Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 76

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Болормаа,

Улсын яллагч Э.Халиун,

Хохирогч Д.Шүрэнцэцэг,

Насанд хүрээгүй гэрч С.Сүлд,

Шүүгдэгч Э.Ганбаяр, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг /ҮД: 0-862/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Эрдэнэдаваа овогтой Ганбаярт холбогдох эрүүгийн 201625021128 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 61 дүгээр гудамжны 856 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 25-166 тоотод түр оршин суудаг гэх улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

1. Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 294 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 17 хоногийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

          2. Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 15/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ба уг ялыг Дундговь аймгийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай магадлалаар 6 сарын хугацаагаар баривчлах ял болгон өөрчилснийг биечлэн эдэлсэн,

 

           3. Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж уг ялаа биечлэн эдэлсэн,

 

           4. Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа биечлэн эдэлж суллагдсан,

 

5. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан "Өршөөл үзүүлэх" тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 28 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Боржигон овгийн Эрдэнэдаваа овогтой Ганбаяр /РД:ЗЮ83031111/,

 

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 Шүүгдэгч Э.Ганбаяр нь давтан, урьд энэ гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байдлын хугацаа дуусаагүй байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 61-856 тоотод оршин суух иргэн Д.Шүрэнцэцэгийн байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт, эмэгтэй хүний хар өнгийн урт савхин дээл зэргийг хулгайлж, бусдад 1.050.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Ганбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед хохирогчийн гэрт очиход том хүү нь ангийнхаа хүүхэдтэй байсан. Гэрт ороод ус хийгээд өг гэж хэлээд ус уучихаад буцаад хорооны тодорхойлолт авах гээд гараад явсан. Тухайн үед манай эхнэр хүүхэд хоёр эмнэлэгт хэвтсэн мөнгөний хэрэг байсан болохоор хохирогчийн гэрт очоод гал тогооных нь вакум цонхыг түлхэхэд онгойхоор нь гэрт нь ороод 40 инчийн ЛСД зурагтыг нь аваад гарч явтал гудамжинд такси явж байхаар нь суугаад ломбарданд барьцаанд тавих гэтэл 200.000 төгрөгөөр авъя гэсэн. Би ломбарданд тавилгүй гараад ирсэн чинь таксины жолооч 230.000 төгрөгөөр авъя гэхээр нь таксины жолоочид би буцаагаад авна шүү гээд дугаарыг нь хаягтай нь аваад зурагтыг нь өгсөн. Тэр орой хохирогч надруу залгасан байсан. Би зурагтыг аваад гарсан тухайгаа хэлэх гэж байсан боловч утасны цэнэг дуусаад хэлж чадаагүй. Эхнэр охин хоёр эмнэлэгт хэвтсэн байсан. Би хулгай хийе гэж хийгээгүй. Би зурагтыг нь авсан тухайгаа хэлэх гэж байсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Э.Ганбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр би эхнэрийн хуурай эгч болох Шүрэнцэцэгийн гэрт 12 цаг өнгөрч байхад очсон.Тэгтэл 2 хүүхэд нь байсан. Тэгээд ус уучихаад хүүхдүүдийнх нь хамт гэрээс гараад явсан. Тэгээд би цаг гаран өнгөрсний дараа буцаж Шүрэнцэцэгийн гэрт ирээд гал тогооны цонхыг нь түлхсэн чинь онгойчихсон. Тэгээд цонхоор ороод 2 давхарт тавиур дээр байсан 40 инчийн “самсунг” маркийн зурагтыг удирдлагатай нь аваад цонхоор нь буцаад гарсан. Тэгээд хашааны гадаа гараад алхаад явж байтал нэг цагаан жижиг суудлын автомашин хүн буулгаж байсан. Тэгэхээр нь би тэр машиныг зогсоогоод суугаад явсан. Тэгээд миний дэлгүүрийн хажууд байдаг ломбарданд очоод өгөх гэтэл 200.000 төгрөгөөр авна гэхээр нь би өгөөгүй. Тэгтэл тэр машины жолооч ломбарданд тавьж байхаар надад өгчих гэсэн. Тэр жолооч 7-н буудлын Бүрэн плазагийн АТМ руу ороод надад 230.000 төгрөг байна өгчих гэхээр нь би өгсөн...Би савхин дээл аваагүй, мэдэхгүй. Ганцхан 2 давхарт байсан зурагтыг удирдлагатай нь аваад гарсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас,

Хохирогч Д.Шүрэнцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад захаас бараагаа аваад ажил дээрээ байж байтал 19 цаг 30 минутын үед манай том хүү залгаад зурагт алга болсон талаар хэлсэн. Би ажлаа хаагаад нөхөртэйгөө гэртээ ирээд цагдаад мэдэгдээд шинжээч ирж хэргийн газрын үзлэг хийсэн. Хүүгээсээ асуухад Э.Ганбаярыг манайхаар ороод гарсан гэж хэлсэн. Манайхаас 40 инчийн ЛСД зурагт, савхин дээл алга болсон байсан. Тухайн үед савхин дээлээ мэдээгүй, 7 хоногийн дараа дээлээ өмсөх гэхэд байхгүй байхаар нь мэдсэн. Зурагтаа би 1.000.000 төгрөгөөр авсан, захаас савхин дээлээ 250.000 төгрөгөөр авсан. Би 1.250.000 төгрөгийн хохирлоо барагдуулмаар байна. Э.Ганбаяр авсан нь үнэн манайхаар гадны хүн орж гараад байдаггүй, цөөн ам бүлтэй, өглөө гараад орой л ирцгээдэг. Савхин дээл алга болсныг 7 хоногийн дараа мэдсэн. Манайд гаднаас хүн ордоггүй. Э.Ганбаярын эхнэр нь ирдэг, Э.Ганбаяр ирдэг өөр гадны хүн манайхаар ирдэггүй. Өвдөгний жоохон дээгүүр, хар өнгийн, 4 товчтой, үстэй солонгос савхин дээл байсан. Э.Ганбаяр манай хуурай дүүгийн найз залуу нь юм гэв.

          Хохирогч Д.Шүрэнцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08:00 цагийн үед би гэрээсээ гараад явсан. Гэрт манай хүү Сүлд, Соёмбо хоёр үлдсэн. Тэгтэл манай хүү Сүлд над руу 19 цаг өнгөрч байхад зурагт алга байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирсэн. Сүлд надад хэлэхдээ Ганбаяр ах өдөр манайд орж ирээд надтай хамт гараад явсан гэж хэлсэн... Гэртээ ирээд юмаа үзтэл 2 давхрын тавиур дээр байсан зурагт, хувцасны шкафанд байсан савхин дээл алга байсан... 40 инчийн зурагтаа Сансар-32 худалдааны төвөөс 2015 оны 09 дүгээр сард 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Савхин дээлээ 250.000 төгрөгөөр Нарантуул захаас худалдаж авсан... алдагдсан эд зүйлээ төлүүлж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх 15 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч С.Сүлд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хохирогч Д.Шүрэнцэцэг миний ээж. Ээжид хар өнгийн үстэй савхин дээл байсан. Зурагт алга болсны хэд хоногийн дараа ээжийн савхин дээл алга болсоныг мэдсэн гэв.

Насанд хүрээгүй гэрч С.Сүлдийн "... 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цаг 50 минутын үед гаднаас Ганбаяр гар утсаараа яриад хашаанд орж ирсэн... ширээний хажууд байдаг буйдан дээр суугаад ахдаа ус хийгээд өгөөч гээд байсан. Тэгээд би гаднаас гараад ус хийж өгөх гэтэл манай ангийн хүүхэд дуудахаар нь би хаалгаа онгойлгож өгсөн. Тэгээд би хичээлдээ явах гээд гарах гэтэл Ганбаяр ах хамт гарсан...Ганбаяр салаад хойшоо явсан. Тэгээд сургуульдаа яваад 19 цагийн үед гэртээ иртэл манай зурагт байхгүй байна гээд дүү хэлсэн.Тэгээд би ээж рүү залгаж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

          Гэрч С.Сумъяагийн "...Ганбаяртай амьдрахаасаа өмнө хуурай эгч Шүрэнцэцэгийн гэрт нэг хэсэг амьдарч байгаад 2013 оноос хойш Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байрлах нийтийн байранд охины хамт амьдрах болсон. Тэгээд Э.Ганбаяр манайд ирж охин бид хоёртой амьдрах болсон... Шүрэнцэцэг эгч надаас Ганбаяр хаана байгаа вэ гээд асуугаад байсан юм. Тэгтэл эгчийн гэрээс зурагтыг нь аваад явчихсан байсныг мэдсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт ¹2978:

1. Шинжилгээнд ирүүлсэн 2,3,4 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 1 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэж буй 2,3,4 дугаартай гарын харьцуулах загварт ирүүлсэн Г.Сүрэнбатын гарын дардас болон санд бүртгэлтэй гарын мөр дардсуудтай тохирохгүй гэжээ. /хх 26-28 дугаар хуудас/,

 

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 18-19, 55, 88-89, 134-135 дугаар хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ: “...

  • хар өнгийн урт савхин дээл – 200.000 төгрөг
  • 40 инчийн самсунг маркийн ЛСД зурагт – 850.000 төгрөг...” гэжээ. /хх 43-44 дүгээр хуудас/

 

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6/, хохирогч Д.Шүрэнцэцэгээс авсан тайлбар /хх 11-12/, гэрч Д.Бүдээгийн мэдүүлэг /хх 19-20/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 54/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55/, шүүгдэгч Э.Ганбаярын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 52-96/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             Шүүгдэгч Э.Ганбаяр нь давтан үйлдлээр /урьд энэ гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байдлын хугацаа дуусаагүй байхдаа/ 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 61-856 тоотод оршин суух иргэн Д.Шүрэнцэцэгийн байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Самсунг” маркийн ЛСД зурагт, эмэгтэй хүний хар өнгийн урт савхин дээл зэргийг хулгайлж, бусдад 1.050.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Ганбаярын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Шүрэнцэцэгийн мэдүүлэг,  насанд хүрээгүй гэрч С.Сүлд, гэрч С.Сумъяа нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 Шүүгдэгч Э.Ганбаярыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан “хохирогчийн байшингаас шүүгдэгч нь савхин дээл хулгайлсан нь тогтоогдоогүй, шүүгдэгчийн ялтай байх хугацаа нь арилсан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй” гэснийг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь хохирогч Д.Шүрэнцэцэг нь мөрдөн байцаалтанд анх хохирогчоор тогтоогдсоноос хойш шүүхийн хэлэлцүүлэг хүртэл өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ савхин дээл алдагдсан талаар мэдүүлснээс гадна шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрч С.Сүлд хохирогчид савхин дээл байсан, түүний өнгө зүс, хэлбэр, загварын талаар тодорхой мэдүүлсэн зэргээс үзэхэд тухайн эд зүйлийг шүүгдэгч хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй байна.      

Мөн шүүгдэгч Э.Ганбаяр нь урьд ял шийтгэгдэж байсан ба сүүлчийн шийтгэх тогтоол болох Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан "Өршөөл үзүүлэх" тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 28 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлжээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан "Өршөөл үзүүлэх" тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “....ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасны дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Э.Ганбаярын эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлжээ.

Иймд шүүгдэгч Э.Ганбаярт Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтны эдлээгүй үлдсэн хорих ял өршөөлд хамрагдаж, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байдал нь үлдэж байгаа тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 Шүүгдэгч Э.Ганбаярт ял оногдуулахад хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Ганбаяр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Ганбаяраас 1.050.000 төгрөгийн хохирлыг гаргуулж, хохирогч Д.Шүрэнцэцэгт олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Ганбаярын цагдан хоригдсон 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх 121 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                         ТОГТООХ нь:

            1. Боржигон овгийн Эрдэнэдаваа овогтой Ганбаярыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан ялтан Э.Ганбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганбаярын цагдан хоригдсон 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганбаяраас 1.050.000 /нэг сая тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Шүрэнцэцэгт /РД:ЖГ79010269/ олгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Ганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН