Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00202

 

Д Ф ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00268 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 655 дугаар магадлалтай,

Д Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.А-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 553.387.179 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.А-ийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дв, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д Ф ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэн Загдын Баяржаргал нь Д Ф ББСБ ХХК-иас 87,000 ам.долларын зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 30 хоногийн 4 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлсэн. З.Б- нь Д Ф ББСБ ХХК-тай байгуулсан ЗГ14/12/146 тоот зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу 87,000 ам.долларыг хүүгийн хамт 2015 оны 04 сарын 02-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэвч З.Б- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлж байгаагүй. З.Б- нь 2015 ам.долларыг тус зээлийн хүү болгон төлснөөс өөр төлөлт хийгээгүй. 2016 оны 08 сарын 04-ний өдөр З.Б-аас зээлийн гэрээний хугацаа сунгах, түүнчлэн 87,000 ам.долларын зээлийг үндсэн хүү болох 52,587 ам.долларын хамт нийт 139,587 ам.долларын зээл төлөх үүргээ хариуцагч Г.А-т шилжүүлж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. 2016 оны 08 сарын 09-ний өдөр Д Ф ББСБ ХХК-иас З.Б-ын хүсэлтийг хүлээн авч зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн ЗНГ 14/12/146 тоот зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. Хариуцагч Г.А- нь 139,587 ам.долларын зээл төлөх үүргийг шилжүүлэн авахыг зөвшөөрсөн ба ЗЧУ ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.А-ийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Д Ф ББСБ ХХК-д барьцаалуулахыг зөвшөөрсөн тул 2016 оны 08 сарын 09-ний өдөр Өр шилжүүлэх гэрээ, ЗБГ16/08/01 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Өр шилжүүлэх гэрээнд зааснаар хариуцагч Г.А- нь 139,587 ам.долларын зээлийг зээлийн гэрээнд заасан нөхцөл журмын дагуу нэмэлт гэрээнд заасан хугацаанд Д Ф ББСБ ХХК-д бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч Г.А- нь зээлийг хугацаанд нь төлөх үүргээ огт биелүүлээгүй. Өр шилжүүлэх гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар хариуцагч Г.А-т утсаар болон бичгээр удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлж барагдуулах ямар нэг арга хэмжээ авсангүй. 2018 оны 06 сарын 06-ны өдрийн байдлаар хариуцагч нь Г.А- нь үндсэн зээлд 87,000 ам.доллар, хүүд 129,843 ам.доллар (өр шилжих өдрөөр болон өр шилжсэнээс хойш тооцогдсон нийт дүн), нэмэгдүүлсэн хүүд 12,783 ам.доллар нийт 229,626 ам.доллар буюу 553.387.179 төгрөгийг Д Ф ББСБ ХХК-д төлөхөөр болсон байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, дээр дурдсан гэрээнүүдийн дагуу нийт 229,626 ам.доллар буюу 553.387.179 төгрөгийг хариуцагч Г.А-ээс гаргуулж өгнө үү. Хариуцагч Г.Алганцэцэг нь өр шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил Их Монгол улсын гудамж 118- байр 123 тоот хаягт байрлах Ү-2206046411 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 180 м.кв 4 өрөө орон сууцыг өмчлөгч ЗЧУ ХХК-иас олгосон бүрэн эрхийн дагуу манай компанид барьцаалж ЗБГ 16/08/01 тоот барьцааны гэрээ байгуулсан. Хариуцагч Г.А- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.А-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч нь 2016 оны 8 сарын 09-ний өдрийн Өр шилжүүлэх гэрээг үндэслэн 229,626 ам.доллар буюу 553.387.179 төгрөг гаргуулахаар, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болох ЗЧУ ХХК-ийн хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасан. Энэ шаардлагын зарим хэсгийг зөвшөөрдөг ба Г.А- нь зээлдэгч биш, мөн зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдээгүй, З.Б-ын өрийг шилжүүлж байсан, З.Б- бол зээлийн дансаар хүлээн аваагүй ч гэсэн зээлдэгч. Учир нь өр шилжүүлэх гэрээ байгуулах үед З.Б- нь 2014 оны 12 сарын 31-ний зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 8 сарын 09-нийг хүртэлх зээлийн гэрээний төлбөр болох өрийг л шилжүүлэн авсанаас зээлийг цааш үргэлжлүүлэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцуулан өсөж төлөх үүрэг хүлээгээгүй байна. Банк, эрх бүхий этгээдийн зээлийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай буюу зээл олгох үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/ гэнэ гэж заасан. Мөн хуулийн 21 дүгээр зүйлд зээл олгох ажиллагааг, 22 дугаар зүйлийн 22.1-д зээлдэгчийн зээлийн төлөх, зээлдүүлэгчийн зээл олгох үүргийг тусгайлан заасан ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгч биш Г.А-ээс шаардсан нь үндэслэлгүй тул 2016 оны 8 сарын 09-ний өдрийн өр шилжүүлэх гэрээгээр хүлээн авсан 139,587 ам.долларыг төлөхийг зөвшөөрч болох юм. Харин Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасны дагуу бусдын өрийг шилжүүлэн авсан 139,587 ам.долларыг өр шилжүүлэн авсан өдрийн ам.долларын ханш буюу 2131.81 төгрөгөөр тооцож 297.572.962 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00268 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 123 дугаар зүйлийн 123.6, 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хариуцагч Г.А-ээс 525.084.099 төгрөг гаргуулж Д Ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 28.303.080 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.А- шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол ЗЧУ ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046411-т бүртгэлтэй, Хан уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их Монгол Улс гудамж 118-р байрны 123 тоотын 180 м.кв 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д Ф ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.995.010 /2.924.810+70.200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, төлбөл зохих дутуу 76 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагч Г.А-ээс 2.783.371 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д Ф ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 655 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.033.370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Г.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Миний бие Д Ф ББСБ ХХК-аас зээл аваагүй, бидний хооронд зээлийн гэрээ байгуулсан, хүү төлөхөөр тохиролцсон ямар нэгэн тохиролцоо байхгүй. Харин З.Б-ын 87.000 ам.долларыг өрийг төлөхөөр өр шилжүүлэх гэрээ байгуулсан. Өр шилжүүлэх гэрээгээр зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнээд байгаа анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хууль буруу тайлбарласан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 8 сарын 09-ний өдрийн Өр шилжүүлэх гэрээг үндэслэн Г.А-ээс 229.626 ам.доллар буюу 553.387.179 төгрөг гаргуулахаар, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болох ЗЧУ ХХК-ны хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасан. Энэ шаардлагын зарим хэсгийг хариуцагч Г.А- би зөвшөөрдөг ба Г.А- нь зээлдэгч биш, мөн зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдээгүй, З.Б-ын өрийг шилжүүлж байсан. З.Б- бол зээлийн дансаар хүлээн аваагүй ч гэсэн зээлдэгч. Учир нь өр шилжүүлэх гэрээ байгуулах үед З.Б- нь 2014 оны 12 сарын 31-ний зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 8 сарын 09-нийг хүртэлх зээлийн гэрээний төлбөр болох өрийг л шилжүүлэн авсанаас зээлийг цааш үргэлжлүүлэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцуулан өсөж төлөх үүрэг хүлээгээгүй байна. Банк, эрх бүхий этгээдийн зээлийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйл, 22 дугаар зүйлийн 22.1-д тус тус зааснаар зээлдүүлэгчийн зээл олгох үүргийг тусгайлан заасан ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгч биш Г.А-ээс шаардсан нь үндэслэлгүй тул 2016 оны 8 сарын 09-ний өдрийн өр шилжүүлэх гэрээгээр хүлээн авсан 139,587 ам.долларыг төлөхийг зөвшөөрч болох юм. Харин Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасны дагуу бусдын өрийг шилжүүлэн авсан 139.587 ам.долларыг өр шилжүүлэн авсан өдрийн ам.долларын ханш буюу 2131.81 төгрөгөөр тооцож 297.572.962 төгрөгийг төлөх үүрэг үүссэн. Мөн анхан шатны шүүх хуралдаанд намайг байлцуулж, мэтгэлцүүлээгүйд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д Ф ББСБ ХХК, Г.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 553.387.179 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г.А- нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, өр шилжүүлэн авснаас хойшхи хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж маргааны үйл баримтыг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцжээ.

Хэргийн баримтаар хариуцагч Г.А- нь Д Ф ББСБ ХХК болон З.Б- нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний зээлдэгч З.Б-ын үүргийг өөртөө шилжүүлэн авсан, уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗЧУ ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалсан нь тус тус тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх зохицуулалтын агуулгаас үзвэл  үүрэг гүйцэтгүүлэгчтэй харилцан тохиролцож үүрэг гүйцэтгэгчийн өрийг өөр этгээд шилжүүлж авч болох бөгөөд хариуцагч Г.А- нь Д Ф ББСБ ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр бичгээр гэрээ байгуулснаар З.Б- зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөж, зээлийн гэрээний үүргийг Г.А- хүлээсэн, энэ талаар хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Г.А- нь өрийг шилжүүлэн авч гэрээ байгуулсан боловч үүргээ биелүүлээгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримталж, хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг 2018.06.12-ны байдлаар тооцоолсон нэхэмжлэлийн дагуу үндсэн зээл 87.000 ам.доллар, гэрээний хугацаан дахь болон хэтэрсэн хугацааны хүүд 129.843 ам.долларыг харин нэмэгдүүлсэн хүүд 12.783 ам.доллар шаардсанаас 1038.74 ам.доллар, нийт 217.881.74 ам.доллар буюу 525.084.099 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосныг үгүйсгэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй тул хариуцагч Г.А- үүргээ сайн дураар гүйцэтгээгүй бол үүргийн гүйцэтгэлийг ЗЧУ ХХК-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь ам.доллар байна. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул төлбөрийг ам.доллараар тооцсныг буруутгах үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нэхэмжлэгч шүүхэд хандахад нэхэмжлэлийн үнийг тодорхойлох журмыг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 63.2-т гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцдог байна. Иймд нэхэмжлэгч ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн төгрөгтэй харьцуулсан ханшаар тооцож нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон нь хууль зөрчөөгүй, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Дээр дурдснаар хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00268 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 655 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Г.А-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.033.370 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ