Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00153

 

Х Л ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00654 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 714 дугаар магадлалтай,

Х Л ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Я ХХК-д холбогдох

Санхүүгийн түрээсийн төлбөрт 126.195.185 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, өмгөөлөгч Н.А, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Х Л ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Я ХХК нь манай компанитай 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 73000038 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан, 11-40 УН улсын дугаартай Хьюндай маркийн экскаваторыг 35 сарын хугацаатай авсан. Гэрээний харилцаа үргэлжилж байх хооронд хариуцагч 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хойш гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Гэрээний үүргийн зөрчлөө арилгах шаардлага, мэдэгдэл хүргүүлэн, нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч нь тогтоосон хугацаанд гэрээний үүргийн зөрчлөө арилгаагүй. Ингээд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн зүйлээ буцаан авсан. 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч талаас 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний үүргийн зөрчлөө арилгаж, уг төлбөрийг төлөхөөр баталгаа гаргаж өгсөн байдаг. Бид үүнээс хойш жил орчим хариуцагчийг харсан. Энэ хугацаанд хариуцагч талаас төлбөр төлөх ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож, хариуцагч талд гэрээгээ цуцаллаа гэж мэдэгдсэн. Талууд 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлэхэд 42,109 ам.долларыг хариуцагч манай компанид төлөхөөр байсан бөгөөд түрээсийн зүйл буюу экскаваторыг биет байдлаар эзэмшиж ашиглах хугацаанд төлөх ёстой байсан төлбөрөө төлөөгүйгээс манай компанид 47,901 ам.долларын буюу үүнийг 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн албан ханш болох 2,634.5 төгрөгөөр тооцвол 126.195.185 төгрөгийг хохирол учраад байна. Бидний зүгээс тус гэрээ цуцалсан хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацаанд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 102/Ш32018/11579 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь заалтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/00790 дугаартай шийдвэрээр зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоосон бөгөөд Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор уг шийдвэрийг хэвээр үлдээж зохигчийн хоорондын өөр маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Дээрх байдлаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 102/Ш32018/11579 дугаартай захирамжаар тус компанийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл арилсан тул хариуцагчаас санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 126.195.185 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Я ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Талууд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний төлбөр нийт 339 900 ам.доллар. Тухайн гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны ханш 1 ам.доллар 1 392.82 төгрөгийн ханштай байсан. Хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу 339.900 ам.доллар буюу нийт 473.242.770 төгрөг төлөхөөс 30 хувийн урьдчилгаа 101.900 ам.доллар буюу 142.000.977 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгөн дээр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл 332.242.093 төгрөгт 35 сарын хугацаатай, сарын 1.45 хувийн хүүтэйгээр харилцан тохиролцсон. Энэ үйл баримт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Шүүхээс санхүүгийн түрээсийн гэрээний 30 хувь буюу 142.000.977 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж үзсэн.  Бусад үлдэгдэл мөнгөн дээр санхүүгийн түрээсийн гэрээ хийгдсэн байна гэдэг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Манай компани Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Х Л ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр  урьдчилгаа болон түрээсийн төлбөрт нийт 313.161.671 төгрөгийг төлж барагдуулсан гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Х Л ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээнд төлсөн мөнгийг буцаан төлөхгүй гэдэг хариу гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дараах 2 зүйлийг үндэслэсэн байдаг. Нэгдүгээрт талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн бөгөөд, тооцоо нийлэхэд 42.109 ам.долларыг хариуцагч манай компанид төлөхөөр байсан бөгөөд уг төлбөрийг мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлнө гэсэн баталгааг үндэслэсэн. 42.901 ам.доллар баталгаан дээр дурдагдсан боловч нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлд 47.901 ам.доллар нэхэмжилсэн байдаг. Төлбөрийн үүрэг гүйцэтгэх баталгаа хэзээ хийгдсэн бэ гэхээр 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 89 хоног хэтрүүлсэн 42.901 ам.долларын санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна баталгаа гаргаж өгсөн. Тухайн баталгаатай холбоотой өмнөх хэрэг дээр энэ мөнгийг нэхэмжилж байгаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцвол 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн баталгааг эцсийн байдлаар тоолбол 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусч байна гэж бидний зүгээс үзэж байна. Тэгэхээр 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Х Л ХХК-ийн анхны нэхэмжлэлийн шаардлага гаргасан хугацаа болон сүүлд 12 дугаар сард нөхөж гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00654 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Я ХХК-иас 126 195 185 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х Л ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х Л ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 788 930 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Я ХХК-иас 788 930 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 714 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00654 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, 162 162.4 шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Я ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэгч нь 126.195.185 төгрөгийг нэхэмжлэхдээ, 1-рт талууд 2014 оны 07 сарын 25-ны өдөр тооцоо нийлэхдээ 42,109 ам.долларыг хариуцагч төлөхөөр байсан уг төлбөрийг мөн оны 9 сарны 01-ний өдрийн дотор төлөхөөр хариуцагч баталгаа гаргасан хэдий ч хугацаандаа төлөөгүй тул түрээсийн зүйлийг 2014 оны 8 сарын 14-ний өдөр хураан авсан, 2-рт бидний зүгээс гэрээ цуцалсан хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацаанд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2018 оны 102/Ш32018/11579 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул нэхэмжлэх эрхтэй гэсэн нэхэмжлэгчийн үндэслэлийг хангасан шүүхийн шийдвэрүүд нь иргэний эрх зүйн харилцааны маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүй, зарим үйл баримтанд дүгнэлт өгөөгүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шийдвэрт “хариуцагчаас 126.195.185 төгрөгийг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-т заасан хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэх зохицуулалтад нийцнэ” гэж хуулийг хэрэглэсэн нь дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй байна. Нэгдүгээрт, тус үйл баримтын талаар санхүүгийн гэрээний дагуу талуудад ямар хэмжээний төлбөр төлөх үүрэг үүссэн, тэрхүү үүргийг хэн хэрхэн биелүүлэх тухай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан, хоёрдугаарт нэхэмжлэгч нь банк болон банк бус санхүүгийн байгууллагын эрхгүй тул аливаа төлбөр тооцоог гадаад валютаар хийх эрхгүй буюу хуулиар хориглосон этгээд байна. Мөн талууд гэрээний эд зүйлийн үнийг төгрөгөөр тооцож байгуулсан, төлбөрийн баталгаа, нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан хугацааны төлбөрийн хуваарийг хариуцагч талаас гаргаж өгсөн зэрэг үйл баримт байхад шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлд заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч гэрээний үүргийн ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын төгрөгтэй тэнцэх ханшинд хөрвүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд Я ХХК-иас үүрэг үүссэн үеийн ханш болох гэрээ байгуулсан үеийн ханшийг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдсан хугацааны буюу 2014 оны 8 сарын 30-ны өдрийн үүрэг үүссэн үеийн ам.доллартай тэнцэх төгрөгийн ханшны талаар хэрэгт нотлох баримт өгөөгүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ өөрсдөө нотолж чадаагүй байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа шүүхэд нотолсон баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Түрээсийн зүйлийн ашиглалтын талаар маргаантай буюу түрээсийн зүйлийн элэгдэл, хорогдол маш бага явагдсан, хугацаанаас өмнө түрээсийн зүйлийг хураан авсан тул хэмнэлтийг суутган тооцох, гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан гэж хариуцагч татгалзлаа илэрхийлсэн, мөн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.5-д заасны дагуу харилцан шаардлага тооцох буюу нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг үгүй болсон гэж мэтгэлцсэн байхад шүүх маргаангүй гэж дүгнэсэн нь хууль бус байна. Нэхэмжлэгч нь 2014 оны 08 сарын 14-ний өдөр түрээсийн зүйлийг буцаан авсан гэж шүүх дүгнэсэн бөгөөд элэгдлийг тооцсон үнэ, хугацаанаас өмнө түрээсийн зүйлийг хураан авснаас үүссэн хэмнэлтийг хасаж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлогдох юм. Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг 2014 оны 8 сарын 14-ний өдөр хураан авсан нь гэрээнээс татгалзсанаа мэдэгдсэн гэж үзэх эсвэл 2014 оны 7 сарын 25-ны өдөр тооцоо нийлэхдээ 42,109 ам.долларыг хариуцагч мөн оны 9 сарны 01-ний өдрийн дотор төлөхөөр тохирсон нь энэ хугацаанд нэмэлт хугацаа тогтоосон байна. Гэрээнээс татгалзах тухай мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавигддаггүй, талууд гэрээгээр тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн 2015 оны 8 сарын 31-ний өдрийн 674 дугаар албан бичгээр гэрээ цуцалсан нь хүчин төгөлдөр бус юм. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2015 оны 08 сарын 31-ний өдрийн 674 дугаар албан бичигт “...2015 оны 08 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон түрээслүүлэгчийн санаачлагаар цуцалсан...” тухай мэдэгдлийн хугацаа анхан шатны шүүхийн 2018 оны 102/Ш32018/11579 дугаар шүүгчийн захирамжаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т заасныг зөрчиж байгаа тул 79 дүгээр зүйлийн 79.7-д заасны дагуу дахин шинээр эхлэн тоолно гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс эхэлж хөөн хэлэлцэх хугацааг тоолох ба нэхэмжлэгч гэрээг цуцалсан гэх мэдэгдэл хүргүүлснээс тоолохгүй юм. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 329 дугаар албан бичигт “...2015 оны 8 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон танай компанитай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж, уг харилцаа дуусгавар болсон...” гэж албан бичгээр мэдэгдсэн нь үүргийн харилцаа дуусгавар болсон учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болсон, ямар нэгэн төлбөрийн маргаагүй гэсэн үйл баримтыг шүүх үнэлээгүй, буруу дүгнэсэн нь шүүх гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахтай холбоотой маргаан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдааг гаргасан гэж үзэж байна. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах маргааныг шийдвэрлэхэд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэлээс гадна гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах процесс, хуулиар тогтоосон журмын талаарх зохицуулалт нь зайлшгүй хэрэглэвэл зохих хууль байхад хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл шүүхээс гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч хэрэглээгүйгээс эрх зүйн хувьд бүрэн дүгнэлт өгөөгүй алдаа гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд гэрээг цуцалсан гэж үзээд үр дагаврыг шаардаж байгаа, эсвэл гэрээг цуцлах, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэх хоёр шаардлага гаргасан эсэх нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй ба гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болох юм. Талуудын хооронд 2013 оны 01 сарын 30-ны өдрийн 73000038 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд энэхүү гэрээтэй холбоотой иргэний хэрэг маргаан гурван шатны шүүхээр өмнө нь шийдвэрлэгдсэн байдаг. Тус гэрээний харилцааг дүгнэж талуудын хооронд үүссэн үүргийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсныг дурдах нь зүйтэй. Тодруулбал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 он 4 сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00790 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Х Л ХХК нь Я ХХК-ийн ашиглалтад 339.900 ам доллар буюу 473.242.770 төгрөгийн үнэ бүхий эксковатор шилжүүлж, ...үлдэгдэл 331.242.093 төгрөгийн төлбөрийг 35 сарын хугацаатай төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.” гэж шийдвэрлэж байсан. Энэ нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т талууд гэрээгээр ямар үүргийг гүйцэтгэхээр хэлэлцэн тохиролцсон тэр үүргийг гүйцэтгэх ёстой гэж заасны дагуу техникийн үлдэгдэл 331.242.093 төгрөгийн төлбөр төлөх үүрэг үүссэн юм. Үүнээс үзвэл талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн талаар шүүх дүгнэлт өгсөн бөгөөд энэхүү гэрээгээр хэн ямар үүрэг хүлээсэн бэ гэдэг талаар өмнөх иргэний хэрэг маргаанд дурдагдсан. Тухайн Санхүүгийн түрээсийн гэрээгээр Я ХХК нь 331.2.42.093 төгрөгийг 35 сарын хугацаатай төлөхөөр тохиролцсоны дагуу гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлж сар бүрийн үүргийн төлбөрийг төгрөгөөр харилцагч талд шилжүүлж байсан. Х Л ХХК нь сар бүр шилжүүлж байсан төлбөрийг тухайн өдрийн ам.долларт шилжүүлэн авснаар талуудын хооронд үл ойлголцол үүсч гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй болсон байдаг. Х Л ХХК нь Банк болон банк бус санхүүгийн байгууллагын эрхгүй бөгөөд төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх байгууллага юм. Мөн тус компани 331.242.093 төгрөгийг 2015 оны 12 сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн хуваарийн дагуу авахаар тохиролцож гэрээгээ байгуулсан мөртлөө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэгдүгээрт, гадаадын мөнгөн тэмдэгтээр илэрхийлсэн хоёрдугаарт, тухайн нэхэмжилсэн ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн түрээсийн эд хөрөнгийн үнэ 331.242.093 төгрөгийн төлбөр авахаар тохирсон боловч ам.доллараар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, мөн нэхэмжлэл гаргах үеийн валютын ханшаар тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Я ХХК нь 2013 оны 01 сарын 30-ны өдөр 142.006.677 төгрөг, 2013 оны 02 сараас 171.160.994 төгрөгийг өмнө нь төлсөн бол Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2015 оны 8 сар хүртэл гэрээний үүрэг 126.195.185 төгрөг төлөх бол нийтдээ 439.356.856 төгрөг төлөх болж байна. Гэтэл түрээсийн зүйлийн үнэ 473.242.770 төгрөг байна. Я ХХК 2014 оны 8 сарын 31 хүртэл Х Л ХХК-д төлөх төлбөр нь санхүүгийн түрэээсийн зүйлийн 90 хувьтай тэнцэх төлбөр төлөхөөр болж байна. Нэхэмжлэгч нь 2013 онд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээгээр 2014 оны 8 сар хүртэл 439.356.856 төгрөг олж цаашид гэрээний хугацаа дуусах 2015 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл их хэмжээний төлбөр авах эрхтэй мэт нэхэмжлэгчид хууль зөрчсөн, үндэслэлгүй хөрөнгөжих боломжийг олгосон шударга бус үйлдлийг дэмжсэн үйлдэл болж байна. Иймд дурьдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Х Л ХХК, Я ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн төлбөр 126.195.185 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэсэн, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, төлбөрийг  ам.доллараар тооцсон, мөн ханшийг үүрэг гүйцэтгэх бус нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон нь хууль зөрчсөн гэх үндэслэл заан маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн ба шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

Өмнө нь Я ХХК-ийн Х Л ХХК-д холбогдуулан 214.774.023 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.06-ны өдрийн 181/ШШ2018/00790 дугаар шийдвэрээр шийдвэрлэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа зохигчийн хооронд 2013.01.31-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд Я ХХК гэрээний үүргээ зөрчсөнөөс Х Л ХХК нь түрээсийн зүйл экскаваторыг 2014.08.14-ний өдөр авч, улмаар 2015.08.31-ний өдрөөр гэрээ цуцлагдсан болохыг тогтоосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч Х Л ХХК нь гэрээ цуцлагдахаас өмнөх буюу 2014.04.15-ны өдрөөс 2014.08.14-ний өдөр хүртэлхи хугацааны санхүүгийн түрээсийн төлбөр 47.901 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нийт 126.195.185 төгрөг  хариуцагч Я ХХК-с гаргуулахаар шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасныг зөрчөөгүй байна.

Нэгэнт нэхэмжлэгчийн гэрээг цуцлах тухай хариуцагчид хүргүүлсэн 2015.08.31-ний өдрийн мэдэгдлээр гэрээ цуцлагдсан гэж үзсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул дээрх хугацаанаас гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацааг тоолно. Хэргийн баримтаас үзвэл энэхүү хугацааны дотор хариуцагчийн нэхэмжлэлээр зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн төлбөрийн асуудлаар маргаан гарч, уг маргааныг шүүх шийдвэрлэсэн, түүнчлэн нэхэмжлэгч Х Л ХХК-ийн энэ нэхэмжлэлтэй хэргийг шүүх урьд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байгаа нь нэхэмжлэгч Х Л ХХК-ийн хувьд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа  тасалдаж, шинээр тоолох нөхцөл бүрдсэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 79 дугаар зүйлийн 79. 6, 79.7-д заасныг зөрчөөгүй байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ, хариуцагчийн хожим нь гаргасан төлбөр төлөх баталгаа зэргээр экскаваторын санхүүгийн түрээсийн төлбөрийг хариуцагч ам.доллараар төлөх үүрэг хүлээсэн байна. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул төлбөрийг ам.доллараар тооцсныг үгүйсгэх үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нэхэмжлэгч шүүхэд хандахад нэхэмжлэлийн үнийг тодорхойлох журмыг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 63.2-т гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцдог байна. Иймд нэхэмжлэгч ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн төгрөгтэй харьцуулсан ханшаар тооцож нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон нь хууль зөрчөөгүй, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Өмнө нь Я ХХК нь Х Л ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа ам.долларыг үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар бодсоныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Х Л ХХК-ийн Я ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсонд нөлөөлөх учиргүй байна. Иймд шүүх Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 218 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/00654 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 714 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 788.930 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ