Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2017/01708

 

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2017/01708

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Номин юнайтед цогцолбор, 7 давхарт байрлах /РД:2414139/ Номин Юнион Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, Тайм Скүэр, 505-р байрны 904 тоотод оршин суух, Ажиндаа сайн чоно овогт Баяраагийн Бадамрагчаа /РД:ИЮ84030216/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, Тайм Скүэр, 505-р байрны 904 тоотод оршин суух, Боржигон овогт Содномын Мөнгөнтуяа /РД:ГД83102965/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 249 126 127 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нацагдорж, хариуцагч нарын өмгөөлөгч З.Шүрэнчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Номин Юнион ХЗХ-ны зээлдэгч Б.Бадамрагчаа, С.Мөнгөнтуяа нарт 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр НЮ/ЗГ 018 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулж, 273 700 000 төгрөгийн орон сууцны зээлийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм Скүэр, 505 байр 904 тоотыг худалдан авахад зориулж, 24 сарын хугацаатай жилийн 21,48 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Энэхүү зээлийн барьцаа хөрөнгө нь тухайн санхүүжүүлсэн орон сууц бөгөөд тус орон сууц нь 149 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц юм. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр үүргээ биелүүлэхгүй байсаар хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр хийснээс хойш дахин төлбөр хийгээгүй. Зээлдэгч нарт холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш хариуцагч нар нь зээлийн хүү тооцоолол дээр зөвшөөрөхгүй байна гэсэн шалтгаанаар 3 удаа хойшлуулсан байдаг. Түүний тус бүрд нь 2 удаа тухайн зээл, хүүгийн тооцоололтой холбогдуулан 2017 оны 06 сарын 05-ны өдөр, 2017 оны 07 сарын 06-ны өдөр тус тус тайлбар гаргасан. Өнөөдөр хүртэл ямар шалтгаанаар зээл хүүгийн тооцооллоо зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдээгүй. Өмнөх хуралдаан дээр зээл авсан, уг зээлийг төлөх нь үнэн, зээл хүүгийн тооцоолол дээр маргаан байхгүй гэсэн. Харин 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаар эвлэрье гэсэн санал тавьсан. Нэгэнт зээл, зээлийн хүү тооцоолол дээр маргаан байхгүй байгаа бол 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргахад эвлэрэх боломж байсаар байтал өнөөдрийн хүртэл бүхэл бүтэн 9 сар өнгөрч байхад өмнөх 9 сарын алдагдлыг хасаж тооцож эвлэрэхээр гаргасан саналыг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Иймд 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, нийт нэхэмжлэлийн шаардлага нь 249 126 127 төгрөг болгосон байгаа. Энэхүү хохирлыг барагдуулахаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс барьцаа хөрөнгийг битүүмжлүүлэхээр 2 дахь нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймээс хохирлоо барагдуулж, барьцаа хөрөнгөөр битүүмжилж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэв.

 

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Номин Юнион ХЗХ-оос тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Бид 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Номин Юнион ХЗХ-той зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 273 700 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж авсан. Хэдийгээр зээлийн хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй боловч гэрээнд заасны дагуу зээлийн хүүг цаг тухай бүрт нь төлж байсан. Гэтэл нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөөс гадна хүү болон нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр илүү тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч З.Шүрэнчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

 Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч талаас 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 273 700 000 төгрөгийг зээлийг 2 жилийн хугацаатай, сард 1,79 хувийн хүүтэй авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн тооцоолол дээр маргаж байсан учраас шүүхээс захирамж гаргуулж Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкнаас зээл төлөлтийн дансны хуулгыг авахуулсан байгаа. Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар нийт 139 400 000 төгрөг, Хаан банкны дансны хуулгаар 8 736 000 төгрөгийг Б.Бадамрагчаа нь төлсөн байдаг. Нийт 148 136 000 төгрөгийг төлсөн байна. Үүнээс зээлийн хугацаанд 148 136 000 төгрөгийг төлж, үндсэн зээлийн хугацаа дууссанаас хойш 3 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Үндсэн зээлийг 2 жилийн хугацаагаар авсан байгаа. Зээл дуусахад зээл болон хүүний үүргийн гүйцэтгэл нь 339 908 308 төгрөг төлөх байснаас зээлийн хугацаанд 145 136 000 төгрөгийг төлөөд зээлийн гэрээ дуусахад үндсэн зээл болон хүүний үлдэгдэл 194 172 308 төгрөгийг үлдэгдэлтэй байсан. Эндээс гэрээний хугацаа дуусгавар болоод түүнээс хойш төлөөгүй 9 сарын хугацааг тооцвол сард 1,79 хувийн хүү төлнө гэвэл сард 3 486 424 төгрөг төлөх байсан. 9 сард төлбөр төлөөгүй гэвэл 31 376 816 төгрөг төлөх байгаа. Ингээд энэ хүүг гэрээ дуусахад үндсэн зээл болон хүүний үлдэгдэл дээр нэмбэл 226 150 124 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа. Эндээс зээлийн гэрээнээс хойш төлсөн 3 сая төгрөгийг хасвал 223 150 124 төгрөгийг төлөх тооцоо гарч байгаа. Түүнд нэхэмжлэгч талаас нэмэгдүүлсэн хүүг 4 929 623 төгрөг гэж тооцсон. Үүнийг нэмбэл эцсийн байдлаар үлдэгдэл 228 790 747 төгрөг төлөх тооцоолол гарч байгаа. Мөн сард 1,79 хувийн хүүтэй гэрээ байгуулсан нь жилд 21,48 хувийн хүү байгаа. Энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан зээлдэгчид хэт хохиролтойгоор тогтоогдсон хүү гэж ойлгож байгаа. Учир нь нийт зээлд 273 700 000 төгрөг байдаг үүнээс 148 136 000 төгрөг буюу зээлийн тал хувиас илүү төлсөн байхад үндсэн зээлийн үлдэгдэл гээд байгаа нь зээлдэгчид илт хохиролтойгоор хийгдсэн гэж үзэж байна. Тийм учраас шүүхээс зээлийн хүүг багасгаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын өмгөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Номин Юнион хадгаламж зээлийн хоршоо зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 181 014 304 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 63 175 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 4 929 төгрөг, нотариатын төлбөр нийт 249 126 127 төгрөг гаргуулах, үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн бөгөөд хариуцагч нар үндсэн зээлийн төлбөр болон хүүний тооцоолол буруу байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

Талууд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Зээлийг гэрээ, 2015 оны 5 сарын 28-ны өдөр Барьцааны гэрээ-г байгуулан, 273 700 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 21,48 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Б.Бадамрагчааийн өмчлөлийн 000412320 гэрчилгээний дугаартай Ү-2206040274 бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11-р хороо Тайм скүэр 505 байрны 904 тоот 149м/кв талбай бүхий барьцаалахаар харилцан тохиролцсон болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000412320 тоот гэрчилгээ, зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7-15-р хуудас/

Зохигч барьцааны гэрээ-г бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулан, Улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Талууд зээлийн гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа нийт 148 136 000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн байхад ийм өндөр хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны гүйлгээний хуулбараар /хх-60, 61-р хуудас/ гэрээнд заасан хугацаа болон хуваариар төлбөрийг төлөөгүйгээс хүүний хуримтлал үүссэн, мөн үндсэн зээл 92 685 696 төгрөг, үндсэн хүүнд 54 941 262 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5 489 882 төгрөгийг төлж байсан нь нотлогдож байх бөгөөд энэ нь Зээлийн гэрээний 3.1.2-т зааснаар зээлдэгч нь хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллыг баримтлах үүрэгтэй гэж заасан дарааллаар төлөгдөж байсан, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэсэнтэй нийцэж байна гэж дүгнэлээ.

Зээлийн гэрээний 2.4, 2.6-д зээлийн хүүг ашигласан хоногоор тооцох, зээл, хүүний төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн хүү болон уг хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр талууд тохиролцсон байгаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасантай нийцсэн байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Номин Юнион хадгаламж зээлийн хоршооны нэхэмжилсэн үндсэн зээл 181 014 304 төгрөг, хуримтлагдсан хүү 63 175 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 929 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй байх тул, мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасныг баримтлан нотариатын зардалд төлсөн 6 700 төгрөгийн /хх-ийн 6-р хуудас/ хамт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэж мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тэдэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр ажиллаж буй өмгөөлөгч шүүх хуралдааныг тэдний эзгүйд нь явуулах саналтай байгаа зэргийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Бадамрагчаа, С.Мөнгөнтуяа нараас 249 126 127 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Номин Юнион хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 555 015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 555 015 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Номин Юнион хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь 249 126 127 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Б.Бадамрагчаагийн зээлийн барьцаанд тавьсан 000412320 гэрчилгээний дугаартай Ү-2206040274 бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11-р хороо Тайм скүэр 505 байрны 904 тоот 149м/кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Уг хэрэгт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2017 оны 6 сарын 21-ний өдрийн 183/ШЗ2017/07131 дугаартай захирамж нь давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Ц.УРАНГУА