Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2017/01116

 

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2017/01116

           Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Гэрэлт хотхон АОС байр, 17/6 тоот хаягт оршин суух, Харчин овогт Балжиннямын Дөлбадрах /РД: УУ57092391/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэр гудамж, 17 дугаар байр, 8 тоот хаягт оршин суух, Харчин бөх овогт Балжиннямын Очбадрах /РД: ХП60042011/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 36 дугаар байр, 30 тоот хаягт байрлах, Жинхэнэ-Уянга ХХК,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 5а байр, 16 тоотод оршин суух, Буурал овогт Пүрэвдоржийн Хурц /РД:ЧИ 79120711/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 5а байр, 16 тоотод оршин суух, Буурал овогт Пүрэвдоржийн Хангал /РД:ЧИ 75030311/ нарт холбогдох,

           Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 хэсэг Гэрэлт хотхоны АОС байрны 17/6, 17/7 тоот байрыг эзэмших эрхэд саад учруулахгүй байхыг, мөн цахилгаан тасалсаныг холбуулж өгөхийг хариуцагч “Жинхэнэ уянга” ХХК-д даалгах, мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 хэсэг Гэрэлт хотхоны АОС байрны 17/7, 17/6, 17/5 тоот, мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 25 дугаар байрны 51 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож, дээрх  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарт шилжүүлэн өгөхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгч Б.Дөлбадрах, хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жигжиддорж, хариуцагч П.Хангалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чинбат, хариуцагч П.Хурцын   итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпаннар оролцов.

             

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                         

           Нэхэмжлэгч Б.Дөлбадрах шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Хурц, П.Хангал нартай төсөл худалдах-худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөрбайгуулсан. Энэ гэрээний үндсэн нөхцөл нь 1 дүгээр хэсгийн 1.8.1-т “талуудын хооронд байгуулах гэрээг хийхэд эхний ээлжийн А тал өөрийн өмчлөлийн Гэрэлт хотхоны 3 ширхэг хаусын барилгыг хүлээлгэж өгнө гэсэн заалтын дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт, Зайсангийн гудамж, Гэрэлт хотхоны шинэ хаягаар 17/5, 17/6, 17/7 дугаар хаус барилгуудыг захирал П.Хурцын шийдвэрээр компанийн ерөнхий нягтлан Ц.Мөнхбаяр, Гэрэлт хотхоны борлуулалтын менежер н.Лхагвадорж нар надад 2013 оны 8 дугаар сарын 12-ний өдөр дээрх барилгатай холбоотой улсын комиссын акт, барилгуудын гадна, дотно инженерийн зураг төсөл зэрэг бүгдийг өөрсдийн нүдээр үзэж харилцан тоолж, шалтган, акт бичиж гарын үсэг зуралцаж, 3 байшингийн 5 хос тус бүр 3 ком түлхүүрийн хамт хүлээлгэж өгсөн. Эдгээр байрууд үүнээс хойш миний эзэмшилд бүрэн шилжсэн. Мөн  2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр харилцан акт үйлдэж, Гэрэлт хотхоны 25 дугаар байрны 5 дугаар орц, 2  давхрын 51 тоот байр, нийтийн грашын 53 тоот зогсоолыг хамт хүлээн авч 4 жил орчим амьдарч байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхталаар энэ 4 жилийн хугацаанд удаа дараа шаардлага тавьсан. Тухайн үед Хангал, Хурц нарт 100 хувь итгэж, итгэл хүлээлгэсэн гэрээг байгуулсан. Энэ гэрээний төслийг бэлдсэн Ц.Мөнхбаяр руу өөр хүний утсаар залгахад  “та битгий санаа зов, бид таныг хохиролгүй болгоно, мөнгө болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэргийг бүгдийг нь өгнө” гэсэн мессеж  над руу бичсэн.  Дараа нь П.Хангал Улсын Их хуралд нэр дэвшиж байх үед П.Хурц утсаар ярьж ирж уулзаад 7 сарын сүүлээр сонгууль дууссаны дараагаар бүх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгье, үлдэгдэл төлбөрийн асуудлыг харилцан ярилцъя гээд шүүхэд хандахгүй байхыг хүссэн боловч сонгуулийн дараа хайгаад олдоогүй. 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл П.Хурц, Ц.Мөнхбаяр нар  гагнуурчинтай хамт ирээд дулааны шугамыг тасалсанаас эрүүл мэндээр хохирсон. Бид иргэнийхээ журмаар Нийслэлийн мэргэжлийн байгууллагад хандсан.  2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр миний амьдарч байгаа байрны байшингийн цахилгааныг шалтгаангүйгээр орой 17 цагаас эхлэн 24 цагаар тасалсан учир шалтгааныг тодруулахад “дарга нар тасал” гэсэн тайлбарыг цахилгаанчин өгсөн. Ингээд П.Хангал, П.Хурц нарт 4 жилийн хугацаанд хуурагдаж, надад өгсөн байруудыг  банкны барьцаанд  тавьсаныг мэдсэн. Хариуцагч талаас эвлэрэх санал гаргаж П.Хангал, П.Хурц бидний хооронд байгуулсан үндсэн гэрээг задалж, 4 гэрээний загвар авчирч танилцуулсан. Уг гэрээний загвартай танилцахад анх байгуулсан гэрээний жинхэнэ утга, агуулга,  ач холбогдол нь алдагдсан. Ийм учраас нэгэнт шүүхэд хандсан байгаа учраас үндсэн гэрээний агуулгыг задлуулахгүй байх шаардлагыг тавьж, гэрээнийхээ хэрэгжилтэд нэмэлт гэрээ болгож бүх төлбөр тооцоо, үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг өгөх арга хэмжээг оруулж Т.Чинбатад өгсөн. Гэтэл уг гэрээний саналыг энэ хүмүүс зөвшөөрөөгүй. Бидний хувьд 4 жил амьдарч байгаа орон сууц, үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээс өөр арга зам байхгүй байна. Иймд бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хамтран нэхэмжлэгч Очбадрахын хүсэл зориг адилхан, бид ах дүүс хүмүүс учир хоорондоо зөрүүтэй зүйл байхгүй гэв.

 

Хариуцагч “Жинхэнэ уянга” ХХК-ийн төлөөлөгч Ц.Жигжиддорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай компанийн зүгээс цонхонд хаалт хийх, цахилгаан, дулааныг таслах зэргээр эзэмшиж  ашиглахад саад учруулаагүй. Уг цахилгааныг салгасан гэдгийг хэн ч нотлоогүй, анхнаасаа нэхэмжлэлийг нь нотлохгүйгээр хэрэг үүсгэсэн. Энэ нь орон сууцны байрны өмчлөлийг шилжүүлж авах асуудал мөртлөө цаана том гэрээний асуудал яригдаж байна. Энэ хүний амьдарч байгаа байрны цахилгаан, дулааныг  таслаагүй. Тухайн үед манай өмчлөлд байсан байрны тухайд банкны барьцаанд тавих эсэх нь өөр асуудал. Одоо энэ байрууд ямар нэгэн барьцаанд байхгүй.  “Жинхэнэ уянга” ХХК-ийн хувьцааг “Ханх ойл”гэсэн компани эзэмшдэг. “Жинхэнэ уянга” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг авснаар П.Хангал, П.Хурц хоёр асуудлыг шийдэхгүй. Компанийн ТУЗ-ийн хурал хийгээгүйгээр хариуцагч нар нь энэ хүмүүстэй гэрээ хийгээд байруудыг өгнө гэсэн тохиролцоо байгаа юм байна. Төсөл худалдах-худалдан авах гэрээний тухайд “Жинхэнэ уянга” ХХК-ийн хувьцааны асуудал яригдах тул манай компани зөвшөөрөхгүй байна. Тийм учраас улсын тэмдэгтийн хураамжийг төлж, нэхэмжлэл гаргахаар бэлдсэн байгаа. Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг нотлохоор баримтуудыг бэлдээд байгаа.  Тиймээс Б.Дөлбадрах, Б.Очбадрах болон  П.Хангал, П.Хурц нарын хооронд байгуулсан гэрээ нь “Жинхэнэ уянга” ХХК-ийн өмч хөрөнгөнд халдсан, хууль бус гэрээ юм. Улсын бүртгэлийн гэрчилгээний ар талд 2011 оны 03 сарын 23-ны өдрөөс эхлэн миний бие гүйцэтгэх захирлаар ажиллаж байгааг бүртгэгдсэн гэв.

 

Хариуцагч П.Хангалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чинбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төсөл худалдах гэрээ буюу эх гэрээний асуудал нь  ойлгомжтой хууль зөрчсөн тодорхой. Өөрөөр хэлбэл “Жинхэнэ уянга” ХХК-ийн толгой компани нь Хан-Уул дүүрэгт байрладаг. Уг компанийн ТУЗ-ийн гишүүд байгаа учраас тодорхой хувийн эзэмших ёстой. Тухайн үед энэ гэрээг хийхдээ хувьцаа эзэмшигч буюу Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг зарлаагүй, П.Хангал, П.Хурц хоёр нь Б.Дөлбадрах, Б.Очбадрах гэдэг хүмүүстэй гэрээ байгуулсан байдаг. Бөөний худалдаа хувьцаат компанийн тодорхой хэмжээний хувьцааг Б.Дөлбадрах, Б.Очбадрах нар эзэмшдэг боловч цаана нь 21 хувь буюу 1200 гаруй хувьцаа эзэмшигчид байгаа. Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хуулийг үзэхэд энэ компани өмч хөрөнгө, газрыг бусдад шилжүүлэхдээ хуулийн дагуу шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Хувьцаат компанийг төлөөлөөд Б.Дөлбадрах, Б.Очбадрах нар нь 100 хувь шийдвэрийг гаргах боломжтой эсэхэд итгэхгүй байна гэв.

 

Хариуцагчийн П.Хурцын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Чинбаттай санал нэг байна. Хууль зүйн хувьд  тодорхой бус, тэр хүмүүс нь оролцох ёстой гэж бодож байна. Хувьцаат компани нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хийх ёстой. Тэр хүмүүсийн эрх ашиг нь зөрчигдөж байна. Тиймээс 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх нэхэмжлэгч Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч Б.Дөлбадрах нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 хэсэг Гэрэлт хотхоны АОС байрны 17/6, 17/7 тоот байрыг эзэмших эрхэд саад учруулахгүй байхыг, мөн цахилгаан тасалсаныг холбуулж өгөхийг хариуцагч “Жинхэнэ уянга” ХХК-д даалгахыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 хэсэг Гэрэлт хотхоны АОС байрны 17/7, 17/6, 17/5 тоот, мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 25 дугаар байрны 51 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож, дээрх  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарт шилжүүлэн өгөхийг даалгахыг хүссэн байна.

           Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр Б.Очбадрахыг, хамтран хариуцагчаар П.Хангал, П.Хурц нарыг оролцуулах хүсэлтийг нэхэмжлэгч Б.Дөлбадрах гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2017.01.13-ны өдрийн 00828 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

           Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Очбадрах, Б.Дөлбадрах нар нь 2013.05.13-ны өдрийн төсөл худалдах худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээг хариуцагч П.Хангал, Д.Хурц нартай байгуулсан, гэрээний “үндсэн нөхцөл буюу төсөл худалдах худалдан авах, төслийн төлбөр төлөх” гэсэн 1 дэх заалтаар Б.Очбадрах, Б.Дөлбадрах нарын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх орон сууцны цогц хорооллын төслийг бүхэлд нь буюу төсөл хэрэгжүүлэх газар, газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгө, төсөлтэй холбоотой бүх төрлийн зөвшөөрөл бичиг баримт, эрх үүрэг, холбогдох төрийн байгууллагуудаас олгогдсон бүх төрлийн зөвшөөрөл болон бусад биет болон биет бус өмчийн эрхийн хамт хариуцагч П.Хурц, П.Хангал нар худалдан авахаар харилцан тохиролцжээ.

         Дээрх гэрээниий 1.8.1-д зааснаар Төсөл худалдах худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээг хийхэд хариуцагч тал   өөрийн өмчлөлийн Гэрэлт хотхоны 3 ширхэг 4 594 756 ам долларын үнэ бүхий хаусуудыг нэхэмжлэгч талд шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн байна.

         Талуудын хооронд үйлдсэн  Зайсан “Гэрэлт хотхон” 4, 5-р Хаус-ын барилгыг /шинэ хаягаар 17/7, 17/6, 17/5/ хүлээлгэн өгсөн хүлээн авсан 2013.08.12-ны өдрийн актуудаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг, мөн 2013.06.20-ний өдрийн актаар  Зайсан “Гэрэлт хотхон” 25 дугаар байрны 2 давхарын 98 м/кв талбай бүхий 51 тоот 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч талд тус тус хүлээлгэн өгсөн байна.

          Хэрэгт авагдсан Б.Дөлбадрахын 2013.06.03-ны хүсэлтээс үзэхэд гэрээний 1.8.2-т зааснаар 2014.02.13-ны өдөр төлөгдөх 243 661 ам долларын төлбөрөөс Хан-уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах гэрэлт хотхоны 51 тоот 302 000 000 төгрөгний үнэ бүхий байр, 53 тоот 26 000 000 төгрөгний үнэ бүхий гаражийн төлбөрүүд нийт 328 000 000 төгрөгийг хасч тооцох, төлөх төлбөрөөс суутгахыг зөвшөөрсөн байна.

          Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017.02.09-ний өдрийн лавлагаагаар  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамжны  17/7, 17/6, 17/5/ тоот үл хөдлөх хөрөнгүүд 70 хувийн гүйцэтгэлтэй Жинхэнэ-Уянга ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй,  харин Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 25 дугаар байрны 51 тоот хаягаар эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас хайлт хийхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон болно.

           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт  “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт ”гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн заалтуудаас харахад худалдах, худалдан авах гэрээний объект нь аливаа эд хөрөнгө, эдийн бус баялаг, эрхийн аль аль байж болох бөгөөд аливаа эрхийг бусдад шилжүүлэх боломжтой л бол эрх зүйн харилцаанд түүнийг цааш худалдаж болох тул талуудын хооронд байгуулсан 2013.05.13-ны өдрийн төсөл худалдах худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтад нийцсэн байна гэж үзлээ.

           Худалдах, худалдан авах гэрээг байгуулсанаар талуудад зөвхөн үүрэг үүсдэг бөгөөд худалдан авагч талын үндсэн үүрэг нь үнэ төлөх буюу мөнгөн төлбөр төлөх үүрэгтэй, талуудын хоорондын гэрээгээр худалдан авагч П.Хангал, П.Хурц нар нь төлбөрийг мөнгөөр төлөхийн сацуу өөр бусад үл хөдлөх эд хөрөнгийг нийлүүлэхээр тохиролцсоны дагуу 2013 онд биет байдлаар хүлээлгэн өгсөн атлаа тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөөгүйгээс маргаан үүссэн байна.

            Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

            Иймд худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцож шилжүүлэн авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2013 оноос хойш эзэмшиж, ашиглалтын болон хэрэглээний зардлыг төлж байгаа гэх нэхэмжлэгч талын “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 хэсэг Гэрэлт хотхоны АОС байрны 17/7, 17/6, 17/5 тоот, мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 25 дугаар байрны 51 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож, дээрх  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарт шилжүүлэн өгөхийг даалгах”-ыг хүссэн шаардлагыг  хангах үндэслэлтэй байна.

Харин “...17/6, 17/7 тоот байрыг эзэмших эрхэд саад учруулахгүй байхыг, мөн цахилгаан тасалсаныг холбуулж өгөхийг хариуцагч “Жинхэнэ уянга” ХХК-д даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад арилсан гэх үндэслэлээр “Жинхэнэ уянга” ХХК-д  холбогдуулан гаргасан шаардлагаа дэмжээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан гэж үзээд “Жинхэнэ уянга” ХХК-д  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          “Жинхэнэ уянга” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээс үзэхэд тус компанийн үүсгэн байгуулагч нь П.Хурц, П.Хангал нар байх бөгөөд компанийн захирлаар 2007.12.04-нд П.Хурцыг, 2011.03.23-нд  Ц.Жигжиддоржийг тус тус томилсоныг бүртгэгдсэн  байна.

          Талуудын хооронд байгуулсан гэрээг “Жинхэнэ уянга” ХХК-ийн эрх ашигт нөлөөлсөн, өмч хөрөнгөд халдсан гэж үзвэл гэрээний оролцогч нарт холбогдуулан асуудлыг тусдаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

           Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсыг бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй байна.

2013.05.13-ны өдрийн төсөл худалдах худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээ нь талууд гэрээг чөлөөтэй байгуулах зарчмын дагуу тодорхой нөхцөлүүдийг харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд тусгасан, гэрээний биелэлтийг хангах явцад үүсч болох маргааныг хэрхэн шийдвэрлэхийг талууд тохиролцож гэрээний “төслийн төлбөр төлөх баталгаа” гэсэн хэсэгт зааж өгсөн байна.

          Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцны цогц хорооллын төслийг бүхэлд нь буюу газар, үл хөдлөх эд хөрөнгө болон холбогдох баримт бичгийн хамт худалдагч тал шилжүүлэх үүргээ биелүүлсэн, худалдан авагч гэрээний зүйлийг хүлээн авч төслийн ажлыг  хэрэгжүүлж байгааг хариуцагч тал зөвшөөрсөн, талуудын хооронд байгуулсан гэрээ үргэлжилж байгаа талаар гэрээний талууд маргаагүй байна.

            Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Хангал, П.Хурц нараас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг худалдагч тал шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасны дагуу худалдан авагч тал дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх үүрэгтэй байна.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                     ТОГТООХ нь:

                                                                                                                         

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 хэсэг Гэрэлт хотхоны АОС байрны 17/7, 17/6, 17/5 тоот, мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 25 дугаар байрны 51 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож, дээрх  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарт шилжүүлэн өгөхийг хариуцагч П.Хурц, П.Хангал нарт даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Б.Дөлбадрах нарын нэхэмжлэлийн “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 хэсэг Гэрэлт хотхоны АОС байрны 17/6, 17/7 тоот байрыг эзэмших эрхэд саад учруулахгүй байхыг, мөн цахилгаан тасалсаныг холбуулж өгөхийг хариуцагч “Жинхэнэ уянга” ХХК-д даалгах”-ыг хүссэн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, “Жинхэнэ уянга” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Хангал, П.Хурц нараас 70 200 төгрөг гаргуулж Б.Очбадрах,  Б.Дөлбадрах нарт олгож, нэхэмжлэгчийн төлсөн 140 400 /70200+70200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгтзааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ                                            Д. ЭНХЦЭЦЭГ