Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2017/00712

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Нархан, 57 дугаар байрны 41 тоотод оршин суух, Намнаач овогт Содномрэнцэнгийн Мөнхдэлгэр /Регистрийн дугаар:ЧП83012815/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо,  Их Тонгол гудамж, Ривер гарден хотхон, 308 дугаар байрны 1 давхарт байрлах, Цогт-Идэр ХХК /Регистрийн дугаар: 5248469/-д холбогдох

            Орон сууцны талбайн зөрүү 55,911,492 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул, Ц.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.                                                                                                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Их Монгол улсын гудамжид  байрлах “Ривэр Гарден” хотоны 320 дугаар байрны 703 тоотод 174 мкв орон сууцыг захиалан бариухаар 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Цогт-Идэр” ХХК-тай харилцан тохиролцож, RG425320703 тоот гэрээг байгуулсан. Гэрээнд тохиролцсны дагуу хөнгөлөлтэй үнээр тооцон төлбөр 694,900,000 төгрөгийг шилжүүлж, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2015 оны 7 дугаар сарын 27-нд гарсан.

 Гэрээнд орон сууцны талбайн хэмжээг тодорхой тусгасан ба байраа хүлээн авсны дараа байрны талбайн хэмжээ илт жижиг байсан л эргэлзээ төрж албан ёсны тусгай зөвшөөрөл бүхий “Гега гранд” ХХК-д хандаж хэмжилт хийлгэхэд орон сууцны талбайн хэмжээ 160,71 мкв буюу 14,71 мкв-аар зөрүү гарсан. Монгол Улсад орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандарт 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл “Цогт идэр” ХХК уг дагаж мөрдөж буй стандартыг баримтлах байтал иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, гэрээнд орон сууцны талбайн хэмжээг хоёр өөрөөр нийт талбай 174 мкв, цэвэр талбай 168,2 мкв гэж тавьж стандартын дагуу 160,70 мкв хэмжээгээр тооцон төлбөрийг авах ёстой байтал  өөрсдийн зохиомлоор өсгөсөн 174 мкв хэмжээгээр бодож орон сууц захиалагчаас 55,911,492 төгрөгийг илүү авсан байна. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 254 дүгээр зүйлийн 254.4-т зааснаар нэг мкв талбайг 3,993,678 төгрөгөөр тооцон нийт талбайн зөрүү 55,911,492 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 2.1-д орон сууцны нийт үнэд үүдний өрөөний болон хувцасны өрөөний ханын шүүгээний үнэ багтсан гэж заасан байна. Дээрх шүүгээний үнэлгээг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээч 10,702,000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон тул нийт төлсөн төлбөрөөс хасвал орон сууцны үнэд 684,198,000 төгрөг нэхэмжлэгч төлжээ. Шүүхээс томилсон “Хот айл” ХХК-ийн шинжээч нэхэмжлэгчийн орон сууцны талбайн хэмжээг MNS 6058:2009  стандартаар тооцвол 162,33 мкв хэмжээтэй болохыг тогтоосонд маргахгүй. Иймд уг хэмжээгээр тооцвол  зөрүү 11,67 мкв байх тул, нэг мкв-ыг  3,532,804 төгрөгөөр тооцож, нийтдээ 41,227,829 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байгаа нь нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцсэн, түүний хүсэл зориг юм.

Мөн доголдлыг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хэмжилт хийлгэснээр мэдсэн.  Талуудын хооронд байгуулсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т хариуцагч талаас ажлын гүйцэтгэлд 3 жилийн баталгаат хугацааг тогтоосон, уг хугацааны дотор доголдол илэрсэн тул шаардах эрхээ алдаагүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч “Цогт идэр” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хуулиар хориглодог бөгөөд талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний 3.1-д гүйцэтгэгч барилгыг батлагдсан зураг төслийн дагуу барьж дуусган, хүлээлгэж өгөх үүргийг хүлээсэн тул уг үүргийнхээ хүрээнд барилгын норм, дүрэм, стандартын дагуу мэргэжлийн байгууллагын боловсруулж, холбогдох эрх бүхий байгууллагаар хянан магадлагдаж баталгаажсан зураг төслийн дагуу орон сууцыг барьж ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгсөн юм. Бид гэрээнд нийт болон цэвэр талбайн хэмжээнүүд, түүнийг хэрхэн тодорхойлох болон хэмжилтийн аргачлал, хүлцэх алдааны асуудлыг гэрээний 1.2.5, 1.2.6, 1.3.1,1.3.2, 1.4 заалтуудад нарийвчлан зааж тодорхой тусгасан. Энэ нь санаанаасаа зохиож тохиролцсон хэмжээ биш, харин батлагдсан зураг төсөлд тусгагдсан түүнийг талууд үзэж ойлгож мэдсэн хэмжээнүүд юм.  Гэрээний 1.2.5-д заасан нийт талбай 174 мкв гэсэн хэмжээ нь тухайн орон сууцны дундын хана, шахтын ул талбайн хэмжээ нэмэгдэж тооцогдсон хэмжээ болохыг, харин 1.2.6-д заасан цэвэр талбай 168,2 мкв гэсэн хэмжээ нь MNS 6058:2009  хэмжээгээр тооцсон хэмжээ юм. Мөн гэрээний 1.4-т талбайн хэмжээ нь бодит байдал дээр гэрээнд заасан хэмжээнээс 1,8 хувиар их, эсхүл бага байж болохоор, үүнийг талууд хүлцэх алдаанд тооцож маргахгүй байхаар тус тус тохиролцсон байдаг.

“Хот айл” ХХК-ийн хийсэн шинжээчийн дүгнэлтээр гэрээний 1.2.5-д заасан нийт талбайг тагтны талбайг орохгүйгээр 170,10 мкв гэж, тагтыг 2,98 мкв гэж тогтоосон байна. Уг хэмжээнүүдийг нэмбэл үндсэндээ зөрүүгүй болох нь харагдаж байна. Тагтыг оруулахгүйгээр тооцсон ч гэрээний 1.4-т заасан хүлцэх алдаа болох 3,13 мкв талбайг хасч, харьцуулан үзвэл зөрүү нь 0,77 мкв буюу ялимгүй зөрүү гарч байна. Энэ хэмжээгээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч талаас өгсөн “Гега гранд” ХХК-ийн хэмжилтийн дүгнэлтэд итгэлцүүр хэрэглэхгүй байх талбайд итгэлцүүр хэрэглэн “Тагт” гэж буруу тодорхойлсныг шүүхээс томилсон “Хот айл” ХХК-ийн шинжээч “Веранд” гэж зөв тодорхойлон цэвэр талбайн хэмжээнд тооцогдвол зохих 3,3 мкв талбайг нэмж, нийтдээ уг байрны цэвэр талбайг 162,33 мкв гэж тогтоосон. Гэрээнд уг орон сууцны цэвэр талбай 168,2 мкв байхаар тохиролцсон тул энэ хэмжээнээс гэрээний 1.4-т заасан хүлцэх алдаа 3,02 мкв талбайг хасвал зөрүү 2,88 мкв болж байна. Тэгэхдээ энэхүү зөрүү нь телевизийн арын суурийн гоёлын хана, догол битүүлсэн хана, догол тэгшилж ханыг тэгш харагдахаар хийсэн давхар хана, бохирын шахт өргөсгөсөн зэрэг барилга баригдсны дараа нэмэлтээр хийгдсэн, хэмжилтийн тооцоонд оруулах ёсгүй хана, хашлагуудын талбайгаас болж зөрүү үүсч байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний 1.2.5-д заасан нийт талбайн хэмжээнээс хэмжилтээр гарсан хэмжээг хасч тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Нийт талбайн хэмжээг цэвэр талбайн хэмжээтэй ийнхүү харьцуулах нь хэмжээний хувьд ч хэмжсэн аргачлалын хувьд ч өөр өөр орон зай, талбайг илэрхийлж байгаа учраас хооронд нь шууд харьцуулах боломжгүй. 

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхийг эдлэх эсэх эргэлзээтэй. Түүнчлэн нэхэмжлэгчтэй 2015 оны 6 дугаар сард гэрээг байгуулж, 2015 оны 7 дугаар сард орон сууцыг хүлээлгэн өгсөн, үндсэндээ баригдаад бэлэн болсон байр хүлээн авсан тул талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Мөн гэрээний 3.2-т барилгын материалын болон ажлын гүйцэтгэлийн чанартай холбоотойгоор баталгаат хугацаанд доголдол илэрвэл хариуцахаар заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй талбайн зөрүүгийн доголдол нь уг гурван жилийн баталгаат хугацаанд хамаарахгүй. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар гомдлын шаардлага гаргах  6 сарын хугацаа өнгөрсөн тул шаардлага гаргах эрхээ алдсан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.Мөнхдэлгэр нь “Цогт Идэр” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү 55,911,492 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөв.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 41,227,829 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үүнийг нэхэмжлэгч дэмжиж байгаа, түүний хүсэл зориг гэж тайлбарлав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх багасгах эрх нэхэмжлэгчийн бүрэн эрхэд хамаарахаар заасан бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч С.Мөнхдэлгэр, өмгөөлөгч Б.Батжаргал нарын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд дээрх эрхийг өмгөөлөөгч эдлэхээр тусгагдаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. /хх 56-57/

Нэг талаас нэхэмжлэгч С.Мөнхдэлгэр, нөгөө талаас “Цогт Идэр” ХХК харилцан тохиролцож,  Хан-Уул дүүрэг,  11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Их Монгол Улсын гудамжид байрлах “Ривер гарден” хотхоны 320 дугаар байрны 703 тоот орон сууцыг хүлээлгэн өгөх, Захиалагч нь ажлын хөлс төлөхөөр тохиролцож 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр RG425320703 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулжээ. /хх 88-90/

Улмаар нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхоны 320 дугаар байрны 703 тоот 174 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгч болсон нь хэрэгт авагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206041946 дугаар бүхий 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх 10/

Зохигчид 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан, орон сууцыг 2015 оны 7 дугаар сард хүлээлгэн өгсөн гэдэгт маргаагүй ч шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж, хариуцагч нь худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж маргав.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж бий болгох, харин захиалагч нь ажлын үр дүн буюу гүйцэтгэгчийн хийж бүтээсэн зүйлийг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлэн өгч буй зүйл нь гэрээний талуудын тохиролцооны үр дүнд шинээр бий болж буй эд хөрөнгө юм. Харин худалдах-худалдан авах гэрээний хувьд гэрээний зүйл болох тухайн эд хөрөнгө гэрээ байгуулахаас өмнө нь бий болсон биет хөрөнгө байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар талууд харилцан тохиролцож гэрээг 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулж улмаар гэрээний зүйл болсон ороц сууцыг нэг сарын дараа нэхэмжлэгч эзэмшилдээ авч, өмчлөлдөө шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч гэрээний нөхцлийг зөрчиж, доголдолтой хөрөнгө шилжүүлсэн, барилгын стандартыг дагаж мөрдөх үүрэгтэй тул гэрээгээр өөрөөр тохиролцсон гэж буй нь үндэслэлгүй,  орон сууцны талбайн хэмжээ дутуу гэдгийг хүлээн авах үед илрүүлэх боломжгүй, мөн баталгаат хугацаа тогтоосон тул шаардах эрхээ алдаагүй гэж тайлбарлав.

Хариуцагч нь уг орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу барьж гүйцэтгэсэн, гэрээгээр хэмжээг өөрөөр тухайлан тохиролцсон, мөн баталгаат хугацаанд талбайн хэмжээ хамаарахгүй тул шаардах эрхээ алдсан гэж маргав.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т “гүйцэтгэгч гурван жилийн хугацаанд баталгаа өгөхөөр, ажлын гүйцэтгэлийн чанартай холбоотой эвдрэл, гэмтэл, доголдол илэрвэл доголдлыг арилгах”-аар харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээг үгийн шууд утгаар тайлбарлавал “ажлын гүйцэтгэлийн чанартай холбоотой эвдрэл”, “гэмтэл”, “доголдол” гэж заасан байх тул талбайн зөрүү баталгаанд хамаарахгүй гэсэн хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй гэж үзэв.

Мөн Стандартчлал тохирлын үнэлгээний тухай хууль болон “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” Монгол Улсын стандарт МNS 6058:2009-т “...орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж үйлдвэл зохино” гэж заасан байх тул хэмжилтийг хувь хүн өөрөө бие даан хийх боломжгүй гэж үзэн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж болох “Гега гранд” ХХК-иар талбайн хэмжилт хийлгэснээр доголдлыг мэдсэн, орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэй байгааг эд хөрөнгө хүлээж авах үед мэдээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах боломжгүй байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч гэрээний зүйл болох эд хөрөнгийг гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн худалдан авагчид шилжүүлэх, хэрэв хүлээн авсан эд хөрөнгө доголдолтой, худалдагч баталгаат хугацаа тогтоосон бол уг хугацааны дотор доголдлын талаар шаардлага гаргахаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч нь доголдлыг арилгуулах үүднээс хувь тэнцүүлэн эд хөрөнгийн үнийг буцааж төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй байна.

Гэрээний 1.2.5, 1.2.6, 1.3.1, 1.3.2-д зааснаар  уг орон сууцны нийт талбайг барилгын гадна ханын дотор талаас бүх өрөөний талбай болон дундын хана, шахтын хэмжээг оруулж тооцвол нийт талбай 174 мкв байхаар, орон сууцны өрөө, сууцны болон сууцны бус зориулалттай хэсэг, туслах хэсэг тус бүрийн ханын дотор талаас тооцвол цэвэр талбай 168,2 мкв байхаар, мөн гэрээний 1.4-т талбайн хэмжээ уг хэмжээнээс 1,8 хувиар их эсхүл бага байвал хүлцэх алдаанд тооцож маргахгүй байхаар тус тус орон сууцны талбайн хэмжээний талаар тухайлан тохиролцсон байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Гега гранд” ХХК-ийн талбайн хэмжээг тогтоосон тухай дүгнэлтэд “...Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартын дагуу хэмжилтийг зохих зааврын дагуу хийж нийт талбайн хэмжээ 160,71 м.кв гарсныг мэргэжлийн баг баталгаажуулав” /хх 11-16/ гэжээ. Уг дүгнэлтэд  виранд, тагт гэдгийг зөрүүтэй дүгнэсэн, ойлголтын зөрүүтэй гэж хариуцагч маргаж шүүхээс томилсон шинжээч “Хот айл” ХХК-ийн талбайн хэмжээ тогтоосон дүгнэлтэд “MNS 6058:2009 стандарт аргачлалын дагуу нормативаар хэмжилт хийвэл сууцны нийт талбай 162,33 мкв, талуудын тохиролцсон гэрээний 1.3.1-д зааснаар хэмжвэл 170,1 мкв” болохыг тогтоосон байх ба уг дүгнэлтээр тогтоосон хэмжээ болох 170,1 мкв, 162,33 мкв гэсэн хэмжээнд талууд маргаагүй байна. /хх 38-43/

Хариуцагч нь гэрээнд цэвэр талбай, нийт талбай гэж тусдаа байхаар тохиролцсон, цэвэр талбай гэж заасан хэмжээ нь MNS 6058:2009 стандарт тул шинжээчийн дүгнэлтээр гарсан 162,33 мкв хэмжээнд хүлцэх алдааг нэмбэл талбайн хэмжээнд зөрүү гарахгүй, энэ хэмжээнээс тооцох ёстой гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд уг орон сууцны талбайн хэмжээг 174 мкв гэж, мөн гэрээний 1.2.5-д нийт талбай 174 мкв гэж тус тус тохиролцсон, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж тооцох тул хариуцагч нь гэрээний дагуу нэхэмжлэгчид 174 мкв хэмжээтэй орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байсан байна гэж үзэв.

Гэрээний 1.4-т заасан хүлцэх алдааг энэ хэмжээнээс тооцвол 3,13 мкв байх тул хасч, үлдэх талбайн дутуу 8,54 мкв-ын  /174мкв - 3,13мкв -162,33 мкв/ үнийг гэрээний үнэд хувь тэнцүүлэн хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигчид гэрээний дагуу 694,900,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, уг үнэд гэрээний 2.1-д зааснаар үүдний өрөөний болон хувцасны өрөөний ханын шүүгээний үнэ багтсан, түүнчлэн дээрх хувцасны шүүгээ 10,702,000 төгрөгний үнэтэй болохыг тогтоосон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтэд тус тус маргаагүй тул хасч тооцвол нэг мкв талбайн үнэ 3,932,172 төгрөг байна. /хх 66-71/

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 33,580,748 /8,54 мкв*3,932,172 төгрөг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Мөн хариуцагчаас хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шинжээчийн зардлыг зохигчдоос хувь тэнцүүлэн гаргуулж шинжээчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4-д зааснаар “Цогт идэр” ХХК-иас 33,580,748 /гучин гурван сая таван зуун наян мянга долоон зуун дөчин найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Мөнхдэлгэрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,330,744 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437,507 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 325,854 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53.1.1, 56.2-т зааснаар шинжээчийн зардал 110,000 төгрөгийг хувь тэнцүүлэн нэхэмжлэгч хариуцагч нараас тус бүр 55,000 төгрөгийг гаргуулж, шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 О.ОДГЭРЭЛ