Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2019/00654

 

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2019/00654

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дүгээр хороо, ..., .... 5 дугаар давхарт байрлах, ХЛ ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, .... гудамж, ...байранд байрлах, Я  ХХК /РД:.../-д холбогдох,

 

Санхүүгийн түрээсийн төлөрт 126,195,185 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар, өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаслинзинг ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагч Я  ХХК нь манай компанид хүсэлт гаргаснаар 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 73000038 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан, 11-40 УН улсын дугаартай Хьюндай маркийн экскаваторыг 35 сарын хугацаатай авсан. Гэрээний харилцаа үргэлжилж байх хооронд хариуцагч 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойш гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Гэрээний үүргийн зөрчлөө арилгах шаардлага, мэдэгдэл хүргүүлэн, нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч нь тогтоосон хугацаанд гэрээний үүргийн зөрчлөө арилгаагүй. Ингээд бид 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн зүйлээ буцаан авсан. 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч талаас 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний үүргийн зөрчлөө арилгаж, уг төлбөрийг төлөхөөр баталгаа гаргаж өгсөн байдаг. Бид үүнээс хойш жил орчим хариуцагчийг харсан. Энэ хугацаанд хариуцагч талаас төлбөр төлөх ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож, хариуцагч талд гэрээгээ цуцаллаа гэж мэдэгдсэн. Хариуцагч Я  ХХК-ийг манай гаргасан хавтаст хэргийн 13 дугаар талд байгаа баталгааны дагуу төлбөрөө төл гэж маргаж явсаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр маргаанаа шийдүүлсэн. Үндсэндээ санхүүгийн түрээсийн гэрээнээс татгалзах агуулгатай нэхэмжлэлийн шаардлага байсан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00790 дугаартай шийдвэрээр талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн учраас биет байдлаар эзэмшиж ашиглаж байсан хугацааны төлбөрийг буцаан шаардах үндэслэлгүй байна гэж анхан шатны шүүх шийдвэрлээд, энэ шийдвэр нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Монгол улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны 01803 тогтоолоор баталгаажсан. Нэгэнт талууд тохиролцож, нэг талын санаачлагаар буюу ХЛ ХХК-ийн санаачлагаар 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр санхүүгийн гэрээг цуцалсан тул хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. 2018 оны 08 дугаар сард миний бие хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Хөөн хэлэлцэх тоолох журам дээр хариуцагч баталгаа гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг. Өөр хэргийг шийдэхээс нааш энэ хэргийг шийдэж болохгүй гэдэг нөхцөл байдал арилсан учраас дахиад шүүхэд нэхэмжлэл гаргаад түрээсийн зүйл болох экскаваторыг биет байдлаар эзэмшиж, ашиглаж байхдаа тооцогдсон түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулснаас хойш төлөх ёстой төлбөр нийт 126,195,185 төгрөг байгаа. Санхүүгийн түрээсийн гэрээ ам.доллараар хийгдсэн байсан. Ам.долларыг Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож гаргасан. 47,901 ам.долларыг 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол банкнаас зарласан хаалтын ханш болон 2,634.5 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Я  ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл экскаваторыг биет байдлаар эзэмшсэн хугацааны нийт төлбөр 159,823 ам.доллар болсон. Эдний манайд төлж байсан төлбөрийг нэмж үзвэл 111,922 ам.доллар болдог. Энэ хоёрын зөрүү нь 47,901 ам.доллар болж байгаа. Иймд санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйлийг биет байдлаар ашиглаж байсан хугацааны төлбөр126,195,185 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я  ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч талууд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Санхүүгийн түрээсийн гэрээний төлбөр нийт 339,900 ам.доллар. Тухайн гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны ханш 1 ам.доллар 1,392.82 төгрөгийн ханштай байсан. Хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу 339,900 ам.доллар буюу нийт 473,242,770 төгрөг төлөхөөс 30 хувийн урьдчилгаа 101,900 ам.доллар буюу 142,000,977 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгөн дээр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл 332,242,093 төгрөгт 35 сарын хугацаатай, сарын 1.45 хувийн хүүтэйгээр харилцан тохиролцсон. Энэ үйл баримт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Шүүхээс санхүүгийн түрээсийн гэрээний 30 хувь буюу 142,000,977 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Бусад үлдэгдэл мөнгөн дээр санхүүгийн түрээсийн гэрээ хийгдсэн байна гэдэг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргасан бэ гэхээр хариуцагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр үлдэгдэл төлбөр болох 171,160,994 төгрөгийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж, нийт 313,161,671 төгрөгийг ХЛ ХХК-д төлж барагдуулсан гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл нийт 473,242,770 төгрөг төлөхөөс 313,161,671 төгрөг төлж, нийт төлөгдөөгүй төлбөр мэтээр гаргаад нэхэмжлэл өгсөн байдаг. Гэхдээ энэ дээр бидний зүгээс юу гэж үзсэн бэ гэвэл тухайн нөхцөл байдлаас шалтгаалж хэдийгээр бид санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөөгүй ч гэсэн нийт түрээсийн төлбөрийн 66,17 хувийг төлсөн байдаг. Тус хэрэгт авагдсан үйл баримтаар тухайн машин механизм нийт 1.170 мото/цаг ажилласан байдаг. Энэ нь тус механизмын хувьд маш бага цаг ажилласанд тооцогддог гэсэн үйл баримт тухайн хэрэгт авагдаж, тухайн хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. Нийт хариуцагчаас 214,774,023 төгрөгийн тооцоон дээр үндэслээд буцаагаад 30 хувь болон 30 хувь дээр нэмээд 214,774,023 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх ХЛ ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учраас урьдчилгаанд төлсөн 30 хувийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн. Үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй. ХЛ ХХК-иас тухайн хэрэг дээр гаргаж өгсөн тайлбар дээр бидний зүгээс талуудын хооронд төлбөр тооцоо байхгүй. Я  ХХК-ийг төлсөн мөнгө санхүүгийн түрээст төлөгдсөн мөнгө. Тийм учраас бидний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Санхүүгийн түрээсийн гэрээнд төлсөн мөнгийг буцаан төлөхгүй гэдэг шаардлага тавьсан. Тухайн маргаан дээр 30 хувийн асуудал яригддаг. Санхүүгийн түрээсийн төлбөрт төлсөн мөнгөө буцааж авахгүй. Урьдчилгааг буцаах хэрэгтэй гэж шүүх шийдсэн. Нэхэмжлэгч тухайн үед ямар нэгэн маргаан байхгүй. Одоогийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслээд байгаа зүйл бол Я  ХХК-ийн гаргаж өгсөн баталгаа гэж эдний зүгээс үздэг. Манай зүгээс баталгаатай холбоотой тайлбараа өгье. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дурдахдаа дараах 2 зүйлийг үндэслэсэн байдаг. Нэгдүгээрт талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн бөгөөд, тооцоо нийлэхэд 42,109 ам.долларыг хариуцагч манай компанид төлөхөөр байсан бөгөөд уг төлбөрийг мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлнө гэсэн баталгааг үндэслэсэн. 42,901 ам.доллар баталгаан дээр дурдагдсан боловч нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлд 47,901 ам.доллар нэхэмжилсэн байдаг. Төлбөрийн үүрэг гүйцэтгэх баталгаа хэзээ хийгдсэн бэ гэхээр 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 89 хоног хэтрүүлсэн 42,901 ам.долларын санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна баталгаа гаргаж өгсөн. Тухайн баталгаатай холбоотой өмнөх хэрэг дээр энэ мөнгийг нэхэмжилж байгаагүй. Талуудын хооронд төлбөр мөнгөний асуудал байхгүй гэсэн ХЛ ХХК-ийн тайлбар байгаа. Нэхэмжлэгч анх 2018 онд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл 2018 онд нэхэмжлэл гаргахдаа бид энэ баталгааг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Гэхдээ 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосноор хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэдэг үндэслэлийг дурдсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцвол 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн баталгааг эцсийн байдлаар тоолбол 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусч байна гэж бидний зүгээс үзэж байна. Тэгэхээр 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэгч ХЛ ХХК-ийн анхны нэхэмжлэлийн шаардлага гаргасан хугацаа болон сүүлд 12 дугаар сард нөхөж гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байна. Өөр ямар нэгэн байдлаар тухайн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн102/ШЗ2018/11579 дугаар захирамж нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулсан гэх үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 218.2 дахь хэсэг, 217 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн үнийг тодорхойлсонгүй. Нэхэмжлэгч гэрээ цуцалснаас хойш хөөн хэлэлцэх хугацаанд нэхэмжлэл гаргасан. Эдгээрээс өмнө 76 дугаар зүйлд заасан заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох, шаардах эрх үүссэн эсэх, баталгааны хугацаа гэсэн хэсгээр хөөн хэлэлцэх хугацааг тоолбол хөөн хэлэлцэх хугацаанд нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан байна. Мөн иргэний хуулийн 315 дугаар зүйлд түрээслүүлэгчийн шаардлагын хэмжээг тодорхойлох ойлголт байгаа. Энэ дээр ттүрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ гэж тодорхойлсон. Иймд энэ 3 нөхцөлийг үндэслэж байгаад ийм тооцоо гаргах ёстой байсан гэж үзэж байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч ХЛ ХХК нь хариуцагч Я  ХХК-д холбогдуулан 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 47,109 ам.доллар буюу 126,195,185 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, төлбөр тооцоог ам.доллараар тооцсон нь үндэслэлгүй хэмээн маргажээ.  

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ХЛ ХХК, хариуцагч Я  ХХК-ийн хооронд 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээг байгуулагдсан байх бөгөөд тэдний хооронд санхүүгийн түрээсийн төлбөртэй холбоотой маргаан үүссэн байна.

 

Хэрэгт нотлох баримтаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00790 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2018/01803 дугаар тогтоол авагдсан.

 

Дээрх шүүхийн шийдвэр, тогтоолоор талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг ...ХЛ ХХК, Я  ХХК-ийн хооронд 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, ...гэрээгээр талууд 339,900 ам.доллар буюу 473,242,770 төгрөгийн үнэ бүхий Hyumdai R480LC маркийн экскаваторыг шилжүүлж, Я  ХХК нь экскаваторын урьдчилгаа төлбөрт 30 хувь болох 101,990 ам.доллар буюу 142,006,677 төгрөгийг Хера экуйпмент ХХК-д, 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд түрээсийн төлбөрт 111,922 ам.долларыг ХЛ ХХК-д төлсөн гэж, /хх-ийн 19 дүгээр тал/

Гэрээнд төлбөр тооцоог хийх мөнгөн дэвсгэртийн талаар ...Зохигчдын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээ-ний үнийг Монгол Улсын үндэсний мөнгөн дэвсгэртээр бус ам.доллараар илэрхийлсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар талууд гэрээгээр ямар үүргийг гүйцэтгэхээр хэлэлцэн тохиролцсон, тэр үүргийг гүйцэтгэх ёстой. гэж,

Гэрээ цуцалсан хугацааг ...Түрээслэгч Я  ХХК-ийн түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөх үүргээ зөрчсөнөөс ,шалтгаалан түрээслэгч ХЛ ХХК нь түрээсийн эд хөрөнгийг 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр буцаан авч, талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр цуцалсан байна. гэж,

Шүүхийн шийдвэрээр ХЛ ХХК-иас буцаан гаргуулсан 101,990 ам.доллар буюу 142,000,677 төгрөгт экскаваторын үнэ шингэсэн талаар ...Тухайн эрх зүйн маргааны оролцогч биш Хера экуйпмент ХХК нь 339,900 ам.долларын төлбөрөөс гэрээний урьдчилгааны 101,990 ам.долларыг Я  ХХК-иас, үлдэх 237,910 ам.долларыг ХЛ ХХК-иас авч, экскаваторыг ХЛ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болохоо шүүхэд тодорхойлсон байна. Я  ХХК-иас урьдчилгаанд авсан гэж худалдагч Хера экуйпмент ХХК-ийн хүлээн хүлээн зөвшөөрсөн 101,990 ам.долларыг нэхэмжлэгч ямар хэлбэрээр төлсөн болохоос үл хамааран энэхүү төлбөр нь экскаваторын үнэд шингэсэн бөгөөд хариуцагч ХЛ ХХК гэрээний зүйл болох эд хөрөнгийг өмчлөлдөө авсан учир энэ үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтад нийцжээ. /хх-ийн 58-59 дүгээр тал/ гэж тус тус дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу дээрх үйл баримт шшүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзэх тул дахин нотлохгүй.

 

Мөн талууд гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр, түрээсийн зүйлийг ашигласан болон буцаан шилжүүлсэн хугацааны талаар маргаагүй.

 

Талууд санхүүгийн түрээсийн гэрээний дагуу санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл буюу түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрт 159,823 ам.доллар төлөхөөс 111,922 ам.долларыг төлсөн байна.

 

Хариуцагч Я  ХХК-иас 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлбөрийн үүрэг гүйцэтгэх баталгаа гаргасан ч гэрээг тухайн өдрөөр цуцлагдсан гэж үзэх, үүнээс хойших хугацаанд түрээсийн төлбөрийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Учир нь гэрээний явцад төлбөр төлөх талаар баталгаа гаргаснаар гэрээг цуцалсан хугацаа болохгүй. Харин санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээх тул түрээслэгч түрээсийн төлбөрийн үлдэгдэл 47,901 ам.долларыг төлөх үүрэгтэй.

 

Гэрээний талууд үүргийг ам.доллараар төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагчаас 47,901 ам.доллар буюу 126,195,185 төгрөг /нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан ам.доларын ханш 2,634.50 төгрөг х 47,901 ам.долар =126,195,185 төгрөг/-ийг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-т заасан хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэх зохицуулалтад нийцнэ. /хх-ийн 29 дүгээр тал/

 

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр цуцлагдсан нь тогтоогдсон. Нэхэмжлэгч ХЛ ХХК нь хариуцагч Я  ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШЗ2018/11579 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн 16-17 дугаар тал/

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугцаа тасалдаж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолох тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Я  ХХК-иас 126,195,185 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХЛ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т заасны дагуу хариуцагч Я  ХХК-иас 126,195,185 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХЛ ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч ХЛ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 788,930 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Я  ХХК-иас 788,930 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР