Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2018/00219

 


 

2018 оны 04 сарын 20 өдөр

   Дугаар 153/ШШ2018/00219

                           Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 7-3 тоотод оршин суух, Ж.Л-ынын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багт оршин суух, А.Д-д  холбогдох

Алаг гүү, хар саарал хязаалан, бор шүдлэн зэрэг 3 тооны адуу гаргуулах тухай 153/2017/00117/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцоож, нэхэмжлэгч Ж.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч А.Д, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2013 оны 11 сард Д гэдэг хүн манай адуу хариулж байсан Авдол гэдэг хүнээс манай 4 тооны адуу авч яваад маллаж байгаад зарж өгнө гэж хэлээд аваад явсан. Бид хоёрын хооронд 52 кг ноолуурын асуудал байгаа. Гэхдээ энэ нь адуу малтай ямар ч холбоогүй. А.Д бид хоёрын хооронд 52 кг ноолуурын асуудал дууссан байгаа. А.Д нь 4 тооны адууг Авдолоос авч явсан бөгөөд би алаг азаргаа А.Д-аас авсан. Одоо хар саарал хязаалан, бор шүдлэн, алаг гүүг тухайн үеийнхэн насаар нь би А.Д-аас нэхэмжилж байна. Одоо бор шүдлэн нь бор морь болсон байгаа. Алаг гүүг үхсэн, хар саарал хязааланг алдсан гэж хэлсэн. Бор морио буцааж авъя. Өнөөдрийн байдлаар алаг гүү 11-н настай, хар саарал хязаалан 9-н настай, бор шүдлэн 8-н настай байгаа. Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багт оршин суух А.Д-аас энэ гурван тооны адуугаа авъя гэж нэхэмжилж байна.

...Энэ хүнээс би морьд нь байвал морио авъя. Хэрэв морьд нь байхгүй бол үнэлсэн үнэлгээгээр нь үнийг нь гаргуулж авна. Хариуцагч бор шүдлэн буюу бор морь байгаа гэж хэлсэн. Иймээс хар саарал хязаалангийн үнэ 6,000,000 төгрөг, алаг гүү 1,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг бор зүсмийн морины хамт гаргуулж өгнө үү.

...А. бид нар хоорондоо найз нөхдийн холбоотой байсан. Тэгээд энэ хүнийг манай адууг маллаж байгаад зараад өгөөч, надад мөнгө төгрөгийн хэрэгцээ гарлаа, манай гэр бүлд асуудал гарлаа....гэж хэлээд итгээд очоод ав гэж хэлсэн....Бор шүдлэнг 1,500,000 төгрөгөөр, алаг гүүг 1,000,000 төгрөгөөр, хар саарал хязааланг 6,000,000 төгрөгөөр зарж өгөөрэй. Би худалдаж авсан үнээрээ зарж байгаа шүү гэж хэлсэн.

...Би хувиараа оюутны байр ажилуулдаг. А.Д хүүхдүүд 1 жил манай байранд ирж амьдарсан. 52 кг биш 50 кг-аар бодож 1 кг ноолуурыг 40,000 төгрөгөөр үнэлж 2,000,000 төгрөгөөр бодож энэ хүн надад өгсөн. Тог, усны мөнгө гэхгүй энэ хүний хүүхдүүд 1 жил манай байранд байсан. 1 сард 150,000 төгрөгөөр бодож 1,500,000 төгрөгөөр тооцсон юм. Манай байранд жижүүрээр ажиллаж байсан хүнийг би гэрчээр асуулгасан байгаа. Манайх Ховд нутгийн хишиг брэнд юм нийлүүлдэг байсан юм. А.Д нь сумын сайн малчин болсон гээд 40 шил архийг 1 бүрийн үнийг 6,500 төгрөгөөр бодож 260,000 төгрөгийн архи өгсөн. Тэр архийг хүлээлгэж өгсөн няравыг гэрчээр асуулгасан. А.Д нь шинэ жил болж байна гээд манай байранд байсан хүүхдээ явуулсан байсан. Би хүүхдэд нь 240,000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд 50 кг ноолуурын асуудал шийдэгдсэн байгаа.

...Өвөл ууланд байдаг юм билээ. Тэгээд би 2016 оны 04 сарын дундуур очсон. Тэгэхэд би жирэмсэн байсан. Хар саарал хязааланг ХААН банкны эдийн засагч Мөнхтогтох 2,500,000 төгрөгөнд авъя гэж байна. Чи надад морь нь байвал морийг нь өгөөч гэж хэлэхэд А.Д надад Бор шүдлэнг хүнд өгсөн, алаг гүү үхчихсэн, хар саарал хязааланг алдчихсан гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би Чи үнэтэй цэнэтэй юм авч явчихаад, чи намайг нөхөр нь салсан гээд доромжлоод байнаа гэж хэлээд би уйлаад гараад явсан. А.Д-ны эхнэр нь намайг загнасан. Би жирэмсэн байсан учир цэрвээд юм хэлэлгүй гараад явсан. Би эднийд хоёр удаа очсон. 2016 оны 6 сард нилээн төрөх дөхсөн. Багийн эмч Оюунааг дагуулаад би өөрөө машинаа бариад очсон. Би идсэн биш, алдсан гэж хэлж байсан. Үүнээс өмнө нэхэж байгаагүй юм....Намайг 2014 оны 1 сард алаг азаргыг очиж авахад хар саарал хязаалан байж байсан. Бүр хүүхэд нь гэрийнхээ үүдэнд уначихсан зогсож байсан....Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч А.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 2013 оны 2 сард Баярсайхан, Мухит гэдэг 4 хүнтэй очоод Ж.Л-ын 4 тооны адууг Авдол хөгшинөөс аваад явсан. 2013 оны 11 сард Авдолоос аваагүй юм. Ж.Л нь миний 52 кг ноолуурыг аваад явсан. Мөнгийг нь 12 сард өгнө гээд аваад явсан. Ж.Л нь нөхөр салчихлаа, юу ч байхгүй, намайг миний адууг ав гэж хэлэхээр нь би очиж адууг нь авсан юм. Алаг азаргаа 2, 3 хоноод Ж.Л өөрөө ирээд аваад явсан. Надад хөлсөөр зарж өг гэж Ж.Л өгөөгүй. Би 2013 оны 2 сард Авдол хөгшинөөс аваад явсан нь үнэн. Надад 2, 3 хүн байна. Дарьжав гээд унаад хүргэж өгсөн хүн байна. Дахиж би мөнгөө нэхэж чадалгүй хаясан.

....Хар саарал хязаалангийн алдсан, алаг гүү нь үхсэн, одоо ганцхан бор үрээ нь байна. Миний 52 кг ноолуур тэр чигтээ явсан. Ж.Л-аас би зүгээр авсан юм байхгүй. Бор шүдлэн гэж тэр чинь даага ирсэн. Адууныхаа насыг ч мэдэхгүй. Алаг гүү тэр үед хөгшин гүү байсан. Одоо 11 настай байхаар гүү биш юм. Би Ж.Л-ын нэхсэн мөнгийг нь өгөх боломжгүй. Би 52 кг ноолуурынхаа мөнгөнд авсан.

...Нэхэмжлэлээ тодруулсныг ойлгож байна. Адууг яаж үнэлсэн юм бэ, зүгээр байж байгаад үнэлчихдэг юм уу. Би бор үрээг нь өгөхгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.

...Би энэ адуунуудыг авсан нь үнэн. Би авсан гэдгээ хэлээд л байгаа ш дээ. Хар саарал хязааланг алдчихсан гэж хэлсэн ш дээ.

...2012 онд 5 сарын үеэр хүүхдүүдийн хонхны баяр болж байсан. Би аймгийн төвийн жижиг гэртээ байж байтал Ж.Л манайд ирээд чи ноолуураа өгчих, эгч нь чиний хүүхдүүдийг нэг жил байрандаа үнэгүй байлгая, наран талдаа, дулаан байлгая чи жижиг гэрт хүүхдүүдээ зутраагаад яадаг юм бэ гэж хэлсэн. Би жижиг гэртээ хүүхдүүдээ байлгаж байсан юм. Ж.Л гуйгаад салахгүй болохоор нь зах зээлийн ханшаар нь 1 кг ноолуурыг 60,000 төгрөгөөр тооцож, 52 кг ноолуур өгсөн. Ноолуурын мөнгийг 12 сард өгнө гэж хэлсэн. Тэгээд 12 сар болоход нөхрөөсөө салчихлаа гэж хэлсэн. Тэгээд шинж жил болоод хүүхдэд мөнгө өгчих гэтэл өгөхгүй байлгаж байгаад манай хүүхдэд 100,000 төгрөг өгсөн байсан. Нөхөр салчихсан, надад ямар ч мөнгө байхгүй гэж хэлээд намайг 3 тооны адууг ав гэж хэлсэн. Тухайн үед бор шүдлэнг 600,000 төгрөгөөр, алаг гүүг 800,000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Би их үнэтэй байна гэхдээ ноолуурынхаа өлтөгөндөө авъя гэж хэлсэн. Ингэж байхад Авдол хөгшин байсан. Хар саарал хязаалан үрээг 2,500,000 төгрөгөөр үнэлж ав гэж Ж.Л-ыг хэлэхээр нь би ийм үнэтэй адуу авахгүй, би хурдан морь уядаггүй, надад мал л гүйцэх л адуу хэрэгтэй гэж хэлсэн. Би ийм үнэтэй адууг авахгүй, харин маллаж байя, байж байг надад гэж хэлсэн.

Би энэ хүнээс цалин аваагүй. Ж.Л нь алаг азаргаа гаргаад аваад явсан. Хар саарал хязаалан үрээ нь гүйгээд тогтохгүй байж байгаад алга болсон. Би Ж.Л-тай хамт хайгаад олоогүй юм.

...Бор шүдлэнг 600,000 төгрөг, алаг гүүг 800,000 төгрөгөөр тооцож авсан. Манай хүү 100,000 төгрөг авсан. Ноолуурын тооцоог ингээд орхиё гэж бодсон. Хар саарал үрээ нь байхгүй болсон. Энэ хүнээс ноолуурын үлдэгдэл мөнгийг авахгүй хаясан.

...Ж.Л оныг нь санахгүй байна. Хавар ирсэн. Хүүхдүүд ямаа самнаж байсан. Надаас 3 тооны адуу авъя гэж ирээгүй. Надаас мөнгө өгчих эгчдээ гэж ирсэн. Тэгэхэд хар саарал хязааланг алдсан, би идсэн биш гэж хэлээд гаргасан....Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Л нь А.Д-нд холбогдуулан алаг гүү, хар саарал хязаалан, бор шүдлэн зэрэг 3 тооны адуу гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Л нь нэхэмжлэлийн шаардлагаа алаг зүсмийн гүүний үнэ 1,000,000 төгрөг, хар саарал зүсмийн хязаалан адууны үнэ 6,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг бор зүсмийн морины хамтгаргуулах гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн нэрийг Д гэж бичсэн байх ба хариуцагчийн нэр нь А.Д болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Ж.Л нь ....2013 оны 11 сард алаг зүсмийн азарга, алаг зүсмийн гүү, хар саарал зүсмийн хязаалан, бор зүсмийн шүдлэн /адуунуудын насыг тухайн үеийн байдлаар/ нийт 4 тооны адууг хариуцагч А.Д-д маллаж байгаад заруулахаар өгсөн. 2012 оны 5 сард А.Д-аас авсан 52 кг ноолуурын тооцоо дууссан....2016 оны хавар хоёр удаа уг адуунуудынхаа үнийг хариуцагчаас нэхэж гэрт нь очсон....А.Д-аас алаг зүсмийн гүүний үнэ 1,000,000 төгрөг, хар саарал зүсмийн хязаалан адууны үнэ 6,000,000 төгрөг буюу нийт 7,000,000 төгрөгийг бор шүдлэн буюу өнөөдрийн байдлаар бор зүсмийн морины хамт гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А.Д эс зөвшөөрч ....2012 оны 5 сард надаас Ж.Л нь 1 кг ноолуурыг 60,000 төгрөгөөр бодож 52 кг ноолуурыг 12 сард бэлнээр мөнгийг нь өгөхөөр авч явсан. 2013 оны 2 сард ноолуурынхаа үнэнд алаг гүү, бор шүдлэн хоёрыг авсан. Хар саарал зүсмийн хязааланг Ж.Л 2,500,000 төгрөгөөр намайг худалдаж ав гэж санал гаргасан. Би уг адууг худалдаж аваагүй. Харин маллаж байгаад удаагүй хулгайд алдсан. Алаг гүү нь үхсэн, тухайн үеийн бор шүдлэн одоо бор морь болсон байгаа....Ж.Л 2016 оны хавар 5 сарын үед хар саарал адууны мөнгийг надаас нэхсэн....Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй.... гэж тус тус мэтгэлцэв.

Хариуцагч А.Д нь Ж.Л-ын өмчлөлийн алаг зүсмийн азарга, алаг зүсмийн гүү, хар саарал зүсмийн хязаалан, бор зүсмийн шүдлэн /2013 оны байдлаар адуунуудын насыг тодорхойлсон/ нийт 4 тооны адууг А.Авдолоос авсан талаар болон алаг зүсмийн азаргыг Ж.Л нь А.Д-аас буцааж авсан талаар талууд хэн аль нь маргаагүй болно.

2013 оны 11 сард нэхэмжлэгч Ж.Л-ын өмчлөлийн адуунуудыг маллаж байсан А.Авдолоос алаг зүсмийн азарга, алаг зүсмийн гүү, хар саарал зүсмийн хязаалан, бор зүсмийн шүдлэн нийт 4 тооны адууг хариуцагч А.Д нь авсан болох нь гэрч А.Авдолын ....Би Ж.Л-ын алаг гүү 1, алаг азарга 1, бор шүдлэн 1, саарал хязаалан 1, нийт 4 тооны адууг 2013 онд маллаж байсан....А.Д нь энэ 4 морийг 2013 оны 11 дүгээр сарын үед манайхаас аваад явсан.... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /ХХ-ийн 51-52 дугаар тал/

Харин А.Д нь Ж.Л-ын өмчлөлийн дээрх 4 тооны адууг А.Авдолоос 2013 оны 2 сард авсан гэж тайлбарлах боловч хариуцагчийн уг тайлбар нь гэрч А.Авдолын ....А.Д нь энэ 4 морийг 2013 оны 11 дүгээр сарын үед манайхаас аваад явсан.... гэх мэдүүлэг, гэрч Л.Гантөмөр /Хөхөө/-ийн ....одоогоос 5-6 жилийн өмнө....Ж.Л-ын адуунуудыг би 5 сарын хугацаанд л малласан. Ж.Л тухайн оныхоо намар нь өөр айлд тавина гээд морьдоо аваад явсан... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна. /ХХ-ийн 51-52, 158-160 дугаар тал/

Нэхэмжлэгч нь 2012 оны 5 сард хариуцагчаас авсан 52 кг ноолуурыг 1 кг-ын 40,000 төгрөгөөр тооцож, уг ноолуурын тооцоог 2012 оны 9 сараас 2013 оны 5 сар хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Эрдэм сургуулийн байранд А.Д-ны хүүхдүүдийг 1 сарын хөлс 150,000 төгрөгөөр тооцож 10 сарын хугацаагаар нийт 1,500,000 төгрөгөөр хөлслүүлсэн, А.Д 2013 оны өвөл сумын сайн малчин болохдоо 40 шил архийг нэг бүрийн үнийг 6,500 төгрөгөөр тооцож 260,000 төгрөгийн архи авсан, хариуцагчийн хүүхдэд нь 2012 оны 12 сард шинэ жилийн үед бэлнээр 240,000 төгрөг өгч дуусгасан гэж тайлбарлав.

Хариуцагч 2012 оны 5 сард нэхэмжлэгч нь надаас 52 кг ноолуурыг 1 кг-ын 60,000 төгрөгөөр тооцон үнийг нь 12 сард өгөхөөр авсан. Ингэхдээ хүүхдүүдээ манай байранд үнэгүй байлга гэж Ж.Л өөрөө хэлсэн. Би сумын сайн малчин болоод 10 шил архийг нэг бүрийн үнийг 6,500 төгрөгөөр бодож нэхэмжлэгчээс авсан, миний хүүд бэлнээр 100,000 төгрөг өгсөн байсан. Ноолуурын үнэнд бор шүдлэнг 600,000 төгрөгөөр, алаг гүүг 800,000 төгрөгөөр тус тус тооцож авсан. Одоо Ж.Лхамжаваас хэдэн төгрөг авна гэж тайлбарлалаа.

Гэрч Д.Дашдоржийн ....Сүүлийн 4-5 жил хамтран ажиллаж байна. Компанийнхан борлуулалтын ажил дээр хамтарч ажиллаж байгаа....А.Д нь Ж.Л-аас архи авч байсан. Нэг бүрийн 6500 төгрөгөөр 40 шил архи авч байсан.... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ....2013 онд сумын сайн малчин болсон гээд нэг бүрийн үнэ нь 6,500 төгрөгийн 40 шил архи авсан.... тайлбар зэргээр хариуцагчийн ....сумын сайн малчин болоод 10 шил архийг 6,500 төгрөгөөр тооцож авсан.... гэх тайлбар зэргээр няцаагдаж байна. /ХХ-ийн 49-50 дугаар тал/

Харин гэрч Б.Өлзийхишигийн ....2011 онд Ж.Л-ын эзэмшлийн Эрдэм сургуулийн байрны жижүүрээр ажилласан байсан....А.Д-ны хүүхдүүд Эрдэм сургуулийн байранд амьдарч байсан....Сарын 150,000 төгрөгөөр 1 өрөөг нь 3 хүүхэд нь хөлсөлж амьдардаг байсан....Би түрээсийн төлбөр төлсөн талаар сайн мэдэхгүй байна.... гэх мэдүүлгээр А.Д-ны 3 хүүхэд Ж.Л-ын эзэмшлийн байранд тодорхой хугацаанд амьдарч байсан талаар нотолсон боловч тухайн хүүхдүүд байр хөлслөсний төлбөрийг хэрхэн яаж төлсөн нь тогтоогдохгүй байна. /ХХ-ийн 47-48 дугаар тал/

Нэхэмжлэгчийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ....Буянт сумын иргэн н.Давикан бид хоёрын дунд авцаа байсан тул надад байгаа /миний өмчлөлийн/ 6 толгой адууг зарж борлуулаад надаас авсан авцаагаа аваад, үлдэгдэл мөнгийг нь надад өгөхөөр хэлэлцэн тохиролцоод Авдолынд байсан 6 толгой адуунаас авахыг зөвшөөрсөн. н.Д 2013 оны 11 дүгээр сард Авдолоос алаг азарга, алаг гүү, бор саарал хязаалан, бор шүдлэн зэрэг 4 толгой адууг аваад явсан байсан... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Үүнээс үзэхэд 2013 оны 11 дүгээр сард Ж.Л нь хариуцагчид 4 тооны адууг шилжүүлэн өгөх үед зохигчийн хооронд 52 кг ноолуурын тооцоо буюу өглөг, авлага дуусаагүй байсан гэж үзэх үндэслэлтэй байх ба хариуцагчийн ....52 кг ноолуурын төлбөрт бор шүдлэнг 600,000 төгрөгөөр, алаг гүүг 800,000 төгрөгөөр тус тус тооцож авсан.... гэх тайлбарыг үгүйсгэх баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийхээр заасан боловч энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заагаагүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 52 кг ноолуурын төлбөрт бор зүсмийн шүдлэн, алаг зүсмийн гүүг өгсөн гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас бор зүсмийн морь, алаг зүсмийн гүүний үнэ 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчээс хариуцагчид хар саарал зүсмийн хязаалан адууг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байх ба харин нотлох баримтад үндэслэн тэдний хооронд үүрэг үүсээгүй гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй... тохиодолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 3 тооны адуунаас хар саарал зүсмийн хязаалан адууг буцаан шаардах эрхтэй байна.

2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын үнэ тодорхойлох комиссын шийдвэр нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй этгээд хийсэн байх тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. /ХХ-ийн 60 дугаар тал/

Харин нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан Монгол улсын Сангийн яамнаас олгосон 15060074 тоот тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин Ч.Мөнхцоозын хийсэн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Морь үнэлсэн тухай тайлангаар хар саарал хязаалан адууг 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр үнэлсэн байх ба хариуцагчаас хар саарал зүсмийн хязаалангийн үнэ буюу 6,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. /ХХ-ийн 86 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч А.Д нь ....Ямар шинжээч нь тийм өндөр үнэтэй дүгнэлт гаргадаг юм, их өндөр үнэтэй байна.... гэх тайлбараа нотолж чадаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Д-аас хар саарал зүсмийн хязаалан буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Л-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх бор зүсмийн морь, 1,000,000 /нэг сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Л-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 950 /есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч А.Д-аас 6,000,000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Л-д олгохоор тогтов.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар гаргасан 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр зохигчийн хооронд ярьсан яриаг нэхэмжлэгч нь гар утсан дээрээ бичиж авч, уг CD-д хуулсан гэх DVD+RDL, 8.5 GB гэх бичвэртэй CD бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүх уг CD бичлэгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн эд мөрийн баримтаар гаргасан DVD+RDL, 8.5 GB гэх бичвэртэй CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Д-с хар саарал зүсмийн хязаалан адууны үнэ 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Л-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх бор зүсмийн морь, алаг гүүний үнэ 1,000,000 /нэг сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Л-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 950 /есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч А.Д-аас улсын тэмдэгтийн хураамж 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Л-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар нэхэмжлэгчийн эд мөрийн баримтаар гаргасан DVD+RDL, 8.5 GB гэх бичвэртэй CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНЖАРГАЛ