Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 43

 

 

 

 

Ж.Лхамжавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШШ2017/00402 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 07-03 тоотод оршин суух, Хүрдийнхэн овогт Жаргалын Лхамжавын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багт оршин суух А.Давлетханд холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Н.Очирбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Алаг гүү, хар саарал хязаалан, бор шүдлэн зэрэг 3 толгой адууг гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн агуулга: “Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Ж.Лхамжав би өөрийн 6 толгой адууг Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн иргэн Авдолд хариуцуулан маллуулдаг байсан.

 Буянт сумын иргэн А.Даулетхан бид хоёрын дунд авцаа байсан тул надад байгаа 6 тооны адууг зарж борлуулаад надаас авах авлагаа авч, үлдэгдэл мөнгийг нь надад өгөхөөр хэлэлцэн тохиролцоод Авдолд байсан 6 тооны адуугаа авахыг зөвшөөрсөн. А.Даулетхан нь 2013 оны 11 дүгээр сард Авдолоос алаг азарга, алаг гүү, бор саарал хязаалан, бор шүдлэн зэрэг 4 тооны адууг аваад явсан байсан.

Дээрхи 4 тооны адуунаас алаг азаргаа би буцааж авсан. Үлдсэн 3 адууг өгөхгүй намайг хохироосоор байна. Алаг гүүг хурдан удамтай гэж би 1 сая төгрөгөөр үнэлж авсан. Одоо нэг сая төгрөгөөр үнэлж байна. Саарал хязаалан 6 сая төгрөгөөр худалдаж авсан. Сум аймгийн наадамд олон удаа уралдаж түрүүлж, айрагдаж байсан.

 Энэ адуугаа 6 сая төгрөгөөр үнэлж байна. Бор шүдлэнг 1 сая 500 мянгаар худалдаж авсан. Хурдан удамтай. Үүнийг бас нэг сая 500 мянгаар үнэлж байна. Иймд А.Даулетханаас алаг гүү, хар саарал хязаалан, бор шүдлэн зэрэг 3 толгой адууг гаргуулж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Ж.Лхамжав нь 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр надаас 52 кг ноолуурыг 60000 төгрөгөөр үнэлж, 3120000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сард 0.5 хувийн хүүтэй өгөхөөр авч яваад хугацаандаа өгөөгүй тул алаг гүүг 800000 төгрөгөөр, бор хязаалан, бор шүдлэнг 1000000 төгрөгөөр, бор шүдлэн үрээг 600000 төгрөгөөр үнэлж, 2400000 төгрөг өгч үлдсэн 600000 төгрөг, 3 сая төгрөгийг хүүгийн хамт дараа нь өгөхөөр тохиролцсон. Ж.Лхамжав нь адуундаа дагуулж очиж зүсэлж өгсөн.

Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШШ2017/00402 дугаар шийдвэрээр:“ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар Ж.Лхамжавын нэхэмжлэлтэй, А.Давлетханд холбогдох алаг гүү, хар саарал хязаалан, бор шүдлэн зэрэг 3 тооны адуу гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “Шүүх Ж.Лхамжавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг үндэслэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 186 дугаар зүйлд хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь  ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон заалтаар үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч Ж.Лхамжаваас хариуцагч А.Давлетхан Алаг гүү, хар саарал хязаалан, бор шүдлэн зэрэг 3 толгой адуу авснаа хүлээн зөвшөөрдөг.

Хариуцагч А.Давлетхан нь нэхэмжлэгч Ж.Лхамжав бид хоёрын дунд ноолуур өгөлцөж авалцсан тооцоо байсан. Тэр тооцоондоо оруулж дээрхи адуунуудыг авсан гэж тайлбарладаг боловч энэ нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч гэрчүүдийн хуульд заасан үндэслэлээр асуулгаж нотлох баримтыг гаргаж өгсөнийг шүүх үнэлсэн эсэх нь ойлгомжгүй, дээрхи нотлох баримтыг нотлох баримтаас хасаагүй атлаа хууль зөрчсөн байна гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж адуунуудын үнэлгээг тодорхойлуулсан. Энэ нотлох баримт шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэж тодорхойлж байгаа нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийнхөө шүүхийн хийсэн ажлыг үгүйсгэж байна гэж ойлгож байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй баримтыг шүүх өөрийн санаачилгаар нотлох баримтаар үнэлж байгаа нь иргэний хуулийн талуудын мэтгэлцэх зарчмыг алдагдуулж хэтэрхий нэг талыг барьсан, шүүгч өөрийн санаачилгаар хэргийг шийдвэрлэж хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Лхамжав нь А.Давлетханаас алаг гүү, хар саарал хязаалан, бор шүдлэн зэрэг 3 тооны адуу гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч А.Давлетхан нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Ж.Лхамжавын нэхэмжлэлтэй, А.Давлетханд холбогдох  3 тооны адуу гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

            Шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ж.Лхамжав, хариуцагч А.Давлетхан нарын хооронд үүссэн маргаан бүхий харилцааг тодорхойлоогүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй, маргааны үйл баримтад материаллаг хуулийг тайлбарлаж хэрэглэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 153/ШЗ2017/01040 дугаар захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын “Үнэлгээ тогтоох комисс”-ыг томилж, шинжээч нарт Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг тайлбарлан сануулсан боловч хуульд заасан дараах ажиллагаа хийсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Үүнд: Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийлгэхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, энэ ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан байна.

 

Гэтэл анхан шатны шүүх хуульд заасан дээрх ажиллагааг явуулаагүйгээс гадна томилогдсон шинжээч нарт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан эрх үүргийг танилцуулаагүй, Эрүүгийн хариуцлага хүлээхийг сануулж гарын үсэг зуруулаагүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгч Ж.Лхамжавт  буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШШ2017/00402 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгч Ж.Лхамжавт  буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                                               Д.ЖАМБАЛСҮРЭН

                                  

                                                                                                М.НЯМБАЯР