Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1053

 

З.Б-д холбогдох эрүүгийн

                                                                             хэргийн тухай                      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Онон,

хохирогч Б.Ариунбат, Б.Батцэвээн,

шүүгдэгч З.Б-гийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Б.Батцэвээн, Б.Ариунбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар З.Б-д холбогдох эрүүгийн 1805039010746 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овгийн З.Б-, 1969 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Увс аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй,

            З.Б- нь согтуугаар, 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Сот-ийн 2/1 дүгээр байрны гадаа Б.Ариунбат, Б.Батцэвээн нарыг шалтгаангүйгээр хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: З.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, хоёр хүнд учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Ариунбатад 972.000 төгрөг, Б.Батцэвээнд 772.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдаж, хохирогч Б.Ариунбат, Б.Батцэвээн нар нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25.5 см урттай бор иштэй 1 ширхэг хутга, хар даавуун гэрийн хамт устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч Б.Батцэвээн, Б.Ариунбат нарын өмгөөлөгчийн хөлс тус бүр 5.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, З.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Ариунбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...одоогоор эрүүл мэндийн байдал маш муу байна. Хутгалуулсан газарт үргэлж өвддөг, барьж тавьснаа мартдаг. Одоог хүртэл клизмээр хүндэрдэг. Би түрээсийн байранд амьдардаг. Олон сар гэртээ ажилгүй байсан. Цаашид ажил хөдөлмөр эрхэлж чадахаа мэдэхгүй байна. Мөнгө байвал биеэ эмчлүүлмээр байна. Иймд ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлого болох 5.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.” гэв. 

Хохирогч Б.Батцэвээн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...одоогоор эрүүл мэндийн байдал муу байна. Хутгалуулсан газарт хатгаж өвддөг. Хэвлийгээр байнга хатгуулдаг болсон. Амьдрах нөхцөл маш хэцүү байна. Олон сар ажилгүй гэртээ байгаа болохоор байрны түрээсийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Хэзээ ажилдаа орохоо мэдэхгүй, биеийн байдал дээрдэхгүй байгаа тул 12 сар хүртэлх цалин 7.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч З.Б-гийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хохирол, хор уршгийн асуудалд зөв дүгнэлт хийсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Прокурор Н.Онон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

З.Б- нь согтуурсан үедээ, 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Сот-ийн 2/1 дүгээр байрны гадаа Б.Ариунбат, Б.Батцэвээн нарыг шалтгаангүйгээр хутгалснаас Б.Ариунбатын эрүүл мэндэд “хэвлийн доод хэсэгт бүдүүн гэдэс, нурууны том булчинг гэмтээсэн хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цусан хураа” бүхий хүнд хохирол, Б.Батцэвээний эрүүл мэндэд “хэвлийн баруун өмнөд хэсэгт нурууны том булчин, гадна ташуу булчинг гэмтээсэн хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цусан хураа” бүхий хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Б.Ариунбат, Б.Батцэвээн нар нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрсдийн биед учирсан гэмтлийн талаар /хх-ийн 26-28, 31-33/ тус тус тодорхой мэдүүлсэн байх ба тэдгээрийн мэдүүлэг нь гэрч Б.Батзориг /хх-ийн 8-9/, Д.Лхагважав /хх-ийн 10/, яллагдагч З.Б- /хх-ийн 140-141/ нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэгдэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4/, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 26 см урттай, улаан хүрэн өнгийн иштэй 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9219, 9220 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 42, 45/, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 51-72/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч З.Б-г зэвсэг хэрэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд зааснаар 7 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Хэргийн материалд хохирогч нарын эмчилгээ, түүнтэй холбогдон гарсан бусад зардлын баримтууд авагдсан байх ба уг хохирлыг шүүгдэгч З.Б-гийн зүгээс нөхөн төлсөн байдал тогтоогдож байна.

Харин хохирогч нар нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад өөрсдийн цалин, хөлс, орлогыг тодорхойлсон зохих нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй тул анхан шатны шүүхээс тэдгээрийн цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, орлого зэрэг урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

Түүнчлэн хохирогч нар нь өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэх үндэслэлгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, орлого, өмгөөлөгчийн хөлс зэргийг нэхэмжилсэн хохирогч Б.Ариунбат, Б.Батцэвээн нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.           

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Ариунбат, Б.Батцэвээн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.             

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

                                  ШҮҮГЧИД                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                                 Н.БАТСАЙХАН