Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 604

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 7-21 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОС64061607, Булгадар овогт Жамцаагийн Жавзанхорлоогийн,

           Л.Дугаржавын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Жавзанхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ж.Жавзанхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Дугаржав нь 1965 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт нормчноор ажиллаж байгаад 1977 онд цэргийн албанд явсан бөгөөд цэргийн албанаас 1979 онд халагдаж ирээд Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт үргэлжлүүлэн ажиллаж байгаад 1985 онд Баруунтуруун сум руу шилжин тус сумын Тэжээлийн үйлдвэрт ажиллах болсон. Улмаар 1986 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр цомхотголд орж ажлаасаа гарсан. Ингээд 1987 онд Хяргас суманд шилжин ирж, Хяргас нуур нэгдлийн барилгын бригадын хашаа худагт туслах ажилтнаар ажиллаж байсан. Л.Дугаржавын 1987 онд Хяргас нуур нэгдэлд ажилд орсон тушаал байгаа боловч, 1993 онд ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа учир шүүхэд хандах болсон. 1992 онд Хяргас нуур нэгдэл нь хувьчлагдаж Хяргас нуур ХК болоход Л.Дугаржав нь мөн л туслах ажилтнаар ажиллаж байсан. Иймд Л.Дугаржавын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оныг дуустал ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Л.Дугаржавтай хамт ажиллаж байсан Т.Доржготовыг гэрчээр асууж өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ж.Жавзанхорлоо нь Л.Дугаржавын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оныг дуустал Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэл болон Хяргас нуур ХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар архивын лавлагаанд: Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн даргын 1988-1991 оны тушаалыг шүүн үзэхэд Лэгдэн овогтой Дугаржавтай холбогдох баримт гараагүй нь үнэн болно гэжээ.

             Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн тодорхойлолтод Лэгдэнгийн Дугаржавын 1987 оны 7 дугаар сараас 1991 оныг дуустал Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн барилга, хашаа худагт ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

           Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн захиргаанаас Л.Дугаржавт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ...1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэгдлийн барилгын бригадад туслах ажилтнаар томилон ажиллуулав, 1993 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэгдэл татан буугдаж үйл ажиллагаа зогссон учир барилгын бригадын туслах ажилтнаас чөлөөлөв... гэжээ.

            Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 66 дугаар лавлагаанд: Хяргас нуур ХК нь 1992 оны 6 дугаар сарын 01-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэжээ.

         Түүнчлэн Л.Дугаржавын цэргийн батлахын хуулбар, 426011 дүгээр үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх хэрэгт авагдсан байна.

          Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Т.Доржготовоос мэдүүлэг авсан бөгөөд Т.Доржготов Миний бие нь 1988-1992 онуудад Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд жолооч, засварчин, моторчноор ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж эхлэхэд Л.Дугаржав нь тус нэгдлийн хашаа худгийн бригадад ачигч, барилгачин, мужаан зэрэг барилгын бүхий л туслах ажлуудыг хийж байсан. Намайг 1992 онд ажлаасаа чөлөөлөгдөхөд Л.Дугаржав нь Хяргас нуур нэгдэлд туслах ажилтнаар ажиллаад үлдсэн. Тухайн үед Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн даргаар Дамдинсүрэн, Нансалжав гэх хүмүүс ажиллаж байсан гэж мэдүүлсэн ба түүний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

              Л.Дугаржав нь 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэл болон Хяргас нуур ХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан болох ньУвс аймгийн Архивын тасгийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн захиргаанаас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 66 дугаар лавлагаа, цэргийн батлахын хуулбар, 426011 дүгээр үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, гэрч Т.Доржготовын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Иймд нэхэмжлэгч Ж.Жавзанхорлоогийн хүсэлтийг хангаж, Л.Дугаржавын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэл болон Хяргас нуур ХК-д туслах ажилтнаар 6 жил 29 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Савар овогт Лэгдэнгийн Дугаржавын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэл болон Хяргас нуур ХК-д туслах ажилтнаар 6 /зургаа/ жил 29 /хорин ес/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Жавзанхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ