Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0066/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Иргэдийн төлөөлөгч Б.К,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогч Э.Э , түүний өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч Х.А , түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт Х-ны А-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000000019 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц  овогтой Х-ны А  /РД: .................. /, ............  оны .........  дүгээр сарын....... -ны өдөр .......... аймгийн .....  суманд төрсөн, .........  настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйн багш мэргэжилтэй, .....................  ажилтай, ам бүл .......... , ..............  аймгийн ...........  сумын .........  дүгээр багийн .........  дугаар байрны ........  тоотод  оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ......  оны ......  дүгээр сарын ..... -ны өдрийн ............  дүгээр зарлигаар “Энхийн төлөө” медалиар шагнагдаж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Х.А  нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед ............  аймгийн .......... сумын .........  дугаар багийн ...........  тоотод байрлах халуун усны газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Э.Э-г   түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А  мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 01:00 цагийн үед хойшоо халуун усны газар очсон. Халуун усны газар С, Д нар очиход ширээ зассан хүлээж байсан. Би гэртэй шинэ жил тэмдэглэе гэхэд Э  халуун усны газар шинэ жилээ тэмдэглэе гэдэг саналыг тавьсан. Би тухайн үед татгалзаж байсан боловч орой яваад очсон. Бид хоёр гэрээсээ хоол хүнсний зүйлүүд авч очсон, тэнд 1 шил архи задалсан. Би эгэмний хагалгаанд орсон хадаастай байсан учир 3 хундага архи уусан. Надаас бусад нь пиво уугаад байж байхад С машинаа халаах гээд гарсан. Би Д-ийг С машинаа унаад явчхаж магадгүй араас гар гээд гаргасан. Араас нь би гараад машинд нь орж тамхи татчихаад эргэж орж ирсэн. Нөгөө хоёр орж ирэхгүй утсаар яриад үлдсэн. Намайг буцаж орж ирээд байж байтал ширээн дээр байсан хундагатай пивыг миний нүүр лүү Э  цацсан. Үүнээс болж хэрүүл маргаан үүсэж маргалдсан. Тэгсэн чинь над руу шалны угаадас цацсан. Тэгэхээр нь явлаа гээд явах гэтэл хаалга түгжээтэй байсан. Тэгээд гарч чадахгүй байсан. Би Э-д дахин цохиулахгүйн тулд хоёр гарыг нь цамцных нь ханцуйгаар боогоод барьсан байсан учир хөхрөх нь аргагүй, маргалдах явцад намайг шампанскний хагарсан шилээр зүссэн. Гэнэт би машины голын хайрцаганд түлхүүр байгааг санаад цонхоор Д-ийг түлхүүр аваад ир гэж хэлсэн. Намайг хэлснээс хойш 30 орчим минутын дараа Д хаалга онгойлгож орж ирсэн. Түлхүүрийг авах гэтэл Э  аваад түгжсэн. Тэгээд Д-ийг эгчийгээ ав гэхэд Д Э-г   өрөөнд түгжсэн. Тэгсэн чинь маш муухайгаар орилоод байхаар нь гаргасан. Э  узелийн өрөөнөөс гарч ирээд намайг шалны модоор нэг удаа цохичхоод дахиад цохих гэхэд нь хамгаалаад түлхсэн чинь шалан дээр унасан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Э  мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр С, Д нартай тааралдахад шинэ жилээ хамт тэмдэглэе гээд надаас халуун усны газрын түлхүүрийг авсан. Орой нь ширээ засчихлаа гээд дуудсан. Тэгэхээр нь А  бид хоёрыг очиход 0,75 архи, 3 пиво, 1 шампанск байсан. Шампанскнаас бид нэг, нэг хундага уусан. Үлдсэнийг нь А  уусан. А-ыггадаа С-той юу ярьсныг мэдэхгүй. Гаднаас орж ирээд миний өмнөх амьдралыг сөхөж хэрүүл хийж миний нүд рүү цохисон. Үүнээс хэрүүл маргаан үүсэж, би уурандаа А  руу пиво цацсан. Хэрүүл маргаан үргэлжилж байх дундуур Д орж ирээд узелийн өрөөнд намайг түгжсэн. Тэнд аймаар халуун байсан учир би орилсоор байгаад гарсан. Би А-т цохиулахгүй гэж шалны мод барьсан байсан. Би 2 удаа норкозонд орж байсан учир зарим зүйлийг санадаггүй юм. А-ын  толгой хавдсан гэдэг дээр хэлэхэд хэрэг гарахаас 2 хоногийн өмнө ажлынхаа ахтай зодолдож цохиулсан байхаар нь би очиж авч тэр ажлынх нь ахыг хүргэж өгч байсан.” гэв.

 

Эрүүгийн 2118000000019 дугаартай хэргээс

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Хохирогч Э.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нөхөр бид хоёр зах дээр явж байгаад С, Д хоёртой тааралдаад он гаргаад миний миний ажиллуулдаг халуун усны газар уулзъя гэж ярилцаж тохирсон. Ингээд гэртээ он гаргаад шөнө 01 цагийн орчим ........  сумын .......  дугаар баг .......  тоот буюу миний ажиллуулдаг халуун усны газар уулзаж С , Д , А  бид хэд уулзаад пиво уусан. Би тухайн үед яг юу болсныг санахгүй байгаа юм. Ямар ч байсан би газар халтирч унаад босож чадахгүй байсан. Тэгээд тэр шөнөдөө гэртээ ирээд маргааш нь эмнэлэг дээр ирсэн.” гэх мэдүүлэг[2],

Гэрч Б.Сын мөрдөн байцаалтад 2021 оны 01 дүгээр сарын 02, 02 дугаар сарын 19-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө он гаргаад Э  эгчийн халуун усны газар Д , А  бид дөрөв уулзаж пиво ууж сууцгаасан. Би пиво ууж байгаад машинаа халаах гэж гарчхаад буцаад ороход хаалгаа онгойлгоогүй ба миний араас Д удалгүй гараад ирсэн. Тэгээд Д бид хоёр хаалгаа онгойлгооч гэж зөндөө хаалгыг нь нүдсэн боловч А , Э  хоёр хоорондоо хэрэлдээд хаалгаа онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь Д-ийг гадаа үлдээгээд гэртээ хариад унтсан. Намайг унтаж байхад А  залгаад “Эгчийгээ ирж ав, эгч чинь агсам тавиад байна” гэж хэлсэн. Намайг очиход Э  шалан дээр хэвтээд А  хойноос нь бариад сууж байсан бөгөөд А-ын  гараас цус гарсан, Э  бөөлжсөн байдалтай байхаар нь ээжийг дуудсан. А  надад хэлэхдээ “...Би Э-г   түлхээд унагаасан” гэж, Д надад хэлэхдээ “А  ах Э  эгчийг түлхээд унагаасан” гэж хэлсэн. Харин Э надад болсон хэргийн талаар яриагүй ба ээжийг битгий дуудаарай гэж хэлсэн. Би Э-ийн ээжийг ирэхээр нь Э-г   ээжид нь үлдээгээд явсан. Би Э-г   гаднаас нь хараад тархиндаа гэмтэл авсан гэж мэдээгүй. Архиндаа согтсон байна гэж бодсон.” гэх мэдүүлэг[3],

 

Насанд хүрээгүй гэрч Э.Д-ий мөрдөн байцаалтад 2021 оны 01 дүгээр сарын 13, 02 дугаар сарын 19-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021  оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө танил эгч Т.Э  над руу залгаад “Халуун усны газар хүрээд ир” гэж дуудсан. Намайг очиход Э  эгч ирээгүй байсан ба гадаа нь Соронболд машин дотроо сууж байсан. Надад халуун усны газрын түлхүүр байсан болохоор би шууд онгойлгож ороод хүлээгээд байж байтал Э  эгч, А  ах, С гурав гаднаас орж ирсэн. Бид нар ширээ засаад пиво ууцгаасан. Тэгтэл С машинаа халаана гэж гараад орж ирэхгүй удаад байсан болохоор Э  эгч намайг С-ыг хараад ир гэж хэлсэн. Гадаа гараад С-ыг харахад машин дотроо сууж байсан. Тэгэхээр нь буцаад халуун усны газар руу орох гэсэн хаалгаа түгжсэн байсан. Тухайн үед Э  эгч надаас түлхүүрийг нь авсан байсан болохоор би хаалга онгойлгож чадахгүй байсан. Тэгээд чимээ чагнахад Э  эгч, А  ах хоёр хоорондоо маргалдаж байгаа нь сонсогдсон. Тухайн үед А  “Чи яагаад намайг цохиод байгаа юм бэ, болиоч” гэхэд Э  эгч урдаас нь “Чамд ямар хамаатай юм” гэж хоорондоо маргалдаад Э эгч А  ахыг цохиод зодоод байгаа чимээ сонсогдож байсан. Тэгэхэд А  ах надад цонхоор машины түлхүүрээ өгөөд “Машинд түлхүүр байгаа. Онгойлгоод аваад ороод ир” гэж хэлсэн. Намайг халуун усны газар руу ороход Э  эгч надаас түлхүүр булааж аваад хаалгаа түгжсэн. Намайг ороход А  ахын гар, хүзүү нь цус болсон, Э  эгчийн дух нь цус болсон байсан. Э  эгчийг тайвшруулах гээд узелийн өрөө рүү оруулахад гараараа хана цохиод орилж хашхираад байхаар нь би гаднаас нь түгжсэн боловч боож байгаа юм шиг орилоод байхаар нь хаалга онгойлгосон. Тэгсэн шалны мод, хогийн шүүр бариад А  ахыг цохиод байсан. Тэгсэн А  ах Э  эгчийн цээж рүү хоёр гараараа түлхэж унагаасан. Э  эгч унахдаа халуун усанд ордог өрөөний хана мөргөөд шалан дээр ар дагзаараа газар унасан. Энэ үед Э  эгчийн биед гэмтэл учирсан гэж бодож байна. Э  эгч газар хэвтэж байхдаа ухаантай байсан ба газар хэвтээд юм ярьж байсан.” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Ц.Ц-ийн мөрдөн байцаалтад 2021  оны 01 дүгээр сарын 02, 02 дугаар сарын 20-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 05 цагийн орчим А  манайд ирээд “Э  бид хоёр зодолдлоо. Та халуун усан дээр очих хэрэгтэй байна” гэж хэлсэн. Намайг очиход С, Д нар байсан ба Эрдэнсүрэн халуун усны 2, 4 дүгээр өрөөний дунд коридорт дээшээ хараад хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад тэд “Э , А  хоёр хаалгаа дотроосоо түгжээд нэг цаг гаран зодолдсон” гэж хэлсэн. Намайг Э-ийн хажууд очиход бөөлжөөд дээшээ хараад хэвтэж байсан.  Э-г  ээс юу болсон талаар асуухад “Миний толгой өвдөж байна” гэж хэлснээс өөр юм хэлээгүй. Тэгээд би толгойны эм өгөөд унтуулсан. Э  унтаж сэрээд босох гээд босож чадахгүй байсан бөгөөд “Зүүн талын гар хөдлөхгүй байна.” гэж хэлсэн. Тэгэхээр нь С, А  нарыг дуудаад эмнэлэгт үзүүлэхэд тархинд нь цус хурсан байна гээд эрчимт эмчилгээний тасагт шилжээд удалгүй хагалгаанд орсон. А  надад хэлэхдээ “Э  согтоод миний толгойн дээр оргилуун дарсны шил хагалаад, хагархай шилээр нь миний гарыг зүсэхээр нь би Э-г   арагш нь түлхээд унагаасан” гэж хэлсэн. Би 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө халуун усны газраа цэвэрлэж байхдаа тэнд байсан хугарсан байсан шалны модыг гаргаж хаясан.” гэх мэдүүлэг[5],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаартай “...Э.Э-ийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дагз чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавал тархинд мэс ажилбар хийж хурсан цусыг авсан хагалгааны дараах байдал, зүүн нүдний зовхи, хоёр гар, хоёр өвдөгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Э.Э-ийн биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Э.Э-ийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[6],

 

Шинжээч эмч Д.Т-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Э.Э-ийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Э-ийн биед учирсан гавал тархины гэмтэл нь бүрэн эдгэрээгүй, эмчилгээ сувилгаа хийгдэж байгаа үедээ байгаа. Гавал тархины гэмтэл нь эмчилгээ сувилгаанаас шалтгаалж үлдэц илрэх эсэх нь тодорхойгүй байх тул ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй гэсэн дүгнэлт гаргасан.” гэх мэдүүлэг[7],

 

Х.А-ын  мөрдөн байцаалтад яллагдагчаар 2021  оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Э  бид хоёр зах дээр С-той уулзсан. Тэгээд Э , С, Д бид хэд орой он гаргачхаад уулзъя гэж тохироод хүний 20,000 төгрөг нийлүүлж Сод хураалгаад салсан. Тэгээд бид 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 00 цаг 30 минутын үед Э-ийн .........  сумын ...........  дугаар баг, ----------------  тоотод ажиллуулдаг халуун усны газар очсон. Э  бид хоёрыг ирэхэд Д., С хоёр түрүүлж ирээд ширээ засаад хүлээгээд сууж байсан. Тэгээд Э , С, Д гурав 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво, оргилуун дарстай уусан.  Би оргилуун дарс уугаагүй. Харин 4 хундага архи уусан. Тэгтэл С машинаа халаагаад буцаад ороод ирье гэж хэлээд гарч яваад 10 минут болохоор нь би Д-д хандаж “Сыг хардаа, цаадах чинь согтуу машин жолоодоод явчих бий” гэж хэлээд Д-ийг гаргасан. Д-ийг гарч явсны дараа Э  надад “Пиво хийгээд өг.” хэлсэн. Тэгэхээр нь би “Яах гээд байгаа юм, чи ямар архичин юм уу. Д-, С хоёрыг орж ирэхээр нь хамт суугаад уу, ганцаараа пиво ууж яах гээд байгаа юм.” гэж хэлэхэд Э  надад хандаж “Чи надаас пиво харамлалаа” гэж хэлээд аягатай пивоо миний нүүр лүү цацсан. Тэгээд бид хоёр тэрнээс нь болж маргалдсан. Тэгсэн Э  цаашаа нэг өрөө рүү ороод буцаж гарч ирээд миний бие рүү хувинтай угаадас цацсан. Тэгэхээр нь би уурлаад Э тэй маргалдаж байгаад “Би явлаа” гэж хэлээд куртикээ авахад намайг явуулахгүй гээд хаалгаа түгжээд түлхүүрээ энгэр рүүгээ хийх шиг болсон. Би түлхүүрийг нь авах гээд Э тэй ноцолдоход Э  хогийн шүүр, хутгуураар намайг цохиод шилтэй салат над руу авч шидсэн. Мөн ширээн дээр байсан оргилуун дарсны шилийг аваад миний толгой дээр хагалаад хагархайг нь бариад над руу дайраад байхаар нь гараараа хаасан чинь миний баруун гарын шууг шилээр зүссэн. Тухайн үед гадаа Д, С нар “Хаалгаа онгойлго” гээд зөндөө орилсон. Би тэр үед машины түлхүүрээ цонхоор Д-д өгөөд “Машины голын хайрцагт түлхүүр байгаа. Тэр түлхүүрээр онгойлгоод ороод ир” гэж хэлсэн. Д-ийг орж ирээд Э-г   аваад узелийн өрөө рүү оруулаад гаднаас нь хаалгыг нь түгжсэн. Тухайн үед Э  муухай орилсоор байгаад гараад ирсэн. Гарч ирээд шалны мод барьж ирээд миний бэртэлтэй мөр рүү нэг удаа цохиод дахиад цохих гэхээр нь түлсэн чинь усанд ордог өрөөний босгонд хөлөөрөө тээглээд толгойгоороо газар савж унасан. Газар уначхаад босож ирэхгүй амьсгаадаад хэвтээд байсан. Тэгэхээр нь дээш нь өргөж сэгсрээд өвдгөн дээрээ толгойг нь дэрлүүлж хэвтүүлээд байж байтал Д гэнэт түлхүүр энэ байна гээд надад өгөхөөр нь би хаалга онгойлгож гарч яваад Э-ийн ээж Цэцэгээг авчирсан. Э-ийн унасан газар нь  халуун усны газар болохоор нэлэнхийдээ плита байсан.” гэх мэдүүлэг[8],

 

Шүүгдэгч Х.А-ын  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], хохирогчийн эмчилгээ болон хохирлын баримт зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Х.А-ын  холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.А  нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөийн 01 цагийн үед ........  аймгийн .........  сумын ..... дугаар багийн ...... тоотод байрлах халуун усны газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Э.Э-г   түлхэн унагаж эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дагз-чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.А  нь  2020 оны 12 сарын 31-ны өдрөөс 2021 оны 1 сарын 1-нд шилжих шөнө .......  аймгийн ....... сумын ....... баг ...............  тоотод байрлах халуун усны газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Э-г   түлхэн унагаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, насанд хүрээгүй гэрч, хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.А-ыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн гэм буруу нь тогтоогдож байна, Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна. Өнөөдрийн байдлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарсан хохирлыг тусад нь нэхэмжлээд явна.” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг 3 дахь удаагаа анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэх гэж байна.  Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч А-ыг аргагүй хамгаалалт хэрэглэсэн, гэмт хэрэг биш гэдэг байр сууриа хамгаалж оролцож байна. А-ын  мэдүүлж байгаа мэдүүлэг С, Д нарын мэдүүлгээр нотлогддог. Тухайн үед Э.Э  согтож А  луу дайрч хэл амаар доромжилж, архи пиво цацаж байгаа талаар хохирогч мэдүүлдэг. Өрөөгөө түгжсэн гаднаас нь сонсохоор Э  А  руу дайраад байгаа талаар гэрч нар хэлдэг. А  түлхүүр машинд байгааг санаад Д-д хэлж түлхүүрээр онгойлгоход хэрүүл маргаан үргэлжилж байсан, Э-г   өрөөнд түгжсэн. Үзелийн өрөөнөөс гарч ирээд дахин дайрсан А  хамгаалсан талаарх мэдүүлгийг Д өгсөн нь А-ын  мэдүүлэгтэй яг таардаг. Хохирогч болохоор санахгүй байна, мэдэхгүй байна гэдэг зүйлийг яриад байдаг боловч өнөөдрийн шүүх хуралдаанаар зарим зүйлийг ярьж эхэлж байна. Шинжээчийн дүгнэлтээр А-ын  баруун гаранд зулгаралт, зулайн хавдар тогтоогдсон нь шампанскны шил хага цохисон, архины шил хананд хага цохиж баруун шуунд гэмтэл учруулсан нь нотлогдож байна. Э  нь А  руу дайрч доромжилж гаргасан үйлдлүүд нь эмэгтэй хүнээс гарахааргүй ааш араншин. Тухайн үед харин аз таарч А  ноцтой гэмтэл авалгүй өнгөрсөн. Халдлага бодитой хийгдсэн Х.А-ын  халдлагаас өөрийгөө хамгаалсан байдал нь аргагүй хамгаалалт юм. Тиймээс түүний Э-г   түлхсэн үйлдэл нь санаатай биш юм. Мөн шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардалд 9,414,114 төгрөг төлсөн. Хэргийг цагаатгаж өгнө үү.” гэж мэтгэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй байна.” гэж дүгнэв.

Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба хохирогч Э.Э-ийн эрүүл мэндэд учирсан гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дагз чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавал тархинд мэс ажилбар хийж хурсан цусыг авсан хагалгааны дараах байдал, зүүн нүдний зовхи, хоёр гар, хоёр өвдөгт цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 3.1.3 дэх хэсэгт заасан “...хатуу хальсан доорх цусан хураа” гэх хүнд гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1 дэх хэсэгт зааснаарэхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ гэж тус тус тодорхойлсон ба шүүгдэгч Х.А  болон хохирогч Э.Э  нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”,  

3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ.

Халдлага бодитой эхэлсэн, эсхүл халдагч этгээдийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь тодорхой болсон үед аргагүй хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд энэ эрх үүсээгүй байхад хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Х.А  нь “хохирогч Э.Э-г   өөрийнх нь бэртэлтэй гар руу нэг удаа цохичхоод дахиад цохих гэхээр нь өөрийгөө хамгаалаад түлхсэн” гэж мэдүүлсэн ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн үйлдлийг аргагүй хамгаалалт хэмээн маргасан боловч хэргийн үйл баримтаас үзэхэд хэрэг учрал болох үед хохирогч Э.Э , шүүгдэгч Х.А  нь хоорондоо удаан хугацаанд маргалдаж муудалцсан, улмаар маргалдах явцдаа шүүгдэгч нь хохирогчийн цээжин тус газар нь түлхэж газар унагасан болох нь гэрч Б.Сын “А  надад хэлэхдээ “...Би Э-г   түлхээд унагаасан” гэж, Д надад хэлэхдээ “А  ах Э  эгчийг түлхээд унагаасан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Д-ний “А  ах Э  эгчийн цээж рүү хоёр гараараа түлхэж унагаасан. Э  эгч унахдаа халуун усанд ордог өрөөний хана мөргөөд шалан дээр ар дагзаараа газар унасан” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Харин хохирогч Э.Э  нь шүүгдэгчийн амь насанд аюултай нөхцөл байдал үүсгэсэн, өөрөөр хэлбэл түүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар довтолсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Х.А-ыг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.А-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Х.А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогч Э.Э  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 9,414,111 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаатай хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгч нар тусгайлан гаргах саналгүй гэв.

Шүүгдэгч Х.А-ын  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Х.А-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.А  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлөхөөр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогтой Х-ны А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.А-т 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-т оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.А  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Э.Э  нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР

 

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Я.ТУУЛ

 

 

                                                  ШҮҮГЧ                                    Б.ИХТАМИР

 

 

[1] 1 дэх хавтаст хэргийн 3-4, 5-6 тал

[2] 1 дэх хавтаст хэргийн 9-10 тал

[3] 1 дэх хавтаст хэргийн 15, 17 тал

[4] 1 дэх хавтаст хэргийн 19-20, 21 тал

[5] 1 дэх хавтаст хэргийн 23-24, 135 тал

[6] 1 дэх хавтаст хэргийн 34-35 тал

[7] 1 дэх хавтаст хэргийн 33-34 тал

[8] 1 дэх хавтаст хэргийн 44-46 тал

[9] 1 дэх хавтаст хэргийн 56 тал