Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2017/00566

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71 дүгээр байр, 64 тоотод байрлах, “Тэгш Уран санаа” Хадгаламж зээлийн хоршоо /Регистрийн дугаар: 5234301/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Дунднаран 5 гудамж, 120 тоотод бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол, 24/3 байр 08 тоотод оршин суух, Доржсүрэнгийн Өнөрмаа /Регистрийн дугаар: УС 76072308/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол, 24/3 байр 08 тоотод оршин суух, Гөлгөөгийн Энхболд /ЛЮ 68061736/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,762,700 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал Ч.Хүрэлбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ, нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Тэгш Уран санаа” ХЗХ, гүйцэтгэх захирал Ч.Хүрэлбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Өнөрмаа, Г.Энхболд  нар нь тус хоршоотой 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Бид гэрээг нотариатаар баталгаажуулан, фидуцийн гэрээний зүйл болох Япон улсад үйлдвэрлэгдсэн Suzuki /Суцуки/ маркийн 78-37 УНЛ улсын дугаартай авто машины бичиг баримтыг өөрийн эзэмшилд шилжүүлсэн. Гэхдээ хариуцагч нар автомашиныг унаж эзэмшиж байгаа. Зээлийн гэрээний хугацааг харилцан тохиролцож 2015 оны 6 сарын 2-ны өдөр 15 сарын хугацаатай сунгасан. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс  2016 оны 6 дугаар сарын 28-ны хооронд зээлийн хүүд 3,656,000 төгрөг төлсөн. Зээлдэгч нар удаа дараа зээлээ төлөхгүй тохиролцсон хугацааг хэтрүүлдэг, удаа дараа шаардуулдаг байсан.

Тухайлбал 2016 оны 3 дугаар сарын 11-нд, 2016 оны 5 дугаар сарын 12-нд тус тус мэдэгдэх хуудас өгсөн.  2016 оны  7 дугаар сарын 02-нд үндсэн зээл, хүүнээс төлөх байтал төлөөгүй. Мөн өмнөх 6 дугаар сарын хүүний дутууг ч төлөөгүй. Энэ тухай наадмын өмнө түүнд сануулж утсаар мэдэгдсэн.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, гэрээний 4.6-д заасны дагуу Иргэний хуулийн 452 дугаар зүйл, 453 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд үндсэн зээл 4,000,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацааны зээлийн хүү 2,296,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 459,200 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 6,762,700 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн фидуцийн гэрээгээр шилжүүлсэн машинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Өнөрмаа, Г.Энхболд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Өнөрмаа, Г.Энхболд нар нь тус хоршооноос 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй 4,000,000 төгрөгийг 15/22 тоот зээлийн гэрээ байгуулж авсан. Мөн гэрээг 15 сарын хугацаатайгаар 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр сунгасан нь үнэн. Зээлийн барьцаанд Г.Өнөрмаагийн нэр дээр байсан 78-37 УНЛ улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэгдсэн 60,000 км явсан хар өнгийн Сузуки жипийг шилжүүлсэн. Зээл төлөх график хийгээд гарын үсгээ зураад тамгалсан байгаа. Гэтэл зээл төлөх хугацаа болоогүй, гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 7 дугаар сарын 20-нд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь зээлдэгч нарын эрх ашгийг зөрчиж, тус хоршоо хариуцагч нарын автомашиныг бага үнээр авах гэсний илрэл. Зээлийн гэрээгээр сар бүрийн зээлийг дараа сарын 02-ны дотор төлөхөөр гэрээнд тусгагдсан. Зээлдэгч нар нь гэрээнд заасны дагуу сар бүр хүүг төлж байсан. 2016 оны 3 дугаар сард хүүг хугацаанаас нь хоцорч төлсөн нь үнэн хэдий ч нэхэмжлэгч шаардах хуудас өгсний дараа үүргээ биелүүлж 2016 оны 4 дүгээр сарын 15-нд төлбөрийг төлсөн байгаа. 2016 оны 7 дугаар сарын эхээр хариуцагч нар өөрсдөө тус хоршоонд наадмын дараа хөдөөнөөс ирээд төлбөрөө төлье гэдгийг хэлээд явсан.  Гэтэл шүүхэд нэхэмжлэл өгсөн байсан.

Зээлийн хугацаанд төлсөн төлбөрийн дүнд маргахгүй. Нэгэнт нэхэмжлэгч зээлээ шаардаж гэрээгээ цуцалж байгаа тул өмнө нь шүүхийн шийдвэрээр гарсан хэмжээ болох 4,477,900 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Тэгш Уран санаа” ХЗХ нь хариуцагч Д.Өнөрмаа, Г.Энхболд нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,762,700 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээс үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 392,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,400 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг нийт 4,477,900 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргав.

Зохигчид 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Зээлдүүлэгч нь 4,000,000 төгрөгийг гурван сарын хугацаатайгаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь сарын 6 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хорин хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Өнөрмаагийн Сузуки гранд витара маркийн 78-37 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч “Тэгш Уран санаа” ХЗХ-ийн нэр дээр шилжүүлэхээр 15/22 тоот зээлийн болон фидуцийн гэрээг байгуулсан байна. Түүнчлэн талууд 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр харилцан тохиролцож,  гэрээний хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 15 сарын хугацаагаар сунгаж гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. /хх 7-10, 51/

Зохигчид зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй, эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5,  451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгчид 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн,  гэрээний хугацааг сунгасан, энэ хугацаанд 3,656,000 төгрөг төлсөн, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдлийг хүлээн авсан зэрэг үйл баримтуудад маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь зээлдэгч нарыг үндсэн зээл, зээлийн хүүг  тохиролцсон хугацаанд төлөх графикаа удаа дараа зөрчсөн, үүргээ гүйцэтгэхийг 2016 оны 3 дугаар сар, 5 дугаар сард тус тус мэдэгдэх хуудсаар мэдэгдэж байсан, 2016 оны 7 дугаар сарын 02-нд үндсэн зээл, хүү төлөх ёстой ч төлөөгүй, энэ тухай наадмын өмнө утсаар мэдэгдсэн ч биелүүлээгүй тул гэрээний үүргийг шаардаж байна гэж, хариуцагч тал 2016 оны 3 дугаар сард мэдэгдлийг авсан ч мэдэгдлийн дагуу үүргээ биелүүлж 2016 оны 4 дүгээр сарын 15-нд төлсөн, 2016 оны 7 дугаар сард наадмын дараа төлбөрөө төлөхийг утсаар мэдэгдсэн байтал шууд нэхэмжлэл гаргасан,  тохиролцсон графикийг зөрчсөн ноцтой зөрчил байхгүй байсан гэж маргав.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний хүүг хугацаанд нь төлж байсан, үүргээ зөрчөөгүй, тохиролцсон хугацааг бага зэрэг хоцроосон нь гэрээг цуцлах хэмжээний зөрчил биш гэж тайлбарлаж байх хэдий ч хэрэгт авагдсан зээлийг эргэн төлөх хуваарь, түүний төлсөн байдлаас үзвэл талууд сар бүрийн 02-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг тогтоосон хэмжээгээр хийхээр тохиролцсон, 2016 оны 1 дүгээр сараас хойш зээлдэгч хугацааг сар бүр хэтрүүлж байсан, үүнээс 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төлөх төлбөрийг 4 дүгээр сарын 15-нд төлсөн байна. Түүнчлэн 2016 оны 7 сарын 02-нд төлбөл зохих үндсэн зээлээс 1,333,350 төгрөг, хүү 240,000 төгрөг нийт 1,573,350 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.  

Хариуцагч нь 2016 оны 3 дугаар сард үүргээ гүйцэтгэхийг шаардсан зээлдэгчийн мэдэгдлийг хүлээн авсан, мөн 2016 оны 7 дугаар сард наадмын өмнө төлбөрөө төлөхийг зээлдэгчийн зүгээс утсаар сануулсан гэдгийг үгүйсгээгүй тул түүнийг үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэсгүй байна гэж үзэв.

 Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4.1.5-д зээлдэгч тогтоосон хуваарийг 2 болон түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй гэж заажээ.

Нэгэнт гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар 2016 оны 7 дугаар сард утсаар мэдэгдснээр үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзэв. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь талууд гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Нэгэнт нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талуудын хооронд байгуулсан гэрээг нэхэмжлэгч цуцалсан гэж дүгнэх үндэслэлтэй тул хариуцагч нараас 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцон хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн 4,000,000  төгрөг, хүү 392,000 /49 хоног х 8 000/, нэмэгдүүлсэн хүү 78,400 төгрөг /392,000х20 хувь/, нийт 4,470,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан нотариатын зардалд 7,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгов.  

Зохигчид тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн ч бодитоор хариуцагч нар эзэмшиж, ашиглаж байгаа гэдэгт маргаагүй бөгөөд талууд харилцан тохиролцож үүргийн гүйцэтгэлийг Д.Өнөрмаагийн Сузуки гранд витара маркийн 78-37 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 16,000,000 төгрөгөөр тооцон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээг байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр байх тул үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээс хангуулахаар шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлд фидуцийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ, гэрээний зүйл болох хөдлөх эд хөрөнгийн үнэ хоёрын хооронд зөрүү гарсан ч үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгч бодитойгоор гаргуулан авснаар фидуцийн гэрээ болон үндсэн үүрэг дуусгавар болох юм.

Нэхэмжлэгч гэрээний үүргийг хангуулахаар шаардах эрхтэй байх хэдий ч  зохигчдын байгуулсан фидуцийн гэрээний 3.2.4-т “Шилжүүлсэн хөрөнгийг борлуулсан орлого зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгч бусад эд хөрөнгөөр бүрэн хариуцаж төлөх”-өөр заасан нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болох фидуцийн үндсэн шинжээс өөр агуулгатай байна.

Нэгэнт талуудын хооронд байгуулсан гэрээгээр эд хөрөнгийн үнэ гүйцэтгээгүй үүргийн хэмжээнээс бага байвал үүрэг гүйцэтгэгчээс нэмэлт хөрөнгө шаардах боломжтой гэж талууд үзсэн бол эд хөрөнгийн үнэ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс их бол зөрүүг үүрэг гүйцэтгэгчид буцаан олгох нь зүй ёсны асуудал тул зээлдэгч фидуцийн зүйл зээлдэгчид шилжсэнээс хохирол учирсан гэж үзвэл хариуцагч нар жич нэхэмжлэх эрхтэй болно.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид 123,153 төгрөг төлөхөөс 147,882 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 24,729 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид мөн хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч Д.Өнөрмаа, Г.Энхболд нараас 4,477,900 /дөрвөн сая дөрвөн зуун далан долоон мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Тэгш Уран санаа” ХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,284,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээнд заасан эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.  

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 147,882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  илүү төлсөн 24,729 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд 86,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тэгш Уран санаа” ХЗХ-д олгосугай.

           

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                О.ОДГЭРЭЛ