Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 462

 

 

 

    2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2019/00462

         Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "ҮХАҮТ" ТББ-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: А.Т ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгүүлэхээр төлсөн 59,220,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.
  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 10 сарын 19-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 415 дугаар тогтоол гарч, тус тогтоолоор Монгол Улс “Дэлхийн Экспо-Астана 2017”-д оролцох нь зүйтэй гэж үзэн бэлтгэн ажилд 287,012,600 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болж, ажлын хэсэг томилогдож байсан.Тус үзэсгэлэнд оролцохоор томилогдсон ажлын хэсэг 2016 оны 02 сарын 16-ны өдөр Монгол Улсын Эрчим хүчний яамны байранд хуралдсан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МҮХАҮТ оролцсон юм.

Тус үзэсгэлэнд оролцохоор томилогдсон ажлын хэсэг 2016 оны 02 сарын 16-ны өдөр Монгол Улсын Эрчим хүчний яамны байранд хуралдсан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МҮХАҮТ оролцсон юм.

Үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлын хүрээнд МҮХАҮТ нь “Дэлхийн Экспо-Астана 2017”-д Монгол Улсыг танилцуулах үзэсгэлэнгийн танхимд AR дэвшилтэт технологийг ашиглах, мобайл аппликейшн бүтээх, контент бэлтгэх ажлыг “А” ХХК-иар гүйцэтгүүлэхээр 2016 оны 08 сарын 11-ний өдөр тохиролцсон.

2016 оны 8 сарын 9, 11-ний өдрүүдэд “А” ХХК-иас МҮХАҮТ-д 016/86, 016/87 дугаар албан хүсэлтүүдийг хүргүүлж, контент бэлтгэх ажилд 4 улирлын зураг авалт, Монгол Улсын үзэсгэлэнт байгалийн зураг авалтууд хийгдэх учир тохиромжтой цаг хугацааг алдах эрсдэл үүссэн учир төслийн ажлын 30 хувийн урьдчилгааг шийдэж өгөхийг хүссэн байдаг. Ингээд 2016 оны 08 сарын 16-ны өдөр “Аргун трейд” ХХК-ийн эзэмшлийн Голомт банк дахь 1410012012 дугаар дансанд ажлын хөлсний 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 59,220,000 төгрөгийг МҮХАҮТ-аас шилжүүлсэн болно.

2017 оны 01 сарын 13-ны өдрийн “Дэлхийн Экспо-Астана 2017”-д оролцох ажлын хэсгийн уулзалтаар энэхүү арга хэмжээг зохион байгуулагч талаас Монгол Улсад бараа бүтээгдэхүүн худалдах эрхийг өгөөгүй, хангалттай талбай өгөөгүй гэх зэрэг шалтгаанаар Монгол Улс энэ арга хэмжээнд оролцохгүй болсон байдаг.

Төсөл хэрэгжихгүй болсон талаар МҮХАҮТ-ын зүгээс “Аргун трейд” ХХК-д яаралтай мэдэгдэж, 2016 оны 08 сарын 16-ны өдөр шилжүүлсэн 59,220,000 төгрөгийг буцаан авахыг хүсэхэд 2017 оны 01 сарын 16-ны өдөр болон 2017 оны 12 сарын 05-ны өдөр тус тус МҮХАҮТ-д албан бичиг хүргүүлэн төлбөрийг бүрэн барагдуулахаа хүлээн зөвшөөрч, мэдэгдсэн болно.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл нь дээрхи төлбөрийг барагдуулахгүй байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар холбоо барихгүй байна. Иймд “Аргун трейд” ХХК-иар ажил гүйцэтгүүлэхээр төлсөн 59,220,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ. 

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2015 оны 10 сарын 19-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 415 дугаар тогтоол гарч “Дэлхийн Экспо- Астана 2017” арга хэмжээнд оролцох бэлтгэл ажил хангахад Засгийн газрын нөөц сангаас 287,012,600 төгрөгийг гаргахаар болж, ажлын хэсгийг байгуулж байсан. Уг экспо-д Монгол Улсыг танилцуулах үзэсгэлэнгийн танхимд Augmented Reality дэвшилтэд технологийг ашиглан AR, VR аппликейшн бүтээх, үзэсгэлэнд ашиглах фото, видео контент бэлтгэн ажлыг манай байгууллагаар гүйцэтгүүлэхээр 2016 оны 02 сарын 16-ны өдөр хуралдсан ажлын хэсэг шийдвэрлэсэн байдаг.

Дээрх шийдвэрийн дагуу “Аргун трейд” ХХК, МҮХАҮТ нь харилцан ойлголцлын санамж бичгийг 2016 оны 08 сарын 11-ний өдөр байгуулсан.

“Дэлхийн Экспо- Астана 2017” арга хэмжээнд зориулж монгол ахуй, соёл, байгалийн үзэсгэлэнт газруудаар явж фото, видео контент бэлтгэх ажлыг манай байгууллага гүйцэтгэх нь дээрх шийдвэрийн дагуу тодорхой болсон. Засгийн газрын тогтоолоор хөрөнгө мөнгө нь батлагдсан, ажлын хэсгийн гишүүн байгууллагатай санамж бичиг байгуулж баталгаажсан учраас чанартай, олон талт үзэгдэлтэй контент бэлтгэн үүднээс хугацаа алдалгүй ажилдаа орох шаардлагатай болсон.

МҮХАҮТ-д хүсэлтийг уламжилж урьдчилгаа 30% болох 59,220,000 төгрөгийг 2016 оны 08 сарын 16-ны өдөр өөрийн байгууллагын дансаар шилжүүлэн авсан. Бид 2016 оны 09 сард дөрвөн аймгийн газар нутгийг дамнан сарын хугацаатай монгол ахуй, соёл, байгалийн зураг авалтыг хийсэн болно.

Манай байгууллага Засгийн газрын 415 дугаар тогтоолын дагуу “Дэлхийн Экспо- Астана 2017” арга хэмжээнд зориулж, МҮХАҮТ-аас авсан урьдчилгаа 30%-ийн мөнгөн дүнд ажлаа гүйцэтгэсэн боловч уг экспо-д оролцохгүй болсон талаарх мэдээллийг 2017 оны 01 сард мэдэгдэж, төсөл зогсож, дараа дараагийн төлөвлөгдсөн хуваарьт ажил зогссон билээ.

Манай байгууллага нь Астана экспо-д зориулан бэлтгэсэн контентийг баяжуулан боловсруулж Монгол ахуй соёлыг олон нийтэд танилцуулах AR, VR нүүдлийн музей болгон хөгжүүлэх төслөө боловсруулж хөрөнгө оруулагч нарт танилцуулах уулзалт ярилцлага үргэлжилж байна.

Манай байгууллага МҮХАҮТ-с нэхэмжилсэн 59,220,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид Засгийн газрын 415 тоот тогтоолоор батлагдсан ажлыг гүйцэтгэсэн билээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим” ТББ нь хариуцагч “Аргун трейд” ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгүүлэхээр өгсөн 59,220,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зарим хэсгийг нь хангах үндэслэлтэй байна.

2017 онд зохион байгуулагдах “Дэлхийн Экспо-Астана 2017” арга хэмжээнд зориулж, нь AR, VR аппликейшн хийж гүйцэтгэх, МҮХАҮТ нь ажлын хөлсөнд 197,400,000 төгрөг төлөхөөр талууд тус тус харилцан тохиролцсон болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна /Гэрээний урьдчилгаа төлбөр 30% нь 59,220,000 төгрөг хэмээн талууд тайлбарлаж байх тул харилцан тохиролцсон ажлын хөлсийг 197,400,000 төгрөг гэж тооцов/.

Талуудын хооронд үүссэн дээрх харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтаар зохицуулагдах харилцаа байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигддаггүй учир ийнхүү бичгээр байгуулаагүй нь талуудын хүлээсэн эрх, үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд талуудын хийсэн тохиролцоо нь хүчин төгөлдөр хэлцэл юм.

Харилцан тохиролцсоны дагуу захиалагч “Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим” ТББ-аас ажлын хөлсний 30% болох 59,220,000 төгрөгийг 2016 оны 08 сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэгч “Аргун трейд” ХХК-д шилжүүлсэн, нь 2016 оны 09 сард AR, VR аппликейшн хийхэд шаардлагатай фото болон видео контентыг бэлтгэхээр Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Дундговь аймгуудын газар нутгаар нийт 4,700 км аялж, Монгол ахуй, соёл, байгалийн холбогдолтой фото, видео зураг авалтын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь Худалдаа, хөгжлийн банкны “Дотоод шилжүүлгийн маягт” /хх-14х/, “Аргун трейд” ХХК-иас “Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим” ТББ-д хүргүүлсэн албан бичиг /хх-7х/ зэрэг баримтаар тогтоогддог бөгөөд энэ талаар зохигч талууд маргадаггүй.

Улмаар, Монгол Улсын Засгийн газар “Дэлхийн Экспо-Астана 2017” арга хэмжээнд оролцох шаардлагагүй хэмээн шийдвэрлэсний дагуу талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон талаар захиалагч “Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим” ТББ-аас 2017 оны 01 сард “Аргун трейд” ХХК-д мэдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон үйл явдалд захиалагч, ажил гүйцэтгэгч нарын хэн аль нь буруугүй байна.

Гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон, ажлын үр дүнг хүлээн аваагүй учраас ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсний урьдчилгаанд өгсөн 59,220,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байгаа хэмээн нэхэмжлэгч “Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим” ТББ тайлбарладаг бол ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон AR, VR аппликейшныг хийхэд шаардлагатай фото, видео контентыг бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэсэн, уг ажилд урьдчилгаанд авсан 59,220,000 төгрөгийг зарцуулсан учир буцаан өгөх үндэслэлгүй гэж хариуцагч тайлбарлан маргадаг.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээнээс “татгалзаж” байгаа хэмээн тайлбарлаж байх боловч гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас гэрээ цаашид хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсээгүй учир шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах зохицуулалтыг хэрэглэн маргааныг шийдвэрлэх нь оновчтой гэж үзэв.

нь гэрээгээр хүлээсэн ажлын үр дүнг бий болгохоор зохих ажлуудыг хийж байсан үед Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн улмаас гэрээ цаашид хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн учир захиалагч “Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим” ТББ нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар, харин ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар тус тус гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй байна.

Дээр дурдсаны дагуу ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5, 355.6-д заасны дагуу ажил гүйцэтгэгч нь захиалагчид учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй боловч захиалагч “Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим” ТББ нь гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгч “Аргун трейд” ХХК-д орсон орлого, үр шимийг хасаж тооцох эрхтэй байна.

Хэрэгт авагдсан “Аргун трейд” ХХК-ийн 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 017/65 тоот албан бичигт хариуцагч нь нэхэмжлэгч талаас ажлын хөлсний урьдчилгаанд авсан 59,220,000 төгрөгийн зарцуулалтыг дурдсан байх ба албан бичигт дурдагдсан дүнгийн талаар маргахгүй хэмээн нэхэмжлэгч тал тайлбарладаг. /хх-7х/

Уг “Аргун трейд” ХХК-ийн албан бичигт “29,800,000 төгрөгийг БНХАУ-аас гэрэл зургийн тоног төхөөрөмж авахад зарцуулсан, худалдан авсан тоног төхөөрөмжүүдийг нь өөрийн хөрөнгөд бүртгэн авсан, замын зардал, томилолтын зардал болон бусад нэмэлт зардалд 11,400,000 төгрөгийг зарцуулсан” гэсэн агуулга тусгагдсан байдаг.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт авсан мөнгөөр тоног төхөөрөмж авч, улмаар өөрийн хөрөнгөд бүртгэж авсан байх тул үүнийг гүйцэтгэсэн ажил буюу ажлын үр дүн гэж үзэхгүй бөгөөд үүнтэй холбоотой гарсан зардлыг ажил гүйцэтгэгчээс гаргуулан захиалагчид олгох нь зүйтэй байна.

Замын зардал, томилолтын зардал болон бусад нэмэлт зардалд зарцуулсан гэх 11,400,000 төгрөгийг БНХАУ-аас тоног төхөөрөмж авахтай холбоотой, мөн дотоодод 4,700 км аялж фото, видео контент бэлтгэхтэй холбоотой зарцуулсан гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байх боловч чухам хэдэн төгрөгийг БНХАУ-аас тоног төхөөрөмж авахтай холбоотой гаргасан болохоо тодорхой зааглан тайлбарлаж чадахгүй байна.

БНХАУ-аас тоног төхөөрөмж авахад замын зардал, томилолтын зардал, бусад зардал гарах нь зайлшгүйн зэрэгцээ хариуцагч тал энэ талаар нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхээс тодруулахад зааглан хэлж чадахгүй байх тул шүүх 11,400,000 төгрөгийн 50% буюу 5,700,000 төгрөгийн хэмжээнд гадаад томилолтын зардлыг тооцов.

Захиалагчаас шилжүүлсэн 59,220,000 төгрөгөөс албан бичигт дурдсанаар 57,200,000 төгрөгийг зарцуулсан байх тул 2,020,000 төгрөгийг зарцуулагдаагүй үлдсэн байна гэж үзэв.

Иймд хариуцагч “Аргун трейд” ХХК-иас 29,800,000  /тоног төхөөрөмж авсан/ + 5,700,000 /тоног төхөөрөмж авахад гарсан гадаад томилолт/ + 2,020,000 /зарцуулагдаагүй үлдсэн/ = 37,520,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим” ТББ-д олгож, үлдэх 21,700,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Уг шийдвэр нь нэхэмжлэгч талын зүгээс ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой авагдсан фото, видео зэрэг контентыг хариуцагч “Аргун трейд” ХХК-иас шаардахад саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2, 355.6-д зааснаар хариуцагч “Аргун трейд” ХХК-иас 37,520,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим” ТББ-д олгож, үлдэх 21,700,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 454,050  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Аргун трейд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 345,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим” ТББ-д буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.