| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2016/01912/И |
| Дугаар | 183/ШШ2017/00536 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2017/00536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 7 дугаар гудамж, 100 тоотод бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, 56-23 тоотод оршин суух, Бага тугтан овогт Өлзийдэмбэрэлийн Элбэгжаргал /Регистрийн дугаар:ОГ88102301/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, өөрийн байранд байрлах, “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, нөхөх олговорт 3,220,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Элбэгжаргал, түүний өмгөөлөгч С.Оюундэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Элбэгжаргал, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар томилогдон ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Би 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс ээлжийн амралтаа авч, 11 дүгээр сарын 07-ны өдөр амралтын хугацаа дуусч ажилдаа орсон. Гэтэл тэр өдөр Хүний нөөцийн даргатай уулзахад чамайг ажлаас чөлөөлнө, өргөдлөө өг гэсэн. Маргааш өдөр нь байгууллагын дарга дуудаад би өөрийн багаа бүрдүүлнэ, хэвлэлийн ажилтнаар өөрийн хүнийг томилох тул өргөдлөө өг гэсэн. Би өргөдөл өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл 11 дүгээр сарын 11-ний өдөр тушаал гарсан, ажлаа хүлээлц гээд комисс орж ирэхээр нь тушаалтай танилцана гэсэн. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 14-нд тушаалтай танилцахад намайг албан тушаал бууруулж, нэгдүгээр баазад шалгагчаар шилжүүлэн томилсон байсан.
Уг Б/1153 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй, ажилтныг шилжүүлэх болсон шалтгаан үндэслэл нь тодорхойгүй, зөвхөн Хөдөлмөрийн дотоод журмын 7.5.1-д заасныг баримталсан байна. Хэрэгт авагдсан тус байгууллагын дотоод журмаас харвал бүтэц орон тооны өөрчлөлтөөр, ажлын нөхцөл байдлын шаардлагаар ажилтныг өөр ажилд шилжүүлж болохоор заасан ч нэхэмжлэгч Ө.Элбэгжаргалыг шилжүүлсэн дээрх тохиолдолд алин нь ч нийцэхгүй байна. Тус байгууллагад бүтэц орон тооны өөрчлөлт хийгдээгүй, ажлын зайлшгүй шаардлага гарсан болохоо хариуцагч баримтаар нотлоогүй. Мөн ажилтныг шилжүүлэн ажиллуулах талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 32-34 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болоогүй байхад үндэслэлгүйгээр шилжүүлсэн байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т заасан ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосон заалтыг байгууллага зөрчсөн.
Иймд тус байгууллагын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/1153 дугаар тушаал үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар эгүүлэн тогтоож өгнө үү. Дээрх тушаал гарснаас хойш надад цалин хөлс олгоогүй тул ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт тушаал гарсан өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл ажилгүй байсан 92 хоногт, нэг өдрийн цалинг 35,000 төгрөгөөр тооцон, нийт 3,220,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ө.Элбэгжаргал нь манай байгууллагад 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр А/291 дүгээр тушаалаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар ажилд орсон. Нэхэмжлэгч улс төрч мэргэжилтэй бөгөөд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангахгүй байсан. Мөн тус байгууллага ажилтныг захиргааны санаачилгаар өөр ажилд шилжүүлэх эрх Хөдөлмөрийн дотоод журмын 7.5.1-д заасан бөгөөд ажлын зайлшгүй шаардлага байсан тул түүнийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/1153 дугаар тушаалаар өөр ажилд шилжүүлсэн. Ингэснээр түүнийг ажлын байраар хангасан хэвээр байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ө.Элбэгжаргал нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, нөхөх олговорт 3,220,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1291 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ө.Элбэгжаргалыг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар томилж, улмаар талууд хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна. /хх 4-6, 24/
Мөн компанийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/1153 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, 1.10 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 7.5.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч Ө.Элбэгжаргалыг мөн өдрөөс Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаас чөлөөлж, нэгдүгээр баазад шалгагчаар шилжүүлжээ. /хх-3/
Хариуцагч Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтны ажлын байранд мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй хүн ажиллах шаардлага тавигдах бөгөөд нэхэмжлэгч Ө.Элбэгжаргал улс төрч мэргэжилтэй тул ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага хангаагүй, мөн ажлын зайлшгүй шаардлага гарсан тул шилжүүлэн томилсон гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.
Уг тушаалд ажилтныг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах болсон үндэслэлээ тусгаагүй байдлыг түүнийг үндэслэлгүйгээр шилжүүлсэн гэж үзэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас шүүхэд гаргасан тайлбар болох ажилтныг өөр ажилд шилжүүлэх ажлын зайлшгүй шаардлага бий болсон, мэргэшлийн шаардлага хангаагүйн улмаас шилжүүлэх болсон гэдгээ тушаалын үндэслэлд тусгаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд зааснаар захиргаа ажилтныг ажлын зайлшгүй шаардлагаар, эсхүл сул зогсолтын үед, эсхүл ажилтны эрүүл мэндийн шалтгааны улмаас өөр ажил, албан тушаалд шилжүүлэхээр зохицуулсан байх бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар захиргаа ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил гүйцэтгэхийг шаардах эрхгүй гэж заасан байна.
Захиргаа ажилтныг шилжүүлэх хуульд заасан дээр дурдсан үндэслэл, шаардлага тогтоогдоогүй байхад өөр ажил, албан тушаалд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтны ажлын байрны тодорхойлолтоор мэргэжлийн хувьд мэдээллийн технологийн инженер байхаар тусгагдсан байна. Гэсэн хэдий ч захиргаа уг ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгчийг анх ажилд томилж, түүнтэй хөдөлмөрийн харилцаа үүсгэхээс өмнө буюу 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр баталсан хэрнээ мэдсээр байж мэргэшлийн хувьд өөр хүнийг ажилд томилж, хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна. /хх-25,26/
Захиргааны дээрх үйлдэлд ажилтанг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгч өөрийн хөндөгдсөн эрхээ хамгаалуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгч Ө.Элбэгжаргалыг үндэслэлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлсэн байх тул түүнийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтны ажилд эгүүлэн тогтоов.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг шилжүүлэн томилсон 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш цалин хөлсийг олгоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу түүнд дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасныг баримтлан ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан нийтээр амрах амралтын болон баяр ёслолын өдрүүдийг хасч тооцвол ажлын нийт 81 хоног, нэг өдрийн 56,964 төгрөг /8 дугаар сар 1,127,000 төгрөг + 9 дүгээр сар 2,064,512 төгрөг + 10 дугаар сар 465,300 төгрөг =3,656,812/3 сар=1,218,937/21.5 хоног = ажлын нэг өдрийн 56,694/ байна.
Гэвч нэхэмжлэгч нь нэг өдрийн цалинг 35,000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тооцон хариуцагчаас нийт 2,835,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан, улсын орлогод нөхөн төлүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ө.Элбэгжаргалыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтны ажилд эгүүлэн тогтоож, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 2,835,000 /хоёр сая найман зуун гучин таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Элбэгжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 385,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Элбэгжаргалын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих журмын дагуу баталгаажилт хийхийг хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 60,310 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ
2017.03.13
Хүсэлт хянан шийдвэрлэх тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 7 дугаар гудамж, 100 тоотод бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, 56-23 тоотод оршин суух, Бага тугтан овогт Өлзийдэмбэрэлийн Элбэгжаргал /Регистрийн дугаар:ОГ88102301/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, өөрийн байранд байрлах, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Элбэгжаргал, түүний өмгөөлөгч С.Оюундэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Манай өмгөөлөгч М.Өлзийцэцэг өвчтэй байгаа тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргаж өгч буй нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгчийн өвчтэй тухай магадлагаанд 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс өвчтэй гэсэн хэрнээ 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон байх тул үнэн зөв эсэх нь тодорхойгүй эргэлзээтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Элбэгжаргал нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэгт Мангут эмнэлгээс олгосон эмнэлгийн магадлагаанд түүнийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн тухай дурдсан байх ба магадлагааг сунгасан баримтгүй байна. Дээрх эмнэлгийн магадлагаа 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөр дуусч байх тул хариуцагчийн өмгөөлөгчийг өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нотлохгүй байна гэж үзэв.
Иймд шүүх хуралдаан хойшлуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргах өгөх үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар өгөв.
Дээрх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан баримтууд байх ба уг баримтыг үнэлэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нотлох баримт хасуулах, шүүх хуралдаан хойшлуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн хүсэлтийг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан зохицуулалтад хамаарахгүй тул энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ