Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2017/00773

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: М.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И газарт холбогдох

            Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,273,300 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.                   

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.А , итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  М.А нь И  газартай 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөвсгөл аймгийн Нисэх буудлын даргаар ажиллаж байсан. Гэтэл тус газар 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.  Уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2015/06429 дүгээр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Уг шийдвэрт хариуцагч талаас гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэтэл хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байсаар 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр И  газрын Б/23 тоот тушаалаар ажилдаа эргэж орсон.

Иймд шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа орох хүртэл буюу 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 3 сарын цалинг нэг сарын 1,091,100 төгрөгөөр тооцон 3,273,300 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч М.А энэ хугацааны мөнгийг авахаас татгалзсан гэж байгаа нь үндэслэлгүй. Захиргаа олгох ёстой цалин хөлсийг өгөх ёстой. Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагад хохирол учруулсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй. Хэрэв нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас байгууллагад хохирол учирсан гэж үзэж байгаа бол энэ нь тусдаа асуудал. Ажилдаа буцаан томилсны дараа 2016 оны 3 дугаар сарын 10-нд нэхэмжлэгчийг дахин ажлаас чөлөөлсөн. 2016 оны 3 дугаар сарын сүүлээр ажилгүй байсан дээрх хугацааны цалингаа авахаар тус байгууллагад хандаж  өргөдөл өгсөн боловч хариуг өгөөгүй байдаг. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч И  газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.А  нь тус газрын Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын даргаар ажиллаж байгаад И  газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажиллах хугацаандаа тэрээр байгууллагын илүүдэл эд хөрөнгийг хулгайлж завшсан, өмч хөрөнгө үрэгдүүлсэн нь тогтоогдсон. Үүнийгээ өөрөө  ч хүлээн зөвшөөрдөг. Гэвч шүүх түүний гаргасан зөрчлийг нотлосон аудитын дүгнэлт баримтын шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр ажилд нь эгүүлэн томилсон шийдвэр гарсан. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүний дараа нэхэмжлэгч М.А  нь тус байгууллагад 2016 оны 01 дүгээр 22-ны өдөр ажилдаа эргэн орьё, гэхдээ шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацааны олговрыг авахгүй гэдгээ илэрхийлсэн өргөдөл ирүүлсэн. Уг өргөдлийн дагуу өөртэй нь уулзаж зөвшилцөөд түүнийг тус газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар ажилд эргүүлэн томилсон. Энэ тохиролцоог хийх үед хэдийгээр шүүхийн шийдвэр гарсан боловч байгууллагад бодитоор хохирол учруулсан гэдгээ өөрөө ойлгож ухамсарлаж байсан тул мөнгө авахгүй гэсэн хүсэлтээ өөрөө өгсөн. Буцаж ажилдаа орсны дараа түүний талаарх гомдол Зам тээврийн яаманд очсон байсан. Ингээд Зам тээврийн яамны сайдын 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нисэх буудлын ажлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж шалгалт хийсэн байдаг. Ажлын хэсгийн дүгнэлтийг нэхэмжлэгчид танилцуулахад ажлаас халахгүйгээр хүсэлтээрээ чөлөөлөгдье гэсэн өргөдлийг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр захиргаанд ирүүлсэн. Улмаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ажлаас чөлөөлөгдсний дараа 2016 оны 3 дугаар сард шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацааны олговроо авья гэсэн өргөдлийг ирүүлсэн нь үнэн. Хариуг тухайн үед амаар өөрт нь өгч байсан.

Нэхэмжлэгч М.А  ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэхгүй гэсэн хүсэл зоригоо бичгээр илэрхийлж өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                     

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                                    

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч  М.А  нь хариуцагч И газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,273,300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөв. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2015/06429 дүгээр шүүхийн шийдвэрээр М.А И  газрын Хөвсгөл аймгийн нисэх буудлын даргын ажилд эгүүлэн тогтоожээ. Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, улмаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр магадлалаар дээрхи шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх 5-9, 30-37/

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу И  газрын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  /хх-10/

Хариуцагч нь нэхэмжлэгч уг олговрыг авахгүй гэсэн хүсэл зоригоо илэрхийлсэн, ажиллах хугацаандаа байгууллагад хохирол учруулсан болох нь баримтаар тогтоогдсон, мөн шаардах эрхээ алдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргав.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2,  69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар захиргаа ажилтны хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлсийг олгох үүргийг хүлээх бөгөөд хэрэв ажилтанг ажлаас буруу халсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд түүний ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлсийг тооцон олгох үүргийг захиргаа хүлээх тул ажилтан олговрыг авахгүй тухай хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн гэсэн үндэслэлээр түүнд олгогдвол зохих олговрыг олгохоос татгалзаж буй хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн ажилтан ажиллах хугацаандаа байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр захиргаа ажилтны хуулиар олгогдвол зохих нөхөн олговрыг олгохоос татгалзах үндэслэл болохгүй юм. Хэрэв ажилтан байгууллагад эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзвэл уг асуудлаа жич шийдвэрлүүлэх эрхтэй болно.

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс түүнийг ажилд эргүүлэн томилсон захиргааны шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй байна.

Нөхөх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасныг баримтлан ажилгүй байсан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан нийтээр амрах амралтын болон баяр ёслолын өдрүүдийг хасч тооцвол ажлын нийт 65 хоног, тус шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2015/06429 дүгээр шийдвэрээр нэг өдрийн дундаж цалин хөлсийг тогтоосон 50,748 төгрөгөөр тооцвол  3,298,620 төгрөг байна.

Гэвч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговорт 3,273,300 төгрөг гаргуулахаар шаардаж байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар  ажилтан эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байснаас хойш гурван сарын дотор гомдлоо гаргах бөгөөд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэрт тусгагдсан 6,394,248 төгрөгийг олгосон 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түүнд ажилгүй байсан үлдэх хугацааны энэхүү олговрыг авахаар шаардах эрх үүсэх бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болохоор байна. Гэвч нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сард нөхөх олговрыг авахаар захиргаанд хандаж байсан гэж, захиргаа ажилтны өргөдлийг мөн сардаа хүлээн авч байсан гэж зохигчдын хэн алин нь шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэв. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа  67,322 төгрөг төлөхөөс  70,000 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 2,678 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                      ТОГТООХ  нь:

    

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар И газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,273,300 /хоёр сая хоёр зуун далан гурван мянга гурван зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.А-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2,678 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 67,322 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.А-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  О.ОДГЭРЭЛ