Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 32

 

 

 

Б.Ганзоригийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2017/00313 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 6 дугаар гудамжны 6 тоотод оршин суух, Чоно овогт Батлагын Ганзоригийн нэхэмжлэлтэй, Инжэд төр хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох, иргэний хэргийг харицагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн төлөөлөгч З.Бурмаа, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 31.000.000 /гучин нэгэн сая/ төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Нэхэмжлэгч Б.Ганзориг нь Инжэд төр ХХКомпанид барилгын мужаанаар ажиллаж байгаад 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үйлдвэрийн осолд орж хүнд гэмтэл авсан бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, Мэргэжлийн хяналтын дүгнэлт болон цагдаагийн газраас Инжэд төр ХХК-ийн зохих албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад, үйлдвэрлэлийн осол гаргасан болохыг тогтоосон тогтоол мөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Б.Ганзориг нь мужааны мэргэжилтэй бөгөөд мужааны мэргэжлийн гэрчилгээг 2011 онд авсан байдаг. Б.Ганзориг нь Инжэд төр ХХК-д мужаанаар ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орсон болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон. Нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар зохигчид маргах шаардлага байхгүй. Инжэд төр ХХК-ний захирлыг хариуцагчаар татах болсон шалтгаан нь хэрэгт хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулсан бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Тухайн үед эрүүгийн хэргийг шалгах явцад Инжэд төр ХХКомпани барилга дээр мужаанаар ажиллаж байсан гэдэгт хариуцагч тал маргаагүй....Инжэд төр ХХКомпаний барилга дээр ажиллаж байхдаа 1,000,000 төгрөгийн орлоготой байсан гэдгийг цагдаагийн байгууллагад шалгагдах явцад гэрч нар мэдүүлсэн байдаг. 2014 оны 11 дүгээр сараас эхэлж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 50 хувиар тогтоогдсон байдаг. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа гэж заасны дагуу сарын хөлсийг 1 сая төгрөг гэж тооцож 9 сая төгрөгийг нэхэмжилсэн. Үйлдвэрлэлийн осолд өртсөнөөс хойш буюу үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдсон 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш сарын дундаж цалин хөлсөө 1 сая төгрөгөөр тооцон нийгмийн даатгалаас авч байгаа халамжаас авч байгаа мөнгөө хасаад 24,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийнхээ шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэгч Б.Ганзориг нэг нүдний харах чадвараа бүрэн алдсан гэмтэл авсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. Б.Ганзориг нь мужааны мэргэжилтэй бөгөөд мужааны мэргэжлийн онцлог нь нүдээр харж, гараар хүрэлцэж, хүний ур чадвар шаарддаг мэргэжил юм. Нэг нүд нь бүрэн хараагүй болсон тохиолдолд нарийн хэмжээс хийдэг энэ ажлыг хийх боломжгүй. Хоёр хос эрхтэний нэг нүд нь хараагүй болсон гэдэг үндэслэлээр 50 хувиар тогтоосон байдаг. Гэтэл энэ хүний мэргэжлийн онцлогийн хувьд үйлдвэрлэлийн осолд өртсөнөөс хойш хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан бол нэг удаагийн тэтгэмж авах эрх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх боломжит тооцоолол байна гэж үзэж байна. 2015 онд эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолын агуулга болон нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбарыг харахад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо тухайн үед гарсан эмчилгээний зардлыг нөхөн олгосон байдаг....Инжэд төр ХХКомпани бол ажил олгогч гэдэг нь тогтоогдсон. Эрүүгийн хэргийг шалгах явцад гэрч нарын өгсөн мэдүүлгүүдээр Инжэд төр ХХКомпанид ажиллаж байхдаа сард 1 сая төгрөгийн цалинтай байсан гэдэг нь нотлогдож байгаа. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас компани нь цалин хөлсний бодолтын тооцоо, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх баримтыг оруулж ирээгүй байгаа. Хариуцагч өөрөө Б.Ганзориг нь манай байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаагүй, бид нийгмийн даатгал төлж байгаагүй гэсэн татгалзлаа нотолсон баримтаа оруулж ирээгүй учраас эрүүгийн хэргийг шалгах явцад тогтоогдсон үйл баримтаар 1,000,000 төгрөгийн цалин авч байсан гэж үзэх үндэслэлтэй байгаа....2014 оны 11 сарын 06-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон. Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахтай холбоотой шаардлагад олох ёстой байсан орлого гэсэн ойлголт явдаг. Хэдийгээр нийгмийн даатгалаас хөдөлмөрийн чадвар алдалдтын тэтгэмжийг авч байгаа боловч энэ хүн хэрвээ хөдөлмөрийн чадвар алдаагүй байсан бол мэргэжлийнхээ дагуу тодорхой ажил эрхлээд тэтгэмжээсээ илүү орлого олох байсан гэдэг үндэслэлтэй байгаа. Ийм учраас 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажлын хөлсийг 192,000 төгрөгөөр тооцон 4,992,000 төгрөг болсон. 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөг болсон бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл 6 сар болж байгаа. 6 сараар бодохоор 1,440,000 төгрөг болж байгаа. Гэмт хэргийн улмаас хохирсон гэм хорын хохиролд олох ёстой байсан орлого болох 2014 оны 11 сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 4,992,000 төгрөг, 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл 1,440,000 төгрөг....Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 50 хувь хүртэл хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд 7 сартай тэнцэх хэмжээний дундаж цалин хөлс олгоно гэсэн зохицуулалттай байгаа 7000,000 төгрөг, нийт 13,432,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Манай компани нь 2013 оны 5 сард тусгай зөвшөөрөл авсан бөгөөд манай нөхөр уг компаний захирал нь байсан. 5 сард барилгын ажил эхлээд 6 сарын 4-ний өдөр гэнэт зүрх нь хааж нас барсан. Би түүнээс хойш үйл ажиллагааг явуулж байсан. Гэхдээ би үйл ажиллагааг нь явуулж чадахгүй гэсэн боловч намайг үргэлжлүүлээд яв гэж хэлсэн. Нэг жилийн хугацаанд өв шилждэг. Тэр хугацаанд би өөрийгөө зоригжуулаад ядаж өнгөрсөнд хүнд зориулаад нэг суварга босгоё гэж бодоод зүтгэсэн. Б.Ганзоригийн хувьд 2013 онд дотор шавардлагын ажлыг бригадаараа хийсэн. 10 хүн 3,900,000 төгрөгийн ажил хийсэн. Б.Ганзориг надтай ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаагүй. Манай инженер Д.Батсайхан гэдэг хүн ерөнхийдөө уг төслийг удирдаж явуулсан. Бригадын ахлагч Д.Отгонхишиг гэдэг хүн Д.Батсайхан инженертэй яриад ажилласан байдаг. Манай компанитай болон надтай хийсэн аман гэрээ болон бичгийн гэрээ байхгүй. Манайд ажиллаж байгаад осолд орсон нь үнэн. Осол болсоны дараа мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт ирээд ажиллахгүй байсан шатыг буулгаж үзээд хэвийн ажиллагаатай гэсэн дүгнэлт гарсан. Би тухайн үед түүнийг ойлгоогүй. Хүн гэмтээчихлээ гэдэг үүднээс өөрийнхөө боломжоор хандсан. Эрүүгийн хэрэг үүсээд 9,362,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнийг 4 сая төгрөгөөр, 4,363,000 төгрөгөөр нэг гаргаж өгсөн. Хохирол барагдуулаад өг мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөөд өгчихвөл ямар ч асуудалгүй гэж надад хэлсэн. Тэр үед барилга баригдаж байсан мөн 450 сая төгрөгийн зээл авчихсан байсан учраас энэ мөнгийг гаргаж өгсөн. Эвлэрлийн гэрээ байгуулсаны дараа Америк улсаас эмч нар ирээд нүдээ үзүүлж байна, эм тарианы мөнгө хэрэгтэй байна гэхээр нь дахиж 400,000 төгрөг гаргаж өгсөн. Эвлэрлийн гэрээ байгуулахдаа хохирлыг барагдуулаад өгчихвөл цаашид гарах эмчилгээний зардлыг л нэхэмжилнэ гэсэн учраас би дахиж нөхөн төлбөр болон цалин нэхэмжилнэ гэж бодоогүй. Гэтэл 2 жил дараалан нэхэмжилж байна. Одоо надад төлөх боломж байхгүй бөгөөд компани үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа. 2016 оны 05 сард компаний тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Би өөрөө 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Хоёр хүүгээ сургаж байгаа....Надад энэ мөнгийг төлөх ямар ч чадвар байхгүй. Тухайн үед би зээл авчихсан, мөнгөтэй байсан учраас 9,363,000 төгрөгийг төлж, өргөдөл бичиж байгаад 6 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгсөн. Манай компаниас өдрийн 1,000,000 төгрөгийн цалин авч байгаагүй. Барилгын инженер сард 500,000 төгрөгийн цалин авдаг байхад, мужаан хүн сард 1,000,000 төгрөгийн цалин авах үндэслэл байхгүй. Тийм учраас нэхэмжилсэн мөнгийг төлж чадахгүй...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2017/00313 дугаар шийдвэрээр:“ Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 1.344.000 төгрөг, Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 6.432.000 төгрөг, нийт 7.776.000 /долоон сая долоон зуун далан зургаан мянга/ төгрөгийг Инжэд төр хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулан нэхэмжлэгч Б.Ганзоригт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.656.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Инжэд төр ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 139366 /нэг зуун гучин есэн мянга гурван зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй. Учир нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 24 айлын орон сууцны барилгад ажиллаж байгаад Б.Ганзориг нь дүүжин шатаар барилгын зүүн талын хананы дээд талаас дүүжин шатаа доошлуулах гээд хамгаалалтын бүсээ сунгаад эргэтэл цохих шиг болоод зүүн нүдээрээ юм мөргөж бие махбодидоо хүнд гэмтэл авсан. Б.Ганзориг нь манай хуулийн этгээдтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй төдийгүй, шат дээшлүүлж доошлуулахдаа ажиллаж байгаа хүмүүсийн анхаарал сул байсан. Тухайн осол болсон өдөр Б.Ганзориг болон хамт ажиллаж байсан ажилчдад хөдөлмөр аюулгүйн зааварчилгааг өгч гарын үсэг зуруулсан байдаг. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр дүүжин шат нь хэвийн ажиллагаатай байсан төдийгүй ажилчид хайхрамжгүй байдлаас болж осол гарсан гэсэн дүгнэлт гарсан. Б.Ганзориг нь манай компанитай ямар нэгэн гэрээ байгуулаагүй тул манай ажилтан биш юм. Манай компаний ажилтан байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн зохицуулалт үйлчлэх байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Инжэд төр ХХК –ны захирал З.Бурмаа, даамал Н.Гомбодорж, ерөнхий инженер Д.Батсайхан нар нь хөдөлмөр аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журмыг хангуулах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэжээ. Гэвч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсанаар хариуцагч шүүхэд ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй, үүргээ хэрэгжүүлээгүй мэтээр дурьдсан нь учир дутагдалтай байна. Мөн нэхэмжлэгч нь олох байсан орлогоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэн хариуцагчаас шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Ганзоригийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна. Нэхэмжлэгч Б.Ганзориг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар нөхөн төлбөр 7.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх дутуу авсан цалин хөлс 24.000.000 төгрөг нийт 31.000.000 төгрөгийг хариуцагч Инжид төр ХХК-иас гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган  Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 7.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 6.432.000 төгрөг, нийт 13.432.000 төгрөг гэж тодорхойлжээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээнд нь хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. Инжид төр ХХК-ийн захирал З.Бурмаа, барилгын даамал Н.Гомбодорж, төслийн ерөнхий инженер Д.Батсайхан нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг хангуулах үүргээ биелүүлээгүйгээс 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 24 айлын орон сууцны барилгад ажил гүйцэтгэж байсан нэхэмжлэгч Б.Ганзоригийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан эрүүгийн хэрэгт холбогдож, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь яллагдагч нартай сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Мөн нэхэмжлэгч Б.Ганзориг нь Инжид төр ХХК-ний барилга дээр ажиллаж байгаа үйлдвэрлэлийн осол[1]-ын улмаас хүнд зэргийн гэмтэл авсан[2], уг гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан[3] болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

            Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг ажил олгогчоос шаардах эрхтэй байна. Харин “нэхэмжлэгч нь Инжид төр ХХК-иас сард 1.000.000 төгрөгийн цалин хөлс авч байсан” гэх гэрчүүдийн мэдүүлэг нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй бөгөөд Б.Ганзоригийн нийгмийн даатгалын дэвтрээр няцаагдаж байх тул шүүх 7 сарын дундаж цалинг нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр буюу нэг сарын 192000 төгрөгөөр тооцож 1.344.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн шүүх нэхэмжлэгч Б.Ганзоригийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлого нэхэмжилснийг Иргэний хуулийн 497.1, 505.1-д зааснаар шаардах эрхтэй байна гэж дүгнэн олох ёстой байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 6.432.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт нийцсэн байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139.366 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр  үлдээлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2017/00313 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139.366 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр  үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.ЖАМБАЛСҮРЭН

                                  

 

М.НЯМБАЯР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас