Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1087

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Уд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Баясгалан,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 791 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Угийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн, Д.Төмөрбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Уд холбогдох 1805003810770 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Бумбат овгийн Б-н У, 1979 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ............... тоотод оршин оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ....................../,

Б.У нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 47 дугаар сургуулийн хашаанд “Автомашины зам хааж удаан зогслоо” гэх шалтгаанаар иргэн Б.Мг зодож биед нь баруун хацар, баруун сарвуу, хоёр шилбэнд цус хуралт, зүүн гуя, баруун тохой, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Бумбат овогт Б-н Уг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

хохирогч Б.М нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Угийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн, Д.Төмөрбаатар нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Мөрдөгч, Прокурор, шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...Яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна...” 27.2 дугаар зүйлийн 1.1 шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах; 1.2.шинжээчид нэмэлт асуулт тавих; 1.3.шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах зэрэг хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 640 дугаар дүгнэлт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д “Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно.” гэж заасан байхад шинжээч эмчийн үзлэгээр тогтоосон олон тооны жижиг цус хуралт, зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг хэрхэн сарниулсан болох нь тодорхойгүй, биеийн хэмжээний 1 хувиас хэтэрсэн эсэхийг тогтоогоогүй байх ба шинжлүүлэгч Б.Мгийн биед хөнгөн гэмтэл учирсан эсэх нь эргэлзээтэй байх тул Баянгол дүүргийн Прокурорын газраас дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоол гарган шинжээч нарт “Хохирогч Б.Мгийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулах эсэх, сарниулах бол ямар хугацаагаар сарниулах, Дээрх олон тооны цус хуралт, зулгаралтууд нь биеийн нийт гадаргууны 1 хувиас илүү эсэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 640 дугаар дүгнэлт нь үндэслэлтэй эсэх” гэсэн асуултуудыг тавьсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10/3511 тоот албан бичгээр “...иргэн Н.Мөнхзаяагийн биед учирсан гэмтэл болон бусад асуудлыг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргахад шинжлүүлэгчийг өөрийн биеэр нь үзэх зайлшгүй шаардлагатай байх тул дүгнэлт гаргах боломжгүй байна. Жич: Энэ талаар мөрдөгч, цагдаагийн ахмад М.Отгонсүрэнд 2018 оны 6 дугаар сарын 19, 21-ний өдрүүдэд 99141458 утсаар мэдэгдсэн боловч шинжлүүлэгч ирээгүй болно...” гэж өгсөн. Энэхүү тогтоол нь мөрдөн байцаалтын шатанд огт хэрэгжээгүй. Дээрх дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу дүгнэлт гарсан бол энэхүү хэргийг нэг мөр шийдвэрлэх, Б.Угийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шинжээч гаргасан дүгнэлтээ уншиж сонсгосны дараа түүнийг тайлбарлуулах, тодруулах зорилгоор талууд шинжээчид асуулт тавьж, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлт шүүхэд гаргаж болно...” гэж заасныг баримтлан мөн хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана...” гэсний дагуу дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй болно. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 791 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг урьдчилан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Угийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Уд шинжээчийн дүгнэлтийг танилцуулж гарын үсэг зуруулах, мөн шүүгдэгч Б.Угаас шинжээчийн дүгнэлтийн талаар тайлбар авах байсан ба энэ эрхийг нь хангаагүй. ...шүүх хуралдаан дууссаны дараа шүүх хуралдааны тэмдэглэлтэй бид нарыг танилцуулах ёстой байсан. Бид нар шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцсанаар тэмдэглэлтэй дуу, дүрсний бичлэгтэй тохирч байгаа эсэхийг мэдэж, засвар оруулах болон бусад асуудлыг хэрэгжүүлэх эрхээ эдлэх байсан. ...Мөн шинжээчийн дүгнэлтийн талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдаагүй байдаг.” гэв.

Шүүгдэгч Б.У тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн бодит байдалд нийцсэн, шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Б.У нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 47 дугаар сургуулийн хашаанд “Автомашин хааж удаан зогслоо” гэх шалтгаанаар иргэн Б.Мг зодож биед нь баруун хацар, баруун сарвуу, хоёр шилбэнд цус хуралт, зүүн гуя, баруун тохой, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.Угийн “...тэр эмэгтэйгийн үснээс нь зулгаахад тэр миний үснээс зулгаагаад..., нэг нэгнийхээ үснээс зулгааж маажилцсан” гэх мэдүүлэг /хх-25, 35/,

хохирогч Б.Мгийн “...хаалга онгойлгоод намайг шууд өшиглөөд..., үсдэж унагаад дээрээс дэвсэхэд тэнд байсан хажуу талын автомашины хүн болиоч гэсэн.” гэх мэдүүлэг /хх-11-12/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “...Б.Мгийн биед баруун хацар, баруун сарвуу, хоёр шилбэнд цус хуралт, зүүн гуя, баруун тохой, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 640 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 640 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт гарсан, шүүгдэгч Б.У болон хохирогч Б.М нарын мэдүүлгээр хэргийн үйл баримт тогтоогдсон байх тул давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хэргийг буцаах шаардлагагүй байна.

Харин шүүгдэгч Б.У “...намайг хөлөөрөө өшиглөсөн. Би уурлаад тэр эмэгтэйн үснээс нь зулгаахад тэр миний үснээс зулгаагаад бид хоёр хоорондоо барьцалдаад нэгнийгээ газар унагаад..., нэгнийхээ үснээс зулгааж маажилцсан” гэж удаа дараа тогтвортой мэдүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.У, хохирогч Б.М нарын хэн аль нь биендээ хүндлэлгүй хандаж, харилцан зодолдсон зөрчил гаргасан нь гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл шалтгаан болсныг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн, Д.Төмөрбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 791 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 791 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Угийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн, Д.Төмөрбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                Ц.ОЧ