Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Ч.Оюунчимэг,

Нарийн бичгийн дарга А.Болор,

            Улсын яллагч Р.Батнасан,

            Шүүгдэгч Б.Баяржавхлан, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д заасан гэмт хэрэгт Б.Баяржавхланг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625021139 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 21-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Хүчит арвай” ХХК-д барилгын засал засалчин ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо Нуурын 4-36 тоотод оршин суудаг,

2010 оны 7 дугаар сарын 6-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2010 оны 8 дугаар сарын 23-нд ялын хугацаа дуусч суллагдсан,

2013 оны 11 дүгээр сарын 20-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-нд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 24 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан, Цагаагчууд овгийн Баатарын Баяржавхлан /регистрийн дугаар ОД 88042118/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Баяржавхлан нь согтуурсан үедээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялтайд тооцогдох хугацаандаа буюу 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжинд “юм асуухад уурлаж хэдэрлэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан иргэн Х.Мөнхжаргалын хүзүүн тус газарт зэвсгийн чанартай бусад зүйл буюу шилний хагархайг зэвсгийн чанартай хэрэглэн зүсэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Баяржавхлан шүүх хуралдаанд “...2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би Наранбаатар гэдэг найзтайгаа уулзаад, найзындаа очиж 2 литр 500 граммын 2 ширхэг пиво хувааж уусан. Наранбаатартай хамт нэг цаг биллъярд тоглочхоод гэрт нь ирэхэд Наранбаатар “би цамцаа орхичихсон байна хоёулаа буцаж очоод аваад ирье” гэсэн. Бид хоёр биллъярдны газар руу явж байхад хохирогч Мөнхжаргал нь худаг дээр байсан.Наранбаатар Мөнхжаргалаас Саруулын утасны дугаарыг нь асуухад Мөнхжаргал би яаж мэддэг юм гэсэн. Тэгэхээр нь би “чи хүн юм асууж байхад хэлээд өгөхөд болдоггүй юм уу” гэж хэлсэн. Мөнхжаргал “чадахгүй” гэж хэлэхээр нь миний уур хүрч Мөнхжаргалыг мөргөхөд, Мөнхжаргал намайг барьж аваад 2-3 удаа цохиход нь би доошоо суусан. Намайг газарт суухад гарт шилний хэлтэрхий таарахаар нь айлгах санаатай гараараа сарвайхад Мөнхжаргалын хүзүүг нь зүсчихсэн....” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Би 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн үед байх Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байдаг найз Наранбаатарын гэрт нь очоод бид хоёр 2 ширхэг том пиво уусан. Тэгээд бид хоёр гарч биллъярд тоглочхоод тэднийд байж байсан чинь Наранбаатар “биллъярдны газарт цамцаа орхисон байна” гээд буцаж цамц авчхаад буцаад Наранбаатарын гэр рүү явж байгаад худгийн ойролцоо гудамжинд Наранбаатар бид хоёр хохирогч Мөнхжаргалтай тааралдсан. Наранбаатар түүнээс “Саруул гэдэг хүний гар утасны дугаарыг мэдэх үү” гэж асуусан чинь тэр залуу өөдөөс “би яаж мэддэг юм бэ” гээд хэдэрлээд уурлаад байсан. Тэгэхээр нь би очоод “хэлээд өгчхөөч “гэсэн чинь тэр залуу чадахгүй гэхээр нь би түүнийг заамдаж аваад нүүр рүү нь 1 удаа мөргөсөн. Тэгтэл тэр залуу намайг заамдаж аваад “чи муу яах гээд байна” гээд миний нүүр рүү гараараа цохисон. Би нүүрээ дараад суусан. Газар гараараа тулсан чинь шилний хагархай байхаар нь аваад айлгах санаатай гараа сарвайсан чинь хүзүүг нь зүсчихсэн. Тэгээд тэр залуугийн дүү гэх хүн Наранбаатар хоёр голоор орж салгасан. Тухайн үед тэр залуугийн хүзүүнээс цус гарсан. Би цусыг нь хараад айгаад уучлал гуйсан…” гэсэн мэдүүлэг /хх-40, 43, 44/,

 

хохирогч Х.Мөнхжаргалын “…би 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цагийн үед худгаас ус авахаар Рашааны 8 дугаар гудамжинд байдаг худаг дээр очоод байж байтал миний танил ах Наранбаатар ирээд надаас “Мөнхжаргалаа Саруулын утасны дугаар хэд вэ” гэж асуусан. Энэ үед Наранбаатар ахтай хамт ард нь зайтай нэг залуу явж байсан. Гэтэл Наранбаатар ахтай хамт явсан халамцуу залуу намайг “чи мэдэх юм бол хэлээд өгчхөөч” гэхээр нь би “мэдэхгүй гэж хэлээд байхад юу асуугаад байгаа юм бол” гээд уур хүрээд “би яаж мэддэг юм бэ” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэр залуу над руу ирээд намайг барьж аваад нүүр рүү мөргөсөн, тэгэхлээр нь би түүнийг “яаж байгаа юм бэ” гээд заамдаж аваад зөрүүлээд нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгсэн чинь тэр хүн тонгойгоод газраас юм авах шиг болсон, тэгсэн тэр нь архины шилний хагархай байсан юм шиг байна лээ. Тэгээд над руу сарвайсан чинь миний хүзүүний баруун хэсэгт хүрээд цус гарахаар нь харсан чинь 2 удаа өнгөц зүсэгдсэн байсан. ...тэр үед манай дүү Баярболд дэлгүүр орох гэж яваад хараад хүрч ирээд салгасан. ...тухайн үед хүзүүний баруун хажуу хэсэгт хоёр газарт зүсэгдсэн байсан. ...уг шархандаа 3-4 оёдол тавиулаад зүгээр болсон... надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-14-15/,

гэрч С.Наранбаатарын “…2016 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө би Баяржавхлан руу утсаар ярьж уулзъя гэсэн. Тэгээд бид хоёр манайд уулзаад дэлгүүрээс 2 ширхэг 2,5 литрийн пиво авч уусан. ...Мөнхжаргал худгаас ус аваад явж байсан. Тэгэхлээр нь би Мөнхжаргалаас Саруулын утасны дугаарыг асуусан чинь “мэдэхгүй” гэсэн. Тэгтэл гэнэт Мөнхжаргал Баяржавхлан нар маргалдаад бие биенийгээ цохих шиг болсон, Мөнхжаргалын хүзүүний баруун хойд хэсэг зүсэгдсэн байдалтай цус гарсан, гараараа дарчихсан байсан. ...Баяржавхлан нэлээн согтсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-19/,

 

гэрч Д.Баярболдын “…2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 15 цагийн үед байх Мөнхжаргал ах худгаас ус авахаар явсан. Би хувцсаа өмсөөд араас нь худаг руу явсан. Гэтэл худгийн ойролцоо Мөнхжаргал ах нэг үл таних шардуу царайтай залуутай муудалцаад бие биенийгээ түлхэлцээд зогсож байсан. ХАжууд нь бас нэг арай өндөрдүү залуу салгаад зогсож байсан. Би очоод тэр өндөр залуутай хамт тэр хоёрыг салгасан. Мөнхжаргал ахын хүзүүний баруун хажуугаас цус гарчихсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-22/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №4937 тоот актын “...Мөнхжаргалын биед хүзүүний зүсэгдсэн шарх бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.. …Дээрх гэмтэл ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-30/,

 

Хохирогч Х.Мөнхжаргалын өргөдөл /хх-4/, хохирогч Х.Мөнхжаргалын Гэмтэл согог судлалын үндэсний төвд компьютерт томографи оношилгоо хийлгэсэн баримт /хх-11/,  шүүгдэгч Б.Баяржавхлангийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-46/, гэрэл зургийн үзүүлэлт /хх47/, “Хүчит арвай ХХК”-ний тодорхойлолт /хх-49/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-52-53, 64-65/, хохирогч Х.Мөнхжаргалаас мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай бичгээр өгсөн баримт /хх-17/, Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай хэлцэл /хх-12/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Баяржавхлан нь согтуурсан үедээ 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 8 дугаар гудамжинд "юм асуухад уурлаж хэдэрлэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан иргэн Х.Мөнхжаргалын хүзүүн тус газарт зэвсгийн чанартай бусад зүйл буюу шилний хагархайг зэвсгийн чанартай хэрэглэн зүсэж, бие махбодид нь “хүзүүний зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Х.Мөнхжаргалын“…Тэр залуу над руу ирээд намайг барьж аваад нүүр рүү мөргөсөн, тэгэхлээр нь би түүнийг яаж байгаа юм бэ гээд заамдаж аваад зөрүүлээд нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгсэн чинь тэр хүн тонгойгоод газраас юм авах шиг болсон, тэр нь архины шилний хагархай байсан юм шиг байна лээ. Тэгээд над руу сарвайсан чинь миний хүзүүний баруун хэсэгт хүрээд цус гарахаар нь харсан чинь 2 удаа өнгөц зүсэгдсэн байсан.…”, гэрч С.Наранбаатар “…Мөнхжаргал Баяржавхлан нар маргалдаад бие биенийгээ цохих шиг болсон, Мөнхжаргалын хүзүүний баруун хойд хэсэг зүсэгдсэн байдалтай цус гарсан, гараараа дарчихсан байсан. ...Баяржавхлан нэлээн согтсон байсан…” гэсэн мэдүүлгүүд,

шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №4937 тоот актын “...Мөнхжаргалын биед хүзүүний зүсэгдсэн шарх бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.. …Дээрх гэмтэл ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Б.Баяржавхлангийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

Шүүгдэгч Б:Баяржавхлангийн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах явцдаа шилний хагархайг зэвсгийн чанартай зүйл болгон хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Б.Баяржавхланг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ял шийтгэлийг эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан байна.

 

Шүүгдэгч Б.Баяржавхлангийн дээрх үйлдэлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин түүний согтуурсан үедээ болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтайд тооцох хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.

 

Энэ хэргийн хохирогч Х.Мөнхжаргал нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Баяржавхланг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Баяржавхлан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1.Шүүгдэгч Цагаагчууд овгийн Баатарын Баяржавхланг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Баатарын Баяржавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Баяржавхлангийн эдлэх хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн 201625021139 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Баяржавхлан нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, Б.Баяржавхланд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баяржавхланд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР

 

                  ШҮҮГЧИД                                     Б.ДУЛАМСҮРЭН

 

Б.МӨНХ-ЭРДЭНЭ