Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2041

 

 

 

 

АНУ-ын иргэн НД, Ч.И нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01339 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч АНУ-ын иргэн НД, Ч.И нарын, хариуцагч “Цоба” ХХК, Ц.Баасандорж нарт холбогдуулан гаргасан амины орон сууц захиалгаар барих гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 92 583 750 төгрөг, гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувийн торгууль 8 129 187 төгрөг, нийт 100 712 937 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлж буюу “Цоба” ХХК-иас 50 356 468.5 төгрөг, Ц.Баасандоржоос 50 356 468.5 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагч “Цоба” ХХК-ийн өмгөөлөгч Д.Галмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нар 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч “Цоба” ХХК-тай 14/35 тоот амины орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр хариуцагч буюу гүйцэтгэгч тал Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороонд барьж буй Хадат Вилла хотхонд 2 автомашины зогсоол, террасыг хамруулсан нийт 184 м.кв талбай бүхий амины орон сууцыг барьж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч буюу нэхэмжлэгч тал нийт 273 250 000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.

Дээрх гэрээгээр ажил гүйцэтгэж дуусах буюу захиалагчийн өмчлөлд гэрээний зүйлийг шилжүүлэн өгөх эцсийн хугацааг 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байхаар харилцан тохиролцсон ба захиалагч нь гэрээний 2.3-т заасны дагуу 81 975 000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр, 49 185 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 31 423 750 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, нийт 162 583 750 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн.

Гэвч гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ цаг хугацаа, чанарын хувьд зохих ёсоор биелүүлээгүй нь захиалагч тал ажил гүйцэтгэх хугацаа хэтэрч байгаа талаар нийт 6 удаа бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч гэрээнд заасан ажлын үр дүн, гүйцэтгэлд өөрчлөлт гараагүй бөгөөд гүйцэтгэгч тал өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн нь талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн төлбөр гүйцэтгэх тухай хэлцлээр нотлогдоно.

Талууд дээрх гэрээгээр гүйцэтгэгч тал захиалагчийн урьдчилан төлсөн нийт 162 583 750 төгрөгийн 50 хувийг 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, үлдсэн 50 хувийг 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор буцаан төлөх, хугацаандаа бүрэн төлсөн тохиолдолд хугацаа хэтрүүлсний торгууль, алдангиас чөлөөлөгдөхөөр тохиролцсон ба хугацаандаа төлөөгүй тохиолдолд анхны байгуулсан 14/65 тоот гэрээг хүчинтэйд тооцохоор тохиролцсон.

Гүйцэтгэгч тал нийт 70 000 000 төгрөгийг тус тус захиалагч талд буцаан төлсөн ба үлдэгдэл 92 583 750 төгрөгийг төлж барагдуулаагүй учир захиалагч тал 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 14/65 тоот Амины орон сууц захиалгаар барих гэрээний 5-д заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувиар тооцож торгууль шаардах эрхтэй юм.

Уг хэрэгт хамтран хариуцагчаар Ц.Баасандорж нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт хамтран хариуцлага хүлээх үүрэг бүхий этгээд өөрөөр хэлбэл 14/65 тоот Амины орон сууц захиалгаар барих гэрээний 2.4-т заасан гүйцэтгэгч талын төлбөр хүлээн авах данс, захиалагч талд ирүүлж байсан “Цоба” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхүүд, түүний дагуу төлбөр төлсөн анхан шатны баримтууд нь Ц.Баасандоржийн нэр дээр байна.

Ц.Баасандоржийн Голомт банкны дансны хуулгаас харвал “Цоба” ХХК-ийн Хадат вилла хотхоны төслийн санхүүгийн үйл ажиллагааны ихэнхи төлбөрийг хүлээн авах, мөнгөн гүйлгээ хийх, санхүүжилт хийх, зээл гаргах, төлөх, ажилчдын цалин хөлс олгох зэрэг гүйлгээг Цоба ХХК-ийн өмнөөс гүйцэтгэн, захиалагчийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэсэн байна.

Иймд Амины орон сууц захиалгаар барих болон үүргийн талаар харилцан тохиролцох гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлсөн нийт төлбөрийн үлдэгдэл буюу өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа 92 583 750 төгрөг, гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувийн торгууль болох 8 129 187 төгрөг, нийт 100 712 937 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлж буюу “Цоба” ХХК-иас 50 356 468.5 төгрөг, Ц.Баасандоржоос 50 356 468.5 төгрөгийг тус тус гаргуулж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Цоба” ХХК нь Сүхбаатар дүүргийн Бэлхийн аманд болох Нийл Детерттэй 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 14/65 тоот Амины орон сууц захиалгаах барих гэрээг байгуулсан. Ийнхүү гэрээний гол нөхцөл буюу төлбөрийн нөхцлийг талууд гэрээний 2.3-т тодорхой заасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 81 975 000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурагдсан өдөр буюу 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн гэх бөгөөд гүйцэтгэгчийн хувьд уг гэрээний 2.3-т заасан бүх ажлыг 2015 оны 10 дугаар сарын 22-ны байдлаар хийж гүйцэтгэсэн.

Гүйцэтгэгч талын зүгээс нэхэмжлэхийг явуулж, ажил дууссаныг захиалагч талд мэдэгдсэн боловч ажлын гүйцэтгэл дутуу гэж үзэн асуудал үүсгэж эхэлсэн. Гэтэл гүйцэтгэж буй ажлаас зөвхөн хаалга, гараажны хаалга хийгдээгүй байсан ба энэ нь өмнөх ажлууд хийж дууссаны дараа хийгддэг ажлууд юм. Ийнхүү бид захиалагч гомдол гаргасан тул ажлаа хурдлуулах зорилгоор ажлын төлбөрийн 60 хувиар захиалагч талтай тохиролцсоноор хүлээж авсан бөгөөд гэрээний 2.5-т 14 хоногийн дотор үлдэгдэл 40 хувийг төлнө гэж заасны дагуу захиалагч талд төлөх ёстой байсан боловч захиалагч тал уг хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй учир гүйцэтгэгч тал гэрээний хугацаанд ажлыг дуусгахын тулд өөрсдөөсөө зардал гарган ажлын 90 хувийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны дотор хийж гүйцэтгэсэн.

Бид 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар гэрээний 2.3-т заасан төлбөр 2-ын ажлыг 100 хувь болон төлбөр 3-ын ажлыг 90 хувьтай хийж гүйцэтгээд байсан бөгөөд энэ байдлаараа 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр буюу гэрээний хугацаанд хангалттай ажлыг дуусгах боломжтой байсан боловч гэрээний 3.8-д заасны дагуу Захиалагч тал гэрээгээр тогтоосон шатлалын дагуу амины орон сууцны захиалгын үнийг гүйцэтгээгүйн улмаас орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон гэж үзэх үндэслэлтэй юм. Иймээс хугацаа хэтрэлтийн анхдагч шалтгаан нь захиалагч тал өөрөө бөгөөд гэрээний 4.4-т захиалагч талын буруугаас шалтгаалсан аливаа хугацаа хоцорсон асуудлыг захиалагч тал өөрөө хариуцна гэж заасны дагуу гүйцэтгэгч тал хариуцлага хүлээхгүй.

Захиалагчийн хувьд тасралтгүй олон үндэслэлгүй мэдэгдлүүд хүргүүлж, улмаар тэр нь даамжран алданги, торгууль, валютын зөрүү гэх зэрэг шаардлагуудыг дураараа гаргаж гүйцэтгэгч талын өдөр тутмын ажилд саад болж эхэлсэн тул гүйцэтгэгч тал 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрээг цуцлахдаа захиалагчид албан ёсоор мэдэгдсэн. Шалтгаангүй гэрээ цуцлалт биш учир гэрээний 5.5-д заасан гүйцэтгэгчийн 5 хувийн торгуулийг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Цоба” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нар захиалсан байшингийнхаа төлбөрийг гэрээнд заасан нөхцлийг зөрчиж төлсөн, төлбөрийг шилжүүлээгүй зэргээс болж байшингийн гүйцэтгэлийн ажиллагаа удааширснаас талуудын хооронд үл ойлголцол гарч эхэлсэн. Захиалагч тал байшинг авахгүй, гэрээг цуцлах саналыг эхлэн гаргасан бөгөөд энэ нь талуудын хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Үүргийн талаар харилцан тохиролцох гэрээгээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл тус гэрээгээр захиалагч тал төлсөн төлбөрөө хэрхэн буцааж шилжүүлэн авах тухайгаа тусган тодорхой график гаргасан Захиалагчийн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүйгээс болж уг гэрээ цуцлагдсан бөгөөд уг захиалсан байшин нь хэт их стандартын өөрчлөлттэй байснаас өөр худалдан авагч олдохгүй байсан боловч Д.Одгэрэл, түүний нөхөр Х.Бүрэн-Эрдэнэ нар тус байшинг худалдан авахаар болсон. Худалдан авагч нарт уг байшингийн дотор засал бүхэлдээ таалагдахгүй байсан тул бүх дотор заслыг гүйцэтгэгч тал өөрсдийн зардлаар өөрчлөх шаардлагыг бидэнд тавьсан. Ийнхүү бид нэхэмжлэгч нарын олон шаардлага тавьж өөрчлүүлсэн бүх зүйлийг эхнээс нь буцаан стандарт загвар руу нь шилжүүлэн өөрсдийн зардлаар зассан.

Иймд гэрээ цуцлагдсаны хохиролд 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас хувь тэнцүүлж буюу АНУ-ын иргэн НДээс 12 500 000 төгрөг, Ч.Игөөс 12 500 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гүйцэтгэгч тал гэрээ байгуулагдсанаас хойш 4 сарын хугацаанд гэрээний зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон боловч гүйцэтгэгч тал энэхүү үүргээ цаг хугацаа, чанарын хувьд зохих ёсоор биелүүлээгүй нь нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтаар хангалттай тогтоогдоно.

Мөн бүх дотор заслын ажлыг гүйцэтгэгч өөрөө хийж дуусгасан гэж сөрөг нэхэмжлэлд дурдсан байх ба энэхүү хийсэн ажил нь гуравдагч этгээдэд таалагдахгүй байх нь харин өөрсдийнх нь алдаатай үйл ажиллагаатай холбоотой болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн зохих засварт өөрчлөлт хийхийг хариуцагч талаас шаардаагүй, ийм хүсэлт гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдох тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Цоба” ХХК-иас 50 356 468 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Нийл Детерт /Detert Neal Christian/, Ч.И нарт олгож, Ц.Баасандоржид холбогдох 50 356 468 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийл Детерт /Detert Neal Christian/, Ч.И нараас 25 000 000 төгрөг гаргуулах тухай “Цоба” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 661 515 төгрөг болон 388 570 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Цоба” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 409 732 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Нийл Детерт /Detert Neal Christian/, Ч.И нарт буцаан олгож, хариуцагч “Цоба” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 105 620 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан хариуцагч “Цоба” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд “Цоба” ХХК, хамтран хариуцагч иргэн Ц.Баасандорж нараас тус тус 100 712 937 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгч 50 356 468.5 төгрөгийг тус тус шаардсан нэхэмжлэл гаргасан мэтээр тодорхойлсон нь нэхэмжлэлийн шаардлагаа хэнд холбогдуулан, хэрхэн тодорхойлох зэрэг нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хөндсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, багасгасан, ихэсгэсгэсэн зүйлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг удаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан хүргүүлсэн нь дээрх үндсэн нэхэмжлэлд дурдсан гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэл, хариуцагч талын хариу тайлбарт нэхэмжлэгчийн зүгээс тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийн талаар тайлбараа хийсэн ба нэхэмжлэлийн шаардлагаа багасгаагүй.

Шүүх дээрх дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг зөрчсөн.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээний маргааны улмаас үлдэгдэл төлбөр буюу ... төгрөгийг “Цоба” ХХК төлөх буюу гэрээний үүргийг биелүүлэх хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагын “Цоба” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хангах учиртай” гэжээ.

“Цоба” ХХК-д холбогдуулан гаргасан 100 712 937 төгрөгөөс ямар үндэслэлээр 50 хувийг нь хасаж тооцсон нь үндэслэл муутай буюу хариуцагч хуулийн этгээдээс үлдэгдэл төлбөрөө дахин нэхэмжлэл гарган шаардах эрхтэй мэт тодорхойгүй, шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн түүнчлэн хариуцагч гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцаан төлөхөө илэрхийлэн хэлцэл хийсэн байхад ямар үндэслэлээр 50 хувийг буцаан төлөх учиртай, харин үлдэгдэл 50 хувийг төлөхгүй байх эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар ... эд хөрөнгөөрөө хариуцдаг тус тусдаа эрх зүйн этгээдүүд юм” гэжээ.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг Улсын Дээд шүүхийн 2007 оны 27 дугаар тогтоолын 14 дэх хэсэгт мөн зүйлийн 9.5-д заасан компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэдэг нь компанид оруулсан хувь нийлүүлэгчдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байх ёстой боловч ийнхүү зааглаагүй тохиолдолд компанийн төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон, түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгоно” гэж тайлбарлажээ.

Мөн хамтран хариуцагчаар иргэн Ц.Баасандоржийг татсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд тэрээр гэрээний үүрэгт хамтран хариуцлага хүлээх учиртай. Шүүхийн шийдвэрийг урьдчилан баталгаажуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Цоба” ХХК-ийн нэр дээр ямар нэг хөрөнгө бүртгэлгүй байна. Мөн гомдол гаргах өдрийг хүртэл хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл авагдаагүй байсан. Иймд шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ч.И, АНУ-ын иргэн НД нар “Цоба” ХХК, тус компанийн захирал Ц.Баасандорж нарт холбогдуулан гэрээний үүрэгт 100 712 937 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, “Цоба” ХХК нь гэрээг хугацаанаас өмнө цуцалсны хохирол 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардан сөрөг нэхэмжилсэн байна.

Зохигчид 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Амины орон сууц захиалгаар барих гэрээгээр хариуцагч “Цоба” ХХК нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй 44 айлын “Хадат Вилла” хотхонд нийт 184 м.кв талбай бүхий амины орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ашиглалтад оруулан захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч буюу захиалагч Нийл Детерт, Ч.И нар нь гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 273 250 000 төгрөг төлөхөөр тохиролцож улмаар нэхэмжлэгч талаас 162 583 750 төгрөг ажлын хөлсөнд шилжүүлжээ. Дээрх харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээний шинжийг агуулсан байх тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч нар гүйцэтгэгч тал болох “Цоба” ХХК-ийг гэрээт ажлыг заасан хугацаандаа гүйцэтгэж дуусаагүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзах санал гаргасныг хариуцагч хүлээн авч, талууд 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “Үүргийн талаар харилцан тохиролцох гэрээ” байгуулан хариуцагч “Цоба” ХХК нь нэхэмжлэгч нарын ажлын хөлсөнд төлсөн 162 583 750 төгрөгийг хуваарь гарган буцаан төлөх үүрэг хүлээж, уг гэрээний дагуу 70 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, үлдэх мөнгийг төлөөгүй байгаа болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1хх-29/

Иймээс нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Цоба” ХХК-иас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Талууд дээрх үйл баримтын тухайд маргаагүй, хариуцагч “Цоба” ХХК-ийн хувьд нэхэмжлэгчээс авсан ажлын хөлсийг гүйцэд буцааж өгөөгүй байгаагаа хүлээн зөвшөөрдөг, харин торгууль төлөх үндэслэлгүй гэж, хамтран хариуцагч Ц.Баасандорж нь үүргийг хариуцах үндэслэлгүй гэж маргадаг.

Хэргийн 29 дүгээр хуудсанд авагдсан “Үүргийн талаар харилцан тохиролцох гэрээ”-ний 1.3 дахь заалтаар “зохигчид, тохирсон хугацаанд мөнгөө өгөөгүй бол ... гүйцэтгэгч талын захиалагч талд төлөх хугацаа хэтрүүлсэн торгуулийг гэрээний дагуу хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээг дуусах өдөр хүртэл тооцон нэхэмжлэх”-ээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.5 дахь заалтад нийцэж байх тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ. Анхан шатны шүүх энэ үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хариуцагч нараас гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэлийн агуулга, хүсэл зоригийг тодруулалгүйгээр хариуцагч “Цоба” ХХК-иас 50 356 468 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ц.Баасандоржид холбогдох 50 356 468 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нар, хэрэгт “Цоба” ХХК-ийн захирал Ц.Баасандоржийн дансаар төлбөр төлөгддөг, компанийн мөнгөн хөрөнгийн орлого, зарлага хийгддэг байсан гэх үндэслэлээр хамтран хариуцагчаар татан оролцуулсан хэдий ч гэрээгээр шилжүүлсэн мөнгөн төлбөрийн үлдэгдлийг хариуцагч компаниас гаргуулах хүсэлтэй байгаагаа давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч “Цоба” ХХК-иас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 100 712 937 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч “Цоба” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг хугацаанаас өмнө цуцалсан хохиролд 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар сөрөг нэхэмжилснийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтад нийцэж байна.

Учир нь хариуцагч “Цоба” ХХК нь нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах саналыг хүлээн авч, гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг нэхэмжлэгч нарт буцаан өгөхөөр тохиролцсон тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирлыг шаардах эрхгүй, мөн маргааны зүйл болох амины орон сууцыг өөр этгээдэд худалдах зорилгоор хийсэн засварын зардал нь нэхэмжлэгч нартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй хамааралгүй юм.

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01339 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Цоба” ХХК-иас 100 712 937 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.И, АНУ-ын иргэн НД нарт олгож, хариуцагч Ц.Баасандоржид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Цоба” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “409 732” гэснийг “661 515” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

                                                                                                            Ч.ЦЭНД