Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 0167

 

2020 оны 3 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0167

Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: “М.М” ХХК

Хариуцагч: “ЭТ” ХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Агаарын сансрын зургийн боловсруулалттай 1:5000-ны тусгай зөвшөөрлийн талбайд 1:1000-ны масштаб байр зүйн зураглал боловсруулах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээг байгуулахыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нь “Агаарын сансрын зургийн боловсруулалттай 1:5000-ны тусгай зөвшөөрлийн талбайд 1:1000-ны масштаб байр зүйн зураглал боловсруулах үйлчилгээ үзүүлэх ЭТТ/201802183 дугаартай тендер” шалгаруулалт зарласан. Бид тус тендерт оролцсон бөгөөд бид тус тендерт шалгарч гэрээ байгуулах эрх олгогдсон. Захиалагчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 07/264 дүгээр албан бичгээр манай компанид гэрээ байгуулах эрх олгож байгааг мэдэгдэж, гүйцэтгэлийг баталгааг байршуулахыг хүссэн. Бид Х******* х******* б*******ны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 409DВG/19/0441 дүгээр Гүйцэтгэлийг баталгааг тус компаниар гаргуулж, захиалагчтай гэрээ байгуулахыг хүссэн. Гэвч захиалагчийн зүгээс гэрээ байгуулах ажлыг хойшлуулж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл гэрээ байгуулаагүй байна. Ингэхдээ бидэнд гэрээ байгуулахаас татгалзаж буй тухай ямар нэгэн мэдэгдэл, шийдвэр өгөөгүй бөгөөд “гэрээг байгуулна” хэмээн хүлээлгэж ирсэн. Бид 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Хүсэлт гаргах тухай” ММ/0828 дугаар албан бичгээр тендер захиалагч байгууллага болох “ЭТ” ХК-д хандаж, гэрээ байгуулахыг шаардсан. Гэвч тус байгууллага хуульд заасан хугацаа болох 1 сарын хугацаанд бидэнд бичгээр хариу өгсөнгүй. Гагцхүү “танайхтай гэрээ байгуулна” гэдэг хариуг манай компанийг төлөөлж уулзсан хүмүүст амаар өгсөн байна.

Тендер захиалагчийн энэхүү гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас
бидний гэрээ байгуулах, гэрээний дагуу үзүүлэх үйлчилгээний хөлс авах эрх зөрчигдөөд байна.

Хариуцагч байгууллага нь бидэнтэй гэрээ байгуулахаас татгалзах тухай ямар нэгэн шийдвзр гаргаагүй, мэдэгдэл өгөөгүй, өдий болтол гэрээ байгуулаагүй хууль бус эс үйлдэхүй гаргаж ирж байх тул бидний шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй болно.

          Ийнхүү “ЭТ” ХК нь тендерт шалгарсан этгээд болох манай
компанитай гэрээг байгуулахгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байх тул тус эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.М” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Үнэлгээний хорооны зөвлөмжид үндэслэн “М.М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр олгоогүй эс үйлдэхүй нь хууль бус тогтоолгох, “ЭТ” ХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, уйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д заасны дагуу “М.М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

“ЭТ” ХК нь ТТ ордын тусгай зөвшөөрлийн
талбайд “Агаар сансрын зургийн боловсруулалттай 1:5000-ны, Цанхийн уурхайн
тусгай зөвшөөрлийн талбайд 1:1000-ны масштабын байр зүйн зураглал
боловсруулах үйлчилгээ үзүүлэх ЭТТ/201802183 дугаартай тендер шалгаруулалтыг зохион байгуулсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө...”, 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “... 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь...” гэж заасан тул тус хуулийн дагуу бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг.

“ЭТ” ХК-ийн зарласан тендерийн хүчинтэй хугацаа дууссан
тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24.5-д заасан тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул гэрээ байгуулаагүй болно.

2016 онд дээрх төрлийн зураглал авахуулсан боловч одоог болтол
ашиглагдахгүй байгаа бөгөөд 2019 оны уг төслийн санхүүжилт танагдсан байх тул
‘М.М” ХХК-ийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ММ ХХК нь тус шүүхэд хандан Агаарын сансрын зургийн боловсруулалттай 1:5000-ны тусгай зөвшөөрлийн талбайд 1:1000-ны масштаб байр зүйн зураглал боловсруулах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахгүй байгаа ЭТ ТӨХК-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, гэрээг байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий акттай холбогдуулан шүүхээс хийсэн үзлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Монгол Улсын Ерөнхий сайд У.Х 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймагт ажиллах үеэр ТТ ХК өөрийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас хил даван ЭТ ТӨХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нэвтэрч их хэмжээний нүүрс олборлосон гэх асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг авах үүргийг өгсөнтэй холбогдуулан Сангийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 109 дүгээр тушаалаар ...орон нутгийн өмчит ТТ ХК өөрийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас хил даван ЭТ ТӨХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нэвтэрч их хэмжээний нүүрс олборлосон гэх асуудлыг шалгаж, дүгнэлт гаргах, холбогдох арга хэмжээ авах, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

2. Шалгалтын ажлын хүрээнд ... талбайгаас гадна эзлэхүүний хэмжээг харьцуулах боломжтой сансрын өндөр нягтралтай, өнгөт стерео зураг шаардлагатай гэх үндэслэлээр Ажлын хэсгийн ахлагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 13-2/4273 дугаар албан бичгээр ЭТ ТӨХК-нд ...сансрын өндөр нягтралтай, өнгөт стерео зураг нь 3 хэмжээст гадаргуугийн болон өндрийн тоон загвар DMT, DEM-ийг гарган авдаг учир талбайгаас гадна эзлэхүүний хэмжээг харьцуулах боломжтой байдгаараа бусад төрлийн агаарын болон сансрын зурагнаас давуу талтай. Тухайн зурагнууд нь танай байгууллагад өндөр ач холбогдолтой тул худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглахыг зөвлөсөн зөвлөмжийг хүргүүлжээ.

3. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын зөвлөмжийн дагуу ЭТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны А/300 дугаар тушаалаар Ордын тусгай зөвшөөрлийн талбайд Агаарын сансрын зургийн боловсруулалт-тай 1:5000-ны тусгай зөвшөөрлийн талбайд 1:1000-ны масштабын байр зүйн зураглал боловсруулах ажлын гүйцэтгэгчийн сонгох Үнэлгээний хороог байгуулсан.

Үнэлгээний хороо 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Агаарын сансрын зургийн боловсруулалт-тай 1:5000-ны тусгай зөвшөөрлийн талбайд 1:1000-ны масштабын байр зүйн зураглал боловсруулах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ЭТТ/201802183 дугаар тендерийг зарлаж, тендер шалгаруулалтын зарыг Өнөөдөр, Зууны мэдээ сонин, ЭТ ТӨХК-ийн цахим хуудас болон төрийн худалдан авах ажиллагааны цахим систем https://www.tender.gov.mn веб хуудсанд байршуулжээ.

Улмаар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын мэдэгдлийн дагуу тендерийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нээж, Үнэлгээний хороо 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10.00 цагт хуралдан ...Захиалагчид ММ ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг зөвлөмж болгон хүргүүлсэн тул захиалагчаас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07/264 дүгээр албан бичгээр ММ ХХК-нд гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөг хүртэл гэрээг байгуулаагүй байна.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч ММ ХХК-иас тус шүүхэд хандан ЭТ ТӨХК-ийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд бидний гэрээ байгуулах, гэрээний дагуу үзүүлэх үйлчилгээний хөлс авах эрх зөрчигдөж байна хэмээн нэхэмжлэл гарган маргаж байна.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. гэрээ байгуулах эрх олгох гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэхийг хэлнэ, 24 дүгээр зүйлийн 24.5.Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна, 29 дүгээр зүйлийн 29.2-т захиалагч нь гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна[1] хэмээн тус тус заасан.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, үзлэгийн тэмдэглэл болон хэргийн оролцогчдын тайлбараар,

Сангийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 109 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шалгалтын тайланг гаргаж, ...ЭТ ТӨХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн хил даван нүүрс олборлосон гэм буруутай этгээдийг тогтоож ЭТ ТӨХК-ийн хохирол болох ... 340.000 тонн нүүрсний төлбөрийг барагдуулах шийдвэрлэсэн. Эл асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Э******* Авилгатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргасны дагуу тус газраас хэрэг бүртгэлтийн 180200174 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж, харьяаллын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлсэн нь одоо тус албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа болох нь Авилгатай тэмцэх газрын 2020 оны 06/1210, Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 1/989, Сангийн яамны 2020 оны 6-1/356 болон 6/1188 дугаар албан бичгээр,

ЭТ ТӨХК нь Агаарын сансрын зургийн боловсруулалт-тай 1:5000-ны тусгай зөвшөөрлийн талбайд 1:1000-ны масштабын байр зүйн зураглал боловсруулах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ЭТТ/201802183 дугаар тендерийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нээж, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Гэрээ байгуулах эрх олгох тухай 07/264 дугаар албан бичгийг ММ ХХК-нд хүргүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гардан авсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, маргаан бүхий үйл баримттай холбогдуулан шүүхээс ЭТ ТӨХК-ийн архив бичиг хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Гэрээ байгуулах эрх олгох тухай 07/264 дугаар албан бичгийг доорх хүлээн авсан А******* гэх тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасанчлан гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах ёстой.

ЭТ ТӨХК-ийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07/264 дугаар албан бичгийн дагуу ММ ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Х******* х******* б*******аар гүйцэтгэлийн баталгааг /27.856.898.41 төгрөг/ гаргуулан хариуцагчид хүргүүлсэн боловч талууд дээрх хугацаанд гэрээг байгуулаагүй, хариуцагчаас гэрээний төсөлд санал авах ажиллагааг явуулах хугацаанд тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан бөгөөд хугацаа сунгах тухай хүсэлтийг ЭТ ТӨХК-иас гаргаагүй, Сангийн яамнаас тендерийн хүчинтэй байх хугацаа сунгах зөвшөөрлийг олгоогүй.

ММ ХХК-иас 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 001/03122019 дугаар албан бичгээр ЭТ ТӨХК-нд хандан яаралтай гэрээ байгуулж, ажил гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбогдуулан Захиргаан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаанд шүүхэд хандан нэхэмжлэл гаргаагүй,

2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ММ/0828 дугаар албан бичгээр ЭТ ТӨХК-нд гэрээ байгуулах хүсэлтийг дахин гаргасныг хариуцагчаас шийдвэрлээгүйтэй холбогдуулан нэхэмжлэгч ММ ХХК тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч ЭТ ТӨХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/2824 дүгээр албан бичиг, Сангийн яамны 2019 оны 6-1/8464 дүгээр албан бичиг, гэрээний төсөлд санал авах хуудас зэрэг холбогдох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Энэ хүрээнд, гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн хэдий ч хуульд заасан хугацаанд гэрээг байгуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

7. Гэвч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасан тендер хүчинтэй байх хугацаа нэгэнт дуусгавар болсон, хариуцагч ЭТ ТӨХК-иас уг хугацааг сунгах хүсэлтийг гаргаагүй, Сангийн яамнаас хугацааг сунгах шийдвэрийг гаргаагүй,

тендер сонгон шалгаруулалтыг зарлах болсон үндсэн шалтгаан болох ЭТ ТӨХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас ТТ ХК-н хууль бусаар нүүрс олборлосон гэх асуудлаар ЭТ ТӨХК болон ТТ ХК-ийн хамтарсан маркшейдерийн хэмжилтээр 268.3 мянган тонн нүүрсийг шилжүүлэхээр харилцан тохиролцож, шилжүүлэх ажил эхэлсэн,

ТТ Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилтай холбогдуулан ЭТ ТӨХК-ийн 2020 оны төсөвт тодотгол хийгдэж, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтыг хассан, /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д ...тендер шалгаруулалтад шалгарсан тендерт оролцогчтой ... төсвийн санхүүжилт батлагдаагүй тохиолдолд гэрээ байгуулахыг хориглоно. хэмээн заасан/,

ЭТ ТӨХК нь өмнө нь 2013 онд нэхэмжлэгч ММ ХХК-иар 1:5000 масштабтай агаар, сансрын зураглал хийлгэсэн бөгөөд тус компанийн уулын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 1:1000 масштабтай агаар сансрын зураглал дахин хийлгэх шаардлагагүй болох нь хариуцагч ЭТ ТӨХК-ийн 2020 оны 04/489, Сангийн яамны 2020 оны 6-1/356 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хүлээн авах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Үүнтэй холбогдуулан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид худалдан авах гэрээ гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч ММ ХХК нь ЭТ ТӨХК-иас зарласан ТТн ордын тусгай зөвшөөрлийн талбайд агаар сансрын зургийн боловсруулалттай тусгай зөвшөөрлийн талбайд байр зүйн зураглал боловсруулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201802183 дугаар зөвлөх үйлчилгээний тендер сонгон шалгаруулалт оролцсонтой холбогдон өөрт учирсан хохирлыг иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 106.6 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг тус тус үндэслэн ЭТ ТӨХК-нд холбогдуулан нэхэмжлэгч ММ ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Агаарын сансрын зургийн боловсруулалттай 1:5000-ны тусгай зөвшөөрлийн талбайд 1:1000-ны масштаб байр зүйн зураглал боловсруулах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулаагүй ЭТ ТӨХК-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үлдсэнийг буюу гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг үндэслэн захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлыг нэхэмжлэгч ММ ХХК нь иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.М