| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0708/Э |
| Дугаар | 1075 |
| Огноо | 2018-12-04 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 1075
Т.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Сүхбат,
шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч Ц.Туяа,
хохирогч О.А-ын өмгөөлөгч Ч.Нямцоож,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 712 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1809 0342 60748 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Т-ын Г, 19... оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механикийн инженер, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .....................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...................../;
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
Т.Г- нь 2018 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 7а байрны 502 тоотод иргэн О.А-ыг “хүүхдээ гаргамааргүй байна” гэж хэлснээс болж түүнтэй марган, улмаар зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Т.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г-ийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Т.Г-аас 140.047 төгрөгийг гаргуулан хохирогч О.А-т олгож, хохирогч О.А- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлыг хууль зүйн шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч Ц.Туяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Т.Г-т холбогдуулан түүний үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл дээр маргахгүй.
2018 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хохирогч О.А- түүний найз охин М.Дэлгэрмаа, Т.Г-, найз охин Л.Дэлгэрмаа нар өөрсдийн гэртээ 2.5 литр пиво ууж, О.А- нь “үерхдэг охин М.Дэлгэрмаагаа жирэмсэн болсон, хүүхдийг нь авахуулна” гэж хэлснээс болж маргалдаж, түүний хэвлий хэсэгт нэг удаа өшиглөснөөс хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдсэнд цооролт үүсч, гэмтлийн хүнд зэрэг учирсан.
Шөнө нь О.А-ын бие нь өвдөөд байсан учир Т.Г- түргэн тусламж дуудаж, О.А-ыг гэрээс нь үүрч гарган М.Дэлгэрмаагийн хамт гэмтлийн эмнэлэгт хүргэн өгч, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эмчилгээний зардалд 630.000 төгрөг төлсөн.
Хавтас хэргийн 91 дүгээр талд, хохирогч О.А- нь хэргийн материалтай танилцаж гаргасан хүсэлтдээ “цаашид эмчлүүлэх эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг” нэхэмжилсэн байдаг. Хохирогчийн цаашид эмчлүүлэх эмчилгээний зардалд нь шүүгдэгч Т.Г-, түүний гэр бүлээс 4.000.000 төгрөгийг сайн дураараа төлсөн болно.
Т.Г- нь Дархан-Уул аймгийн Дархан суманд жижиг дунд бизнес эрхлэх чиглэлээр сургалтад хамрагдан, өөрийн гэр бүлийн бизнес болох зөгийн бал үйлдвэрлэл болон мужаан цехийн ажлыг гэр бүлийн хамтаар эрхэлж, ажлынхаа хажуугаар орлого олж амьдардаг болох нь холбогдох баримтуудаар батлагдана.
Т.Г- нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцааг үзүүлж, эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан, мөн ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялаар сольж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Хохирогч О.А-ын өмгөөлөгч Ч.Нямцоож тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Т.Г- нь хохиролд нийт 4.770.047 төгрөг төлсөн. Хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. ...” гэв.
Прокурор Ц.Сүхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Давж заалдах гомдолтой холбоотойгоор шүүх хуралдаанд гаргах дүгнэлт байхгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Т.Г- нь 2018 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 7а байрны 502 тоотод иргэн О.А-ыг “хүүхдээ гаргамааргүй байна” гэж хэлснээс болж түүнтэй марган, улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч О.А- /хх-18-23, 24-25/, гэрч Д.О /хх-26-28/, Л.Д /хх-29-31, 32-33/, М.Д /хх-34-36/ нарын мэдүүлгүүд,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “О.А-ын биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цооролт, хэвлийн хөндийд хий хуралдалт, гэдэсний агууламжаар бохирлогдсон байдал, зүүн чихний дэлбээнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 9071 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-.51-52/,
хохирлын баримтууд /хх-6-11, 14-15, 112-124/, хохирогч О.А- Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-126-134/, шүүгдэгч Т.Г-ийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Г- нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч Ц.Туяа нь “... анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хохирогч О.А-ын өмгөөлөгч Ч.Нямцоож “шүүгдэгч Т.Г- нь хохиролд 4.770.047 төгрөг төлсөн” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч хохирогч О.А-ын эрүүл мэндэд учирсан хүнд хохирол, хор уршиг арилаагүй, цаашид эмчилгээ хийлгэхээр нөхцөл байдал байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд нь тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй.
Иймд шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Г- нь анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогч О.А-т 4.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 712 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Т.Г- нь 4.000.000 төгрөгийг хохирогч О.А-т /РД:ЕА91021552/ төлсөн болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ