Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 29

 

Б.Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхий Ерөнхий шүүгч С.Өмирбек, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2017/00305 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Эсба 48 айлын орон сууцны 44 тоотод оршин  суух Хорхон овогт Бүрбаяагийн Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаяр түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие нь 2010 онд Ховд их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангийг нягтлан бодогч, бакалаврын зэрэгтэйгээр төгссөн. 2014 оны 12 дугаар сарын 08-нд Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаалаар нягтлан бодогчийн ажилд орсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд жирэмсний амралтаа авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан. Гэтэл З.Лхамхүү дарга 10 дугаар сарын 05-нд хүүхэд асрах чөлөө дуусаагүй байхад намайг дуудаад ажлаас халагдах хүсэлтээ өг гэсэн. Би хүсэлт бичиж өгөхгүй гэж хэлсэн.

 2016 оны 10 дугаар сарын 12-нд бичиг хэрэг Ц.Мягмаржаргал өнөөдөр тушаал чинь гарсан ирж гардаж ав гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 13-нд очиж тушаалаа авсан. Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаалыг дарга З.Лхамхүү нь нөхөж гаргасан тушаал байна. Мөн Аудитын газрын гүйцэтгэлийн шалгалт ороод албан бичиг өгсөн байсан. Аудитын газрын дарга Л.Галбадрахын албан бичигт ажлаас халах арга хэмжээ авах тухай байгаагүй. Намайг хүүхэд асрах чөлөөтэй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өнөөдрийг хүртэл ажил хүлээлцээгүй.

Иймд Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус байгууллагын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн  хариу тайлбар: Нэхэмжлэгч Б.Бадамцэцэг нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаалыг дарга З.Лхамхүү нөхөж гаргасан байна гэжээ. Үндэсний аудитын газрын харъяа Ховд аймгийн Аудитын газрын даргын Аудитын тайлан, зөвлөмж, акт, албан шаардлага батлах тухай 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тушаалыг үндэслэн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Ховд аймгийн БОАЖГ-ын даргын 16 дугаартай тушаалыг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан байдаг. Мөн Аудитын газрын дарга Л.Галбадрахын албан бичигт ажлаас халах тухай байгаагүй гэжээ. Дээр дурдсан Аудитын газрын даргын тушаалын даалгах хэсгийн 2.4-т байгууллагын нягтлан бодогчид холбогдох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх гэж заасан байдаг тул хуулийн дагуу ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг цуцлах арга хэмжээ авсан байдаг. Аймгийн Аудитын газрын дарга нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу ажлаас халах эсэхийг шийдвэрлэх эрх бүхий этгээд биш юм. Хүүхэд асрах чөлөөтэй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийн алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байдаг.

Ховд аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн БОАЖГ-ын 2015 оны ажиллагааны үр дүн, төсвийн зарцуулалтын үр ашигт хийсэн гүйцэтгэлийн тайлангийн 2 дугаар бүлгийн илрүүлэлт хэсэгт байгууллагын нягтлан бодогч Б.Бадамцэцэг нь баталсан цэснээс зөрүүтэй хуулгийг банкинд өгч өөрийн дансанд 2250433 төгрөгийг шилжүүлж, албан тушаалаа урвуулан ашиглажээ. Нийт 34 албан хаагчийн цалингаас 2015 оны 11 дүгээр сард 262 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард 450 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сард 214 400 төгрөг, 2016 оны 03 дугаар сард 924 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сард 400 000 төгрөг нийт 2 250 433 төгрөгийг суутган авсан байна гэсэн нь нягтлан бодогч Б.Бадамцэцэгийн буруутай үйлдлийг нотлосон байдаг.

Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт "хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон байдаг ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасныг зөрчсөн тохиолдолд ажлаас халж болохыг заасан байдаг. Мөн Б.Бадамцэцэгтэй холбоотой санхүүгийн болон эд хөрөнгийн тооцоог хийж дуусгахыг өмч хамгаалах комисст даалгасан боловч Б.Бадамцэцэг нь өнөөдрийг хүртэл ирээгүй болно. Ховд аймгийн БОАЖГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2017/00305 дугаар шийдвэрээр:”

 

1. .Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаал болон 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/16 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ажилгүй байсан хугацааны 2016 оны 10 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сар, 02 дугаар сар, 03 дугаар сар, 04 дүгээр сар нийт 3203748 төгрөгийн цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл 389475 төгрөгийг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраар нөхөн төлүүлэх тухай хүссэн нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 3203718 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 66210 төгрөг, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл 389475 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 12334 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Бадамцэцэг нь Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус байгууллагын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйд гомдолтой байна. Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга З.Лхамхүүгийн гаргасан 2016 оны 09 сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаал нь Авилгатай тэмцэх тухай хуулийн 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан хэтрүүлэх хуулийн заалт барьсан нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн нь тушаал бүхэлдээ хууль зөрчсөнийг нотолж байна. Авилгын эсрэг хуулийн нэр томъёог шүүхээс буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Шийдвэрийн үндэслэлд Авилгатай тэмцэх тухай хуулийн 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэж заасан илүү нарийвчилсан зохицуулалтыг баримталсан гэж дүгнэсэн нь дээрхи хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Авилгын эсрэг хуулийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь авилгатай тэмцэх үйл ажиллагаа, авилгатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино мөн хуулийн 3.1.7-д хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил гэж авилгатай тэмцэх байгууллагад хуулиар харьялуулсан гэмт хэрэгт явуулж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах эрх бүхий этгээдийг хэлнэ.

 Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга З.Лхамхүү нь Авилгын эсрэг хуулиар бусдыг буруутгах эрх түүнд олгогдоогүй байна. Үндэсний аудитын газрын харьяа Аудитын газрын дарга Л.Галбадрахын 2016/04/ГА 1/58 дугаартай Зөрчлийг арилгах тухай албан шаардлага зэрэгт зөрчил арилгах тухай байснаас бус ажлаас халах арга хэмжээ авах тухай байгаагүй. Б.Бадамцэцэг нь 1 506000 төгрөг хийсэн, одоо ямар ч төлбөргүй зөрчлийн талаарх албан бичиг болон Аудитын газрын гүйцэтгэлийн шалгалтаар илэрсэн актаас харахад тодорхой байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.1.13-д заасан эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлйн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах нягтлан бодогчийн ёс зүйг зөрчсөн гэжээ. Ховд аймгийн Байгаль, орчин, аялал жуулчлалын газарт Ёс зүйн хороо нь 5 гишүүнтэй. Мэргэжлийн ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдлийг тухайн байгууллагын Ёс зүйн хорооны гишүүд хуралдаж дүгнэлт гаргаагүй, шат дараалсан арга хэмжээ авагдаагүй байхад шүүхээс ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг дүгнэх боломжгүй юм.  Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, тэмдэгтийн хураамжаас хөнгөлөх чөлөөлөх хуулийн заалттай гэтэл анхан шатны шүүхээс Б.Бадамцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 жирэмсэний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан тушаалтны ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг нь хэвээр хадгална гэж байхад чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаар шүүхээс дүгнэлт хийсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өнө үү гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар  анхан шатны шүүх  нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгч Б.Бадамцэцэг нь  Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус байгууллагын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг   Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газарт холбогдуулан  гаргажээ.

Нэхэмжлэгч нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа тодруулж Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаал болон   2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/16 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны 2016 оны 10 сар,11 сар, 12 сар, 2017 оны 1 сар, 2 сар, 3 сар,  4 сар, бүтнээр 3203 748 төгрөгийн цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлд 389 475 төгрөг нөхөн төлүүлэхийг  хүссэн байна. (хх-ийн 118-119 дүгээр тал)

   Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

            Хэрэгт Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай  тушаал, мөн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/16 дугаартай  тушаалууд авагджээ.  /хх-ийн 225 дугаар тал/

 Дээрх 2 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-дахь заалт, Аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар тушаалыг үндэслэн тус байгууллагын нягтлан бодогч Д.Бадамцэцэг нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.4 дэх заалт, Авилгын эсрэг хуулийн 7.1.6-д заасныг зөрчин албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн баталсан цэснээс зөрүүтэй хуулгыг банкинд өгч бүх ажилтны цалингаас өөрийн дансанд 2250433 төгрөг шилжүүлэн авч албан тушаалаа урвуулан ашигласан нь аймгийн Аудитын газрын гүйцэтгэлийн аудитын шалгалтаар нотлогдсон тул 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Уг 2 тушаал нь нэг нь 16 дугаартай нөгөө нь Б/16 дугаартай байх  боловч ажилтныг ажлаас чөлөөлсөн  үндэслэл  нь хоорондоо зөрүүгүй агуулгын хувьд адил байна.

            Ажил олгогч ажилтан нарын хооронд 2016 оны 01 дүгээр  сарын 02-ноос 2016 оны 12 дугаар сарын 31-ний  өдөр  хүртэл байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2-т  “ажлын байрны буюу албан тушаалын нэр” гэдэгт нягтлан бодогч гэжээ. (хх- ийн 6 дугаар  тал)

            Хариуцагч тал  нь  Ховд аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн   “Байгал орчин аялал жуучлалын газрын 2015 оны ажиллагааны үр дүн төсвийн зарцуулалтын үр ашигт хийсэн гүйцэтгэлийн тайлан”-ын 2 дугаар бүлгийн илрүүлэлт хэсэгт байгууллагын нягтлан бодогч Б.Бадамцэцэг  баталсан цэснээс, зөрүүтэй хуулгыг банканд өгч өөрийн дансанд 2250433 төгрөг шилжүүлж албан тушаалаа ашигласан  үйл баримт нотлогдсон тул  Аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар тушаал болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д  заасныг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлажээ.  (хх- ийн  23 дугаар  тал)

 Нэхэмжлэгч тал нь 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 23 дугаар тушаалтай маргахгүй  байх бөгөөд харин 2016 оны 05 дугаар сарын 29-ны өдөр уг зөрчлийг илрүүлсэн тул  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д зааснаар “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна” гэх хуулийн заалтыг ажил олгогч зөрчсөн гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар Ховд аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн “Байгал орчин аялал жуучлалын газрын 2015 оны ажиллагааны үр дүн төсвийн зарцуулалтын үр ашигт хийсэн гүйцэтгэлийн тайлангийн  2 дугаар бүлгийн илрүүлэлт хэсэгт байгууллагын нягтлан бодогч Б.Бадамцэцэг  баталсан цэснээс, зөрүүтэй хуулгыг банканд өгч өөрийн дансанд 2250433 төгрөг шилжүүлж албан тушаалаа ашиглажээ” гэж уг тайланд тусгажээ.   (хх-ийн 46 дугаар  тал)

Ховд аймгийн Аудитын газраас дээрх тайлангаар илрүүлсэн 2250433 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор буцаан  төлүүлэх талаар  Байгаль орчин аялал жуучлалын газарт холбогдуулан ХОА-2016/04/ГА №1/64  тоот төлбөрийн акт  тавьжээ. Уг актыг   Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга, нягтлан бодогч нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан  байна. (хх- ийн 49 дүгээр  тал)

            “Аудитын тайлан, зөвлөмж, акт, албан шаардлагыг батлах тухай” аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар тушаалаар “Байгаль орчин аялал жуучлалын газрын 2015 оны ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан, зөвлөмж, акт, албан шаардлага”-ыг баталж баталгаажуулжээ.  Уг тушаалыг Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга 9 сарын 13-ны өдөр хүлээн авсан тухай тэмдэглэгээ хийжээ. (хх- ийн 37 дугаар  тал)

Аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн тайланд тусгасан дээрх зөрчлийг  аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар тушаалаар  баталгаажуулснаар хүчин төгөлдөр болжээ. Ажил олгогч нь уг зөрчлийг баталгаажуулсан тушаалыг гардан авснаас хойш нэг сарын дотор зөрчил гаргаснаас хойш5 сарын дотор ажилтанд сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасантай нийцсэн байна.

Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл эс үйлдэхүй” нь хууль санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг шаарддаг. Гэтэл ажил олгогч дээрх зөрчлийг дотоодын хяналт шалгалтаар шалгаж тогтоогоогүй.

 Харин “2015 оны Аудитын тайлангийн 2 дугаар бүлгийн илрүүлэлт гэх хэсгийн 2-т байгууллагын нягтлан бодогч Б.Бадамцэцэг баталсан цэснээс зөрүүтэй хуулгыг банканд өгч өөрийн дансандаа нийт 34 ажилтан албан хаагчийн цалингаас 2015 оны 11 сард 262.0 мянга, 2016 оны 1 дүгээр сард 450.0 мянга, 2 дугаар сард 214.4 мянга, 3 дугаар сард 924.0 мянга, 4 дүгээр сард 400.0 мянга нийт 2250433 төгрөг суутгаж авсан байна” гэх зөрчлийг аймгийн Аудитын газрын хяналт шалгалтаар шалган тогтоосон байна.

 Уг зөрчлийг  ажилтан хамгийн сүүлд 2016 оны 4 сард гаргасан байх ба  ажил олгогч зөрчил гаргаснаас хойш  5 сарын дотор буюу 2016 оны 9 дүгээр сарын 30-нд ажилтанд сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тогтоогдсон үндэслэлээр   ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг ажил олгогчийн санаачилгаар хийгдэж байхаар хуульд зохицуулагджээ.  Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид олгосон эрх хэмжээг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь гомдлын нэг үндэслэлдээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг нь хэвээр хадгална гэж байхад ажилтныг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаар шүүхээс дүгнэлт хийсэнгүй” гэжээ.

Ажилтныг “Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан хуулийн хамгаалалтанд байх хугацаанд  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр  ажил олгогчийн санаачилгаар  ажилтанг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн  шийдвэр нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д заасантай нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчид буцаан олгох зүйтэй байна. Хуульд зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар  сарын 23-ны өдрийн 153/ШШ2017/00305 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Бадамцэцэг нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Бадамцэцэгийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 110000321668 тоот данснаас гаргаж түүнд буцаан олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                                            С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                           Д.КӨБЕШ

 

 

Н.ТУЯА