Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00268

 

 

 

 

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2019/00268

            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д ББСБ ХХК- ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 553.387.179 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагчийн өмгөөлөгч М.Цн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэн Загдын Б нь “Д ББСБ” ХХК-иас 87,000 ам.долларын зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 30 хоногийн 4 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлсэн. З.Б нь “Д ББСБ” ХХК-тай байгуулсан ЗГ14/12/146 тоот зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу 87,000 ам.долларыг хүүгийн хамт 2015 оны 04 сарын 02-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэвч З.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлж байгаагүй. З.Б нь 2015 ам.долларыг тус зээлийн хүү болгон төлснөөс өөр төлөлт хийгээгүй. 2016 оны 08 сарын 04-ны өдөр З.Баас Зээлийн гэрээний хугацаа сунгах, түүнчлэн 87,000 ам.долларын зээлийг үндсэн хүү болох 52,587 ам.долларын хамт нийт 139,587 ам.долларын зээл төлөх үүргээ хариуцагч Г.Ат шилжүүлж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. 2016 оны 08 сарын 09-ны өдөр “Д ББСБ” ХХК-иас З.Бын хүсэлтийг хүлээн авч Зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн ЗНГ 14/12/146 тоот Зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. Хариуцагч Г.А нь 139,587 ам.долларын зээл төлөх үүргийг шилжүүлэн авахыг зөвшөөрсөн ба “З” ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.Аийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон “Д ББСБ” ХХК-д барьцаалуулахыг зөвшөөрсөн тул 2016 оны 08 сарын 09-ны өдөр Өр шилжүүлэх гэрээ, ЗБГ16/08/01 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулсан.

Өр шилжүүлэх гэрээнд зааснаар хариуцагч Г.А нь 139,587 ам.долларын зээлийг Зээлийн гэрээнд заасан нөхцөл журмын дагуу Нэмэлт гэрээнд заасан хугацаанд “Д ББСБ” ХХК-д бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч Г.А нь зээлийг хугацаанд нь төлөх үүргээ огт биелүүлээгүй. Өр шилжүүлэх гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар хариуцагч Г.Ат утсаар болон бичгээр удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлж барагдуулах ямар нэг арга хэмжээ авсангүй. 2018 оны 06 сарын 06-ны өдрийн байдлаар хариуцагч нь Г.А нь үндсэн зээлд 87,000 ам.доллар, үндсэн хүүнд 129,843 ам.доллар (өр шилжих өдрөөр болон өр шилжсэнээс хойш тооцогдсон нийт дүн), нэмэгдүүлсэн хүүнд 12,783 ам.доллар нийт 229,626 ам.доллар буюу 553,387,179 төгрөгийг “Д ББСБ” ХХК-д төлөхөөр болсон байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, дээр дурдсан гэрээнүүдийн дагуу нийт 229,626 ам.доллар буюу 553,387,179 төгрөгийг хариуцагч Г.Аээс “Д ББСБ” ХХК-д гаргуулж өгнө үү.

Хариуцагч Г.Алганцэцэг нь өр шилжүулэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил Их Монгол улсын гудамж 118- байр 123 тоот хаягт байрлах Ү-2206046411 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 180 м.кв 4 өрөө орон сууцыг өмчлөгч “З” ХХК-иас олгосон бүрэн эрхийн дагуу манай компанид барьцаалж ЗБГ 16/08/01 тоот барьцааны гэрээ байгуулсан байдаг. “З” ХХК-иас хариуцагч Г.Ат олгосон итгэмжлэл байх ба уг итгэмжлэлээр барьцааны зүйлийг манай компанид барьцаалах, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн эрхийг хариуцагч Г.Ат олгосон. Манай "Д ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Ат холбогдох иргэний хэргийн шүүхээс гарах шийдвэрийг хариуцагч Г.А сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулж, энэ талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч нь 2016 оны 8 сарын 9-ны өдрийн Өр шилжүүлэх гэрээг үндэслэн Г.Аээс 229,626 ам.доллар буюу 553,387,179 төгрөг гаргуулахаар, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болох З ХХК-ийн хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасан. Энэ шаардлагын зарим хэсгийг хариуцагч Г.А зөвшөөрдөг ба Г.А нь зээлдэгч биш, мөн зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдээгүй, З.Бын өрийг шилжүүлж байсан, З.Б бол зээлийн дансаар хүлээн аваагүй ч гэсэн зээлдэгч. Учир нь өр шилжүүлэх гэрээ байгуулах үед З.Б нь 2014 оны 12 сарын 31-ний зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 8 сарын 9-нийг хүртэлх зээлийн гэрээний төлбөр болох өрийг л шилжүүлэн авсанаас зээлийг цааш үргэлжлүүлэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцуулан өсөж төлөх үүрэг хүлээгээгүй байна.

Банк, эрх бүхий этгээдийн зээлийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай буюу зээл олгох үйл ажиллагааг нарийчлан зохицуулсан хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/ гэнэ” гэж заасан. Мөн хуулийн 21 дүгээр зүйлд зээл олгох ажиллагааг, 22 дугаар зүйлийн 22.1- д зээлдэгчийн зээлийн төлөх, зээлдүүлэгчийн зээл олгох үүргийг тусгайлан заасан ба нэхэмжпэгч нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгч биш Г.Аээс шаардсан нь үндэслэлгүй тул 2016 оны 8 сарын 9-ний өдрийн өр шилжүүлэх гэрээгээр хүлээн авсан 139,587 ам.долларыг бол төлөхийг зөвшөөрч болох юм. Харин Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасны дагуу бусдын өрийг шилжүүлэн авсан 139,587 ам.долларыг өр шилжүүлэн авсан өдрийн ам.долларын ханш буюу 2131.81 төгрөгөөр тооцож 297,572,962 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэв.

   Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь хариуцагч Г.Аээс өр шилжүүлэх гэрээ болон зээлийн гэрээний үүрэгт 229.626 ам.доллар буюу 553.387.179 төгрөгийг зээлийн барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба, нэхэмжлэлийн заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэн Загдын Б нь “Д ББСБ” ХХК-иас 87,000 ам.долларын зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 30 хоногийн 4 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлдэж авсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, кассын зарлагын баримт зэргээр тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний талууд 2016.08.09-ний өдрийн дээрх зээлийн гэрээний хугацаа 3 сар байсныг 24 сар болгон өөрчилсөн нь зохигчийн тайлбар, мөн өдрийн зээлийн нэмэлт гэрээ, төлбөрийн хуваарь зэрэг баримтуудаар нотлогдож байх тул дээр дурдсан зээлийн гэрээг 24 сарын хугацаатай зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлтэй болжээ.

 

2016 оны 08 сарын 04-ний өдөр хариуцагч Г.А, гуравдагч этгээд З ХХК-ийн захирал Г.Сүхбаатар, зээлдэгч З.Б нараас 87,000 ам.долларын зээлийн нийт үүргийг  хариуцагч Г.Аийн нэр дээр шилжүүлж, цаашид бүрэн хариуцах тул өмнөх барьцаа хөрөнгийг чөлөөлүүлж З ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалуулах хүсэлтийг нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д гаргажээ.

 

Мөн уг хүсэлтэд “дээрх хүсэлт, үүний дагуу байгуулагдах зээлийн гэрээ, барьцааны гэрээнээс үүсэх эрх зүйн бүхий л үр дагаврыг бүрэн хариуцахыг үүгээр хүлээн зөвшөөрч байна” гэж  хариуцагч Г.А гарын үсэг зурж өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэн байна.

 

2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Д ББСБ, хариуцагч Г.А, барьцаалуулагч З ХХК-иудын хооронд “өр шилжүүлэх гэрээ”, зээлийн барьцааны гэрээ зэргийг байгуулсан болох нь уг гэрээнүүдээр нотлогдож байна.

 

Дээрх гэрээний 1.3-т “үндсэн зээлийн үлдэгдэл 87.000 ам.доллараас зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 1.3-д заасанчлан сарын буюу 30 хоногт 4 хувийн хүү, хугацаа хэтэрсэн тохиолдолд 30 хоногийн 0.8 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцно”,

 

Гэрээний 1.4-т “энэхүү гэрээ байгуулагдсан нь зээлийн болон зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй бөгөөд өр шилжүүлэн авагчийг эдгээр гэрээний эрх залгамжлагчид тооцно” гэжээ.

 

Энэхүү гэрээний зохицуулалтаас үзвэл хариуцагч Г.А нь зээлдэгч З.Быг зээлийн төлбөрийн өрийг төлөх үүргийг, мөн зээлдэгчийн үүргийг үргэлжлүүлэн хүлээн авсныг зээлдэгч тал хүлээн зөвшөөрч уг гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийг өр шилжүүлэн авагчийн болон зээлдэгчийн үүргийг шаардах эрхтэй  гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн  үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй  хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.” гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээндээ 0.8 хувиар тохиролцсон байх тул зээлийн хүү 129.843$*0.8% =1038$ 74 центийг нэхэмжлэх эрхтэй.

 

Нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 87.000 ам.доллар, зээлийн хүү 129.843 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 1038 ам.доллар 74 центийг нэхэмжлэл гаргах үеийн ханш 2409 төгрөг 95 мөнгөөр тооцон нийт 525.084.099 төгрөгийг хариуцагч Г.Аээс гаргуулж шийдвэрлэв.

 

Г.А нь өр шилжүүлэх гэрээг байгуулах үед буюу 2016.08.09-ний өдөр гуравдагч этгээд З ХХК-ийн өмчлөлийн,  эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046411-т бүртгэлтэй Хан уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их Монгол Улс гудамж 118-р байрны 123 тоотын 180 м.кв 4 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь барьцааны гэрээгээр тогтоогдлоо.

 

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  З ХХК-ийн захирал Г.Сүхбаатараас 2016.08.05-ны өдрийн итгэмжлэлээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Д ББСБ ХХК, иргэн Загдын Б нарын хооронд 2014.12.31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр хүлээсэн үүргийг шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг  хангуулах барьцаанд бариулах, барьцаалбар үйлдэх, барьцааны гэрээ барьцаалбар болон бусад холбогдох гэрээ хэлцэлд гарын үсэг төлөөлж зурах, захиран зарцуулах, барьцаа хөрөнгөнөөс хангуулах, эд хөрөнгийн  улсын бүртгэлд бүртгүүлэх, шаардлагатай лавлагаа гаргуулах, холбогдох мэдүүлэгт гарын үсэг зурах зэрэг бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай хариуцагч Г.Ат олгосон болох нь хэрэгт авагдсан итгэмжлэлээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох З ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046411-т бүртгэлтэй, Хан уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их Монгол Улс гудамж 118-р байрны 123 тоотын 180 м.кв 4 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Золбоо хэргийн материалтай танилцсан боловч, шүүхэд бичгээр тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд, хариуцагчийн өмгөөлөгч гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 123 дугаар зүйлийн 123.6, 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хариуцагч Г.Аээс 525.084.099 төгрөг гаргуулж Д ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 28.303.080 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.А шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол З ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206046411-т бүртгэлтэй, Хан уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их Монгол Улс гудамж 118-р байрны 123 тоотын 180 м.кв 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.995.010 /2.924.810+70.200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, төлбөл зохих дутуу 76 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагч Г.Аээс 2.783.371 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.А