Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1061

 

  Н.О-т холбогдох эрүүгийн

                                                                             хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Туяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ариунаа,

шүүгдэгч Н.О-ийн өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 463 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурор Ж.Ариунаагийн бичсэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай эсэргүүцлээр Н.О-т холбогдох эрүүгийн 201726030552 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овгийн Н.О-, 1988 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Адмон Принт” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй,

            Н.О- нь албан тушаалын байдлаа ашиглаж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их тэнгэр цогцолбор”-т 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 3 дугаар сар хүртэл нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа тус байгууллагад ажилладаггүй иргэн Г.Батсүрэн, үйлчлэгчээр ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн М.Нямсүрэн, Л.Алтантуяа нарын нэр дээр цалин олгох байдлаар 23.004.656 төгрөгийг хувьдаа завшиж, Хувь хүний орлогын албан татварт 2.268.298 төгрөг, ажилчдаас суутган тооцсон Нийгмийн даатгалын шимтгэлд 2.808.104 төгрөг, ажил олгогчоос Нийгмийн даатгалын шимтгэлд 3.088.916 төгрөгийг тус тус төлж, тухайн байгууллагад нийт 31.169.974 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Н.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Н.О-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Н.О-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.О-эээс 22.169.974 төгрөгийг гаргуулан Төрийн тусгай хамгаалалттай газрын “Их тэнгэр” цогцолборт олгож, Н.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ж.Ариунаа тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Н.О- нь 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байх үед “Бусдын эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулах” буюу уг хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Н.О-ийн хувьд хөнгөн ялтай, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгасан. Гэтэл анхан шатны шүүх хууль буцаан хэрэглэх зохицуулалтыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг дотор буруу хэрэглэж, шүүгдэгч Н.О-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь дэмжиж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Н.О- нь анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад 9.000.000 төгрөгийг хохиролд төлсөн. Үүнээс хойш буюу уржигдар 2.995.000 төгрөгийг хохиролд төлсөн байна. Иймээс түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлуудыг харгалзан ял шийтгэлийн талаар тусгайлан гаргах саналгүй...” гэв.

Шүүгдэгч Н.О-ийн өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Н.О-ийн гэмт үйлдэл 2016 оны 3 сард буюу 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байх үед дууссан байдаг. 2015 оны Эрүүгийн хуулиар хөрөнгө завших гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг шинээр хуульчилсан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуульд байхгүй байсан уг хүндрүүлэх шинжээр Н.О-ийг гэм буруутайд тооцох нь түүний эрх зүйн байдлыг дордуулна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Шүүгдэгч Н.О- нь анхан шатны шүүх хуралдааны дараа үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч тэрээр өрх толгойлсон, цалингийн зээл бүтэхгүй байгаа зэргээс шалтгаалж одоогийн байдлаар 2.995.000 төгрөгийг хохирол төлөөд байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            Н.О- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төрийн тусгай хамгаалалттай газрын “Их тэнгэр цогцолбор”-т 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд /жирэмсний амралттай байсан О.Халиуны оронд/ тооцооны нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэж байхдаа, тус байгууллагад ажилладаггүй иргэн Г.Батсүрэн, үйлчлэгчээр ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн М.Нямсүрэн, Л.Алтантуяа нарын нэр дээр цалин олгох байдлаар 23.004.656 төгрөгийг хувьдаа завшиж, Хувь хүний орлогын албан татварт 2.268.298 төгрөг, ажилчдаас суутган тооцсон Нийгмийн даатгалын шимтгэлд 2.808.104 төгрөг, ажил олгогчоос Нийгмийн даатгалын шимтгэлд 3.088.916 төгрөгийг тус тус төлж, тухайн байгууллагад нийт 31.169.974 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Төрийн тусгай хамгаалалттай газрын “Их тэнгэр цогцолбор”-ын хууль ёсны төлөөлөгч Э.Ариунаа /2хх-ийн 133-134/ болон тус цогцолборын ажилтан гэрч Э.Ариунчимэг /2хх-ийн 136-137/, Я.Тогтохням /2хх-ийн 138-139/ нар нь Н.О-ийг тооцооны нягтлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа, тус байгууллагад ажилладаггүй, мөн ажиллаж байгаад чөлөөлөгдсөн хүмүүсийн нэр дээр цалин бодож олгосон талаар тус тус тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь гэрч А.Алтанцэцэг /2хх-ийн 149/, У.Баярсайхан /2хх-ийн 150-151/, яллагдагч Н.О- /2хх-ийн 201/ нарын мэдүүлэг, тус байгууллагын санхүүгийн тайлан, дотоод аудитын дүгнэлтэд дүн шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 148, 6 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 29-33, 2хх-ийн 157-161/, Н.О-ийг санхүүгийн хэсгийн нягтлан бодогчийн албан тушаалд томилсон, чөлөөлсөн тушаал /1хх-ийн 50-53/ зэргээр давхар нотлогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

Итгэмжлэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

Хэрэгт авагдсан Төрийн тусгай хамгаалалттай газрын “Их тэнгэр цогцолбор”-ын 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Б/148 дугаартай “Дэвшүүлэн томилох тухай”, 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/48 дугаартай “Ажилд томилох тухай”, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/89 дугаартай “Н.О-ийн цалинг шинэчлэн тогтоох тухай”, 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Б/97 дугаартай “Н.О-ийг шилжүүлэн томилох тухай” даргын тушаалууд /1хх-ийн 50-53/ болон гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээс үзэхэд, Н.О- нь 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тус байгууллагын санхүүгийн хэсгийн тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажиллаж, тодорхой эрх эдлэн, цалин авч байсан нь тогтоогдож байх тул түүнийг аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд мөн гэж үзнэ.

Прокуророос Н.О-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Н.О-т холбогдох гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх ба 2015 онд батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг өдрөөс эхлэн хөрөнгө завших гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн тохиолдолд тухайн үйлдлийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид харгалзан үзэхээр байна.

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулиар бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн улмаас “үлэмж хэмжээний хохирол учирсан” гэх хүндрүүлэх шинж байхгүй болсноор тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуульд зааснаас хөнгөрчээ.

Нөгөөтэйгүүр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна”, 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доод дурдсанаар ойлгоно”, 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.2-т “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж энэ хуульд заасан хохирлын хэмжээг тодорхойлсон тул шүүгдэгч Н.О- нь дээрх гэмт хэргийн улмаас бусдад 31.169.974 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзэх нь хуульд нийцнэ.

Дээрх байдлуудыг үндэслэн, анхан шатны шүүх прокуророос Н.О-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүхээс Н.О-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан хэмжээний дотор торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан уг ялыг биелүүлэх хугацааг тогтоосон нь хуульд нийцжээ.

Энэ гэмт хэргийн улмаас Төрийн тусгай хамгаалалттай газрын “Их тэнгэр цогцолбор”-т учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг тогтоохдоо, тус байгууллагын санхүүгийн тайлан, дотоод аудитын дүгнэлтэд дүн шинжилгээ хийсэн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэсэн байх бөгөөд тус байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Ариунаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон, үүнээс Н.О-ийн төлсөн хэсгийг хасаж, үлдэх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 463 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ж.Ариунаагийн бичсэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                  ШҮҮГЧИД                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                                          Н.БАТСАЙХАН