Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1047

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Х.Б-т холбогдох эрүүгийн

           хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Н.Булганчимэг,

            шүүгдэгч Х.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

            нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 750 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 201625030585 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Х.Б, Улаанбаатар хотод 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8; эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ................ хорооллын ..-.. тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Алтайн ..-... тоотод оршин сууж байсан,

2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /регистрийн дугаар: УД................../;

 

Х.Б нь 2016 оны 2 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7-736 тоотод оршин суух иргэн М.Дондовсүрэнгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 32 инчийн зурагт хулгайлж, 192,000 төгрөгийн,

2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 8 дугаар гудамж, 26 тоотод оршин суух иргэн Б.Буянжаргалын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Конка” загварын 41 инчийн зурагт хулгайлж, 280,000 төгрөгийн,

2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны 3-15 тоотод оршин суух иргэн Д.Батцэцэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Конка” загварын 32 инчийн зурагт хулгайлж, 240,000 төгрөгийн,

2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 6-175 тоотод оршин суух иргэн М.Одончимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Тошиба” загварын 42 инчийн зурагт хулгайлж, 350,000 төгрөгийн,

2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-689 тоотод оршин суух иргэн Б.Батцэнгэлийн өвлийн байшингийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, градусын хөрөө, бетоны өрөм, уран хөрөө, кень загварын процессор, хадаасны буу, модны хавчаар, “Ленова” загварын dvd тоглуулагчийг хулгайлж, 860,000 төгрөгийн,

2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7-371 тоотод оршин суух иргэн Л.Оюунцэцэгийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, манан хөөрөг, 32 инчийн “Самсунг” загварын зурагт, түмпэн, ширэн бус, үнэртэй ус, будаа агшаагч, тоос сорогч, гар утас, утас цэнэглэгч зэрэг хөрөнгийг хулгайлж, 421,000 төгрөгийн,

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3-52 тоотод оршин суух иргэн А.Алтансүхийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Хайер” загварын зурагт хулгайлж, 400,000 төгрөгийн,

2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7-350 тоотод оршин суух иргэн Ц.Баатарчимэдийн эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, 5 ширхэг мөнгөн аяга, зөөврийн компьютер, архи, тамхи зэрэг хөрөнгийг хулгайлж, 1,517,300 төгрөгийн,

2016 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамжны 781 тоотод оршин суух иргэн Д.Оюунчимэгийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, “Монел” загварын 32 инчийн зурагт хулгайлж, 450,000 төгрөгийн,

2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 47-2326 тоотод оршин суух иргэн П.Оюундалайн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “TCL” загварын 32 инчийн зурагт хулгайлж, 190,000 төгрөгийн,

2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4-28 тоотод оршин суух иргэн Л.Баттунгалагийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “TCL” загварын 42 инчийн зурагт, 14 инчийн нөтебүүк хулгайлж, 790,000 төгрөгийн,

2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27-95 тоотод оршин суух иргэн М.Далайсүрэн, Г.Одсүрэн нарын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, М.Далайсүрэнгийн гэрээс “Тошиба” загварын 32 инчийн зурагтыг хулгайлж 220,000 төгрөгийн, Г.Одсүрэнгийн гэрээс З.Адъяатөмөрийн “Apple” загварын зөөврийн компьютер хулгайлж 220,000 төгрөгийн,

2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 26-93 тоотод оршин суух иргэн Д.Одгэрэлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 42 инчийн зурагт хулгайлж, 500,000 төгрөгийн,

2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14-565 тоотод оршин суух иргэн Э.Нармандахын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Hyundai” загварын 42 инчийн зурагт, “Acer” загварын зөөврийн компьютер хулгайлж, 385,000 төгрөгийн,

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элит” авто угаалгын газрын цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг ус буудагч насос, бичлэг хийдэг хар хайрцагыг хулгайлж, 1,250,000 төгрөгийн,

2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12-118 тоотод оршин суух иргэн П.Долгормаагийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Смарт” загварын 32 инчийн зурагт, пүүз хулгайлж, 158,000 төгрөгийн,

2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамжны 410 тоотод оршин суух иргэн О.Баасанжаргал, Л.Бямбадорж нарын монгол гэрт хууль бусаар нэвтэрч, О.Баасанжаргалын 39 инчийн “Funai” загварын зурагтыг хулгайлж 250,000 төгрөгийн, Л.Бямбадоржийн “Samsung” загварын 54 инчийн зурагтыг хулгайлж 350,000 төгрөгийн,

2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 11 дүгээр гудамжны 41а тоотод оршин суух иргэн Б.Саруулбаярын монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “LG” загварын 43 инчийн зурагт хулгайлж, 250,000 төгрөгийн,

2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 23-560 тоотод оршин суух иргэн Б.Гэрэлбатын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “TCL” загварын 32 инчийн зурагт хулгайлж, 112,000 төгрөгийн,

2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 15-521 тоот оршин суух иргэн Г.Даваажавын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Slim” загварын 32 инчийн зурагт, цүнх, пүүз, хувцас зэрэг хөрөнгийг хулгайлж 304,000 төгрөгийн,

2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 1-14 тоотод оршин суух А.Солонгын монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 32 инчийн зурагт, “Sharp” загварын хөргөгчийг хулгайлж, 1,229,000 төгрөгийн,

2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-93 тоотод оршин суух иргэн Д.Мөнхжаргалын монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Sharp” загварын 32 инчийн зурагт, монетон ээмэг, кулон, бөгж, гинж, мөнгөн ээмэг, бэлэн 30,000 төгрөг зэрэг хөрөнгийг хулгайлж, 872.200 төгрөгийн,

2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 4-450 тоотод оршин суух иргэн Т.Мөнх-Эрдэний монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “TCL” загварын 32 инчийн зурагт, зөөврийн компьютер, хашаанд байршуулан тавьсан 25-05 УБГ улсын дугаартай “Тоёота приус” загварын автомашин зэрэг хөрөнгийг хулгайлан 10,500,000 төгрөгийн, нийт 22,360,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Х.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Б-г хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б цагдан хоригдсон 563 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Х.Б-иас нийт 8,578,900 төгрөгийг 3 жилийн хугацаанд гаргуулж, хохирогч Д.Батцэцэгт 240,000 төгрөг, Б.Батцэнгэлд 860,000 төгрөг, Л.Оюунцэцэгт 381,000 төгрөг, Ц.Баатарчимэдэд 767,300 төгрөг, Д.Оюунчимэгт 450,000 төгрөг, П.Оюундалайд 190,000 төгрөг, М.Далайсүрэнд 220,000 төгрөг, З.Адъяатөмөрт 220,000 төгрөг, О.Болдбаатарт 1,250,000 төгрөг, Л.Бямбадоржид 350,000 төгрөг, О.Баасанжаргалд 250,000 төгрөг, Б.Гэрэлбатад 112,000 төгрөг, Г.Даваажавд 264,000 төгрөг, А.Солонгод 1,229,000 төгрөг, Д.Мөнхжаргалд 700,600 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Ганхуягт 115,000 төгрөг, М.Амаржаргалд 120,000 төгрөг, Л.Дэлгэрдалайд 50,000 төгрөг, Ш.Гантулгад 90,000 төгрөг, С.Очгэрэлд 180,000 төгрөг, Б.Оюунсувдад 120,000 төгрөг, Б.Энхзулд 170,000 төгрөг, А.Булгансайханд 250,000 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, улаан өнгийн үүргэвч, 2 ширхэг пүүзийг хохирогч Г.Даваажавд олгож шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би урьд өмнө алдаж онож байсан боловч дээрх гэмт хэрэгт холбогдсоноос хойш өөрийн хувийн байдалдаа дүгнэлт хийж эхнэр, хүүхэдтэй болж, эцэг хүний ёсоор эхнэр, хүүхдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлээр амьдарч, ажиллаж ирсэн. Ар гэрийн байдал тун хүнд, 3 настай охин, эхнэр, эх болон 4 дүүгийн хамт амьдардаг. Ар гэрийг маань надаас өөр харж хандах хүн байхгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа цагдаа, прокурор, шүүхийн аль ч шатанд хүлээн зөвшөөрч, мэдүүлгээ үнэн зөв, тогтвортой өгч, цагдан хоригдож байх хугацаандаа бусад гэмт үйлдлээ сайн дураараа, өөрийн хүсэлтээр илчилсэн. Хийсэн гэмт үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, бусдад учруулсан хохирлоо хэсэгчлэн төлж барагдуулсан ба үлдсэн хохирлоо хорих ангид ял эдлэх хугацаандаа хөдөлмөрлөн төлж барагдуулах болно.

            Иймд хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж, хаалттай дэглэмийг өөрчилж өгнө үү. Би нээлттэй хорих байгууллагад ажил хөдөлмөр хийж үлдсэн хохирлоо төлж барагдуулах хүсэлттэй байна.” гэв.

 

            Шүүгдэгч Х.Б өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Б хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй, үндэслэл бүхий шийтгэх тогтоол гарсан гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч өөрийн үйлдсэн хэрэг болгоноо заан өгч, нийт 23 удаагийн үйлдлээ үнэн зөвөөр илчилсэн. Шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн давж заалдах гомдолдоо ар гэрийн байдлаа тодорхой дурьдсан байна. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Х.Б давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж байгаа. Шүүгдэгчийн ар гэр болон гэмт хэрэгт хандсан хандлага, үйлдсэн хэрэгтээ тодорхой хэмжээгээр дүгнэлт хийж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Х.Б нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасны дагуу анх удаа хорих ял эдэлж байгаа, уг үндэслэлээр нээлттэй дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр дэглэмийг өөрчилж өгнө үү.” гэв.

 

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг тал бүрээс нь хэлэлцэж, дүгнэсэн. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэрийг харгалзан ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр заасан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Х.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд Х.Б нь:

1. 2016 оны 2 дугаар сарын 9-нөөс 10-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7-736 тоотод оршин суух иргэн М.Дондовсүрэнгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 32 инчийн зурагт хулгайлан 192,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч М.Дондовсүрэнгийн мэдүүлэг /1-р хх 121-122/, алдагдсан зурагтыг зээлийн барьцаанд авсан иргэний нэхэмжлэгч Н.Ганхуягийн мэдүүлэг /1-р хх 93-94/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 92, 96/, хөрөнгийн үнэлгээ /4-р хх 99-100/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /4-р хх 96-98/ зэрэг нотлох баримтуудаар,

2. 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 8 дугаар гудамжны 26 тоотод оршин суух иргэн Б.Буянжаргалын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Конка” загварын 41 инчийн зурагт хулгайлан 280,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч Б.Буянжаргалын мэдүүлэг /1-р хх 60-62/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 57/, хөрөнгийн үнэлгээ /1-р хх 56/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх 85-86/ зэрэг нотлох баримтуудаар,

3. 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны 3-15 тоотод оршин суух иргэн Д.Батцэцэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Конка” загварын 32 инчийн зурагт хулгайлан 240,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч Д.Батцэцэгийн мэдүүлэг /1-р хх 33-34, 44/, хөрөнгийн үнэлгээ /1-р хх 21/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх 46-47/ зэрэг нотлох баримтуудаар,

4. 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 6-175 тоотод оршин суух иргэн М.Одончимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Тошиба” загварын 42 инчийн зурагт хулгайлан 350,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч М.Одончимэгийн мэдүүлэг /1-р хх 153-154/, зурагтыг худалдан авсан иргэний нэхэмжлэгч М.Амаржаргалын мэдүүлэг /1-р хх 155-157, 8-р хх 182/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 171/, хөрөнгийн үнэлгээ /1-р хх 169/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх 163-167/ зэрэг нотлох баримтуудаар,

5. 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-689 тоотод оршин суух иргэн Б.Батцэнгэлийн өвлийн байшингийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, градусын хөрөө, бетоны өрөм, уран хөрөө, кень загварын процессор, хадаасны буу, модны хавчаар, “Ленова” загварын DVD тоглуулагчийг хулгайлан 860,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч Б.Батцэнгэлийн мэдүүлэг /1-р хх 188-189/, хөрөнгийн үнэлгээ /1-р хх 186/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх 88, 90, 191-192/ зэрэг нотлох баримтуудаар,

6. 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7-371 тоотод оршин суух иргэн Л.Оюунцэцэгийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, манан хөөрөг, 32 инчийн “Самсунг” загварын зурагт, түмпэн, ширэн бус, үнэртэй ус, будаа агшаагч, тоос сорогч, гар утас, утас цэнэглэгч зэрэг хөрөнгийг хулгайлан 421,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч Л.Оюунцэцэгийн мэдүүлэг /2-р хх 116-117/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх 112-114/, хөрөнгийн үнэлгээ /2-р хх 111/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /2-р хх 5/ зэрэг нотлох баримтуудаар,

7. 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3-52 тоотод оршин суух иргэн А.Алтансүхийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Хайер” загварын зурагт хулгайлан 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч А.Алтансүхийн мэдүүлэг /2-р хх 28, 245-247/, зурагтыг зээлийн барьцаанд авсан иргэний нэхэмжлэгч А.Булгансайханы мэдүүлэг /2-р хх 248-250/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх 241-243/, хөрөнгийн үнэлгээ /3-р хх 6/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /3-р хх 30-31/ зэрэг нотлох баримтуудаар, 

8. 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7-350 тоотод оршин суух иргэн Ц.Баатарчимэдийн эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, 5 ширхэг мөнгөн аяга, зөөврийн компьютер, архи, тамхи зэрэг хөрөнгийг хулгайлан 1,517,300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч Ц.Баатарчимэдийн мэдүүлэг /1-р хх 235-236/, зөөврийн компьютерийг худалдаж авсан иргэний нэхэмжлэгч Л.Дэлгэрдалайн мэдүүлэг /2-р хх 203-204/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 229-230/, шүүгдэгч Х.Б мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх 217-226/, хөрөнгийн үнэлгээ /1-р хх 232-233/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /2-р хх 3-8/ зэрэг нотлох баримтуудаар,

9. 2016 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамжны 781 тоотод оршин суух иргэн Д.Оюунчимэгийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, “Монел” загварын 32 инчийн зурагт хулгайлан 450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч Д.Оюунчимэгийн мэдүүлэг /1-р хх 77-79/, гэрч Н.Бодьцэцэгийн мэдүүлэг /1-р хх 80/, хөрөнгийн үнэлгээ /1-р хх 76/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх 88-90, 4-р хх 96-98/ зэрэг нотлох баримтуудаар,

10. 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 47-2326 тоотод оршин суух иргэн П.Оюундалайн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “TCL” загварын 32 инчийн зурагт хулгайлан 190,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч П.Оюундалайн мэдүүлэг /3-р хх 54-56, 66, 4-р хх 20/, хөрөнгийн үнэлгээ /3-р хх 41/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /3-р хх 68-69/ зэрэг нотлох баримтуудаар,

11. 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4-28 тоотод оршин суух иргэн Л.Баттунгалагийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “TCL” загварын 42 инчийн зурагт, 14 инчийн нөтебүүк хулгайлан 790,000 төгрөгийн,

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч Л.Баттунгалагийн мэдүүлэг/2-р хх 144-145/, зурагтыг худалдаж авсан иргэний нэхэмжлэгч Ш.Гантулгын мэдүүлэг /2-р хх 147/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх 138-141/, хөрөнгийн үнэлгээ /2-р хх 142/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /4-р хх 96-98/ зэрэг нотлох баримтуудаар,

12. 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27-95 тоотод оршин суух иргэн М.Далайсүрэн, Г.Одсүрэн нарын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, М.Далайсүрэнгийн гэрээс “Тошиба” загварын 32 инчийн зурагтыг хулгайлан 220,000 төгрөгийн, Г.Одсүрэнгийн гэрээс З.Адъяатөмөрийн “Apple” загварын зөөврийн компьютер хулгайлан 220,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч М.Далайсүрэн /2-р хх 35/, Г.Одсүрэн /2-р хх 37/, З.Адъяатөмөр нарын мэдүүлгүүд /2-р хх 39/, шүүгдэгч Х.Б мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх 161-162/, хөрөнгийн үнэлгээ /2-р хх 32-33/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх 213/ зэрэг нотлох баримтуудаар,

13. 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 26-93 тоотод оршин суух иргэн Д.Одгэрэлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 42 инчийн зурагт хулгайлан 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч Д.Одгэрэлийн мэдүүлэг /2-р хх 62/, зурагтыг зээлийн барьцаанд авсан иргэний нэхэмжлэгч С.Очгэрэлийн мэдүүлэг /2-р хх 65-66/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх 58-60/, хөрөнгийн үнэлгээ /2-р хх 57/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /4-р хх 96-98/ зэрэг нотлох баримтуудаар,

14. 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14-565 тоотод оршин суух иргэн Э.Нармандахын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Hyundai” загварын 42 инчийн зурагт, “Acer” загварын зөөврийн компьютер хулгайлан 385,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч Э.Нармандахын мэдүүлэг /2-р хх 84-86/, зөөврийн компьютерийг зээлийн барьцаанд авсан иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийсайханы мэдүүлэг /2-р хх 205-206/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх 78-79, 81-82/, хөрөнгийн үнэлгээ /2-р хх 83/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /4-р хх 96-98/ зэрэг нотлох баримтуудаар, 

15. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элит” авто угаалгын газрын цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, 4 ширхэг ус буудагч насос, бичлэг хийдэг хар хайрцагыг хулгайлан 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч О.Болдбаатарын мэдүүлэг /3-р хх 221-223/, гэрч Э.Чинзоригийн мэдүүлэг /3-р хх 224-225/, хөрөнгийн үнэлгээ /3-р хх 231/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /3-р хх 243-244/ зэрэг нотлох баримтуудаар,

16. 2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12-118 тоотод оршин суух иргэн П.Долгормаагийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Смарт” загварын 32 инчийн зурагт, пүүз хулгайлан 158,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч П.Долгорсүрэнгийн мэдүүлэг /4-р хх 139-144/, зурагтыг зээлийн барьцаанд авсан барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан Ж.Батцэрэнгийн гэрчийн мэдүүлэг /4-р хх 147/, барьцаат зээлийн баримт, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4-р хх 136-138/, хөрөнгийн үнэлгээ /4-р хх 152-158/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /4-р хх 164-165/ зэрэг нотлох баримтуудаар,

17. 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамжны 410 тоотод оршин суух иргэн О.Баасанжаргал, Л.Бямбадорж нарын монгол гэрт хууль бусаар нэвтэрч, О.Баасанжаргалын гэрээс 39 инчийн “Funai” загварын зурагтыг хулгайлж 250,000 төгрөгийн, Л.Бямбадоржийн гэрээс “Samsung” загварын 54 инчийн зурагтыг хулгайлж 350,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч О.Баасанжаргал /7-р хх 78-80/, Л.Бямбадорж /7-р хх 85-86/ нарын мэдүүлгүүд, “Funai”,  “Samsung” загварын зурагтуудыг худалдаж авсан Н.Ууганцэцэгийн гэрчийн мэдүүлэг /7-р хх 90-92, 94-95/ шүүгдэгч Х.Б мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /7-р хх 107-108/, хөрөнгийн үнэлгээ /7-р хх 89/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /7-р хх 116-117/ зэрэг нотлох баримтуудаар,

18. 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 15-521 тоот оршин суух иргэн Г.Даваажавын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Slim” загварын 32 инчийн зурагт, цүнх, пүүз, хувцас зэрэг хөрөнгийг хулгайлан 304,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч Г.Даваажавын мэдүүлэг /8-р хх 28-29/, хөрөнгийн үнэлгээ /6-р хх 25-26, 7-р хх 6-7/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /8-р хх 36-38/ зэрэг нотлох баримтуудаар,

19. 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 11 дүгээр гудамжны 41а тоотод оршин суух иргэн Б.Саруулбаярын монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “LG” загварын 43 инчийн зурагт хулгайлан 250,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч Б.Саруулбаярын мэдүүлэг /6-р хх 167-168/, Х.Батсуурийг хулгайлах гэмт хэргийн үйлдэл дээр нь барьсан цагдаагийн ажилтан Х.Пүрэвжав /6-р хх 249-250/, Г.Ган-Эрдэнэ /7-р хх 1-2/ нарын гэрчийн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээ /6-р хх 171/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /6-р хх 188-191/ зэрэг нотлох баримтуудаар,

20. 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 23-560 тоотод оршин суух иргэн Б.Гэрэлбатын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “TCL” загварын 32 инчийн зурагт хулгайлан 112,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч Б.Гэрэлбатын мэдүүлэг /7-р хх 205-206/, зурагтыг автомашинд хийж байхыг харсан хохирогчийн хөрш Д.Аззаяагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /7-р хх 216/, зурагтыг худалдаж авсан гэрч Я.Шагдаржавын мэдүүлэг /7-р хх 219-220, 223-224/, хөрөнгийн үнэлгээ /7-р хх 211-212/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /7-р хх 231-233/ зэрэг нотлох баримтуудаар,

21. 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 1-14 тоотод оршин суух А.Солонгын монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 32 инчийн зурагт, “Sharp” загварын хөргөгчийг хулгайлан 1,229,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч А.Солонгын мэдүүлэг /6-р хх 38-42/, хөрөнгийн үнэлгээ /6-р хх 43/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /6-р хх 82-83/ зэрэг нотлох баримтуудаар,

22. 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-93 тоотод оршин суух иргэн Д.Мөнхжаргалын монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Sharp” загварын 32 инчийн зурагт, монетон ээмэг, кулон, бөгж, гинж, мөнгөн ээмэг, бэлэн 30,000 төгрөг зэрэг хөрөнгийг хулгайлан 872.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Гэрээс эд зүйлээ хулгайд алдсан” талаарх хохирогч Д.Мөнхжаргалын мэдүүлэг /5-р хх 207-208/, зурагтыг зээлийн барьцаанд авсан иргэний нэхэмжлэгч Б.Оюунсувдын мэдүүлэг /5-р хх 216-217/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5-р хх 218-223/, хөрөнгийн үнэлгээ /5-р хх 201-203/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /5-р хх 237-238/ зэрэг нотлох баримтуудаар, 

23. 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 4-450 тоотод оршин суух иргэн Т.Мөнх-Эрдэний монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “TCL” загварын 32 инчийн зурагт, зөөврийн компьютер мөн хашаанд байрлуулан тавьсан 25-05 УБГ улсын дугаартай “Тоёота приус” загварын автомашин зэрэг хөрөнгийг хулгайлан 10,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

“Автомашин болон эд зүйлээ хулгайд алдсан” талаар хохирогч Т.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /5-р хх 79-80/, зурагтыг зээлийн барьцаанд авсан иргэний нэхэмжлэгч Б.Энхзулын мэдүүлэг /5-р хх 101-102/, хашаанаас автомашиныг унаж гарсан хүнийг харсан боловч гэрийн эзний дүү нь гэж андуурсан талаар гэрч Б.Цэрмаагийн өгсөн мэдүүлэг /5-р хх 105-106/, зөөврийн компьютерийг барьцаанд авсан гэрч Д.Нандинтуяагийн мэдүүлэг /5-р хх 114/, хөрөнгийн үнэлгээ /5-р хх 83-84/, шүүгдэгч Х.Б үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /5-р хх 180-181/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.Б гэм бурууг хэлэлцэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэв.

 

Харин шүүгдэгч Х.Б үйлдсэн гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт буюу  “... хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон ...” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь: Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтаар шинээр гэмт хэрэгт тооцсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон... хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан зарчмын дагуу  хууль дагаж мөрдөхөөс өмнө цаг хугацаанд үйлдэгдсэн хэргүүдэд дээрх зүйл, хэсэг, заалт үйлчлэхгүй болно.

 

Тиймээс хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу Х.Б 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдсэн 16 удаагийн хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Х.Б 2017 оны 7 дугаар сард үйлдсэн хулгайлах гэмт хэргүүд нь тоо, цаг хугацааны хувьд байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон шинжийг хангахгүй. Өөрөөр хэлбэл, 1 сард үйлдэгдсэн 8 удаагийн гэмт хэргийг “... байнга, тогтвортой шинжтэй, гэмт хэрэг үйлдсэн хүний амьдрал, зан төлөвт нь хэвшсэн ...” гэж дүгнэх нь учир дутагдалтай байна.  

 

Иймд Х.Б үйлдсэн 23 удаагийн үргэлжилсэн үйлдэлтэй хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн хүндрүүлэх шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчилж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Энэ талаар шүүгдэгч Х.Б гаргасан “... ял, дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 750 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

“Прокуророос шүүгдэгч Х.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Х.Б-ийг хулайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, 2 дахь заалтыг “Шүүгдэгч Х.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жил хорих ял шийтгэсүгэй.” гэж, 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т оногдуулсан 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Л.ДАРЬСҮРЭН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН