Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00042

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

 

С.Дид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Энхболд, Б.Батдорж

Нарийн бичгийн дарга: Х.Заяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 504 дүгээр захирамжтай С.Дид холбогдох 1838005150259 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Х овогт С-ийн Д, 1982 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: РС....................../.

Шүүгдэгч С.Д нь 2018 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт байрлах “Хөвсгөл хүнс” ХХК-ны хашаан дотроос иргэн Б.Баярсайханы бетон машиныг машин механизмыг ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 504 дүгээр захирамжаар шүүгдэгч С.Дид холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан бетон зуурагч машин 1 ширхэгийг шүүгдэгч С.Дийн эзэмшлийн Мөрөн сумын 12-11-16 тоот хашаанд хадгалагдаж байгааг дурдаж, энэ тогтоолыг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурджээ.

Прокурор эсэргүүцэлдээ: ...  Хохирогч Б.Баярсайхан нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг гаргасан бөгөөд уг гомдол мэдээлэлд 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Хохирогч Б.Бнь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “ ... 2018 оны 5 дугаар сарын эхээр зуурмагийн машинаа авахаар Хүнсний үйлдвэрийн хашаанд очтол зуурмагийн машин алга болсон байсан ...” гэж мэдүүлдэг, яллагдагч С.Дийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “2018 оны 5 дугаар сард санаж байна. Би 14 цагийн үед зах дээрээс хөлсний портер аваад Хүнсний үйлдвэр дээр очиход 15 цаг болж байсан. Зуурмагийн машин хашааны гадаа байсан. Хашааны гадаа янз бүрийн хүн амьтан байгаагүй. Тэгэхээр нь хөлсөлж явсан машин дээрээ ачиж аваад 6-р хороонд айлын хашаанд аваачиж буулгасан.” хэмээн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2018 оны 5 дугаар сард гэж хохирогч Б.Баярсайхан, болон яллагдагч С.Д нарын мэдүүлэгт тодорхой зааж хэлсэн байх тул гэмт хэрэг үйлдсэн хугацааг дахин тодруулах шаардлагагүй гэж үзэж байна.

Хэргийг шалгах явцад хохирогч Б.Баярсайханаас нийт 3 удаа хууль сануулж мэдүүлэг авсан. 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Хүнсний үйлдвэрийн хашаан дотроос бетон зуурмагийн машинаа авахаар очтол алга болсон байсан учир тухайн өдөр ажиллаж байсан манаачаас асуутал надад Дондогдорж буюу Шүрээ гэх хочтой хүн авч явсан гэж хэлсэн. Би одоо Дондогдоржийг сэжиглэж байна.” гэх мэдүүлэг өгсөн.

Дараа нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Баярсайханыг яллагдагч С.Дтой нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад “Дондогдорж бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Дондогдорж хүнсний үйлдвэрийн хашаанд байсан бетон зуурмагийн машин авахдаа надад авлаа гэж хэлээгүй. Дондогдоржийг зуурмагийн машин авсан гэдгийг мэдээд очоод уулзахаар би аваагүй гээд гүрийгээд байсан. Тэгээд зуурмагийн машин байгаа газрыг мэдээд очиж үзсэний дараа Дондогдорж над руу би ажлынхаа хөлсөнд авсан гэсэн утгатай мессеж бичсэн байсан. Тэрнээс өмнө би аваагүй л гээд байсан гэж яллагдагч С.Дийг зуурмагийн машиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэдгийг тодорхой мэдүүлсэн атлаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Баярсайхан, С.Д хоёрын хооронд авлага тооцооны асуудал бий болсон, хохирогч Б.Бнь Дондогдорж миний барьдаг байсан дараа төлбөртийн дугаар руу зурвас явуулсан байсан. Би сүүлд цагдаагийн байгууллагад хандсаныхаа дараа харсан” гэж мэдүүлж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд дээрх хохирогч, яллагдагч нарын үгсэн хуйвалдсан худал мэдүүлэгт хөтлөгдөн хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийлээ.

Гэрч Ж.Зоригтсайханы мэдүүлэгт “... Тэгтэл цэнхэр өнгийн портер загварын машин гаднаас орж ирээд манай байгууллагын хашаанаас цемент зуурдаг машиныг ачаад аваад гарсан. Би хэдэн хүн ачиж байсан мөн машин дотор хэдэн хүн явсан зэргийг хараагүй. Төд удалгүй барилгын засвар хийдэг Шүрээ гэх эрэгтэй залуу над дээр ирээд шавар зуурдаг тэрэг асуусан бөгөөд би хараагүй” гэж хэлсэн ... би тэр тээврийн хэрэгслийн улсын дугаар номерыг хараагүй ...” гэж болж өнгөрсөн үйл явдлыг тодорхой мэдүүлсэн.

Мөн яллагдагч С.Д ч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн жолоочийг танихгүй, хөх өнгийн портер маркийн машин байсан, улсын дугаар номерыг анзаарч хараагүй гэж мэдүүлж байгаа учраас яллагдагч С.Дондогдожийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хэн гэх хүний эзэмшлийн ямар маркийн тээврийн хэрэгсэл болохыг бүрэн тогтоох боломжгүй байна. Гэхдээ яллагдагч С.Д нь бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн болох нь яллагдагч С.Д, гэрч Ж.Зоригтсайхан нарыг мэдүүлгээр хангалттай нотлогдож байна гэж үзэж байна.

Иймд С.Дид холбогдох хэргийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаасан 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 504 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Дид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар “мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” бөгөөд хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон гэж үзэх боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч С.Д “...Дээрх хоёр ажлаас надад 1 200 000 төгрөг дутуу өгсөн байсан тэрийгээ авья гэхээр өгөхгүй байгаад байхаар нь би Баярсайханд хавар чи ажлын хөлсөө өгөхгүй бол оронд нь бетон зуурагч машиныг чинь авлаа шүү гэж хэлсэн. Тэгж хэлсний дараа би зах дээрээс ачааны машин хөлсөлж хүнсний үйлдвэрийн хашаанаас бетон зуурагч машиныг авсан” гэж,

Хохирогч Б.Б“...Тухайн үед С.Д нь миний барьдаг байсан дараа төлбөртийн дугаар руу зурвас явуулсан байсан” гэж тус тус мэдүүлсэн байх ба мөрдөгч, прокурор нь шүүгдэгч С.Д бетон зуурмагийн машин авахдаа хохирогч Б.Баярсайханд мэдэгдсэн эсэх, хохирогчид зурвас явуулсан эсэхийг шалгаагүй байна.

 Бусдын хөрөнгийг “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар” авсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангах бөгөөд шүүгдэгч бусдын хөрөнгийг ийнхүү  авсан гэх байдлыг бүрэн тогтоогоогүй байна.

Гэрч Ж.Зоригтсайхан 2018.07.20-ны өдөр мэдүүлэхдээ “...Тэгтэл цэнхэр өнгийн портер загварын машин гаднаас орж ирээд манай байгууллагын хашаанаас цемент зуурдаг машиныг ачаад аваад гарсан. ...Тухайн өдөр Далай гэх ажилтан харуул хамгаалалтанд ажиллаж байсан...” гэж мэдүүлсэн байх ба  н.Тайван, н.Далай нараас гэмт хэргийн талаар огт асууж тодруулаагүй нь гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд хяналтын прокурор Г.Сэндэнсүрэнгийн бичсэн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5/17 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, С.Дид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Прокурор яллах дүгнэлтийнхээ огноог өөр өөрөөр бичсэний дээр гэрчээр мэдүүлэг өгөөгүй Ж.Зоригсайханы мэдүүлэг /хх-ийн 22-р тал/-ийг иш татсан нь ойлгомжгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 504 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

             ШҮҮГЧИД                                                                Т.ГАНБАТ

                                                                                              Н.БАЯРХҮҮ