Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1069

 

 

        Л.Л-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Мөнгөншагай,

            шүүгдэгч Л.Л-, түүний өмгөөлөгч С.Батболд, С.Чинзориг, А.Ганбат,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 719 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Л-, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.Л-д холбогдох 1819001250074 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

… овгийн……., 19.. оны … дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, …., .......боловсролтой, мэргэжилгүй, ......, ам бүл .., .......хамт ...... дүүргийн ... дүгээр хороо, ........ тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй /РД: ........./;

Л.Л- нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө Сайншанд сумаас хойш 22 км-ын зайд Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр иргэн М.Н-ын эзэмшлийн 09-71 УНП улсын дугаартай Тоёота үйлдвэрийн Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн тээврийн хэрэгслийн хурдыг энэ бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.C-ыг мөргөн, 09-71 УНП улсын дугаартай Тоёота үйлдвэрийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд шууд 1.135.000 төгрөгийн, нийт 1.510.000 төгрөгийн хохирол учруулан Н.С-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Л.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ..... овгийн Л-Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Л.Л-ийн 1194219 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, 01840453 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Л.Л- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г нь нотлох баримтаа бүрдүүлэн бусад зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Л- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2015 онд Жудо бөхөөр хичээллэж байх үедээ зүүн дунд гуяндаа гэмтэл бэртэл авч улмаар дээрх гэмтэл маань даамжирч зүүн дунд чөмгөндөө хүртэл эдээлж, 2015 оноос 2018 он хүртэл нийт 14 удаа наркозонд орж хагалгаа хийлгэж, улмаар хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан.

            Миний бие цаашид хагалгаагаа цаг алдалгүйгээр улиралд, төлөвлөгөөний дагуу хийлгэж байхгүй бол зүүн хөлөө тайруулах эрсдэлд ороод байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн болгоомжгүй байдлаас болсон боловч гэмт үйлдлээ ухамсарлаж хохирогчид учруулсан 9.600.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан юм.

            Иймд миний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид хохирлоо төлсөн, эрүүл мэндийн байдлуудлыг минь харгалзан үзэж хорих ялыг тэнсэх харгалзах ялаар сольж өгнө үү...” гэв.

            Өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 719 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

            Миний үйлчлүүлэгч Л.Л- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийтгэгдсэн хэдий ч Л.Л-ийн хувьд энэхүү ял шийтгэлийг эдлэхэд биеийн эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй байдал үүсээд байна.

            Учир нь: Л.Л- нь гэмт хэрэгт холбогдохоос 3 жил гаруй хугацааны өмнө “Женко” клубт Жудо бөхийн тамирчин байх үедээ хүнд гэмтэл авч зүүн хөлийн дунд чөмөг хугарсаны улмаас мэс заслын аргаар чөмгөө хадуулсан боловч энэхүү гэмтэл нь  эдгэрэхгүй “эдээт үрэвсэл” болж хүнд, хөнгөн нийлсэн 14 удаагийн мэс засал хийлгэж одоогийн байдлаар уг гэмтэл нь бүрэн эдгэрээгүй чөмөг, яс нийлж өгөхгүй дундаа завсартай, нэмэлт төмөр бэхэлгээтэй байгаагаас гадна шархнаас нь эдээ, шүүс гойжсон байдалтай биеийн байдал тун хүнд байгаа ба цаашид гадуур нарийн мэргэжлийн хяналтанд яаралтай цаг алдалгүй мэс засал хийлгэх шаардлагатай байгаа билээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заагдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Л.Л-ийн жолооны эрхийг 3 жил хасаж 1 жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 719 дугаар шийтгэх тогтоолд Л.Л-ийг бусдад төлөх төлбөргүй гэж дурьдсан боловч нэгэнт хүний алтан амь хохирсон гэдэг үүднээс хохирогчийн ар гэрийнхэнд тодорхой хэмжээний мөнгийг буцалтгүй тусламж болгон өгсөн байгаа нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин дүгнэлт хийж байгаагийн тод илрэл гэж үзэж байна.

            Миний үйлчлүүлэгч Л.Л- нь тохиолдлын чанартай, санамсар болгоомжгүй байдлаар гэмт хэрэгт холбогдсон байдаг. Л.Л-ийн ар гэрийн хувьд эх Н.О нь өрх толгойлсон эмэгтэй бөгөөд ганцаараа ажил хийж амьдралаа залгуулдаг, орлого багатай нэгэн билээ.

            Иймд дээр дурдсан шалтгаануудыг харгалзан үзэж Л.Л-ид оногдуулсан ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Л.Л-ийн өмгөөлөгч С.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, хохирогчийн ар гэр болон түүний хүүхдүүдэд байнга дэмжлэг үзүүлж байна гэдгээ мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд удаа дараа мэдэгдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн бөгөөд хохирогчийн ар гэрийнхэнд тусалж, дэмжиж байгаа. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэл шүүгдэгчийн хувийн байдалтай тохирсон байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон “ясны идээт үрэвсэл” гэх онош гарсан байдаг бөгөөд энэ онош нь Эрүүл мэндийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан өвчний учир ялаас чөлөөлөх жагсаалтад хамаарагддаггүй. Ял шийтгэлийн хувьд ялыг хүндрүүлж, хөнгөрүүлэх, ялаас тэнсэх асуудал нь шүүхийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх тул тусгайлан хэлэх санал байхгүй гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Л-ид холбогдох хэргийг давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Л.Л- нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны шөнийн 02 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумаас хойш 22 км-ын зайд Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр иргэн М.Н-ын эзэмшлийн 09-71 УНП улсын дугаартай Тоёота үйлдвэрийн Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.С-ыг мөргөж амь насыг нь хохироон, 09-71 УНП улсын дугаартай Тоёота үйлдвэрийн Приус-20  маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд 1.135.000 төгрөгийн шууд, 1.510.000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Г, гэрч Ч.М, Б.Л, Н.Ц, Ч.Т, Ч.О, Ц.А, Б.Л, Н.М, В.О, Д.Б, Н.М, С.Э, Л.П, Д.Г нарын мэдүүлгүүд /хх15-43/, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 02/028 дугаар магадлан шинжилгээний дүгнэлт /хх49-51/, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаар дүгнэлт /хх 62/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-10/, шүүгдэгч Л.Л-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Л.Л-ид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Л.Л- болон түүний өмгөөлөгч А.Ганбат нараас “Л.Л- нь өмнөх гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж байнгын нарийн мэргэжлийн эмчилгээ шаардлагатай байгааг болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж хохирол нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан тэнсэж өгөх” тухай гомдол тус тус гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь, прокуророос шүүгдэгч Л.Л-ид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн ба анхан шатны шүүх тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ялын доод хэмжээгээр сонгон 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон хүнд биш ял оногдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 465 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Л-, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                    Б.ЗОРИГ