олгогч нь ажилтнаа хэвийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөлөөр хангах үүрэгтэй. Гэтэл ажил олгогч нь уг нөхцлийг бүрдүүлж чадаагүй, хангалттай хяналт тавьж чадаагүй учраас энэхүү хэрэг гарсан. Б.Лхамсүрэн нь өөрийн ажиллаж байсан салбарт нь банкны хууль, дүрэм, журам мөрдөгдөхгүй байгаа, хийгдсэн гүйлгээнүүдэд харилцагч нар гарын үсэг зурахгүй, ийм ноцтой зөрчил гарч болзошгүйг удирдлагадаа мэдэгдэж байсан боловч Д.Доржханд захирал энэ талаар өөрийн дээд удирдлагадаа мэдэгдээгүй. Эцэст нь Б.Лхамсүрэн өөртөө ашиг хонжоо олсон, давуу байдал үүсгэсэн байдал тогтоогдоогүй. Тиймээс Б.Лхамсүрэнд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Харин Хөдөлмөрийн хуулийн дагуу 1 сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр хариуцлага хүлээж болох зохицуулалт байгааг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

 

Хариуцагч З.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. 2008 онд би “Хадгаламж” банкны Төрийн ордон дахь тооцооны төвийн салбарт анх ажилд орсон. Салбар нь бусад банкны салбаруудтай харьцуулахад харьцангүй гажууд үйл ажиллагаа явуулдаг байсан. Ихэнх харилцагч нар нь журмын дагуу биш байдлаар буюу утсаар ярих, үүдээр шагайх, захиралд хэлж гүйлгээ хийлгэх, дараа нь гарын үсэг зурах зэрэг үйлдэл гаргадаг байсан. Б.Лхамсүрэн болон миний бие нь харилцагч нарын өрөөнд нь орж үйлчилдэг удаа ч байсан. Банкны хувьд харилцагчийн зөвшөөрөлгүй гүйлгээ хийдэг байсан гэдэг нь худлаа юм. Бид харилцагчийн утсаар болон бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу гүйлгээ хийдэг байсан. Уг асуудлаас шалтгаалан захирал Д.Доржханд нь мөнгө ашигласан гэдгийг нь би мэдсэн. Түүнээс хойш бид гүйлгээний талаар харилцагчаас асууж шийдвэрлэдэг байсан. 2008 оноос хойш банкны салбарын шалгалт манайд огт хийгдээгүй байсан. Бусад салбарт сар болон улиралд шалгалт ирдэг байсан бол манай салбарт шалгалт хийдэггүй байсан. Тухайн үед банкны цахим сүлжээ бүрэн хэрэгжсэн байсан бөгөөд бидний хийж байгаа гүйлгээг төвөөс бүрэн хянадаг байсан. Төвөөс салбаруудад ажлын шугамаар эксэл програм ажиллуулахад давхар бидний ажлыг хянаж чиглэл өгдөг байсан. Биднийг байгууллагаас ажлаа хийхгүй байна гэж мэдэж шаардлага тавьдаг л байсан. Тэгэхээр төв байгууллагаас тус салбарын үйл ажиллагааг хянаж, мэдэх боломж байсан. Тиймээс Д.Доржханд захиралтай үгсэн хуйвалдаж, уг мөнгөнөөс авч ашигласан зүйл байхгүй. Тухайн нөхцөл байдлаас үүсэх үр дагаврыг мэдээгүй байсан учир одоо ийм байдалд хүрээд байна. Миний 100 хувь буруугаас болж хохирол учирсан гэж үзэхгүй байгаа. Харин банкны тухай хууль тогтоомж зөрчсөнийг зөвшөөрч байгаа бөгөөд үүнээс шалтгаалах хариуцлагаа өдийг хүртэл цагдаа шүүхийн байгууллагаар шалгуулаад, хүлээгээд явж байгаа гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч З.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Сарнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч З.Ганчимэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Мөн Б.Лхамсүрэн болон З.Ганчимэг нарын байр суурь ижил байгаа тул Б.Лхамсүрэнгийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарыг дэмжиж байна. 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар З.Ганчимэг болон Б.Лхамсүрэн нарт холбогдох үйл баримтууд бүрэн тогтоогдохгүй байна гэж үзэж буцаасан байдаг. Мөн нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй. З.Ганчимэг нь өршөөлд хамрагдахдаа ажиллаж байх хугацаандаа зарим хууль тогтоомж зөрчсөн болохоо зөвшөөрдөг боловч мөнгөн дүнгээр нэхэмжилж байгаа төлбөрийг зөвшөөрөөгүй. Хамгийн гол нь Д.Доржханд нь уг төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул өршөөлд хамрагдах боломжтой тухай ойлголт авсан байдаг. Тиймээс уг прокурорын тогтоолд гомдол гаргаагүй. Шинжээчийн дүгнэлт нь зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан. Тиймээс 2008 оны Улсын дээд шүүхийн зөвлөмжийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсье. Уг иргэний хэрэгт ямар нэгэн шинжээчийн дүгнэлт гараагүй. Уг дээд шүүхийн зөвлөмжөөр бол нотлох баримтыг хэрхэн үнэлэх талаар зөвлөсөн бөгөөд 4 дэх хэсэгт зохицуулсан байгаа. Ингэхдээ шүүхийн зөвлөмж гаргасан байгаа. Тиймээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нөхцөл байдлыг дахин тогтоохгүй гэж дүгнэсэн. Тэгэхээр уг шийдвэр нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биш. Тиймээс прокурорын болон цагдаагийн мөрдөгчийн тогтоол нь нотлох баримтын шаардлага бүрэн хангахгүй гэж үзэж байна. Мөн эрүүгийн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэгч тал хариуцагч нараас хохирлын мөнгийг нэхэмжилж байгаа нь буруу. Уг баримт нь өөрөө иргэний хэрэгт хамаагүй, нэхэмжлэлийн үндэслэл болгож болох эсэх нь эргэлзээтэй. “Хадгаламж” банк нь хохирогч этгээдүүдэд хохирлыг нь бүрэн барагдуулсан байгаа. Гэсэн хэдий ч зарим үйлдэл нь хохирогч гэх этгээдүүдийн буруутай үйлдэл байсан гэж харагдаж байгаа. Банк нь хохирол хүлээсэн гэх этгээдүүдийн шаардсан мөнгийг хохирол үнэхээр учирсан эсэхийг шалгалгүй бүх хохирлыг барагдуулсан нь буруу гэж үзэж байгаа бөгөөд уг барагдуулсан хохирлоо хариуцагч нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Тиймээс хариуцагч З.Ганчимэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Хадгаламж” банкны Төрийн ордон дахь салбарт эрхлэгчээр ажиллаж байсан Д.Доржханд, ахлах теллерээр ажиллаж байсан З.Ганчимэг, теллерээр ажиллаж байсан Б.Лхамсүрэн нарыг 2008-2010 оны хооронд бүлэглэн, Банкны тухай болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж, “Хадгаламж” банкны Төрийн ордон дахь тооцооны төвд онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн 21047240 дугаартай хэрэг үүсгэн шалгажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 159 тоот “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 156 дугаар зүйлийн 156.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 21047240 дугаартай, Д.Доржханд, З.Ганчимэг, Б.Лхамсүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Өөрөөр хэлбэл, яллагдагч Д.Доржханд, З.Ганчимэг, Б.Лхамсүрэн нар бусдад 709,339,805.18 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон хэдий ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул тэдэнд холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгожээ. 

 

Дээрх прокурорын тогтоолд яллагдагч Д.Доржханд, З.Ганчимэг, Б.Лхамсүрэн нар гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон талаар зохигчид маргаангүй байна.

 

2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Д.Доржханд, Б.Лхамсүрэн, З.Ганчимэг нарт холбогдуулж нийт 795,262,958.80 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч Д.Доржхандаас 308,892,367.34 төгрөг, 42,834 ам доллар буюу 105,302,248.9 төгрөг, 500 евро буюу 1,307,610 төгрөг, нийт 415,502,226.26 төгрөгийг, хариуцагч Б.Лхамсүрэнгээс 151,892,367.34 төгрөг, 20,834 ам доллар буюу 51,217,888.9 төгрөг, 500 евро буюу 1,307,610 төгрөг, нийт 204,417,866.24 төгрөгийг, хариуцагч З.Ганчимэгээс 122,817,367.34 төгрөг, 20,834 ам доллар буюу 51,217,888.9 төгрөг, 500 евро буюу 1,307,610 төгрөг, нийт 175,342,866.3 төгрөгийг тус тус шаардсан. 

 

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нар Хадгаламж банкны Төрийн ордон дахь тооцооны төвд ажиллаж байхдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг ноцтой зөрчиж, тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигч нарт хохирол учруулсан. Хариуцагч нарын бусдад учруулсан хохирлыг нэхэмжлэгч төлж барагдуулсан ба уг төлсөн мөнгөө хариуцагч нараас шаардаж байна” гэж тайлбарласан.   

 

“...Банкнаас дутагдсан төлбөрийн бодит хэмжээ, хадгаламж эзэмшигч нарт буюу банкинд учирсан бодит хохирол нь 701,643,525.79 төгрөг юм. Энэ мөнгөнөөс эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар оролцсон М.Ариунжаргал болон Ц.Сувдаа нарын төлөх ёстой нийт 55,360,000 төгрөгийг хасаад үлдэх 646,283,525.79 төгрөгийг миний бие дангаараа хариуцан төлнө” гэсэн тайлбарыг хариуцагч Д.Доржханд гаргасан.

 

Харин хариуцагч Б.Лхамсүрэн “...банкнаас хадгаламж эзэмшигч, харилцагч нарт учирсан хохиролд төлсөн 701,643,525.79 төгрөгөөс би нэг ч төгрөг аваагүй. Мөн надад бие дааж гүйлгээ, зарлага хийх эрх байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж,

хариуцагч З.Ганчимэг “...миний бие өөрийн ажиллаж байсан салбар тооцооны төвийн онцлог, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварын хүрээнд ажиллаж байснаас бус Д.Доржханд захиралтай үгсэн хуйвалдаж, нэхэмжлэгчийн бусдад хохирол гэж төлсөн мөнгөнөөс авч ашиглаагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тус тус өөрсдийн татгалзлаа шүүхэд тайлбарлав.

 

2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн, ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгохыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгээр зохицуулсан ба харин эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заажээ.

 

Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан гэх этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүйг нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсгүүдэд заасан.

 

Хариуцагч Д.Доржханд, З.Ганчимэг, Б.Лхамсүрэн нар нь “Хадгаламж” банкны Төрийн ордон дахь тооцооны төвд ажиллаж байхдаа бүлэглэн, шунахай зорилгоор Банкны хууль болоод Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тус банкны дүрэм, журам, зааврыг зөрчиж банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгө, валютийг тэдний зөвшөөрөлгүй зээл хэлбэрээр, харилцагч байгууллагын данс, тооцооны төвийн касснаас зарлага гарган авсан гэж буруутгагдсан явдалд гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрснөөр тэдэнд холбогдох эрүүгийн хэрэг өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан, хэрэгсэхгүй болсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчид учруулсан хохирлоо Д.Доржханд, З.Ганчимэг, Б.Лхамсүрэн нар хариуцан төлөх үүрэгтэй болно.

 

Харин бусдад учруулсан гэм хорыг арилгахад хариуцагчийн гэм буруугаас гадна түүний гэм буруутай үйлдлээс учирсан гэм хорын хэмжээ нотлогдсон байх ёстой. “Хадгаламж” банкны зүгээс өөрийн харилцагч, хадгаламж эзэмшигчдэд нийт учирсан хохиролд 701,643,525.79 төгрөгийг төлсөн ба уг төлбөрийг эрх хүлээн авагчийн зүгээс 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр балансаар хүлээн авсан талаар зохигчид маргаангүй байна.

 

Хариуцагч Д.Доржханд, З.Ганчимэг, Б.Лхамсүрэн нарт холбогдох эрүүгийн 21047240 тоот хэргээс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх нягтлан бодох бүртгэлийн 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 108 тоот дүгнэлт нотлох баримтаар хэрэгт авагджээ.

 

Уг 108 тоот дүгнэлтэд хариуцагч нарын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, гүйлгээ хийсэн код зэргийг үндэслэж Д.Доржхандын хариуцах ёстой буюу бусдад учруулсан хохирлын хэмжээг 145,750,000 төгрөг, 22,000 ам доллар, Д.Доржханд болон Б.Лхамсүрэн нарын учруулсан хохирлын хэмжээг 80,650,000 төгрөг, Д.Доржханд болон З.Ганчимэг нарын учруулсан хохирлын хэмжээг 22,500,000 төгрөг, Д.Доржханд, Б.Лхамсүрэн, З.Ганчимэг нарын учруулсан хохирлын хэмжээг 338,099,000 төгрөг, 65,502 ам доллар, 1,500 евро гэж тогтоожээ /1 хавтас, хх 112 хуудас/.

 

Дээр дурдсан шинжээчийн 108 тоот дүгнэлтийг үндэслэж “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь өөрт учирсан хохирлыг хариуцагч нараас нэхэмжилсэн. Ингэхдээ гадаад валютийг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар тооцсон байна.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэжээ. Иймд хариуцагч нарын нэхэмжлэгчид учруулсан бодит хохирлын хэмжээг балансаар шилжүүлэн авсан 701,643,525.79 төгрөгийн хэмжээгээр тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

“Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд анх хандахдаа нэхэмжилсэн үнийн дүн болох 795,262,958.80 төгрөгөөс хариуцагч Д.Доржхандаас 415,502,226.26 төгрөг буюу 52.25 хувь, хариуцагч Б.Лхамсүрэнгээс 204,417,866.24 төгрөг буюу 25.7 хувь, хариуцагч З.Ганчимэгээс 175,342,866.3 төгрөг буюу 22.05 хувийг тус тус шаардсан байна.  

 

Дээр дурдсанчлан нэхэмжлэлийн шаардлагын нийт хангагдах хэмжээг 701,643,525.79 төгрөг гэж тогтоосон. Иймд 701,643,525.79 төгрөгийн 52.25 хувь болох 366,608,742.22 төгрөгийг хариуцагч Д.Доржхандаас, 25.7 хувь болох 180,322,386.13 төгрөгийг Б.Лхамсүрэнгээс, 22.05 хувь болох 154,712,397.44 төгрөгийг З.Ганчимэгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93,619,433.01 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бичгийн хэлбэрээр авагдсан баримтыг бичмэл нотлох баримт гэх бөгөөд хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үндэслэж шүүх шийдвэрээ гаргах учиртайг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгүүдэд заасан байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх нягтлан бодох бүртгэлийн 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 108 дугаар дүгнэлт дээр тулгуурлаж хариуцагч нарын хүлээх хариуцлагын хэмжээг хувилан гаргасан.

 

Хариуцагч нарт холбогдох эрүүгийн 21047240 тоот хэрэгт авагдсан 108 тоот дүгнэлт нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлт биш хэдий ч иргэний хэрэгт бичгийн нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжтой тул хариуцагч нарын “...эрүүгийн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт иргэний хэрэгт нотлох баримт болохгүй” гэх тайлбар үндэслэлгүй юм.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.Доржхандаас 366,608,742.22 төгрөгийг, хариуцагч Б.Лхамсүрэнгээс 180,322,386.13 төгрөгийг, хариуцагч З.Ганчимэгээс 154,712,397.44 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 93,619,433.01 төгрөгт буюу хариуцагч Д.Доржханд холбогдох шаардлагаас 48,893,484.04 төгрөг, хариуцагч Б.Лхамсүрэнд холбогдох шаардлагаас 24,095,480.11 төгрөг, хариуцагч З.Ганчимэгт холбогдох шаардлагаас 20,630,468.86 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Д.Доржхандаас 1,990,994 төгрөг, хариуцагч Б.Лхамсүрэнгээс 1,059,562 төгрөг, хариуцагч З.Ганчимэгээс 931,512 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.ХАНГАЛ

                                                          ШҮҮГЧ                                       Т.ГАНДИЙМАА                                                                                                                                                       Ч.МӨНХЦЭЦЭГ