Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2017/01339

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2017/01339

 

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  АНУ-ын иргэн Н.Д

Нэхэмжлэгч:Ч.И нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц ХХК 

Хариуцагч:  Ц. нарт холбогдох,

Амины орон сууц захиалгаар барих гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 92,583,750 төгрөг, гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувийн торгууль 8,129,187 төгрөг, нийт 100,712,937 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлж буюу Ц ХХК-иас 50,356,468.5 төгрөг, Ц.Б-с 50,356,468.5 төгрөгийг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Захиалагчийн буруугаас болж гэрээ цуцлагдсаны хохирол нийт 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас хувь тэнцүүлж буюу АНУ-ын иргэн НД-ээс 12,500,000 төгрөг, Ч.И-с 12,500,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай Ц ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын төлөөлөгч М.Э, хариуцагч нарын төлөөлөгч Б.Т, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нар 2014 оны 8 сарын 06-ны өдөр хариуцагч Ц ХХК-тай 14/35 тоот Амины орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр хариуцагч буюу гүйцэтгэгч тал Сүхбаатар дүүрэг, 20-р хороонд барьж буй ХВ хотхонд 2 автомашины зогсоол, террасыг хамруулсан нийт 184 м.кв талбай бүхий амины орон сууцыг барьж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч буюу нэхэмжлэгч тал нийт 273,250,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.

Энэхүү гэрээний ажил гүйцэтгэж дуусах буюу захиалагчийн өмчлөлд гэрээний зүйлийг шилжүүлэн өгөх эцсийн хугацааг 2014 оны 12 сарын 06-ны өдөр байхаар харилцан тохиролцсон.

Захиалагч буюу нэхэмжлэгч тал дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу 81,975,000 төгрөгийг 2014.08.06-ны өдөр, 49,185,000 төгрөгийг 2014.10.24-ний өдөр, 31,423,750 төгрөгийг 2014.12.25-ны өдөр, нийт 162,583,750 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн.

Гүйцэтгэгч тал гэрээ байгуулагдсанаас хойш 4 сарын хугацаанд гэрээний зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон боловч гүйцэтгэгч тал энэхүү үүргээ цаг хугацаа, чанарын хувьд зохих ёсоор биелүүлээгүй нь нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтаар хангалттай тогтоогдоно. Захиалагч тал ажил гүйцэтгэх хугацаа хэтэрч байгаа талаар нийт 6 удаа бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.

Гэвч гэрээнд заасан ажлын үр дүн, гүйцэтгэлд дорвитой өөрчлөлт гараагүй бөгөөд гүйцэтгэгч тал өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч талуудын хооронд 2015 оны 5 сарын 04-ний өдөр Төлбөр гүйцэтгэх тухай харилцан тохиролцсон хэлцэл-ийн 1-р догол ... гүйцэтгэгч гэрээний үүргээ заасан хугацаанд биелүүлээгүй гэж хүлээн зөвшөөрснөөр нотлогдоно.

Улмаар гүйцэтгэгч тал захиалагчийн албан ёсны зөвшөөрөл буюу талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр байхад захиалагчийн өмчлөлд шилжүүлэх ёстой амины орон сууцыг гуравдагч этгээдэд хууль бусаар шилжүүлсэн.

Гэрээний талууд 2015.04.04-ний өдөр Үүргийн талаар харилцан тохиролцох гэрээ-гээр гүйцэтгэгч тал захиалагчийн урьдчилан төлсөн нийт 162,583,750 төгрөгийн 50 хувийг 2015.04.25-ны өдрийн дотор, үлдсэн 50 хувийг 2015.05.25-ны өдрийн дотор буцаан төлөх, хугацаандаа бүрэн төлсөн тохиолдолд хугацаа хэтрүүлсний торгууль, алдангиас гүйцэтгэгчийг чөлөөлөхөөр тохиролцсон ба хугацаандаа төлөөгүй тохиолдолд анхны байгуулсан 14/65 тоот гэрээг хүчинтэйд тооцохоор тохиролцсон.

Өнгөрсөн хугацаанд гүйцэтгэгч тал нийт 70,000,000 төгрөгийг тус тус захиалагч талд /2015.05.12-ны өдөр 30,000,000 төгрөг, 2015.06.17-ны өдөр 40,000,000 төгрөг/ буцаан төлсөн ба үлдэгдэл 92,583,750 төгрөгийг өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Түүнчлэн захиалагч тал нь 2014.8.06-ны өдрийн 14/65 тоот Амины орон сууц захиалгаар барих гэрээний 5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувиар тооцож торгууль шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч тал Ц ХХК-д холбогдуулан анх нэхэмжлэл гаргасан боловч Ц ХХК нь цорын ганц Ц.Б гэгч хувьцаа эзэмшигчтэй, мөн өөрөө тухайн үед тус компанийн ерөнхий захирлын албан тушаал эрхэлдэг байсан ба нэхэмжлэгч талын төлсөн 162,583,750 төгрөгийг Ц.Б нь өөрийн хувийн Голомт банкны ... тоот дансаар хүлээн авч захиран зарцуулж байсан этгээд болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дурдсан үйл баримтад иргэн Ц.Б нь хамааралтай бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж цаг хугацаандаа төлбөрийг захиалсан орон сууцанд зарцуулж байгаагүй гэж үзэж байгаа ба ийнхүү захиалан барих гэрээний гүйцэтгэгч талын ажлын гүйцэтгэлийг хугацаа хэтрэхэд шууд хүргэсэн байна. Иймд Ц.Б нь хамтран хариуцах учиртай гэж үзэж байна.

Иймд, амины орон сууц захиалгаар барих гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 92,583,750 төгрөг, гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувийн торгууль 8,129,187 төгрөг, нийт 100,712,937 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлж буюу Ц ХХК-иас 50,356,468.5 төгрөг, Ц.Б-с 50,356,468.5 төгрөгийг тус тус гаргуулж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Ц ХХК нь Сүхбаатар дүүргийн Бэлхийн аманд 44 айлын Хадат Вилла хотхонг барьж гүйцэтгэж байгаа хуулийн этгээд бөгөөд нэхэмжлэгч болох НД-тэй 2014 оны 8 сарын 06-ны өдөр 14/65 тоот Амины орон сууц захиалгаах барих гэрээ-г байгуулсан.

Ийнхүү гол нөхцөл буюу төлбөрийн нөхцлийг талууд гэрээний 2.3-т тодорхой зааж өгсөн. Тодруулбал, төлбөр 1 Гэрээнд гарын үсэг зурагдмагч 30%, төлбөр 2 Гэрээнд заасан тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэснээр 30% гэх мэт.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дурдсанчлан төлбөр 1 болох 81,975,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурагдсан өдөр буюу 2014 оны 8 сарын 06-ны өдөр шилжүүлсэн байх бөгөөд гүйцэтгэгчийн хувьд уг гэрээний төлбөрөөр гэрээний 2.3-т заасан төлбөр 2-ын бүх ажлыг 2015 оны 10 сарын 22-ны байдлаар хийж гүйцэтгэсэн.

Гүйцэтгэгч талын зүгээс уг төлбөр 2-ын нэхэмжлэхийг явуулж, ажил дууссаныг захиалагч талд мэдэгдсэн боловч захиалагч тал ажлын гүйцэтгэл дутуу байга гэж үзэн асуудал үүсгэж эхэлсэн. Үнэндээ төлбөр 2-ын ажлаас зөвхөн хаалга, гражны хаалга хийгдээгүй байсан. Энэ нь төлбөр 3-ын ажлууд хийж дууссаны дараа хийгддэг ажлууд юм.

Ийнхүү бид захиалагч гомдол гаргаад байсан учир ажлаа хурдлуулах зорилгоор төлбөр 2-ын ажлын төлбөрийн 60 хувиар захиалагч талтай тохиролцсоноор хүлээж авсан бөгөөд гэрээний 2.5-д заасны дагуу 14 хоногийн дотор үлдэгдэл 40%-ийг захиалагч тал төлөх ёстой байсан.

Гэвч захиалагч тал уг хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй бөгөөд гүйцэтгэгч тал гэрээний хугацаандаа дуусгахын тулд өөрсдөөс зардал гарган төлбөр 3-т заагдсан ажлын 90%-ийг 11 сарын 06-ны дотор гүйцэтгэсэн. Энэ нь фото зургаар нотлогдоно.

Ийнхүү бид 2015 оны 11 сарын 06-ны өдрийн байдлаар гэрээний 2.3-т заасан төлбөр 2-ын ажлыг 100% болон төлбөр 3-ын ажлыг 90%-тай хийж гүйцэтгээд байсан бөгөөд энэ байдлаараа 2015 оны 12 сарын 06-ны өдөр буюу гэрээний хугацаанд хангалттай ажлыг дуусгах боломжтой байсан.

Гэвч захиалагчийн зүгээс барилгын ажлын гүйцэтгэлийг хүлээж авдаггүй, жижиг деталь ажлууд дутуу байна, хугацаандаа ажлаа хийхгүй байна гэх зэрэг гомдлыг байнга гаргаж төлбөрийг удаадаг байсан.

Гэрээний 3.8-д заасны дагуу Захиалагч тал гэрээгээр тогтоосон шатлалын дагуу амины орон сууцны захиалгын үнийг гүйцэтгээгүйн улмаас сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон гэж үзэх үндэслэлтэй юм.

Тиймээс хугацаа хэтрэлтийн анхдагч шалтгаан нь захиалагч тал өөрөө бөгөөд гэрээний 4.4-т Захиалагч талын буруугаас шалтгаалсан аливаа хугацаа хоцорсон асуудлыг захиалагч тал өөрөө хариуцна гэж заасны дагуу гүйцэтгэгч тал хариуцлага хүлээхгүй болно.

Захиалагчийн хувьд тасралтгүй олон үндэслэлгүй мэдэгдлүүд хүргүүлж, улмаар тэр нь даамжран алданги, торгууль, валютын зөрүү гэх зэрэг шаардлагуудыг дураараа гаргаж гүйцэтгэгч талын өдөр тутмын ажилд садаа болж эхэлсэн учир гүйцэтгэгчээс 2015 оны 5 сарын 08-ны өдөр гэрээг цуцлахдаа албан ёсоор мэдэгдсэн болно. Шалтгаангүй гэрээ цуцлалт биш учир гэрээний 5.5-д заасан гүйцэтгэгчийн 5%-ийн торгууль төлөх үндэслэл болохгүй болно.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Ц ХХК нь Сүхбаатар дүүргийн Бэлхийн аманд 44 айлын Хадат Вилла хотхонг барьж гүйцэтгэж байгаа хуулийн этгээд бөгөөд нэхэмжлэгч болох НД-тэй 2014 оны 8 сарын 06-ны өдөр 14/65 тоот Амины орон сууц захиалгаах барих гэрээ-г байгуулсан.

Гэвч тус гэрээтэй холбоотойгоор захиалагч тал нь Ц.Б-г гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, улмаар үндэслэлгүйгээр нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Компанийн тухай хуулийн 3.1-д Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ гэж заасан байх бөгөөд өөрөөр хэлбэл компани нь өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, уг эд хөрөнгөөрөө бусдын өмнө эрх эдэлж, үүрэг хүлээдэг хуулийн этгээд юм.

Нэхэмжлэгч НД нь Амины орон сууц захиалгаар барих гэрээ-г Ц.Б бус Ц ХХК-тай байгуулсан байна.

Мөн Компанийн тухай хуулийн 9.1-д Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ, 9.2-т Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж тус тус заасан байх бөгөөд Ц ХХК нь өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, уг эд хөрөнгөөрөө эрх эдэлж, үүрэг хүлээдэг хуулийн этгээд учир түүний хувьцаа эзэмшигчийг хувь хүнээр нь хамтран хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч Ц ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Хариуцагч Ц ХХК нь нэхэмжлэгч нартай 2014 оны 8 сарын 06-ны өдөр 14/65 тоот Амины орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулсан.

Нэхэмжлэгч нар нь захиалсан байшингийнхаа төлбөрийг гэрээнд заасан төлбөрийн нөхцлийг зөрчиж төлсөн болон төлбөр 3-ын төлбөрийг огт шилжүүлээгүй зэргээс болж байшингийн гүйцэтгэлийн ажиллагаа удааширснаас талуудын хооронд үл ойлголцол гарч эхэлсэн.

Улмаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.4-т заасны дагуу 30 хоног төлбөрийг хэтрүүлбэл гүйцэтгэгч тал дангаар гэрээг цуцлах тухай заасан байсан хэдий ч бид аль болох эв зүйгээр хэлэлцэж шийдвэрлэх зарчмыг барьж, захиалагч талын байшинг өөрсдийн зардлаар барьж, захиалагчийг төлбөрөө төлөхийг 2014 оны 11 сарын 06-наас эхлэн 2015 оны 4 сарын 04-ийг хүртэл хүлээсэн.

Гэтэл иргэн нэхэмжлэгч нар бидэнд байшинг өөр хүнд зараад өгөөч гэж 2015 оны 01 сард хэлсэн бөгөөд ийнхүү байшинг эцэслэн дуусах ажлын бүх зардлыг гүйцэтгэгч тал өөрсдөөсөө гаргаж дуусгасан болно.

Захиалагч тал байшингаа авахгүй гэрээг цуцлах саналыг өөрсдөө эхлэн гаргасан бөгөөд энэ нь талуудын хооронд байгуулсан 2015 оны 4 сарын 04-ний өдрийн Үүргийн талаар харилцан тохиролцох гэрээ-г талууд байгуулсан байдлаар нотлогдоно.

Өөрөөр хэлбэл тус гэрээгээр захиалагч тал төлсөн төлбөрөө хэрхэн буцаан шилжүүлэн авах тухайгаа тусган тодорхой график гаргасан байх бөгөөд шилжүүлсэн 162,583,750 төгрөгийн 50 хувийг эхний ээлжинд 2015 оны 4 сарын 25-ны дотор буцаан шилжүүлэх гэх мэтчилэн тусгасан байдаг. Хэдийгээр уг тохиролцоо хүчингүй болсон ч тухайн цаг хугацаанд захиалагч тал гэрээг дуусгавар болгож төлсөн мөнгөө буцаан авах хүсэл зоригоо түрүүлж илэрхийлсэн гэдэг нь харагдаж байна.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нар нь 2015 оны 4 сарын эхээр л гэхэд гэрээг цуцалж мөнгөө яаж буцаан авах тухай гэрээ байгуулж байсан хүн 2015 оны 7 сар гэхэд ажил дутуу гэж үргэлжлүүлэн мэдэгдэл хүргүүлээд байсан нь угаас өгсөн төлбөрөө хэд нугалж үндэслэлгүйгээр торгууль, алдангийг нэмж шаардах зорилготойгоор нотлох баримтыг бүрдүүлж байсан нь илэрхий харагддаг.

Ийнхүү захиалагчийн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүйгээс болж уг гэрээ цуцлагдсан бөгөөд уг захиалсан байшин нь хэт их стандартын өөрчлөлттэй байсан учир өөр худалдан авагч олдохгүй байсан. Ийнхүү Д.О, түүний нөхөр Х.Б нар тус байшинг худалдан авахаар болсон. Худалдан авагч нарт уг байшингийн дотор засал бүхэлдээ таалагдахгүй байсан учир бүх дотор заслыг гүйцэтгэгч тал өөрсдийн зардлаар өөрчлөх шаардлагыг бидэнд тавьсан болно. Ийнхүү бид нэхэмжлэгч нарын олон шаардлага тавьж өөрчлүүлсэн бүхий л зүйлийг эхнээс нь буцаан стандарт загвар руугаа шилжүүлэн өөрсдийн зардлаар зассан болно.

Ийнхүү гэрээ цуцлагдсаны хохиролд 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас хувь тэнцүүлж буюу АНУ-ын иргэн НД-ээс 12,500,000 төгрөг, Ч.И-с 12,500,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Гүйцэтгэгч тал гэрээ байгуулагдсанаас хойш 4 сарын хугацаанд гэрээний зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон боловч гүйцэтгэгч тал энэхүү үүргээ цаг хугацаа, чанарын хувьд зохих ёсоор биелүүлээгүй нь нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтаар хангалттай тогтоогдоно.

Гэрээнд заасан ажлын үр дүн, гүйцэтгэлд дорвитой өөрчлөлт гараагүй бөгөөд гүйцэтгэгч тал өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч талуудын хооронд 2015 оны 5 сарын 04-ний өдөр Төлбөр гүйцэтгэх тухай харилцан тохиролцсон хэлцэл-ийн 1-р догол ... гүйцэтгэгч гэрээний үүргээ заасан хугацаанд биелүүлээгүй гэж хүлээн зөвшөөрснөөр нотлогдоно.

Гүйцэтгэгч тал гэрээгээ зөрчин бусдад худалдан борлуулж, олох ёстой ашгаа олсон, гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үүрэгт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирол учруулсан байх ямарваа нэг хариуцлага хүлээх үндэслэлгүй болно.

Нөгөө талаас Амины орон сууц захиалгаар барих гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу гүйцэтгэгч нь барилгын норм ба дүрэм, техникийн нөхцлүүдийн дагуу стандартын шаардлага хангасан чанарын болон эрхийн доголдолгүй гэрээний зүйлийг шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн ба ... хэт их стандартаасаа өөрчлөлттэй байсан, Худалдан авагч нарт уг байшингийн дотор засал бүхэлдээ таалагдахгүй байсан учир бүх дотор заслыг гүйцэтгэгч тал өөрсдийн зардлаар өөрчлөх шаардлагыг бидэнд тавьсан гэх үндэслэл нь хариуцагч талын гэрээгээр хүлээх үүрэг, хариуцлага биш бөгөөд хэн нэгэнд таалагдахгүй байх, заслыг өөрчлөх зэрэг нөхцөл байдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.

Мөн бүх дотор заслын ажлыг гүйцэтгэгч өөрөө хийж дуусгасан гэж сөрөг нэхэмжлэлд дурдсан байх ба энэхүү хийсэн ажил нь гуравдагч этгээдэд таалагдахгүй байх нь харин өөрсдийнх нь алдаатай үйл ажиллагаатай холбоотой болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн зохих засвар өөрчлөлт хийхийг хариуцагч талаас шаардаагүй ийм хүсэлт гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч АНУ-ын иргэн НД, Ч.И нар нь амины орон сууц захиалгаар барих гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 92,583,750 төгрөг, гэрээний нийт үнийн дүнгийн 5%-тай тэнцэх торгууль 8,129,187 төгрөг, нийт 100,712,937 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлж буюу Ц ХХК-иас 50,356,468.5 төгрөг, Ц.Б-с 50,356,468.5 төгрөгийг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Ц ХХК нь захиалагч талын буруугаас болж гэрээ цуцлагдсаны хохирол нийт 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас хувь тэнцүүлж буюу АНУ-ын иргэн НД-ээс 12,500,000 төгрөг, Ч.И-с 12,500,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Зохигч талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг харилцан эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр НД, Ч.И нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, Ц ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Нэг. Амины орон сууц захиалгаар барих гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 92,583,750 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд,

 

Талууд 2014 оны 8 сарын 06-ны өдөр Амины орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, гүйцэтгэгч Ц ХХК нь Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт барьж буй 44 айлын Хадат Вилла хотхонд нийт 184 м.кв талбай бүхий амины орон сууцыг 2014 оны 12 сарын 06-ны өдөр ашиглалтанд оруулж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч НД, Ч.И нар гүйцэтгэсэн ажлын хөлс 273,250,000 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна.

 

Захиалагч тал 2014 оны 8 сарын 06-ны өдөр 81,975,000 төгрөг, 2014 оны 10 сарын 24-ний өдөр 49,185,000 төгрөг, 2014 оны 12 сарын 25-ны өдөр 31,423,750 төгрөг, нийт 162,583,750 төгрөгийг гэрээний 2.4-т заасан Голомт банк дахь ... тоот дансанд шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Дээр дурдсан Голомт банк дахь данс нь Ц ХХК-ийн данс бус тухайн үед Ц ХХК-ийн захирлаар ажиллаж байсан иргэн Ц.Б-н данс болох нь Голомт банкны дансны хуулгаар нотлогддог.

 

Ийнхүү захиалагч талаас иргэн Ц.Б-н данс руу гэрээний дагуу ажлын хөлсийг шилжүүлж байсан боловч хувийн сууцны барилгын ажил хийгдэж байсан, Ц ХХК нь ажлын хөлсийг аваагүй хэмээн маргадаггүй, Ц.Б-н данс руу шилжигдсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргадаг.

 

Улмаар, гэрээнд заасан хугацаанд хувийн сууц ашиглалтанд ороогүй учир талууд 2015 оны 4 сарын 04-ний өдөр Үүргийн талаар харилцан тохиролцох гэрээ байгуулсан нь Амины орон сууц захиалгаар барих гэрээ-г цуцлах, гэрээ цуцалсны үр дагаврыг зохицуулсан агуулгатай байна.

 

Захиалагч талаас гэрээний хугацаа хэтэрч байгаа талаар гүйцэтгэгч талд хугацаатай мэдэгдэл хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

 

Уг гэрээгээр захиалагчаас төлсөн төлбөр болох 162,583,750 төгрөгийг гүйцэтгэгч тал 2015 оны 4 сарын 25-ны өдөр 81,291,875 төгрөг, 2015 оны 5 сарын 25-ны өдөр 81,291,875 төгрөгийг тус тус буцаан төлөх, дээрх хугацаанд төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд Амины орон сууц захиалгаар барих гэрээ-нд заасан торгуулиас чөлөөлөх, хэрэв хугацаа хэтрүүлбэл торгууль тооцохоор харилцан тохиролцсон байна.

 

Дээрх тохиролцооны дагуу гүйцэтгэгч Ц ХХК-иас захиалагч НД Хаан банк дахь данс руу 2015 оны 5 сарын 12-ны өдөр 30,000,000 төгрөг, 2015 оны 6 сарын 17-ны өдөр 40,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг.

 

Нэхэмжлэгч тал нь хариуцагч Ц ХХК, Ц.Б нараас нэхэмжлэлийн шаардлага болох 100,712,937 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шаарддаг.

 

Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар иргэн нь өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгодог, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар компани нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг тус тусдаа эрх зүйн этгээдүүд юм.

 

Захиалагч тал нь гүйцэтгэгч Ц ХХК-тай гэрээ байгуулсан, Ц ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж байсан учир нэхэмжлэгч НД, Ч.И нар иргэн Ц.Б-с үүрэг шаардах эрхгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр маргааныг шийдвэрлэх учиртай тул хариуцагч Ц ХХК-иас (162,583,750 70,000,000) = 92,583,750 / 2 = 46,291,875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НД, Ижилмөрөн нарт олгож, Ц.Б-д холбогдох 46,291,875 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хоёр. Гэрээнд заасан торгууль 8,129,187 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.5-д захиалагч тал гэрээг цуцалсан тохиолдолд захиалагч талаас авсан бүх төлбөрийг эргүүлэн төлж, мөн гэрээ цуцалсны торгуульд гэрээний үнийн дүнгийн 5%-ийг захиалагч талд төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан торгуулийн зохицуулалттай нийцсэн байна гэж үзэв.

 

2015 оны 4 сарын 04-ний өдрийн Үүргийн талаар харилцан тохиролцох гэрээ-ний 1-д ... гэрээний дагуу гэрээт ажлыг заасан хугацаанд гүйцэтгэж дуусгаагүй тул... хэмээн зааснаас үзэхэд тухайн үед хариуцагч Ц ХХК нь үүргээ хугацаандаа гүйцэтгэж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн ба энэ нь гэрээг цуцлах үндэслэл болсон байна гэж үзэхээр байна.

 

Талууд гэрээний нийт үнийн дүн буюу 273,250,000 төгрөгийн 5%-иар торгууль тооцохоор тохиролцсон байх боловч нэхэмжлэгч нар өөрийн төлсөн ажлын хөлс болох 162,583,750 төгрөгөөс 5%-ийн торгууль тооцсоныг буруутгах үндэслэлгүй юм.

Дээр дурдсанаар иргэн Ц.Б-д торгууль хариуцуулах үндэслэлгүй тул хариуцагч Ц ХХК-иас 8,129,187 / 2 = 4,064,593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НД, Ижилмөрөн нарт олгож, Ц.Б-д холбогдох 4,064,593 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Гурав. Гэрээ цуцлагдсаны хохирол 25,000,000 гаргуулах тухай ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 

Амины орон сууц захиалгаар барих гэрээ-г цуцлах болсон шалтгаан нь гэрээгээр тохиролцсон ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн Ц ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой байх тул нэхэмжлэгч нараас хохирол гаргуулах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, уг захиалсан байшин нь хэт их стандартын өөрчлөлттэй байсан..., ...бүхий л зүйлийг эхнээс нь буцаан стандарт загвар руугаа шилжүүлэн өөрсдийн зардлаар зассан гэсэн хариуцагчийн тайлбар нотлогдохгүй буюу хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн ажил гүйцэтгэх гэрээнүүд, санхүүгийн анхан шатны баримтууд нь тухайн амины орон сууцыг гүйцээн барьж ашиглалтанд оруулахад гарсан зардал, шинэ худалдан авагчийн хүсэл, сонирхолд нийцүүлэн хийсэн заслын ажлын зардал байна гэж үзэв.

 

Иймд, Ц ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч Ц ХХК-иас 50,356,468 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НД, Ч.И нарт олгож, Ц.Б-д холбогдох 50,356,468 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, НД, Ч.И нараас 25,000,000 төгрөг гаргуулах тухай Ц ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 661,515 төгрөг болон 388,570 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 409,732 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НД, Ч.И нарт буцаан олгож, хариуцагч Ц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 105,620 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж хариуцагч Ц ХХК-д буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР