Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2020/00137

 

Х.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00215 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 600 дугаар магадлалтай,

Х.Д-ын нэхэмжлэлтэй,

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргад холбогдох

Хашааны үнэ 2.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.П-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Би 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар 000548994 тоот гэрчилгээтэй гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших зөвшөөрлийг 2015 онд 8 дугаар сарын 18-ны өдрийн А/676/ тоот шийдвэрийн дагуу нэгж талбарын 178013/0052 дугаар бүхий 700 метр кв газрыг 10 жилийн хугацаатай авсан. Гэтэл 2018 оны 6-7 дугаар сарын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга С.Б- хэсэг хүмүүсийн хамт уг газар дээр тоглоомын талбай байгуулна гэж очоод миний эзэмшиж буй газраас 50 метр төмөр хашааг буулгаж, ар талын байшингийн урд хурааж орхисноор хашаа хулгайд алдагдсан байна. 50 метрийн урттай 4 метрийн өргөнтэй шургаагаар хүрээлэн хийсэн байсан уг хашааны нийт үнэ 1.900.000 төгрөг, ажлын хөлс 500.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөгийн хохирлыг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлд дурдсан тус хашаа нь 2013 оноос хойш ашиглагдаагүй, хур хог цугласан газар байсан 2013 оноос хойш эзэмшигч Х.П- нь огт ашиглаж, газар дээрээ ирж байгаагүй. Мөн оноос хойш хур хог цугласан газрыг цэвэрлэхээр тус хашааны эзнийг тодруулах гэсэн боловч албан ёсны эзэмшигч нь олдохгүй, ирж уулзахгүй байсан тул 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус хашааг буулган цэвэрлэгээ хийсэн. Тус газар дахь ногоон байгууламжид хур хог цуглаж, нийтийн эзэмшлийн талбайд тархаж байсан тул зайлшгүй цэвэрлэх шаардлагатай болсон. Үүний улмаас дулааны улиралд эвгүй үнэр гарч, орчныг бохирдуулах, цаашлаад халдварт өвчин гарах магадлал ч үүсээд байсан. Иймд цэвэрлэгээг хийхэд тус хорооны иргэдээс маш олон тооны санал хүсэлт удаа дараа ирж, хуваарийн хэсэгчилсэн уулзалт хийж иргэдийн олонхийн саналаар уг хур хогийг цэвэрлэх шийдвэр гаргаж хийсэн юм. Өнгөрсөн хугацаанд уг газрыг эзэмшигч нь газрын тухай хуульд заасны дагуу газраа зориулалтын дагуу 3 жил ашиглаагүй. Х.П- гэх хүн Х.Д- тус хашааны эзэмшигч болохыг 2018 оны 10 дугаар сард хэлсэн. Бид тус хашааг газрын тухай хуулийн дагуу чөлөөлөх бус тус газар цугласан хур хогийг цэвэрлэхээр зориулалтын машин оруулах зорилгоор буулгасан бөгөөд эзэмшигчийн хашааг эвдэж хохирол учруулаагүй. Тус хашааг одоо иргэн Д.Баасанхүү хадгалж байгаа бөгөөд эзэмшигчид нь буцаан өгөхөд асуудалгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагадаа тус хашаагаа 2018 оны 10-р сард хулгайд алдсан гэж дурдсан боловч энэ талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн юм байхгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагад хашааны хэмжээг зөрүүтэй дурдсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00215 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга С.Б-ээс 661 000  төгрөг  гаргуулан нэхэмжлэгч Х.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 739 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч Х.Д-ын  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 53 350 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 20 414 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Д-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 600 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 774 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.П-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Иргэн Х.Д-ын эзэмшил газар дээр хашаа барьвал зохих нийт тойргийн хэмжээ нь кадастрын зургийн дагуу баруун тал нь 30 метр, хойд тал нь 20 метр, зүүн тал нь 33 метр, урд тал нь 30 метр, нийт урт нь 113 метр болно. Үүний баруун талын 30 метр, хойд талын 20 метр нь задгай бөгөөд үлдсэн хэсэг нь хөрш айлын хашаа, гарашаар хүрээлэгдсэн тул хашаа барих шаардлагагүй. Бид үүний задгай хэсэгт 50 метр урттай хэсэгт нь хашаатай байсан ба анхны нэхэмжлэлдээ 50 метр хашааны үнэ болон ажлын хөлс нэхэмжилсэн юм. Хэрэгт авагдсан заралгын баримтад 45 ширхэг лист төмөрийг нэг бүрийг 25.000 төгрөг, нийт 1.425.000 төгрөгийн материал уг хашаанд хэрэглэгдсэн байхад үүнийг нотлох баримтаар үнэлээгүй байх ба материал хүлээн авсан гарын үсэг байсаар байхад талуудын гарын үсэг, огноо байхгүй гэж үзэж нотлох баримтыг дутуу үнэлсэн. Баруун талын 30 метр, хойд талын 20 метр газарт хашаа барьсан байхад уг хашааг буулгаж, нурааж хаяснаар одоо онгорхой хэвээр байна. үүнийг 2 тал 26 метр хашаа байсан мэтээр тооцож 3 метр урттай 9 ширхэг төмрөөр тооцож шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. 26 метр хэсгийг хашаалах буюу 661.000 төгрөгийн материалаар хашаа барьна гэвэл өмнөх байсан байдалд нь сэргээх боломжгүй. Тал хэсэг нь онгорхой үлдэхээр болоод байна. Мөн ажлын хөлсөнд төлсөн 500.000 төгрөгийг төлөхөөр хийсэн ажлын гэрээг нотлох баримтаар үнэлээгүй орхигдуулсан. Иймд нотлох баримт кадасторын зураг одоо байгаа онгорхой хашааны хэмжээ зэргийг бодитой үнэлж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Х.Д-, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргад холбогдуулан гэм хорын хохиролд 2.400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч, нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх зорилгоор 3 ширхэг төмөр хашааг буулгасан, уг хашаа байгаа эргүүлж өгнө гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 661.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Х.Д- нь Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах газрын хууль ёсны эзэмшигч бөгөөд уг газарт байсан хашааг түүний зөвшөөрөлгүйгээр хариуцагч Хан- Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын заавраар буулгаснаас хулгайд алдагдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэлийг хариуцагч няцааж чадаагүй тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй, энэ талаархи анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Уг газарт нийт 50 метр хашаа байсан нь тогтоогдоогүй тул зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд 2 тал нийт 26 метр хашааны зардал гаргуулсан хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирол нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд гаргасан шийдвэртэй холбоотой байхад хувь хүнээс гаргуулсан агуулгаар шийдвэрт заасан нь хуульд нийцээгүй байна. Иймд энэ талаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 600 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00215 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “дарга” гэснийг “даргаас“ гэж өөрчилж, “С.Б-ээс” гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 42.774 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ