Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2202

 

  

 

 

 

 

 

        

2017 оны 09 сарын 04 өдөр     Дугаар 181/ШШ2017/02202         Улаанбаатар хот      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Жаргалант-Эко хотхон Өлзийтийн зам гудамж АОС байр, 52а тоотод оршин суух, Боржигон Жанцан овогт Сангидоржийн Батчимэг /РД:ЧЛ87120307/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж-25-д байрлах, “Хаан банк” ХХК /РД:2693321/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Батчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

С.Батчимэг миний бие Хаан банкинд 9 жил гаруй хугацаанд тогтвортой ажиллаж, 2014 оноос шинээр байгуулагдсан “SOC аналист“ ажлын байранд аналистаар ажиллаж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үндэслэлгүйгээр халагдсан болно. Хаан банкны захирлын 06/1485 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ажлын байранд явагдсан аттестатчилал, үнэлгээ нь хууль, журамд заасан дагуу явагдаагүй бөгөөд дээрх үнэлгээнүүдийг зөвшөөрөхгүй байгаагаа болон аттестатчиллыг хүчингүй болгохыг Хүний нөөц хариуцсан захиралд хандан гомдол гаргасан боловч хүлээн аваагүй.

“Аттестатчилал“ авах гол үндэслэлээ Хаан банк Хөдөлмөрийн дотоод журамд заахдаа “ Дараалан 2 удаа 4 эсхүл 5 болон 4 гэсэн үнэлгээг дараалан авсан бол тохирох өөр ажлын байранд ажиллуулах, хэрэв тийм ажлын байр, орон тоо байхгүй бол ажилтны мэргэжил ур чадвараар гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэх эсэхийг Аттестатчиллын комисс тогтоож, ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн бол”, мөн “Дараалан 2 удаа 5 эсхүл 4 болон 5 гэсэн үнэлгээг дараалан авч ажлын гүйцэтгэл буурсан бол... Аттестатчиллын комисс тогтоож, ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн бол” хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Гэтэл Аттестатчилал энэ журамд заасны дагуу явагдаагүй.

Энэ ажлын алба байгуулагдаад 2 жил гаруй болж байгаа, ажлын туршлага, сургалт, ахлагч удирдагч, зөвлөхийн хоорондын харилцаа болон уг ажлын зорилтуудын хэрэгжилтийг хангаж ажиллах нарийвчилсан төлөвлөгөө байхгүй, зохих хяналтгүй, олон шалтгаан байгааг банкны удирдлага тооцолгүй зөвхөн 4 ажилчинд аттестатчилал нэрээр шалгалт гэгчийг зохион байгуулж, хөдөлмөрлөх, ажиллах эрх ашгийг минь зөрчиж хохироосон гэж үзэж байна.

Аттестатчиллын шалгалтан дахь ур чадвар, мэдлэгүүд нь одоогоор бидний ажил үүрэгт ашиглагдахгүй байгаа бөгөөд 4 ажилтан ажилдаа тэнцэхгүй гэж үзсэнээс 2 нь жирэмсний амралттай ажилтны түр орон тоонд болон өөр арга замаар ажилтай болон үлдэж 2 нь хөдөлмөрийн гэрээ цуцлагдсаныг шударга гэж үзэхгүй байна.

Ажлын үнэлгээг яаж хэрхэн дүгнэж буй нь тодорхойгүй.

Би Хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтанд хориглох зүйлсийг зөрчөөгүй, 4 аналист ээлжээр ажиллахдаа ахлахын өгсөн заавраар ажилладаг байсан.

Үнэлгээ, шалгалт, ахлах зөвлөхийн хооронд уялдаа холбоогүй, сургалтад суулгаад шалгалтаа өгөөгүй болохоор Аттестатчиллын шалгалт авах болсон гэдгийг бид огт ойлгохгүй байсан бөгөөд шалгалтыг бидний хийдэг ажлын хүрээнд хөндлөнгийн хүнээр авахуулахыг хүсэж мөн дотоод аудитад хандаж байсан.

Хаан банкны Мэдээллийн аюулгүй байдлын газрын үйл ажиллагаанд иж бүрэн аудит хийж, уг ажлын байрны үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй, аналистуудын гүйцэтгэлийг хэрхэн үнэлдэг нь тодорхой бус, ахлах аналистын удирдан зохион байгуулах чадвар муу, түүнчлэн 2015-2016 оны ажлын гүйцэтгэлтэй танилцахад 2015 оны 1, 3, 2016 оны 2 улирлын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ тодорхой бус байсан гэсэн дүгнэлт гаргасан юм.

Намайг энэ ажил дээр чадваржуулах сургалт огт явагдаж байгаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгүүлдэггүй, багаар ажиллах, удирдах, хянах, дэмжих, туслах биш ялгаварлал, “муу удирдсан” гэх удирдлага нь өөрсдөө шалгалт авдаг зэрэг нь шударга бус юм.

Түүнчлэн журамдаа заасан дагуу “тохирох өөр ажлын байр” санал болгоогүй бөгөөд ажлын байр, орон тоо байхгүй бол аттестатчилал явуулна гэх заалт нь “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх...” гэснийг зөрчиж байна. Мөн 4 орон тоонд өөр хүн авахын тулд энэ хүмүүсийн хүрээнд аттестатчилал гэгчийг явуулсан нь Хөдөлмөрийн хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Ажил олгогч хууль дүрэмдээ зааснаар ажиллахгүй, ажилтан миний эрх ашиг гэр бүл, орон сууцны зээл, олон жил энэ байгууллагад тогтвортой ажилласан чин сэтгэл зэргийг хамт хохироосонд гомдолтой байна.

Иймд Хаан банк Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үндэслэлгүйгээр баримтлан ажлаас халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Банк SOC аналистуудын ур чадвар, мэргэжлийн мэдлэгийн түвшинг шалган тогтоох шаардлагатай гэж үзсэн тул SOC аналистын ажлын байранд Аттестатчилал буюу ажилтны мэргэжил, мэргэшил, мэдлэгийн ур чадварыг шалган тогтоох шийдвэрийг гаргасан.

Ийнхүү хэрэгжүүлсэн Аттестатчиллаар нэхэмжлэгч С.Батчимэг нь ажил мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Банкны зүгээс мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлыг хангалтгүй явуулсан гэж үзэж, аттестатчилал явуулсан нь Хаан банкны ажилтны мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинг үнэлж, тогтоох журамд нийцсэн. Журамд зааснаар аттестатчилыг 3 жил тутам зохион байгуулдаг бөгөөд шаардлагатай буюу тухайн албан тушаалд тавигдах шаардлага нь зах зээлд өргөн хэрэгцээтэй бөгөөд хурдан хугацаанд байнга шинэ ур чадвар шаардаж байдаг албан тушаалын хувьд 3 жилээс бага хугацааны давтамжтайгаар явуулж болдог.

Нэхэмжлэгчийн хэлээд байгаа Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан аттестатчилал явуулах үндэслэл нь ердөө 1 л үндэслэл нь болохоос үүнээс өөр үндэслэлээр аттестатчилал явуулж болохгүй гэж үзэх үндэслэл биш юм. Аттестатчилал явуулах үндэслэл, журмыг Хаан банкны ажилтны мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинг үнэлж, тогтоох журмаар л зохицуулна. Банкны зүгээс аттестатчиллыг уг журмын дагуу явуулсан.

Банк аттестатчилал явуулах талаар 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр С.Батчимэгт цахим шуудангаар мэдэгдэж, 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шалгалт авсан. Шалгалтын асуулт нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагад нийцэх эсэх талаар гадны байгууллага буюу Мэдээлэл холбооны технологийн сургалтын төвөөр үнэлгээ хийлгэсэн. Гэтэл шалгалтын 1-20 дахь асуултуудыг “CCNA” сургалтын хүрээнд болон түүнээс дооших түвшний мэдлэгийг шалгасан асуултууд байгааг тодорхойлсон. Тиймээс шалгалтын асуултуудтай холбоотой нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

С.Батчимэг шалгалтанд 43,3 оноо авсан. Энэ нь хангалтгүй гэсэн үнэлгээ. Гэсэн ч банк түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлаагүй, харин сургалтад хамруулж, тодорхой хугацаан дараа дахин аттестатчилал явуулахаар болсон. Ингээд гадны зөвлөх мэргэжилтнээр хичээл заалгаад 2017 оны 1 дүгээр улиралд дахин аттестатчилал хийсэн.

Ингэхдээ 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдэл өгч, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр аттестатчилал хийсэн. Зарчим нь яг ижил байсан. 2 дахь шалгалтад С.Батчимэг нийлбэр дүнгээр 48,9 оноо буюу хангалтгүй үнэлгээ авсан ба банк 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр дүнг танилцуулж, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн. Улмаар 30 хоногийн дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Түүнд нийт 4 удаагийн ажлын байр санал болгосон. Гэвч н.Долгормаа, н.Өсөхбаяр 2 сонгон шалгаруулалтад орж тэнцээд ажилдаа орсон. Харин С.Батчимэг өөрөө санал өгөөгүй, өөр ажилд ажиллахгүй гэсэн тул ажлаасаа чөлөөлөгдсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгохыг шүүхээс хүсье гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Батчимэг нь хариуцагч “Хаан банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

“Хаан банк” ХХК-ийн Хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 06/1485 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн С.Батчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс ажил олгогчийн санаачилгаар цуцалж, түүнийг “Хаан банк” ХХК-ийн Мэдээллийн аюулгүй байдлын аналистын ажлаас чөлөөлсөн байна.

 

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн энэ тушаалыг эс зөвшөөрч гаргасан гомдлын үндэслэлээ аттестатчилал явуулах үндэслэл бүрдээгүй байхад аттестатчилал явуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон бусад холбогдох журамд нийцээгүй гэж тодорхойлсон.  

 

Хариуцагч нь аттестатчилал явуулсан нь Хаан банкны ажилтны мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинг үнэлж, тогтоох журмын 1.1, 1.5 дахь заалтуудад нийцсэн гэж маргасан.

 

С.Батчимэг ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байх тул шүүх гомдол үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэв.

 

“Хаан банк” ХХК-ийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02/362 тоот тушаалаар Хаан банкны Мэдээллийн аюулгүй байдлын газрын “SOC аналист”-ын ажлын байранд аттестатчиллын үйл ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, 8 хүнтэй комисс томилж, аттестатчиллын үйл ажиллагааны удирдамж гарган журмын дагуу хариуцлагатайгаар хэрэгжүүлж, аттестатчиллын үйл ажиллагааны тайлан гарган танилцуулахыг уг комисст даалгасан байна.

 

Аттестатчиллын комиссын дарга “Хаан банк” ХХК-ийн хүний нөөц хариуцсан захирал Ш.Ганбямба нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 06/1851 тоот тушаалаар “SOC Аналистын ажлын байрыг аттестатчилах үйл ажиллагааны удирдамж”-ийг баталж, үүний дагуу 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Мэдээллийн аюулгүй байдлын газрын “SOC аналист” М.Болорболд, Д.Долгормаа, С.Батчимэг, Э.Өсөхбаяр нараас үндсэн 3 чиглэл бүхий нийт 100 онооны шалгалт авахад С.Батчимэг 43,3 оноо буюу хангалтгүй үнэлгээ авсан байна.

 

Шалгалтын дүн хэлэлцсэн Аттестатчиллын комиссын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хангалтгүй үнэлгээ авсан С.Батчимэг нарыг 2016 оны 4 дүгээр улиралд үргэлжлүүлэн ажиллуулах, ажлын байран дээрх сургалтыг цаашид үргэлжлүүлэх, 2017 оны эхний улиралд багтаан 2 дахь удаагийн аттестатчиллын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 2 дахь удаагийн аттестатчиллын үйл ажиллагаа хэрэгжүүлэх талаар цахим шуудангаар дээрх ажилтнуудад мэдэгдэж, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр шалгалт авахад С.Батчимэг 48,9 буюу хангалтгүй үнэлгээг дахин авсан байна.

 

Иймээс Аттестатчиллын комисс түүнийг гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж дүгнэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлагджээ.

 

“Хаан банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийн тушаалаар томилогдсон Аттестатчиллын комиссын аттестатчилал хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь “Хаан банкны ажилтны мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинг үнэлж, тогтоох журам”-д заасныг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь гомдлын үндэслэлээ ...Хаан банкны хөдөлмөрийн дотоод журмын 3.6.2.1-т “Дараалан 2 удаа 4 эсхүл 5 болон 4 гэсэн үнэлгээг дараалан авсан бол тохирох өөр ажлын байранд ажиллуулах, хэрэв тийм ажлын байр, орон тоо байхгүй бол ажилтны мэргэжил, ур чадвараар гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэх эсэхийг Аттестатчиллын комисс тогтоож, ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн бол”, 3.6.2.2-т “Дараалан 2 удаа 5 эсхүл 4 болон 5 гэсэн үнэлгээг дараалан авч ажлын гүйцэтгэл буурсан бол ажилтны мэргэжил, ур чадвараар гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэх эсэхийг Аттестатчиллын комисс тогтоож, ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн бол” ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалтад заасан үндэслэл үүсээгүй байхад аттестатчилал явуулсан нь журам зөрчсөн гэж тайлбарласан.

 

“Хаан банк” ХХК нь банкны ажилтнуудынхаа ажлын гүйцэтгэлийг улирал тутам үнэлж, “Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний маягт”-аар баталгаажсан үнэлгээгээр дээр дурдсанчлан дараалан 2 удаа 4 эсхүл 5 болон 4 үнэлгээг дараалан авсан, мөн дараалан 2 удаа 5 эсхүл 4 болон 5 үнэлгээг дараалан авсан 2 тохиолдолд ажилтныг мэргэжил, ур чадвараар гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэх эсэхийг Аттестатчиллын комиссоор тогтоолгох асуудлыг шийдвэрлэхээр Хөдөлмөрийн дотоод журамдаа заасан байх ба хэргийн баримтаар аттестатчилал явуулах энэ үндэслэл бүрдсэн байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тушаалаар батлагдсан “Ажлын гүйцэтгэлийг удирдах, үнэлэх журам”-ын 5.6-д заасны дагуу бичгээр үйлдэгдсэн С.Батчимэгийн ажлын гүйцэтгэлийн 2014 оны 4 дүгээр улиралд 4, 2015 оны 1, 2, 2016 оны 1, 3 дугаар улирлуудад тус тус 3 үнэлгээ авсан баримтаас өөр баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй тул С.Батчимэгийн ажлын гүйцэтгэлийг аттестатчилал явуулах хэмжээнд буурсан гэж үзэх үндэслэлгүй байв.

 

Гэхдээ “Хаан банк” ХХК нь ажилтныхаа ажлын гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор 3 жил тутамд мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинг нь шалгаж тогтоох, үнэлэх, дүгнэлт өгөх буюу аттестатчилал явуулж байх талаар Хаан банкны ажилтны мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинг үнэлж, тогтоох журамдаа зааснаас гадна тухайн албан тушаалд тавигдах шаардлага нь зах зээлд өргөн хэрэгцээтэй бөгөөд хурдан хугацаанд байнга шинэ ур чадвар шаардаж байдаг албан тушаалын хувьд энэ хугацаанаас бага хугацааны давтамжтайгаар аттестатчилал явуулж болохоор зохицуулсан байх тул шүүх Хөдөлмөрийн дотоод журамд зааснаас өөр үндэслэлээр аттестатчилал явуулах ёсгүй гэж хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин аттестатчилал явуулах болсон үндэслэлийг “...түүний албан тушаалд тавигдах шаардлага нь зах зээлд өргөн хэрэгцээтэй болон хурдан хугацаанд байнга шинэ ур чадвар шаардаж байдгийн хувьд журамд заасан 3 жилээс бага хугацааны давтамж буюу 5 сарын хугацаагаар аттестатчилал хэрэгжүүлэх үндсийг бүрдүүлсэн” гэж тайлбарласан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй эсэхийг шалгах нь тухайн маргаанд чухал ач холбогдолтой.

 

Гэвч хариуцагч талын тайлбарт дурдсан дээрх үндэслэл бүрдсэн гэж үзэх  үйл баримт хэргийн баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул шүүх хариуцагчийн явуулсан аттестатчиллыг Хаан банкны ажилтны мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинг үнэлж, тогтоох журмын 1.5-д “...Аттестатчилалын үйл ажиллагааг 3 жил тутам зохион байгуулна. Харин тухайн албан тушаалд тавигдах шаардлага нь зах зээлд өргөн хэрэгцээтэй бөгөөд хурдан хугацаанд байнга шинэ ур чадвар шаардаж байдаг албан тушаалын хувьд 3 жилээс бага хугацааны давтамжтайгаар  хэрэгжүүлж болно” гэж заасанд нийцээгүй гэж дүгнэв.

 

Учир нь, Хаан банкны мэдээллийн аюулгүй байдлын “SOC аналист” ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг нь өөрөө аттестатчилал явуулах цаг хугацаанд хурдацтай хөгжиж байгаа цахим мэдээлэл технологийн аль түвшинд, тухайн ажлын байранд ажиллаж буй ажилтнууд зах зээлд эрэлттэй байгаа, цаг тутам шинэчлэгдэж буй систем, техникийн хөгжлийн ямар түвшинд тус тус байсан нь тооцоо судалгаа, харьцуулалт, дүн шинжилгээний үндсэн дээр тодорхойлогдоогүй байхад ямар ажлын байранд ямар түвшний ажилтан хэрэгцээтэй байгаа шалгуураа тодорхойлоогүй атлаа журамд заасан богино хугацаанд аттестатчилал явуулах шаардлагатай нөхцөл бий болсон гэж үзсэн нь журмын зорилго, заалтад нийцээгүй гэж үзнэ.

 

Үүний зэрэгцээ Аттестатчиллын комиссын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн гэх 2016 оноор огноолсон хурлын тэмдэглэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсныг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн дотоод журам болон Хаан банкны ажилтны мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинг үнэлж, тогтоох журам зөрчиж аттестатчилал явуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т нийцээгүй, энэ үйл ажиллагааны улмаас ажилтны хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байх тул шүүх “Хаан банк” ХХК-ийн хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 06/1485 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, тухайн тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн С.Батчимэгийн гаргасан “Хаан банк” ХХК-ийн Мэдээллийн аюулгүй байдлын аналистын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь “Хаан банкны Мэдээллийн аюулгүй байдлын аналист” ажлын байранд сарын 1,400,000 төгрөг цалин хөлстэй ажиллаж байсан нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдсон байх тул Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 7 дахь хэсгийн “а”-д заасны дагуу түүний дундаж цалин хөлсийг тодорхойлсны үндсэн дээр С.Батчимэгт ажилгүй байсан хугацааны /ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу ажлын 4 сар 16 хоног/ цалин хөлстэй тэнцэх олговорт 6,641,860 төгрөг /(1,400,000:21,5х16)+(1,400,000x4)/-ийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул С.Батчимэгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Хаан банк” ХХК-ийн удирдлагад даалгах үндэслэлтэй байна.

 

Эцэст нь хэдийгээр ажилтан нь гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшсэн байх, аливаа өөрчлөлт, хөгжлийг дагаж мэдлэг, чадвараа дээшлүүлэх, ажлын үр дүн, бүтээмжээ дээшлүүлэх талаар байнга идэвх санаачилга гаргаж ажиллах үүрэгтэй, энэ үүргээ зөрчсөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийг гэрээг ажил олгогч өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй боловч ажил ологч нь тухайн ажлын байранд тавигдах шалгуур үзүүлэлт, ажилтны мэдлэг, чадварын түвшинг тодорхойлж, тогтоож өгсний хойно ажилтны дээрх үүргийн биелэлтэд хяналт тавих нь хууль тогтоомжид нийцнэ гэж үзсэнийг дурдъя.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С.Батчимэгийг “Хаан банк” ХХК-ийн Мэдээллийн аюулгүй байдлын аналистын ажилд эгүүлэн тогтоосугай. 

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Хаан банк” ХХК-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,641,860 төгрөгийг гаргуулж С.Батчимэгт олгосугай.   

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар  2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 04-нийг хүртэлх хугацааны С.Батчимэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Хаан банк” ХХК-ийн удирдлагад үүрэг болгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,150 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 121,220 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.   

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА