Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00178

 

ТЗҮЭГ УТҮГ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/00444 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 751 дугаар магадлалтай,

ТЗҮЭГ УТҮГ-ийн нэхэмжлэлтэй,

Н Б ХХК Б ХХК-д тус тус холбогдох

Хохирол 623.360.631 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, О.Б, Н.О, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ТЗҮЭГ УТҮГ-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Н Б ХХК болон Б ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол Төрийн түүхийн музейн засвар 2013/ХIV.2.1 Багц-1: Төрийн түүхийн музейн дээвэр, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулан холбогдох ажлыг гүйцэтгүүлсэн. Гэрээний тусгай нөхцөлд заасан ажил нь Багц-1: Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол төрийн түүхийн музейн дээврийн засвар, хүндэтгэлийн гол шатны засвар хийх байснаас техникийн тодорхойлолтод тусгагдсаны дагуу дараах ажлуудыг чанаргүй болон огт хийж гүйцэтгээгүй. Үүнд: Шилэн галерейн тавцангаас /шал/ доош хучилтаар борооны ус нэвтэрч Төрийн түүхийн музейн тааз руу ордог тул энэхүү ус нэвтрэлтийг зогсоож бүрэн засварлаж гүйцэтгэх байсан ч Төрийн түүхийн музейн дээврийн ус нэвтрэлт зогсоогүй, удаа дараа ус алдаж музейн тааз нурсан тул Төрийн түүхийн музейн хэвийн ажиллагаа алдагдаж, хосгүй үнэт үзмэрүүд гэмтэх эрсдэл үүссэн. Төрийн далбаа бүхий гол шилэн куполтой хэсгийн хүрээний 2 давхар эмжээрийн шаргал өнгийн хиймэл чулуун хавтан /135м2/ хагарч эмтэрч, дээрээс унаж эхлэн аюултай орчин үүсгэж байгаа тул тэр хэсгийг тусгай, бат бөх, аюулгүй, өнгө зохицлыг хангасан материалаар шинэчлэн солих ажлыг огт хийгээгүйгээс хиймэл чулуун хавтан хагарч эмтэрч дээрээс унаж, аюултай нөхцөл байдал үүсгэж байгаагаас Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээг хэвийн явуулахад хүндрэлтэй байдал үүссэн. Гол шатны 45 гишгүүрийн нүүрний босоо нарийн чулууг /чулууны зузаан 2.5-3 см-ээс доошгүй/ одоогийн өнгө загварын дагуу шинээр бэлтгэн угсрах байсан. Уг өнгөлгөөний засварыг чанаргүй гүйцэтгэснээс уг чулуу ховхрон унаж, хагаран барилгын өнгө үзэмжийг алдагдуулж байна. Тус компанийг гэрээний дагуу дээрх чанаргүй гүйцэтгэсэн ажлаа засах, дутуу хийсэн ажлаа гүйцээхийг сүүлийн 3 жилийн турш шаардаж, удаа дараа уулзалт, хурал зохион байгуулж, протокол үйлдэж, албан бичиг өгсөөр өдий хүрч байна. Гэвч гүйцэтгэгч Н Б ХХК, Б ХХК нь чанаргүй хийсэн ажлаа засварлахдаа нэр төдий, аргацаасан байдалтай гүйцэтгэж, хийгээгүй ажлаа материалын сонголт хийж байна, орлуулах материал олдохгүй байна, санхүүжилт мөнгө орж ирэхээр гэх мэтчилэн шалтаг заасаар барилгын чанарын баталгаат хугацаанд тодорхой үр дүн гаргаагүй. Ажил гүйцэтгэх гэрээнд заагдсан ажлыг дахин гүйцэтгэхэд гэрээг байгуулсан үнийн дүнгээр дахин засварлах шаардлагатай байна. Иймд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлсэн тул гэрээнд заагдсаны дагуу ажил үүргийг чанартай гүйцэтгээгүйгээс үүссэн хохирол болох 623.360.631 төгрөгийг Н Б ХХК, Б ХХК-иар тус тус нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н Б ХХК болон Б ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол төрийн түүхийн музейн засвар 2013/ХIV.2.1 Багц-1: Төрийн түүхийн музейн дээвэр, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулан холбогдох ажлыг гүйцэтгэсэн. Засварын ажлыг хийж гүйцэтгэхэд зураг төсөл огт байгаагүй бөгөөд зөвхөн ус нэвтэрч буй хэдэн цэгийг заасан байсан ба ус яг хаанаас, юунаас болж нэвтэрч байгааг тогтоогоогүй байсан. Тухайн үеийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж ус нэвтрэх боломжтой гэсэн газар хэсэг бүрийн ажлыг чанарын өндөр түвшинд хийсэн. Засварын ажлыг хийж гүйцэтгэхэд батлагдсан зураг төсөл байгаагүйн улмаас өөрсдийн ажлын туршлагад тулгуурлан хийж гүйцэтгэсэн болно. Тус ажлын баталгаат хугацаанд бид боломжит бүх арга хэмжээг авч ажилласан бөгөөд ус нэвтрэлт манай компанийн хийсэн ажлаас болоогүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бидний үзэж байгаагаар шар чулуун пандус дээр буусан борооны ус шууд дээврийн хучилтад хүрч тэндээс ус нэвтэрч байсан. Уг пандусны ажил шинээр солих нь манай ажилд тусгагдаагүй бөгөөд ажил гүйцэтгэлийн явцад ус тавьж шалгахад нэвтрээгүй, бороо ороход ус нэвтэрсэн тохиолдол гарсан ба тухайн асуудлын талаар хурал дээр цогцолборын автор н.Баяр ...пандусыг солихгүй бол ус нэвтрэлт зогсохгүй гэж хэлж байсан. Гэвч тухайн ажлын хөрөнгө, мөнгө байхгүйн улмаас солих ажлыг хийхгүй орхисон. Мөн гол шилэн куполтой хэсгийн чулууг солих ажлыг хийж гүйцэтгэхэд зураг байхгүй, аюулгүй ажиллагааны улмаас хийж гүйцэтгээгүй орхигдсон. Дээрх ажлын материалын сонголт танилцуулсан ч зураг байхгүйн улмаас одоог болтол хийгдээгүй. Тус ажлыг Н Б ХХК, Б ХХК нар түншлэлийн гэрээ байгуулж хамтран гүйцэтгэсэн бөгөөд Б ХХК нь Н Б ХХК-тай байгуулсан түншлэлийн гэрээний үүрэг, хариуцлагаа бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/00444 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заалтыг тус тус баримтлан хариуцагч Н Б ХХК болон Б ХХК нараас 618 510 631 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар УТҮГ-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 4 850 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар УТҮГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Н Б ХХК болон Б ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 3 250 503 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 779 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/00444 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 3 250 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн нь хариуцагчтай Төрийн түүхийн музейн дээврийн ус алдалтыг зогсоох зорилгоор ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлыг гүйцэтгэсэн боловч уг ус алдалт зогсоогүй өмнө нь алддаг байсан цэгүүд өөрчлөгдөн илүү олон өөр цэгээс ус алдаж Төрийн түүхийн музейн хосгүй үнэт үзмэрүүд эрсдэлд учирч сүүлийн 6 жилийн хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулж чадсангүй. Энэ нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь заалтад заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх ба Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх заалтад гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч байгууллагын ажлын үр дүнг ашиглах боломжгүй тул гэрээгээ цуцлан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт авсан 618.510.631 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан болно. Мөн магадлалд ...анхан шатны шүүх мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгожээ. Энэхүү баримт нь барилгын ашиглалттай холбоотой шалгалт хийж гаргасан акт гэж үзэхээр байх тул ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой эсэх, доголдол ямар шалтгаанаар үүссэн, захиалагч, гүйцэтгэгчийн хэн гэм буруутай болохыг нотолж тогтоосон эргэлзээгүй баримт, маргааны зүйл болж буй ажил үйлчилгээний талаар мэдлэг ур чадвартай, мэргэжил эзэмшсэн этгээдийн гаргасан дүгнэлт гэж үзэхэд учир дутагдалтай юм... гэсэн нь Хариуцагч нарын гүйцэтгэсэн ажил доголдолтой болсон болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 10 сарын 04-ний өдрийн 07/100/405 дугаартай “Төрийн түүхийн музейн барилгын тухай" дүгнэлтээр тогтоогдож байх ба уг дүгнэлтэд барилгын дээврээс ус алдсанаас болон шилэн баганат галерейн барилгын хаадын хөшөө бүхий тавцангийн ус зайлуулах налуу алдагдсанаас хур тунадасны ус тавцан дээр байнга тогтдог, тавцанг ашиглалттай дээврийн бүтэц технологиор хийгээгүйн улмаас Төрийн ордны Төрийн ёслолын хүндэтгэлийн өргөөний шилэн галерей, Төрийн түүхийн музейн барилгуудын дээврийн хийц бүтэц, хөшөөт тавцангийн бүтэц, дотор гэрэлтүүлэг, хяналтын камерын угсралтууд, салхивчны системийн үйл ажиллагаа нь барилгын болон бусад холбогдох чиглэлийн норм ба дүрмийн шаардлагыг хангахгүй байгаа талаар дүгнэлт гаргасан. Уг дүгнэлт нь хариуцагчийн Төрийн түүхийн музейн дээвэр, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэснээс хойш гарсан дүгнэлт тул дүгнэлтэд дурдагдсан доголдлууд хариуцагч нарын гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн чанартай шууд холбогдох бөгөөд шилэн баганат галерейн барилгын хаадын хөшөө бүхий тавцангийн ус зайлуулах налуу алдагдсан, тавцанг ашиглалттай дээврийн бүтэц технологиор хийгээгүй зэрэг доголдол нь уг гэрээт ажлыг дахин гүйцэтгэхээс өөр аргаар засварлагдах боломжгүй ноцтой доголдолд тооцогдоно. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ нь Сангийн яамны архивын хуулбар үнэн тэмдэг дарагдаж хэрэгт авагдсан. Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэсний дагуу нэхэмжлэгч нь улсын төсөвт байгууллага тул гэрээний төлбөрийг хариуцагчид шилжүүлэхдээ эх хувийг Сангийн яаманд өгсөн болно. Гэрээний эх хувь нэхэмжлэгчид байхгүй тул Сангийн яаманд хүсэлт гарган хуулбарыг авсан. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ТЗҮЭГ УТҮГазар нь Н Б ХХК болон Б ХХК-д холбогдуулан хохирол 623.360.631 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэгт авагдсан зарим баримт хуульд заасан шаардлагын дагуу бүрдээгүй тухай магадлалд заасан үндэслэлийг үгүйсгэх боломжгүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Нэхэмжлэгчийн захиалгаар хариуцагч ажлыг гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч ажлын хөлс төлсөн үйл баримтад зохигч маргаагүй байна.

Ажлын үр дүнгийн доголдлын улмаас захиалагчийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, эсхүл захиалагч өөрөө доголдлыг арилгаж зардлаа нөхөн төлүүлэх, түүнчлэн доголдлын улмаас үнэ буурсан хэмжээнд хөлс бууруулахыг шаардана гэж заасан байна. Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний  аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол хуульд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэжээ.

Ажлын үр дүнг хүлээн авсны дараа доголдол илэрсэн гэх шалтгаанаар нэхэмжлэгч хохирол 623.360.631 төгрөг шаардсан бөгөөд уг шаардлагын үндэслэл тодорхой бус байна.

Мөн хариуцагч нарын хийж гүйцэтгэсэн ажлын доголдол юунаас болж үүссэн  нөхцөл бүрэн тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх ажлыг доголдолтой гэж үзэхдээ зөвхөн хэрэгт авагдсан Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн нь учир дутагдалтай, хэргийн оролцогчийн гаргасан бусад нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчжээ.

Дээр дурдсанаар магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул  нэхэмжлэгчийн  төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 751 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ