Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 1720

 

Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01116 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Жинхэнэ-Уянга” ХХК болон П.Хурц, П.Хангал нарт холбогдох

 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 хэсэг Гэрэлт хотхоны АОС байрны 17/6, 17/7 тоот байрыг эзэмших эрхэд саад учруулахгүй байхыг, мөн цахилгаан тасалсаныг холбуулж өгөхийг хариуцагч “Жинхэнэ Уянга” ХХК-д даалгах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 хэсэг Гэрэлт хотхоны АОС байрны 17/7, 17/6, 17/5 тоот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 25 дугаар байрны 51 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарт шилжүүлэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Дөлбадрах,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо,

Хариуцагч “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн төлөөлөгч Ц.Жигжиддорж,

Хариуцагч П.Хурцын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Дөлбадрах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Хурц, П.Хангал нартай төсөл худалдах-худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээг 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан. Энэ гэрээний үндсэн нөхцөл нь 1 дүгээр хэсгийн 1.8.1-т “талуудын хооронд байгуулах гэрээг хийхэд эхний ээлжийн А тал өөрийн өмчлөлийн Гэрэлт хотхоны 3 ширхэг хаусын барилгыг хүлээлгэж өгнө” гэсэн заалтын дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт, Зайсангийн гудамж, Гэрэлт хотхоны шинэ хаягаар 17/5, 17/6, 17/7 дугаар хаус барилгуудыг захирал П.Хурцын шийдвэрээр компанийн ерөнхий нягтлан Ц.Мөнхбаяр, Гэрэлт хотхоны борлуулалтын менежер н.Лхагвадорж нар надад 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр дээрх барилгатай холбоотой улсын комиссын акт, барилгуудын гадна, дотно инженерийн зураг төсөл зэрэг бүгдийг өөрсдийн нүдээр үзэж харилцан тоолж, шалтган, акт бичиж гарын үсэг зуралцаж, 3 байшингийн 5 хос тус бүр 3 ком түлхүүрийн хамт хүлээлгэж өгсөн. Эдгээр байрууд үүнээс хойш миний эзэмшилд бүрэн шилжсэн. Мөн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр харилцан акт үйлдэж, Гэрэлт хотхоны 25 дугаар байрны 5 дугаар орц, 2 давхрын 51 тоот байр, нийтийн гараашийн 53 тоот зогсоолын хамт хүлээн авч 4 жил орчим амьдарч байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх талаар энэ 4 жилийн хугацаанд удаа дараа шаардлага тавьсан. Тухайн үед П.Хангал, П.Хурц нарт итгэж, итгэл хүлээлгэсэн гэрээг байгуулсан. Энэ гэрээний төслийг бэлдсэн Ц.Мөнхбаяр руу залгахад “та битгий санаа зов, бид таныг хохиролгүй болгоно, мөнгө болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэргийг бүгдийг нь өгнө” гэсэн мессеж над руу бичсэн. Дараа нь П.Хангал Улсын Их хуралд нэр дэвшиж байх үед П.Хурц утсаар ярьж ирж уулзаад 7 сарын сүүлээр сонгууль дууссаны дараагаар бүх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгье, үлдэгдэл төлбөрийн асуудлыг харилцан ярилцъя гээд шүүхэд хандахгүй байхыг хүссэн боловч сонгуулийн дараа хайгаад олдоогүй. 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл П.Хурц, Ц.Мөнхбаяр нар гагнуурчинтай хамт ирээд дулааны шугамыг тасалсанаас эрүүл мэндээр хохирсон. Бид иргэнийхээ журмаар Нийслэлийн мэргэжлийн байгууллагад хандсан. 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр миний амьдарч байгаа байрны байшингийн цахилгааныг шалтгаангүйгээр орой 17 цагаас эхлэн 24 цагаар тасалсан учир шалтгааныг тодруулахад “дарга нар тасал” гэсэн тайлбарыг цахилгаанчин өгсөн. Ингээд П.Хангал, П.Хурц нарт 4 жилийн хугацаанд хуурагдаж, надад өгсөн байруудыг банкны барьцаанд тавьсаныг мэдсэн. Хариуцагч талаас эвлэрэх санал гаргаж П.Хангал, П.Хурц бидний хооронд байгуулсан үндсэн гэрээг задалж, 4 гэрээний загвар авчирч танилцуулсан. Уг гэрээний загвартай танилцахад анх байгуулсан гэрээний жинхэнэ утга, агуулга, ач холбогдол нь алдагдсан. Ийм учраас нэгэнт шүүхэд хандсан учраас үндсэн гэрээний агуулгыг задлуулахгүй байх шаардлагыг тавьж, гэрээнийхээ хэрэгжилтэд нэмэлт гэрээ болгож бүх төлбөр тооцоо, үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг өгөх арга хэмжээг оруулж Т.Чинбатад өгсөн. Гэтэл уг гэрээний саналыг зөвшөөрөөгүй. Бидний хувьд 4 жил амьдарч байгаа орон сууц, үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээс өөр арга зам байхгүй байна. Иймд бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хамтран нэхэмжлэгч Б.Очбадрахын хүсэл зориг адилхан, бид ах дүүс хүмүүс учир хоорондоо зөрүүтэй зүйл байхгүй гэжээ.

 

Хариуцагч “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн төлөөлөгч Ц.Жигжиддорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс цонхонд хаалт хийх, цахилгаан, дулааныг таслах зэргээр эзэмшиж ашиглахад саад учруулаагүй. Уг цахилгааныг салгасан гэдгийг хэн ч нотлоогүй, анхнаасаа нэхэмжлэлийг нь нотлохгүйгээр хэрэг үүсгэсэн. Энэ нь орон сууцны байрны өмчлөлийг шилжүүлж авах асуудал мөртлөө цаана том гэрээний асуудал яригдаж байна. Энэ хүний амьдарч байгаа байрны цахилгаан, дулааныг таслаагүй. Тухайн үед манай өмчлөлд байсан байрны тухайд банкны барьцаанд тавих эсэх нь өөр асуудал. Одоо энэ байрууд ямар нэгэн барьцаанд байхгүй. “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн хувьцааг “Ханх ойл” гэсэн компани эзэмшдэг. “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг авснаар П.Хангал, П.Хурц хоёр асуудлыг шийдэхгүй. Компанийн ТУЗ-ийн хурал хийгээгүйгээр хариуцагч нар нь энэ хүмүүстэй гэрээ хийгээд байруудыг өгнө гэсэн тохиролцоо байгаа юм байна. Төсөл худалдах-худалдан авах гэрээний тухайд “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн хувьцааны асуудал яригдах тул манай компани зөвшөөрөхгүй байна. Тийм учраас улсын тэмдэгтийн хураамжийг төлж, нэхэмжлэл гаргахаар бэлдсэн байгаа. Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг нотлохоор баримтуудыг бэлдээд байгаа. Тиймээс Б.Дөлбадрах, Б.Очбадрах болон П.Хангал, П.Хурц нарын хооронд байгуулсан гэрээ нь “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн өмч хөрөнгөнд халдсан, хууль бус гэрээ юм. Улсын бүртгэлийн гэрчилгээний ар талд 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн миний бие гүйцэтгэх захирлаар ажиллаж байгааг бүртгэгдсэн гэжээ.

 

Хариуцагч П.Хангалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чинбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төсөл худалдах гэрээ буюу эх гэрээний асуудал нь ойлгомжтой хууль зөрчсөн тодорхой. Өөрөөр хэлбэл, “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн толгой компани нь Хан-Уул дүүрэгт байрладаг. Уг компанийн ТУЗ-ийн гишүүд байгаа учраас тодорхой хувийг эзэмших ёстой. Тухайн үед энэ гэрээг хийхдээ хувьцаа эзэмшигч буюу Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг зарлаагүй, П.Хангал, П.Хурц хоёр нь Б.Дөлбадрах, Б.Очбадрах гэдэг хүмүүстэй гэрээ байгуулсан байдаг. Бөөний худалдаа хувьцаат компанийн тодорхой хэмжээний хувьцааг Б.Дөлбадрах, Б.Очбадрах нар эзэмшдэг боловч цаана нь 21 хувь буюу 1200 гаруй хувьцаа эзэмшигчид байгаа. Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хуулийг үзэхэд энэ компани өмч хөрөнгө, газрыг бусдад шилжүүлэхдээ хуулийн дагуу шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Хувьцаат компанийг төлөөлөөд Б.Дөлбадрах, Б.Очбадрах нар нь 100 хувь шийдвэрийг гаргах боломжтой эсэхэд итгэхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн П.Хурцын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Чинбаттай санал нэг байна. Хууль зүйн хувьд тодорхой бус, тэр хүмүүс нь оролцох ёстой гэж бодож байна. Хувьцаат компани нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хийх ёстой. Тэр хүмүүсийн эрх ашиг нь зөрчигдөж байна. Тиймээс 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 хэсэг Гэрэлт хотхоны АОС байрны 17/7, 17/6, 17/5 тоот, мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 25 дугаар байрны 51 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарт шилжүүлэн өгөхийг хариуцагч П.Хурц, П.Хангал нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Б.Дөлбадрах нарын нэхэмжлэлийн “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 хэсэг Гэрэлт хотхоны АОС байрны 17/6, 17/7 тоот байрыг эзэмших эрхэд саад учруулахгүй байхыг, мөн цахилгаан тасалсаныг холбуулж өгөхийг хариуцагч “Жинхэнэ уянга” ХХК-д даалгах”-ыг хүссэн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, “Жинхэнэ уянга” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Хангал, П.Хурц нараас 70 200 төгрөг гаргуулж Б.Очбадрах, Б.Дөлбадрах нарт олгож, нэхэмжлэгчийн төлсөн 140 400 /70 200+70 200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Жинхэнэ-Уянга” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01116 дугаар шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг зөрчиж иргэний хэрэг үүсгэсэн. Учир нь хариуцагч “Жинхэнэ-Уянга” ХХК нь Хан-Уул дүүрэгт бус Баянзүрх дүүрэгт оршин үйл ажиллагаа явуулж байгаа болох нь Улсын бүртгэлийн лавлагаа болон улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байхад энэ талаар тодруулалгүй иргэний хэрэг үүсгэсэн нь мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх талаар хариуцагчийн зүгээс 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, тухайн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсан бөгөөд энэ захирамж гарснаас 14 хоногийн дараа дээрх захирамж гарсан болохыг мэдсэн.

2. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Гэрэлт хотхоны АОС 17/5, 17/6, 17/7 дугаар байр, мөн дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 25 дугаар байрны 51 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоож, дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарт шилжүүлэн өгөхийг даалгах” гэсэн байдлаар нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор П.Хангал, П.Хурц нар хамтран хариуцагчаар татагдсан болно. “Жинхэнэ-Уянга” ХХК нь “Ханхур Холдинг” ХХК-ийн охин компани бөгөөд “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн хувьцааг “Ханхур Холдинг” ХХК зуун хувь эзэмшдэг болно. “Ханхур Холдинг” ХХК-ийн хувьцааны 45 хувийг П.Хангал, 45 хувийг П.Хурц, 10 хувийг П.Хулан /регистрийн дугаар ЧЙ 77053003/ нар эзэмшдэг. П.Хангал, П.Хурц нар нь “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн өмчлөлийн “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Гэрэлт хотхоны АОС 17/5, 17/6, 17/7-р байрыг хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулалгүйгээр, хувьцаа эзэмшигч П.Хуланд урьдчилан мэдэгдэлгүй, түүний зөвшөөрөлгүй дур мэдэн захиран зарцуулах эрхгүй этгээд болох нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-т зааснаар тоггоогдож байна. Хариуцагч “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн захирал Ц.Жигжиддорж миний бие шүүхэд “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн хувьцааг “Ханхур холдинг” ХХК эзэмшдэг, “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг авснаар П.Хангал, П.Хурц хоёр асуудлыг шийдэхгүй, манай компани төсөл худалдах-худалдан авах гэрээний тухайд “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудал яригдах тул хүлээн зөвшөөрөхгүй. Б.Дөлбадрах, Б.Очбадрах болон П.Хангал, П.Хурц нарын хооронд байгуулсан гэрээ нь “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн өмч, хөрөнгөд халдсан хууль бус гэрээ” гэсэн тайлбар өгсөөр атал үүнд ач холбогдол өгөөгүй нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй.

3. Мөн П.Хангалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чинбат шүүх хуралдаанд “Бөөний худалдаа” ХК-ийн тодорхой хэмжээний хувьцааг Б.Дөлбадрах, Б.Очбадрах нар эзэмшдэг боловч цаана нь 21 хувийг эзэмшдэг буюу 1200 гаруй хувьцаа эзэмшигчид байгаа. Хувьцаат компанийг төлөөлөөд Б.Дөлбадрах, Б.Очбадрах нар 100 хувь шийдвэр гаргах боломжтой эсэхэд итгэхгүй байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, “төсөл худалдах-худалдан авах гэрээ”-ний зүйл болох “Бөөний худалдаа” ХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9.5 га газрыг тус компанийн 79 хувийг эзэмшдэг хоёр этгээд ТУЗ-ийн шийдвэргүйгээр дур мэдэн захиран зарцуулах эрхтэй эсэх, гэрээний үнийг компанийн бус хувийнхаа дансаар авах болон гэрээний үнийн зарим хэсэг болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Гэрэлт хотхоны АОС 17/5, 17/6, 17/7 дугаар байр, мөн дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 25 дугаар байрны 51 тоот үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн хувийн өмчлөлд авах эрхтэй эсэхийг шүүх шалгаж тогтоогоогүй. Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарын байгуулсан гэрээ Компанийн тухай хуульд нийцсэн эсэхэд шүүхээс дүгнэлт өгөөгүй.

4.Түүнчлэн Ц.Жигжиддорж миний бие “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн өмгөөлөгч Р.Батцогт нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 09 цагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн яллагдагч О.Түвшинбаярын хэргийн шүүх хуралтай тул тус шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 8.30 цагт товлогдсон шүүх хурлыг хуульд заасан боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү. Яллагдагч О.Түвшинбаяр нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа болно гэсэн хүсэлтийг, хамтран хариуцагч П.Хурцын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбаяр нь 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд түүнд уг хэргийн материалтай танилцах хугацаа олгох болон өмгөөлүүлэх эрхээр хангаж, өмгөөлөгч авах тухай хүсэлтийг тус тус авч хэлэлцээгүй, уг хүсэлтүүдийг яаж шийдвэрлэсэн тухай ямар нэг шийдвэр гаргаагүй.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01116 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01116 дугаар шийдвэрийг хэргийн материалтай танилцах боломж олгоогүй, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Миний бие 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд мөн оны 5 дугаар сарын 13, 14-ний өдөр амралтын өдрүүд байсан. Шүүх хурал 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 08.30 цагт товлогдсон бөгөөд миний бие шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах хугацаа байгаагүй бөгөөд хэргийн материалтай танилцах хугацаа олгох тухай хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй, уг хүсэлтийг “чи энэ хэрэгт өөрөөр хэлбэл гэрээ байгуулахад гар бие оролцож гэрээнд гарын усэг зурсан этгээд байна, чи энэ хэргийг мэдэж байгаа” гэсэн нэхэмжлэгчийн баримт нотолгоогүй хэлсэн үгийг үндэслэн хүлээн авахаас татгалзсан. Энэхүү төсөл худалдах, худалдан авах төслийн эрх шилжүүлэх гэрээ гэгчид миний бие гарын үсэг зурах, гэрээг боловсруулах ямар нэгэн үйлдэл хийгээгүй гэдэг нь гэрээнд зурсан талуудын гарын үсгээр нотлогдоно. Дараа нь өмгөөлүүлэх эрхээр хангаж өгөөч, хуулийн мэдлэггүй тул би өмгөөлөгч авах хүсэлт гаргаж байна гэхэд “энэ хэрэг 2016 оны 12 сард үүссэн хэрэг. Танай хариуцагчид хугацаа байсан” гээд мөн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Хариуцагч П.Хурцын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбаяр надад шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Дөлбадрах, Б.Очбадрах нар нь хариуцагч “Жинхэнэ-Уянга” ХХК болон П.Хурц, П.Хангал нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 хэсэг Гэрэлт хотхоны АОС байрны 17/6, 17/7 тоот байрыг эзэмших эрхэд саад учруулахгүй байхыг, мөн цахилгаан тасалсаныг холбуулж өгөхийг хариуцагч “Жинхэнэ-Уянга” ХХК-д даалгах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 хэсэг Гэрэлт хотхоны АОС байрны 17/7, 17/6, 17/5 тоот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 25 дугаар байрны 51 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарт даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөн оролцох итгэмжлэлийг хариуцагч П.Хурц нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ц.Мөнхбаярт олгосон байна.

/хэргийн 228 дугаар тал/

 

            Хариуцагч П.Хурцын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбаяр нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан зохигчийг эрхээр нь хангаагүй, мөн хуулийн 4, 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

            Түүнчлэн хариуцагч П.Хурцад нэхэмжлэлийн хувийг гардуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтанд гарын үсэг зуруулаагүй болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбаярт эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материал зэргийг танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар зохигчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

            Иймд давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг арилгаж хэргийн үйл баримтанд, цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул хариуцагч “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн, хариуцагч П.Хурцын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01116 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Жинхэнэ-Уянга” ХХК, хариуцагч П.Хурцын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбаяр нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                       ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

 

                                                                                                  С.ЭНХТӨР