Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 138/2018/01032/И |
Дугаар | 001/ХТ2020/00170 |
Огноо | 2020-04-09 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2020/00170
М ХХК, Ц.Т- нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 138/ШШ2019/00137 дугаар шийдвэртэй,
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 201/МА2019/00005 дугаар магадлалтай,
М ХХК, Ц.Т- нарын нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох
Гэм хорын хохиролд нийт 276.817.997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т-, өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч М ХХК-ийн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Ц.Т-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Барилгын норм, дүрмийн дагуу өөрийн өмчлөлийн газар дээрээ хамаатан, садан, найз нөхдийнхөө орон сууцны асуудлыг шийдвэрлэхээр 16 айлын орон сууц барихаар болсон. Уг орон сууцнаас 4 айлын орон сууцыг зарж борлуулна гэж тооцоод Кредит Монгол ББСБ-аас 51.000 ам.доллар, Дорнын Хөх Сувд ХХК-иас 40.000.000 төгрөгийн зээл авч энэ барилгаа 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Барилгыг дуусаагүй барилга гэж 2013 онд Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж гэрчилгээ авсан. Барилгын гэрчилгээг барьцаалан Кредит Монгол ББСБ-тай 51.000 ам.долларын зээл авч 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээл төлж дуусахаар зээлийн гэрээ байгуулсан. Манай барилга сар гаруй хугацааны өмнө ашиглалтанд орсон. Энэ хугацааг амжуулаад үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг гаргуулахаар Улсын бүртгэлийн хэлтэст очихоос өмнө манай байрыг худалдаж авсан хүмүүстэй Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай хуулинд заасан эрх үүргийнхээ дагуу газар эзэмшүүлж, ашиглах гэрээ байгуулаад Улсын бүртгэлд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг бүртгүүлнэ гэж очсон. Тэгэхэд манай мэдүүлгийг хүлээж авахаас татгалзаж, газраа нийтийн өмч болгоод хүрээд ир гэж Улсын бүртгэгч хууль бус шаардлага тавьсан. Хууль бус шаардлага тавихад нь хэлтсийн даргад нь гомдлоо гаргахад мөн адил хууль бус шаардлага тавьсан. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг бүртгэхээс татгалзаж байсан болохоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан. Хариуг 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр авсан. Энэ хариундаа газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг байгуулаад Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3.5, 19.4.10-т заасны дагуу бүртгүүлж болох юм байна гэсэн хариу өгсөн боловч аймгийн Улсын бүртгэлийн газар өргөдөл авахгүй бүртгээгүй. Тийм учраас энэ хэргийн талаар Захиргааны хэргийн шүүхэд 2017 оны 07 сард манайхаас байр худалдаж авч байгаа хүмүүсээр нэхэмжлэл гаргаж би өөрөө гуравдагч этгээдээр оролцож шүүх хуралдаан болж Улсын бүртгэлийн газар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг бүртгэж гэрчилгээг гаргаж өгөх нь зүйтэй юм байна гээд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан шүүгчийн захирамж гарсан. 2014 оны 12 дугаар сард миний газрыг эзэмшүүлэх, ашиглуулах эрхээ бүртгүүлэх ёстой байсан боловч Улсын бүртгэлийн хэлтэс нь бүртгэхгүй явсаар 2018 онд улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээг гаргаж эхэлсэн байдаг. Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрчилгээг гаргаагүй улмаас надад болон М ХХКомпанид нийт 269.817.997 төгрөгийн хохирол учраад байна. Энэ бүртгэлийг 2018 оны 7 сард биш, хуулийн хугацаанд буюу 2014 оны 12 сард бүртгэсэн бол миний зээлийн хугацаа хэтрэхгүй, хүү торгууль алдангид орохгүй, зээлийн мэдээллийн хар жагсаалтанд орохгүй байх байлаа. Улсын бүртгэлийн хэлтэс газар өмчлөх эрхийг маань зөрчснөөс Кредит Монгол ББСБ-ийн зээлийн хүү 128.898.133 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25.305.987 төгрөг, үндсэн зээлийн төлбөрийн ам.долларын ханшийн зөрүүгээс үүссэн хохирол 45.313.877 төгрөг, Дорнын хөх сувд ХХК-ийн зээлийн хүү 8.000.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг, 74 байрны 4, 7, 12 тоот хоёр өрөө орон сууцнуудыг захиалагч нарт худалдан борлуулах ипотекийн зээлийг санаатай зогсоосноос анхны гэрээлсэн үнээс доогуур үнээр барьцаа хөрөнгөөр өр төлбөр барагдуулснаас учирсан хохирол 42.300.000 төгрөг, М ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар 7.000.000 төгрөг нийлээд 276.817.997 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс Кредит Монгол ББСБ-д 227.517.997 төгрөгөөс 213.800.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай байгууллага бусдын газар дээр барьсан орон сууцыг газар эзэмшигчийн зөвшөөрлийг нэхэмжлэгчид гаргаж өгсөн. Нэхэмжлэгч барилгаа улсын комисст хүлээлгэж өгсний дараа манай байгууллага дээр ирээд орон сууцаа хэсэгчлэн худалдана гэсэн хүсэлт гаргасан. Улсын бүртгэлийн хэлтсийн зүгээс хэрвээ та орон сууцаа хэсэгчлэн ноймер, ноймероор гэрчилгээ гаргах гэж байгаа бол газар өмчлөлийн асуудлаа нийтийн эзэмшилд шилжүүл гэсэн шаардлага тавьсан. Захиргааны хэргийн шүүх дээр эвлэрэхдээ тодорхой нөхцөл зааж эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд гуравдагч этгээд болох иргэн Төмөртогоо, Кредит Монгол ББСБ-ын хоорондох өрийн асуудал шийдэгдэх, уг Банк бус санхүүгийн байгууллагын тодорхой зөвшөөрөл гарсны үндсэнд нэхэмжлэгч нарт өмчлөх эрхийн гэрчилгээг хуульд нийцүүлэн бичиж олгохоор харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Зарим нэг айл нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулаад газар эзэмших, ашиглуулах эрхийн гэрчилгээгээ гаргуулаад авч байгаа. Улсын бүртгэлийн хэлтэс нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, бусад хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хууль зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн дээрх гаргасан нэхэмжлэлээс харахад бусад этгээдээс авсан зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги, нэмэгдсэн өртгийн албан татвар гэх мэт өөрийн үйл ажиллагаатай холбоотой байх тул манай байгууллага хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дорнод аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 138/ШШ2019/00137 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Т-, М ХХКомпанийн нэхэмжлэлтэй Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсний улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 276.817.997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Т-гоос 1 507 040 төгрөг, М ХХК-иас 126 950 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож, ...шийдвэрлэжээ.
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 201/МА2019/00005 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 138/ШШ2019/00137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Т-, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Т-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 215 508 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч М ХХК-ийн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Ц.Т-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Миний бие өөрийн өмчлөлийн газарт 16 айлын орно сууцны барилга бариж 2014.12.04-ний өдөр ашиглалтад оруулсан. Уг барилгын 80 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээг Кредит монгол ББСБ-д барьцаалж 51.125 ам.долларын зээл авч зориулалтын дагуу барилгад ашигласан. Энэ зээлийг зээлийн хүүгийн хамт 7, 12, 6, 4 тоот байрны худалдан авагч нарын ипотекийн төлбөрөөр барагдуулах байсан. Байрны гэрчилгээг гаргуулахын тулд аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2014 оны 12 дугаар сард хандахад газар өмчлөх эрхээсээ татгалзаад ирвэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дараа нь гаргаж өгч болно гэсэн. Энэ хууль бус үйлдлийн тухай өргөдөл гомдлоо зохих албан тушаалтнуудад нь гаргаж явсаар 2015 оны 3 сард УБЕГазраас газар эзэмшүүлэх эрхээ бүртгүүлж болохыг мэдэгдсэн гэвч аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс мэдүүлгийг хүлээж аваагүй. Улмаар орон сууц худалдан авагч нар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулж авахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд талууд 2017.11.27-ны өдөр эвлэрсэн. Уг эвлэрлээр нэхэмжлэгч тал газар эзэмших ашиглах эрхээ бүртгүүлнэ, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ Ц.Т-гийн битүүмжлэгдсэн хөрөнгөөс барьцаалагчийн зөвшөөрлийн үндсэн дээр бүртгүүлнэ гэж тохирсон. Энэ шийдвэрийг дагуу би газраа бусдад ашиглуулах, эзэмшүүлэх эрхээ сэргээн эдэлж улсын бүртгэлд бүртгүүлээд явж байна. Харин 2015 онд газар эзэмшүүлж, ашиглуулах гэрээг бүртгээд өгсөн бол 184.118.558 төгрөгөөр хохирохгүй байх байсан. 2015.04.27-ны өдрөөс 2017.11.27-ны өдөр хүртэл зохих газрын бүртгэлийг бүртгэлгүй миний эрх ашгийг хохироож, үл хөдлөх хөрөнгө өмчлөх болон ипотекийн зээлтэй холбоотой улсын бүртгэлүүд хийгдэх боломжгүйд хүрсэн. Улмаар 51.125 ам.долларын зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байдалд хариуцагч байгууллага оруулсан. Би ББСБ-ын өрийг хэзээ төлж чадах нь газар эзэмшүүлэх эрхээ улсын бүртгэлд хэзээ бүртгүүлж чадахаас шууд хамаарч байсан. Монгол улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т зааснаар хохирлоо аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шаардсан боловч хоёр шатны шүүх харгалзан үзээгүй. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 1554 тоот албан бичгийг давж заалдах шатны шүүх 2015.04.27-ны өдрөөс хойших үйл явдалд хамаатуулж тайлбарласан нь буруу. Харин 2015.04.27-ны өдөр хүртэл үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхгүй, эхлээд газрын асуудлаа шийд гэсэн нь зөв бөгөөд үүнтэй маргахгүй. Газраа хураалга гэж бичсэн нь хууль бус юм. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг үнэлж үзээгүй. 2015.04.27-ны өдрөөс хойшхи Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг салган авч үзээгүй. Аймгийн бүртгэлийн хэлтэс газар эзэмшүүлэх эрхийг хуулийн хугацаанд хийгээгүй, хувь хүний өмчийг шаардсан эс үйлдэхүй нь миний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр байсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гэм хорын хохиролд нийт 276.817.997 төгрөг гаргуулахыг хүссэн М ХХК болон Ц.Т-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.
М ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Т- гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р багийн нутагт байрлах газартаа 16 айлын орон сууцны барилга барьж, улмаар барилгын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, Кредит Монгол ББСБ-д барьцаалж, зээл авсан байх бөгөөд уг орон сууцнаас 4-г бусдад худалдсан нь тогтоогджээ.
Нэхэмжлэгч нар Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хууль бус шаардлагаас шалтгаалж дээрх 4 айлын өмчлөх эрхийг 2014 оны 12 дугаар сард бус 2018 оны 07 дугаар сард бүртгүүлснээс гэрээний дагуу орон сууцны төлбөрийг хугацаандаа авч ББСБ болон бусдаас зээлсэн мөнгөө төлөөгүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги, ам.долларын ханшийн зөрүү, гэрээлсэн үнээс доогуур үнээр барьцаа хөрөнгөөр өр барагдуулсан болон НӨАТ төлсөнтэй холбоотой хохирол учирсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон, хариуцагч хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, журмын дагуу үйл ажиллагаа явуулсан гэж маргасан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.
Хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдоогүй талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.
Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газарт нийтийн зориулалттай орон сууцны барилга барьсан, өмчлөлийн газраа нийтийн зориулалтад шилжүүлэхийг татгалзсан тохиолдолд газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зохигчийн хооронд маргаан гарсан нь Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын удаа дараагийн нэхэмжлэгчид хүргүүлсэн албан бичгүүдээр тогтоогджээ. /хх-24, 32, 141,142-р тал/
Эдгээр албан бичигт Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.5, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 19 дүгээр зүйлийн 19.2, мөн бүртгэлийн журам 3.5, 4.10, Засгийн газрын 2003 оны 22 дугаар тэмдэглэлээр баталгаажсан ...газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах чиглэл зэргийг үндэслэж байжээ.
Ц.Т-д хүргүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015.03.16-ны өдрийн 8/3685 тоот албан бичиг /хх-24-р тал/, Д.Ядамсүрэн нарын 5 иргэний Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах” нэхэмжлэлтэй хэрэгт зохигч эвлэрснийг баталсан Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.27-ны өдрийн 19 дугаар захирамж /хх-18-21-р тал/, Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтэст өгсөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018.07.05-ны өдрийн 7/383 тоот албан бичгийн /хх-141-р тал/ агуулгад, Ц.Т- газраа өмчлөлдөө үлдээж, тухайн орон нутгийн Засаг даргын зөвшөөрлөөр орон сууц захиалагч нартай газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулах нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн зохицуулалтыг зөрчихгүй тул холбогдох баримтаа бүрдүүлсний дараа орон сууцны өмчлөх эрхийг бүртгэх боломжтой гэсэн байна.
Нэхэмжлэгч Ц.Т- өөрийн өмчлөлд бүртгэгдсэн барилгаас 4 орон сууцыг Д.Ядамсүрэн нарт өмчлүүлэхээр анх улсын бүртгэлийн байгууллагад хандахдаа шаардлагатай баримтыг бүрэн бүрдүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
Д.Ядамсүрэн нар Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, “өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан боловч зохигч эвлэрэн хэлэлцсэн тул Улсын бүртгэлийн хэлтсийн хууль бус эс үйлдэхүй нотлогдсон гэж үзэхгүй, энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.
Харин Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх Д.Ядамсүрэн нар, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Ц.Т- нарын хооронд үүссэн өмчлөх эрх бүртгэхгүй байгаа шалтгаан болсон “...нийтийн зориулалттай орон сууцны барилга баригдсан газар нь нийтийн эдэлбэрийн газарт хамаарах...” эсэх маргааны үндэслэлийн талаар шийдвэр гаргаагүй атал энэ асуудалд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байгааг дурдах нь зүйтэй байна.
Дээр дурдснаар хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй гаргасан тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ц.Т- гэм хорыг шаардах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 138/ШШ2019/00137 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 201/МА2019/00005 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.078.543 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ