Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/00233

 

 

“Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим”

ТББ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00462 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 762 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим” ТББ

          Хариуцагч: “...трейд” ХХК-д холбогдох

          59,220,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбагэрэлийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, хариуцагчийн төлөөлөгч Н.Батзориг, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2015-10-19-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 415 дугаар тогтоол гарч, тус тогтоолоор Монгол Улс Дэлхийн Экспо-Астана 2017-д оролцох нь зүйтэй гэж үзэн бэлтгэн ажилд 287,012,600 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болж, ажлын хэсэг томилогдож байсан. Тус үзэсгэлэнд оролцохоор томилогдсон ажлын хэсэг 2016-02-16-ны өдөр Монгол Улсын Эрчим хүчний яамны байранд хуралдсан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МҮХАҮТ оролцсон юм. Үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлын хүрээнд МҮХАҮТ нь Дэлхийн Экспо-Астана 2017-д Монгол Улсыг танилцуулах үзэсгэлэнгийн танхимд AR дэвшилтэт технологийг ашиглах, мобайл аппликейшн бүтээх, контент бэлтгэх ажлыг ...трейд ХХК-иар гүйцэтгүүлэхээр 2016-08-11-ний өдөр тохиролцсон. 2016-8 сарын 9, 11-ний өдрүүдэд ...трейд ХХК-иас МҮХАҮТ-д 016/86, 016/87 дугаар албан хүсэлтүүдийг хүргүүлж, контент бэлтгэх ажилд 4 улирлын зураг авалт, Монгол Улсын үзэсгэлэнт байгалийн зураг авалтууд хийгдэх учир тохиромжтой цаг хугацааг алдах эрсдэл үүссэн учир төслийн ажлын 30%-н урьдчилгааг шийдэж өгөхийг хүссэн байдаг. Ингээд 2016-08-16-ны өдөр ...трейд ХХК-д ажлын хөлсний 30%-н урьдчилгаа төлбөр болох 59,220,000 төгрөгийг МҮХАҮТ-аас шилжүүлсэн болно. 2017-01-13-ны өдрийн Дэлхийн Экспо-Астана 2017-д оролцох ажлын хэсгийн уулзалтаар энэхүү арга хэмжээг зохион байгуулагч талаас Монгол Улсад бараа бүтээгдэхүүн худалдах эрхийг өгөөгүй, хангалттай талбай өгөөгүй гэх зэрэг шалтгаанаар Монгол Улс энэ арга хэмжээнд оролцохгүй болсон байдаг. Төсөл хэрэгжихгүй болсон талаар МҮХАҮТ-ын зүгээс ...трейд ХХК-д яаралтай мэдэгдэж, 2016-08-16-ны өдөр шилжүүлсэн 59,220,000 төгрөгийг буцаан авахыг хүсэхэд 2017-01-16-ны өдөр болон 2017-12-05-ны өдөр тус тус МҮХАҮТ-д албан бичиг хүргүүлэн төлбөрийг бүрэн барагдуулахаа хүлээн зөвшөөрч, мэдэгдсэн болно. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл ...трейд ХХК нь дээрхи төлбөрийг барагдуулахгүй байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар холбоо барихгүй байна. Иймд ...трейд ХХК-иар ажил гүйцэтгүүлэхээр төлсөн 59,220,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Засгийн газрын тогтоолоор хөрөнгө мөнгө нь батлагдсан, ажлын хэсгийн гишүүн байгууллагатай санамж бичиг байгуулж баталгаажсан учраас чанартай, олон талт үзэгдэлтэй контент бэлтгэх үүднээс хугацаа алдалгүй ажилдаа орох шаардлагатай болсон. МҮХАҮТ-д хүсэлтийг уламжилж урьдчилгаа 30% болох 59,220,000 төгрөгийг 2016-08-16-ны өдөр өөрийн байгууллагын дансаар шилжүүлэн авсан. Бид 2016-09-р сард дөрвөн аймгийн газар нутгийг дамнан сарын хугацаатай Монгол ахуй, соёл, байгалийн зураг авалтыг хийсэн болно. Манай байгууллага Засгийн газрын 415 дугаар тогтоолын дагуу Дэлхийн Экспо-Астана 2017 арга хэмжээнд зориулж, МҮХАҮТ-аас авсан урьдчилгаа 30%-н мөнгөн дүнд ажлаа гүйцэтгэсэн боловч уг экспод оролцохгүй болсон талаарх мэдээллийг 2017-01-р сард мэдэгдэж, төсөл зогсож, дараа дараагийн төлөвлөгдсөн хуваарьт ажил зогссон билээ. Манай байгууллага нь Астана экспод зориулан бэлтгэсэн контентийг баяжуулан боловсруулж Монгол ахуй соёлыг олон нийтэд танилцуулах AR, VR нүүдлийн музей болгон хөгжүүлэх төслөө боловсруулж хөрөнгө оруулагч нарт танилцуулах уулзалт ярилцлага үргэлжилж байна. Нэхэмжилсэн 59,220,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид Засгийн газрын 415 тоот тогтоолоор батлагдсан ажлыг гүйцэтгэсэн гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 181/ШШ2019/00462 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2, 355.6-д зааснаар “... трейд” ХХК-с 37,520,000 төгрөг гаргуулан  Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим ТББ-д олгож, үлдэх 21,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 454,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 345,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 762 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00462 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-г баримтлан ... трейд ХХК-иас 59,220,000 төгрөг гаргуулан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим ТББ-д олгох, улсын тэмдэгтийн хураамжийн заалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 266 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбагэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2015-10-19-ний өдөр Монгол Улсын засгийн газрын 415 тогтоол гарч Дэлхийн Экспо-Астана 2017 арга хэмжээнд оролцох бэлтгэл ажил хангахад Засгийн газрын нөөц сангаас 287,012,600 төгрөгийг гаргахаар болж ажлын хэсгийг байгуулсан. Дээрх экспод Монгол Улсыг сурталчлах үзэсгэлэнгийн танхимд Augmented reality дэвшилтэт технологийг ашиглан АR, VR аппликейшн бүтээх, танилцуулгад ашиглах видео болон фото контент бэлтгэх ажлыг манай байгууллагаар гүйцэтгүүлэхээр 2016-2-16-ны өдөр хуралдсан ажлын хэсэг шийдвэрлэсэн байдаг. Засгийн газрын ажлын хэсгийн гишүүн байгууллага болох МҮХАҮТ-тай “...трейд” ХХК нь 2016-8-11-ний өдөр харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. МҮХАҮТ-д хүсэлт тавьж 30% болох 59,220,000 төгрөгийг тухайн 2016-08- 16-нд хүлээн авсан. Бид 2016-9-р сард 4 аймгийн газар нутгийг дамнан сарын хугацаатай Монгол ахуй соёл, байгалийн зураг авалтыг хийж засгийн газрын ажлын хэсгийн шийдвэрийг хэрэгжүүлсэн болно. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн илтэд нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим Төрийн бус байгууллага /цаашид МҮХАҮТ ТТБ гэх/ 2019-01-02-ны өдөр нэхэмжлэл гаргаж, “...трейд” ХХК-с  59,220,000 төгрөг шаардаж, үндэслэлээ “...2015-10-19-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 415 дугаар тогтоол гарч “Дэлхийн Экспо-Астана 2017” үзэсгэлэнд Монгол Улс оролцох болж, бэлтгэл ажилд Засгийн газрын нөөц сангаас 287,012,600 төгрөг гаргах болсон... энэ хүрээнд зарим бэлтгэл ажлыг ...трейд ХХК-р гүйцэтгүүлэхээр 2016-08-11-ний өдөр тохирч 30%-н урьдчилгаа төлбөрт 59,220,000 төгрөгийг шилжүүлсэн гэвч... манай улс арга хэмжээнд оролцохгүй болсон тул мөнгийг буцааж авна...” гэж тайлбарлажээ. 

         Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... Засгийн газрын тогтоолоор хөрөнгө нь батлагдаж хугацаа алдалгүй ажилдаа орох шаардлагатай болж урьдчилгаа 59,220,000 төгрөг авсан....үүний дагуу бид ажлаа гүйцэтгэсэн боловч уг экспод оролцохгүй болсон гэх мэдээллийг 2017-01-р сард бидэнд мэдэгдэж, төсөл зогссон..бид Засгийн газрын 415 тоот тогтоолоор батлагдсан ажлыг гүйцэтгэсэн..” гэж маргасан байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 37,520,000 төгрөгийн шаардлагыг хангаж,үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо “... хариуцагчийн худалдан авсан тоног төхөөрөмжийн үнэ  29,800,000 төгрөг, зарцуулагдаагүй үлдсэн 2,020,000 төгрөгийг бусад зардлын тал хувь буюу 5,700,000 төгрөгийн хамт гаргуулна..” гэжээ.   

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... 59,220,000 төгрөгийн зарцуулалтыг нотлох баримт гаргаж өгөөгүй...” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг бүрэн хангасан байна. 

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо “...бид байгуулсан санамж бичгийн дагуу ажлаа гүйцэтгэж байсан...” гэжээ.

       Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа “... Засгийн газрын 2015 оны 415 дугаар тогтоолоор Засгийн газрын нөөц сангаас 287,012,600 төгрөг гаргаж болж ажлын хэсэг томилогдон ажилласан...” гэж, хариуцагч нь “...яамны буруугаас болж цуцлагдсан..” гэж тус тус маргасан бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг “ажил гүйцэтгэх гэрээний захиалагч” гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчжээ.

     Засгийн газрын 2015 оны 415 дугаар тогтоолын хүрээнд хийгдэх ажлын захиалагч болон гүйцэтгэгч нь хэн болох нь тодорхойгүй байхад давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

    Дээр дурдсан үндэслэлийн талаар зохигч мэтгэлцээгүй тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар болон Шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгийг зөрчинө.

     Хоёр шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй, өөрчлөлт оруулах боломжгүй байх тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

    Анхан шатны шүүх Засгийн газрын 2015 оны 415 дугаар тогтоолын дагуу “Экспо-Астана 2017” үзэсгэлэнд оролцох үйл ажиллагааг зохион байгуулах хүрээнд хийгдэх ажлын захиалагч болон гүйцэтгэгч нь хэн болохыг тодруулсны эцэст хэрэгт буй баримт, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00462 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 762 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 266,450 төгрөгийг захирамжаар хариуцагчид буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ