Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 313

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 6 дугаар гудамжны 6 тоотод оршин суух, Чоно овогт Батлагын Ганзориг /ПЙ80122677/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Инжэд төр хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох

31.000.000 /гучин нэгэн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ныөдөр хүлээн авч, 153/2017/00219/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, иргэдийн төлөөлөгч Ч.Цэрэнханд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч байгууллагын захирал З.Бурмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батсүх, гэрч А.Эрдэнэтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ганзориг нь Инжэд төр ХХКомпанид барилгын мужаанаар ажиллаж байгаад 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үйлдвэрийн осолд орж хүнд гэмтэл авсан бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, Мэргэжлийн хяналтын дүгнэлт болон цагдаагийн газраас Инжэд төр ХХК-ийн зохих албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад, үйлдвэрлэлийн осол гаргасан болохыг тогтоосон тогтоол мөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Б.Ганзориг нь мужааны мэргэжилтэй бөгөөд мужааны мэргэжлийн гэрчилгээг 2011 онд авсан байдаг. Б.Ганзориг нь Инжэд төр ХХК-д мужаанаар ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орсон болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон. Нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар зохигчид маргах шаардлага байхгүй. Инжэд төр ХХК-ний захирлыг хариуцагчаар татах болсон шалтгаан нь хэрэгт хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулсан бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Тухайн үед эрүүгийн хэргийг шалгах явцад Инжэд төр ХХКомпани барилга дээр мужаанаар ажиллаж байсан гэдэгт хариуцагч тал маргаагүй....Инжэд төр ХХКомпаний барилга дээр ажиллаж байхдаа 1,000,000 төгрөгийн орлоготой байсан гэдгийг цагдаагийн байгууллагад шалгагдах явцад гэрч нар мэдүүлсэн байдаг. 2014 оны 11 дүгээр сараас эхэлж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 50 хувиар тогтоогдсон байдаг. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа гэж заасны дагуу сарын хөлсийг 1 сая төгрөг гэж тооцож 9 сая төгрөгийг нэхэмжилсэн. Үйлдвэрлэлийн осолд өртсөнөөс хойш буюу үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдсон 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш сарын дундаж цалин хөлсөө 1 сая төгрөгөөр тооцон нийгмийн даатгалаас авч байгаа халамжаас авч байгаа мөнгөө хасаад 24,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийнхээ шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэгч Б.Ганзориг нэг нүдний харах чадвараа бүрэн алдсан гэмтэл авсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. Б.Ганзориг нь мужааны мэргэжилтэй бөгөөд мужааны мэргэжлийн онцлог нь нүдээр харж, гараар хүрэлцэж, хүний ур чадвар шаарддаг мэргэжил юм. Нэг нүд нь бүрэн хараагүй болсон тохиолдолд нарийн хэмжээс хийдэг энэ ажлыг хийх боломжгүй. Хоёр хос эрхтэний нэг нүд нь хараагүй болсон гэдэг үндэслэлээр 50 хувиар тогтоосон байдаг. Гэтэл энэ хүний мэргэжлийн онцлогийн хувьд үйлдвэрлэлийн осолд өртсөнөөс хойш хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан бол нэг удаагийн тэтгэмж авах эрх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх боломжит тооцоолол байна гэж үзэж байна. 2015 онд эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолын агуулга болон нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбарыг харахад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо тухайн үед гарсан эмчилгээний зардлыг нөхөн олгосон байдаг....Инжэд төр ХХКомпани бол ажил олгогч гэдэг нь тогтоогдсон. Эрүүгийн хэргийг шалгах явцад гэрч нарын өгсөн мэдүүлгүүдээр Инжэд төр ХХКомпанид ажиллаж байхдаа сард 1 сая төгрөгийн цалинтай байсан гэдэг нь нотлогдож байгаа. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас компани нь цалин хөлсний бодолтын тооцоо, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх баримтыг оруулж ирээгүй байгаа. Хариуцагч өөрөө Б.Ганзориг нь манай байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаагүй, бид нийгмийн даатгал төлж байгаагүй гэсэн татгалзлаа нотолсон баримтаа оруулж ирээгүй учраас эрүүгийн хэргийг шалгах явцад тогтоогдсон үйл баримтаар 1,000,000 төгрөгийн цалин авч байсан гэж үзэх үндэслэлтэй байгаа....2014 оны 11 сарын 06-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон. Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахтай холбоотой шаардлагад олох ёстой байсан орлого гэсэн ойлголт явдаг. Хэдийгээр нийгмийн даатгалаас хөдөлмөрийн чадвар алдалдтын тэтгэмжийг авч байгаа боловч энэ хүн хэрвээ хөдөлмөрийн чадвар алдаагүй байсан бол мэргэжлийнхээ дагуу тодорхой ажил эрхлээд тэтгэмжээсээ илүү орлого олох байсан гэдэг үндэслэлтэй байгаа. Ийм учраас 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажлын хөлсийг 192,000 төгрөгөөр тооцон 4,992,000 төгрөг болсон. 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөг болсон бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл 6 сар болж байгаа. 6 сараар бодохоор 1,440,000 төгрөг болж байгаа. Гэмт хэргийн улмаас хохирсон гэм хорын хохиролд олох ёстой байсан орлого болох 2014 оны 11 сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 4,992,000 төгрөг, 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл 1,440,000 төгрөг....Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 50 хувь хүртэл хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд 7 сартай тэнцэх хэмжээний дундаж цалин хөлс олгоно гэсэн зохицуулалттай байгаа 7000,000 төгрөг, нийт 13,432,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын захирал З.Бурмаа шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:Манай компани нь 2013 оны 5 сард тусгай зөвшөөрөл авсан бөгөөд манай нөхөр уг компаний захирал нь байсан. 5 сард барилгын ажил эхлээд 6 сарын 4-ний өдөр гэнэт зүрх нь хааж нас барсан. Би түүнээс хойш үйл ажиллагааг явуулж байсан. Гэхдээ би үйл ажиллагааг нь явуулж чадахгүй гэсэн боловч намайг үргэлжлүүлээд яв гэж хэлсэн. Нэг жилийн хугацаанд өв шилждэг. Тэр хугацаанд би өөрийгөө зоригжуулаад ядаж өнгөрсөнд хүнд зориулаад нэг суварга босгоё гэж бодоод зүтгэсэн. Б.Ганзоригийн хувьд 2013 онд дотор шавардлагын ажлыг бригадаараа хийсэн. 10 хүн 3,900,000 төгрөгийн ажил хийсэн. Б.Ганзориг надтай ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаагүй. Манай инженер Д.Батсайхан гэдэг хүн ерөнхийдөө уг төслийг удирдаж явуулсан. Бригадын ахлагч Д.Отгонхишиг гэдэг хүн Д.Батсайхан инженертэй яриад ажилласан байдаг. Манай компанитай болон надтай хийсэн аман гэрээ болон бичгийн гэрээ байхгүй. Манайд ажиллаж байгаад осолд орсон нь үнэн. Осол болсоны дараа мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт ирээд ажиллахгүй байсан шатыг буулгаж үзээд хэвийн ажиллагаатай гэсэн дүгнэлт гарсан. Би тухайн үед түүнийг ойлгоогүй. Хүн гэмтээчихлээ гэдэг үүднээс өөрийнхөө боломжоор хандсан. Эрүүгийн хэрэг үүсээд 9,362,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнийг 4 сая төгрөгөөр, 4,363,000 төгрөгөөр нэг гаргаж өгсөн. Хохирол барагдуулаад өг мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөөд өгчихвөл ямар ч асуудалгүй гэж надад хэлсэн. Тэр үед барилга баригдаж байсан мөн 450 сая төгрөгийн зээл авчихсан байсан учраас энэ мөнгийг гаргаж өгсөн. Эвлэрлийн гэрээ байгуулсаны дараа Америк улсаас эмч нар ирээд нүдээ үзүүлж байна, эм тарианы мөнгө хэрэгтэй байна гэхээр нь дахиж 400,000 төгрөг гаргаж өгсөн. Эвлэрлийн гэрээ байгуулахдаа хохирлыг барагдуулаад өгчихвөл цаашид гарах эмчилгээний зардлыг л нэхэмжилнэ гэсэн учраас би дахиж нөхөн төлбөр болон цалин нэхэмжилнэ гэж бодоогүй. Гэтэл 2 жил дараалан нэхэмжилж байна. Одоо надад төлөх боломж байхгүй бөгөөд компани үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа. 2016 оны 05 сард компаний тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Би өөрөө 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Хоёр хүүгээ сургаж байгаа....Надад энэ мөнгийг төлөх ямар ч чадвар байхгүй. Тухайн үед би зээл авчихсан, мөнгөтэй байсан учраас 9,363,000 төгрөгийг төлж, өргөдөл бичиж байгаад 6 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгсөн. Манай компаниас өдрийн 1,000,000 төгрөгийн цалин авч байгаагүй. Барилгын инженер сард 500,000 төгрөгийн цалин авдаг байхад, мужаан хүн сард 1,000,000 төгрөгийн цалин авах үндэслэл байхгүй. Тийм учраас нэхэмжилсэн мөнгийг төлж чадахгүй...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ганзориг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар нөхөн төлбөр 7.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх дутуу авсан цалин хөлс 24.000.000 төгрөг, нийт 31.000.000 /гучин нэгэн сая/ төгрөгийг хариуцагч Инжэд төр хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нэхэмжлэлийн шаардлагаа багасган Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 7.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 6.432.000 төгрөг, нийт 13.432.000 /арван гурван сая дөрвөн зуун дөчин хоёр мянга/ төгрөг гэж тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, манай ажилтан биш, эвлэрлийн гэрээ байгуулахдаа цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэхээр нээлттэй үлдээсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Инжэд төр ХХК-ийн захирал З.Бурмаа, барилгын даамал Н.Гомбодорж, төслийн ерөнхий инженер Д.Батсайхан нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг хангуулах үүргээ биелүүлээгүйгээс 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 24 айлын орон сууцны барилгад ажил гүйцэтгэж байсан нэхэмжлэгч Б.Ганзоригийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан эрүүгийн хэрэгт холбогдож, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, хохирогч нь яллагдагч нартай сайн дураараа эвлэрсний улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Ховд аймгийн Прокурорын газрын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 34 дугаартай прокурорын тогтоолоор /ХХ-ийн 71-72 дугаар тал/ тогтоогдож байна.

Хэдий эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээндээ цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэхээр нээлттэй үлдээсэн боловч энэ нь нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо нэхэмжлэх эрхийг нь хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд уг хариуцагчийн гаргасан тайлбар нь гэм хорын хариуцлагаас түүнийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. гэж заасны дагуу ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй, энэ үүргээ ажил олгогч нь хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажил, үүрэг гүйцэтгүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Ховд аймгийн Прокурорын газрын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 34 дугаартай прокурорын тогтоолоор /ХХ-ийн 71-72 дугаар тал/ тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Ганзориг нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил шаардах эрхтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар үйлдвэрлэлийн ослоос шалтгаалж хөдөлмөрийн чадвараа 31-50 хувь хүртэл алдсан ажилтан 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Ганзориг нь үйлдвэрлэлийн ослоос шалтгаалж хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан болох нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, комиссын шийдвэрийн /ХХ-ийн 29 дүгээр тал/ нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдлоо.

Хариуцагч Инжэд төр ХХК-иас нэхэмжлэгч нь нэг сарын цалин 1.000.000 төгрөг авч байсан талаар гэрч Э.Сэргэлэн, Б.Ванчин-Эрдэнэ, Д.Отгонхишиг /ХХ-ийн 64-69 дүгээр тал/ нарын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсонгүй. Харин нэхэмжлэгч Б.Ганзоригийн нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч Инжэд төр ХХК-иас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192.000 төгрөгөөр төлсөн болох нь нэхэмжлэгчийн 0733527 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 21-06/030/43 дугаартай дүгнэлт ...Б.Ганзориг нь тус компанийн 24 айлын орон сууцны барилга дээр ажиллаж байгаад 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үйлдвэрлэлийн осолд өртсөний улмаас компани нь тухайн үедээ Б.Ганзоригийн 2014 оны 6-12 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу сард 192000 төгрөгөөр тооцон нөхөн тайлагнаж төлсөн байна...-ээр /ХХ-ийн 28, 134-135 дугаар тал/ тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д үйлдвэрлэлийн ослоос шалтгаалж хөдөлмөрийн чадвараа 31-50 хувь хүртэл алдсан ажилтан 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр-ийг ажил олгогч нь олгохоор заасны дагуу нэхэмжлэгчид 7х192.000=1.344.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.656.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгчийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 6.432.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас....түүнтэй адилтгах орлого.....зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлого 6.432.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 07 тоот тогтоолоор 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 192,000 төгрөг буюу нэг цагт 1,142 төгрөг 86 мөнгө, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1,428 төгрөг 60 мөнгө буюу сард 240,000 төгрөг болж тус тус өөрчлөгдсөн болохыг дурдлаа

Б.Ганзориг нь үйлдвэрлэлийн осолд орсноос хойш ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон ба 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан болох нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, комиссын шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар /ХХ-ийн 13, 29, 130, 131 дүгээр тал/ тогтоогдож байх тул дээрх хугацаанд нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 6.432.000 /26 сар х 192000 төгрөг, 6 сар х 240000 төгрөг/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд үйлдвэрлэлийн ослоос шалтгаалж хөдөлмөрийн чадвараа 31-50 хувь хүртэл алдсан ажилтан 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 7х192.000=1.344.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлого 6.432.000 төгрөг, нийт 7.776.000 /долоон сая долоон зуун далан зургаан мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.656.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШЗ2017/00833 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Инжэд төр ХХК-иас 7.776.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 139.366 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 1.344.000 төгрөг, Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 6.432.000 төгрөг, нийт 7.776.000 /долоон сая долоон зуун далан зургаан мянга/ төгрөгийг Инжэд төр хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулан нэхэмжлэгч Б.Ганзоригт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.656.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Инжэд төр ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 139366 /нэг зуун гучин есэн мянга гурван зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ

ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ