Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2114

 

“НЮ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/01708 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “НЮ” Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Б, С.М нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 249 126 127 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч “НЮ” ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч Б.Б, С.М нартай 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр НЮ/ЗГ 018 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж, 273 700 000 төгрөгийн орон сууцны зээлийг Х дүүргийн *** дүгээр хороо, Тайм Скүэр, *** байр *** тоотыг худалдан авахад зориулж, 24 сарын хугацаатай жилийн 21,48 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Энэхүү зээлийн барьцаа хөрөнгө нь тухайн санхүүжүүлсэн орон сууц бөгөөд тус орон сууц нь 149 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц юм. Зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлэхгүй байсаар хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр хийснээс хойш дахин төлбөр хийгээгүй. Хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсээр 249 126 127 төгрөг болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар Б.Б, С.М нарын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид 2014 оны 10 сарын 20-ны өдөр НЮ ХЗХ-той зээлийн гэрээ байгуулж, 273 700 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж авсан. Хэдийгээр зээлийг хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй боловч гэрээнд заасны дагуу зээлийн хүүг цаг тухай бүрт нь төлж байсан. Гэтэл нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөөс гадна хүү болон нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр илүү тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй  гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Б, С.М нараас 249 126 127 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н Ю ХЗХ-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 555 015 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 1 555 015 төгрөгийг гаргуулж, Н Ю ХЗХ-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь 249 126 127 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан Ү-2206040274 бүртгэлийн дугаартай Х дүүргийн ***-р хороо *** байрны *** тоот 149м/кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч З.Ш давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч нар нь гэрээний хугацаанд зээлийг бүрэн төлөөгүй боловч боломжоороо төлсөөр, нийт 148 136 000 төгрөг төлсний 145 136 000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд, 3 000 000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш төлсөн. Гэрээний дагуу зээл, зээлийн хүүд нийт 339 908 308 төгрөг төлөхөөс 145 136 000 төгрөгийг төлж, гэрээний хугацаа дуусгавар болоход 194 772 308 төгрөгийн зээл болон зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байсан. Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 9 сарын хүүг тооцвол, 31 377 816 төгрөг, үлдэгдэл төлбөр 194 772 308 төгрөг, нийт 226 150 124 төгрөг төлөх үлдэгдэл гарч байгаагаас гэрээний хугацаанаас хойш зээлдэгчийн төлсөн 3 000 000 төгрөгийг хасч, нэмэгдүүлсэн хүү 4 929 623 төгрөг, нийт 228 079 747 төгрөг төлөх юм. Үндэслэлгүйгээр 21 046 380 төгрөг илүү нэхэмжилсэн байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрт 21 046 380 төгрөгийг хасч, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч НЮ Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Б.Б, С.М нарт холбогдуулан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 249 126 127 гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол буруу болсон гэж маргажээ.

 

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр барьцааны гэрээг тус тус байгуулан, 273 700 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1,79 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон, зээлийн мөнгөн хөрөнгийг  нэхэмжлэгч нь хариуцагч нарын өмчлөлд шилжүүлжээ.  Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Б өмчлөлийн Х дүүргийн *** дүгээр хороо, Тайм скүэр *** дугаар байрны *** тоот, 149 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалжээ. Талуудын хооронд зээл, барьцааны гэрээний харилцаа үүссэнд маргаагүй болно. 

 

Гагцхүү нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу шаардаж байгаа нөхцөлд “НЮ” Хадгаламж зээлийн хоршоо  нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.3.4-т заасны дагуу хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх ёстой юм. 

 

Хэрэгт “Н Ю” хадгаламж зээлийн хоршооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар авагдсан байх бөгөөд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй гэсэн нотлох баримт авагдаагүй байхад нэхэмжлэгчийг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

 

Гэвч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх баримтууд хэрэгт авагдсан, талууд энэ талаар маргаагүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Хариуцагч нарын төлсөн нийт төлбөр болох 153 116 842 төгрөгийг ердийн зээлийн журмаар суутган тооцвол  хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ 186 791 466 төгрөг болох хэдий ч хариуцагч нарын өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа үнийн дүнгийн хэмжээгээ 21 046 380 төгрөгөөр тодорхойлжээ.

 

Тиймээс талуудын диспозитив зарчмын хүрээнд, хариуцагчийн давж заалдах гомдлын хэмжээнд буюу 21 046 380 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч хариуцагч Б.Б, С.М нараас 228 079 747 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох  нь зүйтэй гэж үзлээ.   

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн хувиарлаж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/01708 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1” гэж, “249 126 127” гэснийг “228 079 747” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 046 380 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “хариуцагч нараас 1 555 015 төгрөг” гэснийг “хариуцагч Б.Б, С.М нараас 1 298 349 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б, С.М нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 182 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                       Ш.ОЮУНХАНД