Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 0150

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2020/0150

Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: “Э” ХХК”

Хариуцагч: ЭХЯ-Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Э” ХХК-ийн гүйцэтгэсэн Баруун-Урт-Асгат-Эрдэнэцагааны чиглэлийн 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/35/6 кв-ын дэд станцын барилга угсралтын ажлын үлдэгдэл болон нэмэлт зардлын төлбөрийг 2019 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр /3.504.754.900 төгрөг/ санхүүжилт олгохоос татгалзсан ЭХЯ-Төрийн нарийн бичгийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл болон нэмэлт төлбөрийг Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр олгуулах тухай шийдвэр гаргаж, гэрээ байгуулахыг ЭХЯ-Төрийн нарийн бичгийн даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гэрч М.Т, А.Т, З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Эрчим хүчний яамнаас зарласан “Баруун-Урт-Асгат-Эрдэнэцагааны чиглэлийн 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/35/6 кв-ын дэд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалт”-д оролцож шалгаран 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тухайн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Ингээд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр техникийн комисс манай гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, тухайн хэрэглэгч нарыг тогийг өгч, өнөөдрийг хүртэл ямар нэгэн саатал, бэрхшээлгүй ажиллаж байна.

Тухайн ажлыг гүйцэтгэхэд манай компани 3 орчим тэрбум төгрөгийг өөрсдийн зүгээс санхүүжүүлэн ажлаа дуусгасан. Энэхүү зардал хэтэрсэн шалтгаан нь манай компанийг барилга угсралтын ажил гүйцэтгэж байхад ам.долларын ханш огцом өссөнөөс болсон бөгөөд энэхүү зардлын өсөлтийн дүнг Эрчим хүчний хөгжлийн төвийн экспертүүд магадлаж, дүгнэлтээ гаргасан байдаг. Дээрх ажлын анхны санхүүжилт 8.4 тэрбум төгрөг байсан бөгөөд биднийг ажлаа хийж дуусган техникийн комисст хүлээлгэн өгөх үед зардал 11.4 тэрбум төгрөг болж өссөн.

Ингээд ЭХЯ-зүгээс магадлалын ерөнхий дүгнэлтэд тусгагдсан 3 тэрбум төгрөг болон тухайн ажлын үндсэн санхүүжилтээс үлдсэн төлбөр 504.000.000 төгрөг, нийт 3.504.754.900 төгрөгийг манай компанид олгуулахаар 2018 онд Сангийн яаманд холбогдох материалыг явуулсан. Сангийн яам тухайн үлдэгдэл төлбөрийн санхүүжилтийг 2019 онд олгуулахаар Улсын Их Хуралд хандаж, 2019 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт Эрчим хүчний сайдын багцад тухайн ажлын нэрээр баталж өгсөн байдаг.

Манай компани 2019 оны эхнээс эхлэн дээрх үлдэгдэл төлбөрийн санхүүжилтээ авахаар хөөцөлдсөн боловч олгох, олгохгүй нь мэдэгдэхгүй байсаар өдийг хүрч байна.

Нэгдсэн төсвөөр санхүүжигдэж байгаа төлбөрийг тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргатай гэрээ байгуулан авдаг бөгөөд тухайн эрх бүхий субъект нь манай компанитай өнөөдрийг хүртэл гэрээ байгуулахгүй, бичгээр ямар нэг байдлаар хариу өгөхгүй, тухайн төсвийн жилийг дуусгахаар болж байна.

Бид ЭХЯ-Төрийн нарийн бичгийн даргад удаа дараа амаар хүсэлт гаргаж байсан боловч бидэнд бичгээр ямар нэг хариу өгөөгүй тул Эрчим хүчний сайдад 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тухайн санхүүжилтийг олгуулах талаар бичгээр хүсэлт гаргахад Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батгэрэлийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн в/142 тоот албан бичгээр тухайн санхүүжилт олгохоос татгалзсан хариу ирүүлсэн.

Бид ЭХЯ-Төрийн нарийн бичгийн даргад удаа дараа хүсэлт гаргахад бидний хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд тухайн үед бичгээр ямар нэг хариу ирүүлж байгаагүй, харин Эрчим хүчний сайдад хүсэлт гаргахад Төрийн нарийн бичгийн даргын албан бичгээр тухайн санхүүжилтийг олгохоос татгалзсан учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гүйцэтгэсэн “Баруун-Урт-Асгат-Эрдэнэцагааны чиглэлийн 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/35/6 кв-ын дэд станцын барилга угсралтын ажлын үлдэгдэл болон нэмэлт зардлын төлбөрийг 2019 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр /3.504.754.900 төгрөг/ санхүүжилт олгохоос татгалзсан ЭХЯ-Төрийн нарийн бичгийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл болон нэмэлт төлбөрийг Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр олгуулах тухай шийдвэр гаргаж, гэрээ байгуулахыг ЭХЯ-Төрийн нарийн бичгийн даргад даалгаж өгнө үү.” гэв.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас дурдаж буй гэрээний үнийн дүнгийн 5 хувийн санхүүжилтийг олгоход татгалзах зүйлгүй. Харин 3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудал бол 2019 оны Монгол Улсын Төсвийн тухай хуульд орж, батлагдсан боловч уг 3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох асуудал нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Үүнтэй холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтын журмаар гаргаж өгсөн.

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2-д “Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох асуудлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн удирдлагын талаар хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамааруулах” гэж тодорхой зааж өгсөн. Гэтэл тухайн үед буюу 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/2883 тоот албан бичгээр төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Эрчим хүчний сайдаас уг асуудалтай холбоотой саналыг Сангийн сайдад хүргүүлсний дагуу 2019 оны Монгол Улсын Төсвийн тухай хуульд албан ёсоор батлагдан орсон.

Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр в/3000 тоот албан бичгээр дахин тусгуулах саналыг хүргүүлсэн бөгөөд энэ төсвийн ерөнхийлөн захирагчид мэдэгдэлгүйгээр явуулсан гэх асуудлыг үүсгэсэн байдаг.

ЭХЯ-2019 оны 11 дүгээр сард болсон хуралдаанд уг асуудал яригдаж, ямар учраас төсвийн ерөнхийлөн захирагчид мэдэгдэлгүйгээр уг саналыг хүргүүлсэн талаар хэлэлцэхэд Санхүүгийн хэлтсийн дарга н.Баясгалан “...төсвийн шууд захирагч өөрөөр нь явуул гэсний дагуу явуулсан” гэх тайлбарыг гаргасан байдаг. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа.

Мөн Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгээс уг төслийн санхүүжилт 3 тэрбум төгрөгөөр илүү буюу 11.0 тэрбум төгрөг гэх төсөв батлагдаж ирсэн байдаг. Уг төсвийг судалж үзэхэд 2014 оны төсөв бус түүнээс хойш хийгдсэн төсөв болох нь тодорхой болсон. Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн төсөвчин Н.Болормаагаас “2014 онд “Э” ХХК-ийн захиалгаар 8.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсвийг гаргасан. 3 жилийн дараа тухай объектын зураг төсөлд өөрчлөлт оролгүйгээр дахин төсвийг тухайн үеийн ханшаар хийх саналын дагуу 2017 оны 01 дүгээр сард “Э” ХХК-д дахин төсөв хийсэн. Уг төсвийг 2014 оны үнэд тулгуурлаагүй, 2017 онд мөрдөж байгаа норм, дүрэм, жишиг үнэд тулгуурлан хийсэн бөгөөд төсөвт өртгийн дүн 11.484.054.900 төгрөг болсон. Уг төсөв тухайн цаг үед таарсан, үндэслэлтэй төсөв болно.” гэх тайлбарыг гаргасан.

Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгээс тухайн төсвийг 3 тэрбум төгрөгөөр хэтэрсэн эсэх асуудлаар тодруулга авахад “...2014 оны ханшаар бодоогүй, 2017, 2018 оны ханшаар бодсон. Учир нь 2014 оны үеэр төсөв гаргах гэхээр тухайн үеийн материал Эрчим хүчний яаманд байхгүй байсан.” гэх тайлбарыг өгсөн.

Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй 3 тэрбум төгрөг нь бодитой эсэх нь эргэлзээтэй байгаа тул Эрчим хүчний яамнаас уг төлбөрийг бодит бус гэж үзэж олгохоос татгалзаж байгаа болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК тус шүүхэд хандан “Э” ХХК-ийн гүйцэтгэсэн Баруун-Урт-Асгат-Эрдэнэцагааны чиглэлийн 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/35/6 кв-ын дэд станцын барилга угсралтын ажлын үлдэгдэл болон нэмэлт зардлын төлбөрийг 2019 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр /3.504.754.900 төгрөг/ санхүүжилт олгохоос татгалзсан ЭХЯ-Төрийн нарийн бичгийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл болон нэмэлт төлбөрийг Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр олгуулах тухай шийдвэр гаргаж, гэрээ байгуулахыг ЭХЯ-Төрийн нарийн бичгийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий акттай холбогдуулан шүүхээс хийсэн үзлэг, гэрчийн мэдүүлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. ЭХЯ-Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 301 дүгээр тушаалаар “Эрчим хүчний сайдын 2014 оны төсвийн хөрөнгө оруулалтын багцад тусгагдсан Баруун-Урт-Эрдэнэцагааны 35кВ-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кВ-ын дэд станц /Сүхбаатар/(XXYI.1.33) барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үнэлгээний хороог” байгуулжээ.

 Улмаар Эрчим хүчний яамнаас зарласан уг тендер сонгон шалгаруулалтанд нэхэмжлэгч “Э” ХХК оролцон, 8.400.000.000 төгрөгөөр тус ажлыг гүйцэтгэхээр шалгарч 2014 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр ЭХА-016/14 дугаар “Баруун-Урт-Эрдэнэцагааны 35кВ-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кВ-ын дэд станц /Сүхбаатар/(XXYI.1.33)-ын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-г байгуулсан.

Гэрээний 3, 4 дүгээр зүйлд заасанчлан “Э” ХХК нь “Баруун-Урт-Эрдэнэцагааны 35кВ-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кВ-ын дэд станцын барилга угсралтын ажлыг 8.400.000.000 төгрөгөөр, 2014 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгэж чадаагүйн учир “Э” ХХК-иас гаргасан хүсэлтийн үндсэн дээр:

2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЭХА-016/14-1 дугаар “Баруун-Урт-Эрдэнэцагааны 35кВ-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кВ-ын дэд станц /Сүхбаатар/(XXYI.1.33)-ын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах тухай” гэрээгээр “гүйцэтгэгч нь ... 2015 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр ашиглалтанд оруулна” гэж,

2015 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн ЭХА-016/14-2 дугаар “Баруун-Урт-Эрдэнэцагааны 35кВ-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кВ-ын дэд станц /Сүхбаатар/(XXYI.1.33)-ын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах тухай” гэрээгээр “гүйцэтгэгч нь ... 2016 оны 6 дугаар сарын 01-ны өдөр ашиглалтанд оруулна” хэмээх өөрчлөлтийг оруулан, гэрээний хугацааг нийт 2 удаа хугацаа сунган, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр барилга, байгууламжийг барьж дуусгасныг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЭХХТ/138/04/2017 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах техникийн комиссын акт”-аар “туршилтын хүчдэлд залгахаар шийдвэрлэж”, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 45/2019 дугаар “Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлт”-ээр “Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт-Эрдэнэцагааны чиглэлийн 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6 кв-ын дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажлын барилга байгууламжийг” ашиглалтанд оруулжээ.

2. “Э” ХХК нь “Баруун-Урт-Эрдэнэцагааны 35кВ-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кВ-ын дэд станц /Сүхбаатар/(XXYI.1.33)-ын ажил” ЭАБУ-005/14 дугаартай тендер сонгон шалгаруулалтанд оролцохдоо Монгол Улсын тэргүүлэх төсөвчин Х.Шуурайгийн зохиосон 8.689.701.75 төгрөгийн төсвийг үндэслэн Монгол Улсын тэргүүлэх төсөвчин Н.Болормаад захиалга өгч, 2014 оны 4 дүгээр сард 8.4 тэрбум төгрөгөөр уг ажлыг гүйцэтгэх боломжтой болохоо 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 75/2014 дугаар албан бичгээр Эрчим хүчний яаманд илэрхийлснээр тус тендер сонгон шалгаруулалтанд шалгарч, ажлыг гүйцэтгэсэн. Улмаар 2017 оны 1 дүгээр сард дахин Монгол Улсын тэргүүлэх төсөвчин Н.Болормаад захиалга өгснөөр төсөвчин Н.Болормаа “... төсвийг 2014 оны үнэнд тулгуурлаагүй, 2017 онд мөрдөгдөж байгаа норм дүрэм, жишиг үнэнд тулгуурлан... төсөвт өртгийн дүн 11.484.054.9 мянган төгрөг” хэмээн тооцсоныг Эрчим хүчний хөгжлийн төвийн 2017 оны 170/2017 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсантай холбогдуулан ЭХЯ-Төрийн нарийн бичгийн дарга асан З.М 2018 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн “2019 оны төсвийн төсөлд тусгах тухай” в/300 дугаар албан бичгээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан “...эдийн засгийн хямрал, валютын ханш огцом өссөнтэй холбоотойгоор бараа материалын үнийн зөрүү их гарч 2013 онд батлагдсан төсөвт өртгөөр уг ажлыг дуусгах боломжгүй тул ... магадлалын ерөнхий дүгнэлтээр гарсан төсвийн дагуу төсөвт өртгийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг хүргүүлжээ.

Үүний дүнд Улсын Их Хурлаас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр баталсан Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XVI “Эрчим хүчний сайд” хэсгийн 1.1-т “Баруун-Урт-Эрдэнэцагааны 35кВ-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кВ-ын дэд станцын өргөтгөл /Сүхбаатар/  2014 2019, 11.484.1/төсөвт өртөг/, 3.504.8 /Санхүүжих дүн/ сая төгрөг” гэсэн байдлаар тусгагдсан байна.

3. “Э” ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн “Санхүүжилт хүсэх тухай” 383/2019 дүгээр албан бичгээр Эрчим хүчний сайдад хандан “..Магадлалын ерөнхий дүгнэлтийн дагуу төсөвт өртөг нэмэгдүүлэх хүсэлтийг ... 2018 онд хүргүүлснээр 2019 оны Монгол Улсын төсөвт нэгэнт тусгагдан баталгаажсан байгуу тул Төсвийн тухай хуульд заасны дагуу нэмэлт төсвийг олгох талаар судлан, шийдвэрлэж бидний цаашдын ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэсэн хүсэлт гаргасныг ЭХЯ-Төрийн нарийн бичгийн дарга 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн в/4142 дугаар албан бичгээр “... 2014 онд байгуулсан ЭХА-016/14 тоот гэрээний тусгай нөхцөлийн 44-т гэрээний үнэд тохируулга хийхгүй байхаар харилцан тохиролцсон байна. ...Иймд гэрээгээр тохиролцсон үнээс илүү санхүүжилт олгох боломжгүй” гэсэн хариуг өгчээ.

ЭХЯ-Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны в/4142 дугаар албан бичгээр холбогдуулан “Э” ХХК-ийн зүгээс тус шүүхэд “Төсвийн тухай хуулиар батлагдсан мөнгийг олгохоос хууль бусаар татгалзаж, хуулиас дээгүүр үндэслэлгүй тайлбар ирүүлж бидний ажилд хүндрэл бэрхшээл учруулж байна” гэх үндэслэлээр нэхэмжлэл гарган маргаж байна.

4. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгээр,  Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд Эрчим хүчний сайд багцад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр 8.900.00 /сая төгрөг/ төсөвлөгдсөн дагуу Эрчим хүчний яамнаас зарласан “Баруун-Урт-Эрдэнэцагааны 35кВ-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кВ-ын дэд станц /Сүхбаатар/(XXYI.1.33)-ын ажил” ЭАБУ-005/14 дугаартай тендер сонгон шалгаруулалтанд нэхэмжлэгч “Э” ХХК оролцон шалгарахдаа уг ажлыг 8.4 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой болохоо  2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 75/2014 дугаар албан бичгээр Эрчим хүчний яаманд илэрхийлж, тендер сонгон шалгаруулалтанд шалгарч, хариуцагчтай  2014 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр “Баруун-Урт-Эрдэнэцагааны 35кВ-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кВ-ын дэд станцын өргөтгөл /Сүхбаатар/ ажил”  ЭХА-016/14 дүгээр гэрээг байгуулсан.

ЭХЯ-Төрийн нарийн бичгийн дарга болон “Э” ХХК-ийн хооронд 2014 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр байгуулсан ЭХА-016/14 дүгээр гэрээний 2 дугаар хавсралт, Гэрээний тусгай нөхцөлийн 44-т “Гэрээний ерөнхий нөхцөлийн 44 дүгээр зүйлийн дагуу гэрээний үнийн тохируулга хийх: Тохируулга хийхгүй тогтмол байна” хэмээн талууд тохиролцсон.

 Улмаар барилга угсралтын ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан 2014 онд 2.999.900.000 төгрөгийн, 2015 онд 2.242.400.000 төгрөгийн, 2016 онд 2016 онд төлөвлөсөн санхүүжилт болох 3.157.500.000 төгрөгөөс 1.867.800.000 төгрөгийн /зөрүү 1.289.700.000 төгрөг улсын төсөвт эргүүлэн татагдсан/, 2017 онд 869.200.000 төгрөгийн / 420.700.000 төгрөг улсын төсөвт эргүүлэн татагдсан/ санхүүжилтийг тус тус авсан бөгөөд одоо гэрээний үнийн дүнгийн 5%-тай тэнцэх хэмжээний буюу 420.700.000 төгрөгийн санхүүжилт олгогдохоор хүлээгдэж байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар, маргаан бүхий үйл баримттай холбогдуулан шүүхээс ЭХЯ-архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэг болон ЭХЯ-2020 оны в/263 дугаар албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримтуудаар,

“Э” ХХК гэрээт ажлаа 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэж дуусган, “туршилтын хүчдэлд” залгагдсан, нэхэмжлэгчээс 2017 оны 1 дүгээр сард дахин Монгол Улсын тэргүүлэх төсөвчин Н.Болормаад захиалга өгснөөр төсөвчин Н.Болормаа нь уг ажлын төсвийг 2017 онд мөрдөгдөж байгаа норм дүрэм, жишиг үнэнд тулгуурлан дахин зохиож, төсөвт өртөг 11.484.054.900 төгрөг хэмээн тооцсоныг Эрчим хүчний хөгжлийн төв 2017 оны 170/2017 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан. Улмаар нэхэмжлэгчээс гаргасан хүсэлттэй холбогдуулан ЭХЯ-Төрийн нарийн бичгийн дарга асан З.М 2018 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн “2019 оны төсвийн төсөлд тусгах тухай” в/300 дугаар албан бичгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан хүргүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч З.М, Т.Т нарын мэдүүлэг болон ЭХЯ-Төрийн нарийн бичгийн дарга болон “Э” ХХК-ийн хооронд 2014 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр байгуулсан ЭХА-016/14 дүгээр гэрээний 2 дугаар хавсралт /Гэрээний тусгай нөхцөл/, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах техникийн комиссын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЭХХТ/138/04/2017 дугаар акт, Эрчим хүчний хөгжлийн төвийн 2019 оны 170/2017 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлт, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨААТҮГ-ийн 2019 оны 01/95 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дугаар зүйл /Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ/-ийн 40.3 /Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээнд энэ хуулийн 40.2-т зааснаас гадна дараахь нөхцөлийг заавал тусгана/ дахь хэсгийн 40.3.8-д “гэрээний үнэд тохируулга хийх бол тохируулга хийх нөхцөл, аргачлал”,

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 /Төрийн нарийн бичгийн дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ/ дахь хэсгийн 9.6.8-д ”.батлагдсан төсөв, орон тооны дээд хязгаартаа багтаан яамны төсвийн хөрөнгийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах”  хэмээн тус тус хуульчилсан.

6. Шүүх, ЭХЯ-Төрийн нарийн бичгийн даргаас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн в/4142 дугаар албан бичгээр хариуцагч “Э” ХХК-нд ЭХЯ-Төрийн нарийн бичгийн дарга болон “Э” ХХК-ийн хооронд 2014 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр байгуулсан ЭХА-016/14 дүгээр гэрээний 2 дугаар хавсралт, Гэрээний тусгай нөхцөлийн 44-т “ гэрээний үнийн тохируулга хийхгүй тогтмол байна” хэмээн заасныг үндэслэн “...гэрээгээр тохиролцсон үнээс илүү санхүүжилт олгох боломжгүй” хэмээн  мэдэгдсэн нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.

Тодруулбал, “Э” ХХК нь “Баруун-Урт-Эрдэнэцагааны 35кВ-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кВ-ын дэд станц /Сүхбаатар/(XXYI.1.33)-ын ажил” ЭАБУ-005/14 дугаартай тендер сонгон шалгаруулалтанд оролцохдоо 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 75/2014 дугаар албан бичгээр “тендерийн ажлыг 8.400.000.000 төгрөгөөр” гүйцэтгэхээ Эрчим хүчний яаманд  илэрхийлж шалгарсан,

хариуцагч ЭХЯ-Төрийн нарийн бичгийн даргаас шүүхэд ирүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн в/263 дугаар албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон ЭХЯ-2019  оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 461/2019, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2а/1304, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2а/1430, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/1681, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2а/1728 тоот албан бичгүүдээр “... ЭХА-16/014 тоот гэрээний үлдэгдэл санхүүжилт болох 420.7 сая төгрөг Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд тусгагдаж санхүүжилтийн эрх нээгдсэн”, “гэрээг дүгнэж, эцсийн тооцоо хийх” талаарх мэдэгдлийг “Э” ХХК-нд хүргүүлж байсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандсан гэх үндэслэлээр эцсийн тооцоог хийлгүй өнөөдрийг хүрсэн гэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдож байна.

Улмаар, захиргааны байгууллагын зүгээс эцсийн байдлаар гэрээг дүгнээгүй, ЭХЯ-Төрийн нарийн бичгийн дарга болон “Э” ХХК-ийн хооронд 2014 онд байгуулсан ЭХА-016/14 дүгээр гэрээний тусгай нөхцөлийн 44-т “гэрээний үнийн тохируулга хийхгүй тогтмол байна” хэмээн заасанчлан “...гэрээгээр тохиролцсон үнээс илүү санхүүжилт олгох боломжгүй” байхад шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, гэрээний үлдэгдэл болон нэхэмжлэгчийн тодорхойлсончлон “нэмэлт” төлбөрийг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй. Захиргааны акт гаргахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

Үүнтэй холбогдуулан шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЭХЯ-архив бичиг хэрэгт хийсэн үзлэг, гэрч Г.Т-ийн мэдүүлэг, архив, бичиг хэргийн эрхлэгч Х.О тодорхойлолт болон 2015 оны архивын баримт хүлээлцсэн дэвтрийн хуулбар зэрэг баримтаар Эрчим хүчний яамнаас зарласан “Баруун-Урт-Эрдэнэцагааны 35кВ-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кВ-ын дэд станц /Сүхбаатар/(XXYI.1.33)-ын ажил” ЭАБУ-005/14 дугаартай тендер сонгон шалгаруулалтын үндсэн баримт бичгийг 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус яамны ахлах мэргэжилтэн Г.Т авсан боловч архивд буцааж хүлээлгэн өгөөгүй, алга болгосон,

шүүх хэргийг шүүхийн үзлэгийн явцад ЭХЯ-архив, бичиг хэрэгт хадгалагдсан болон нэхэмжлэгч, хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн, нотлох баримтуудад тулгуурлан шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.3.8, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.8-д заасныг тус тус үндэслэн “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн даргад холбогдох “Э” ХХК-ийн гүйцэтгэсэн Баруун-Урт-Асгат-Эрдэнэцагааны чиглэлийн 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/35/6 кв-ын дэд станцын барилга угсралтын ажлын үлдэгдэл болон нэмэлт зардлын төлбөрийг 2019 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр /3.504.754.900 төгрөг/ санхүүжилт олгохоос татгалзсан ЭХЯ-Төрийн нарийн бичгийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл болон нэмэлт төлбөрийг Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр олгуулах тухай шийдвэр гаргаж, гэрээ байгуулахыг ЭХЯ-Төрийн нарийн бичгийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА