Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00152

 

УБХБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00485 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 722 дугаар магадлалтай,

УБХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ГГ ХХК, Б.А-, Б.Б-, Г.Ч-, Б.Ж- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 167.614.282,96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч УБХБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ГГ ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, жилийн 9 хувийн хүүтэй, 180.000.000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор нийт 5 хөрөнгө, 2 газар барьцаалсан. Уг зээлийн хувьд Хөгжлийн банкны зээлээр санхүүжигдсэн. Тийм учраас өнөөдрийн байдлаар зээлийн тооцоолол болон дүн гэрээнд заагдсаны дагуу зарим эх үүсвэрт 9 хувь, зарим хэсэгт 27.5 хувь байгаа. ГГ ХХК нь 2016 оны 10 дугаар сараас гэрээний үүргээ биелүүлэхгүй, хугацаа хэтрүүлсэн. Иймээс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 99.051.860.28 төгрөг, банкны өөрийн эх үүсвэрт шилжсэн зээлийн төлбөрт 68.562.422.68 төгрөг, нийт 167.614.282.96 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнийг задалбал Хөгжлийн банкны зээлээс төлөгдөөгүй 85.000.000 төгрөг, хүү 13.191.472 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 860.387 төгрөг, гэрээнд заасны дагуу өөрийн эх үүсвэр рүү шилжүүлсэн зээл 46.773.586 төгрөг, хүү 18.625.917 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.162.918 төгрөг болно. Энэ мөнгийг хариуцагч ГГ ХХК-иас гаргуулна. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хариуцагч ГГ ХХК, Б.Б, Г.Ч, Б.А, Б.Ж- нарын өмчлөлийн нэхэмжлэлд дурдагдсан 7 барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ын шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагчийн зүгээс 123.000.000 төгрөгийг төлөх боломжтой. 123.000.000 төгрөгийн тооцоолол нь зээлийн үлдэгдэл 99.051.860 төгрөг байгаа. Энэ үлдэгдлийг жилийн 9 хувийн хүүтэйгээр тооцож үзэхэд үндсэн зээл, хүү нийт 123.000.000 төгрөг болно. Тийм учраас энэ хэмжээний мөнгийг төлнө. УБХБ ХХК-иас зээлийн эх үүсвэр рүү шилжсэн мөнгөний гуравны хоёрыг төлөхгүй гэж байгаа шалтгаан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар Хөгжлийн банкнаас шилжүүлсэн 180.000.000 төгрөгөөс 126.000.000 төгрөгөөр УБХБ ХХК өөрийнхөө активыг хааж үлдэх 54.000.000 төгрөгийг Б.Ж-д өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр чек бичигдээд, дараа нь орлого гээд 2014 оны зээл, зээлийн гэрээтэй холбоотой активаа хаасан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна. Тэгэхээр эх үүсвэр рүү шилжих болсон шалтгаан нь УБХБ ХХК-тай холбоотой. УБХБ ХХК, Хөгжлийн банктай хийсэн гэрээгээрээ ч тэр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгож байгаа зээлийг бүрэн олгох үүрэгтэй болохоос биш улсын төсвөөс олгож байгаа мөнгөөр өөрийнхөө активыг хаах эрхгүй. Банкны эх үүсвэр рүү шилжсэн гэсэн эрсдэлээ УБХБ ХХК өөрөө хариуцах ёстой. Иймд 123.000.000 төгрөгийг төлнө. Үлдсэн мөнгийг төлөхөөс татгалзаж байна. Үүргийн гүйцэтгэлийг Г.Ч-, Б.Б-, Б.А-, Б.Ж- гэсэн 4 хүний өмчлөлийн орон сууцнаас хангахыг хүлээн зөвшөөрөхгүй. Нийт 380.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө барьцаалсан хирнээ 180.000.000 төгрөгийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгээс хэт давсан барьцаа хөрөнгийг барьцаалж авч үлдсэн. Тиймээс орон сууцтай холбоотой шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00485 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч ГГ ХХК-аас 167 614 282.96 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УБХБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо,1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 376 тоотод байрлах, хариуцагч Г.Ч-ийн өмчлөлийн 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 34 дүгээр байрны 130 тоотод байрлах, хариуцагч Г.Ч-, Б.Б-, Б.А-, Б.Ж- нарын өмчлөлийн 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байрны 99 тоотод байрлах, хариуцагч Б.Ж-ы өмчлөлийн 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байрны 99 тоотод байрлах, ГГ ХХК-ийн мебель бүрэгч машин, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан 15020, 1 дүгээр хэсгийн 88 тоотод байрлах, хариуцагч Б.Ж-ы өмчлөлийн, 240 м.кв талбайтай хувийн сууц, 400 м.кв эзэмших эрхтэй газар, мебелийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч УБХБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 338 630 төгрөгөөс 1 066 221 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 272 409 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ГГ ХХК-аас 1 066 211 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 722 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00485 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ГГ ХХК-аас 145 314 282 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч УБХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 3 дахь заалтын хариуцагч ГГ ХХК-аас 1 066 211 төгрөгийг гэснийг хариуцагч ГГ ХХК-аас 884 521 төгрөгийг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 453.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Магадлалд “...нэхэмжлэгч нь 2018.11.30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийг тооцон хариуцагчаас нийт 167.614.282 төгрөг шаардсныг буруу гэж 2017.09.04-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа гэрээг цуцалж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тооцон шаардлага гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хугацаа нь дуусгавар болоогүй гэрээг хариуцагч үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр өөрөө нэг талын санаачлагаар цуцалж дуусгавар болгосон тохиолдолд уг хугацаанаас хойш гэрээний үүрэг буюу нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй болно” гэж дүгнэжээ. Шүүх дээрх байдлаар дүгнэхдээ хуулийн ямар нэгэн зүйл заалт үндэслээгүй, магадлалын хууль зүйн үндэслэлийг тайлбарлаагүй нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй байна. Банк, эрх бүхий этгээдийн эрхлэх мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, ...нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу зээлдэгч хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Гэтэл шүүхээс “нэхэмжлэгч гэрээг цуцалсан” гэх үндэслэл дурдаж зээлдэгчийг хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлж шийдвэрлэжээ. Мөн нэхэмжлэлийн үнийн дүнгээс 22.300.000 төгрөг хасч шийдвэрлэхдээ уг мөнгө нь ямар тооцооллоор гарсныг шалгаагүй, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа барагцаагаар хийсэн тооцооллыг шууд ашигласан, үндэслэл нь тодорхойгүй байдлаар “хариуцагчийн зөвшөөрсөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж” шийдвэрлэжээ. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

УБХБ ХХК, ГГ ХХК-с зээлийн гэрээний үүрэгт 167.614.282,96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэлтэй холбоотой барьцааны хөрөнгийн өмчлөгч нар болох Б.А-, Б.Б-, Г.Ч-, Б.Ж- нарыг хамтран хариуцагчаар татжээ.

Хариуцагч ГГ ХХК зээлээс 123.000.000 төгрөгийн шаардлага болон  2 өрөө орон сууцнаас бусад барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

УБХБ ХХК, ГГ ХХК-ийн хооронд 2015.11.19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээ хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагад нийцүүлэн дүгнэжээ.

ГГ ХХК нь авсан зээлээ тохирсон хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч УБХБ ХХК нь үүргээ биелүүлэхийг шаардсан, хариуцагч шаардлагыг биелүүлээгүйгээс 2017.09.04-ний өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлж, улмаар шүүхэд хандсан нь гэрээний 8.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг зөрчөөгүй байна.

УБХБ нь Монгол улсын хөгжлийн банк, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай байгуулсан 2015.06.12-ны өдрийн З-ЖД-С 2015-49 тоот дамжуулан зээлдүүлэх гэрээний үндсэн дээр ГГ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 180.000.000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай олгосон бөгөөд дамжуулан зээлдүүлэх гэрээний 4.2, 2.1.9, 5.1.1, 5.1.4-т зааснаар УБХБ
ХХК нь ГГ ХХК-ийн өмнөөс зээлийн эргэн төлөлтийн эрсдлийг хүлээж, зээлийн төлөлтийг тухай бүрт Хөгжлийн банкинд төлөх үүрэг хүлээсэн байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 3.3.2, 4.2-т зааснаар зээлдэгч ГГ ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд зээлийг банкны эх үүсвэр рүү шилжүүлж, жилийн хүүг 27.6 хувь болгож зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгахаар талууд тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний зохицуулалтын дагуу шаардах эрхтэй талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

УБХБ нь анх шүүхэд хандахдаа зээлийн гэрээг 2017.09.17-ний өдрөөр цуцлан, гэрээг цуцлах хүртэлх үүргийн биелэлт шаардсан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үүргийн биелэлт гэх агуулгаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн нь хуульд нийцээгүй тул нэмэгдүүлсэн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэснийг үгүйсгэх боломжгүй болно.

Харин давж заалдах шатны шүүх тус шүүхэд гаргасан “145.314.282 төгрөг төлөх боломжтой” гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь буруу биш байна.

2. УБХБ ХХК болон ГГ ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр, зээлийн үүргээ гүйцэтгэхийг шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Барьцааны гэрээнд зааснаар Г.Ч-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах 3 өрөө орон сууц, Г.Ч-, Б.Б-, Б.А-, Б.Ж- нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 2 өрөө орон сууц, Б.Ж-ы өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 2 өрөө орон сууц, Б.Ж-ы өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах хувийн сууц, уг хаягт байх 400 м.кв эзэмших эрхтэй газар, Б.Ж-ы өмчлөлийн мебелийн үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмж, ГГ ХХК-ийн өмчлөлийн мебель бүрэгч машин барьцаанд байна. Иймд эдгээр эд хөрөнгийн өмчлөгч, барьцаалуулагч Г.Ч-, Б.Б-, Б.А-, Б.Ж-, ГГ ХХК-д холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангасан нь зөв байна.

Дээрх үндэслэлээр “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 722 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 269.450 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ