Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 0322

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2020/0322

Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: НДЕГ-н дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “НДЕГ-н даргын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Шалгалтын дүнгийн тухай” А/68 тоот тушаалын Б.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр бууруулсан тэтгэврийг нөхөн олгуулж, түүнээс хойш тэтгэврийг анх тогтоосон хэмжээгээр бүрэн олгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь улсад 33 жил ажиллаж 2016 оны 12-р сард өндөр насны тэтгэврээ тогтоолгоод 1 жил 6 сар тогтоосон тэтгэврээ хэвийн авч байсан. Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2018 оны 6 сараас эхлэн миний тэтгэврийг үндэслэлгүйгээр 328712 төгрөгөөр бууруулж миний эрхийг зөрчсөн. Нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт шийдвэр гараагүй, шалгалт ирэхэд намайг дуудаж уулзуулаагүй, мэдэгдээгүй. 2018 оны 6-р сарын 26-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийн хариуг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 461 тоот албан бичгээр “ ... энэхүү асуудлаа Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгсөн.

Улмаар 2018 оны 11-р сарын 04-ний өдөр НДЕГ-н дэргэдэх Гомдлын Шаардлагын Зөвлөлд гомдлоо гаргасан бөгөөд НДЕГ-н дэргэдэх Гомдлын Шаардлагын Зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 135 тоотоор хариу өгсөн.

Миний тэтгэврийг бууруулах болсон үндэслэлээ: НДЕГ-н 2018 оны 5 дугаар  сарын 11-ний өдрийн А/68 тоот “Шалгалтын дүнгийн тухай” тушаалын 1.5-т заасан “ Тэтгэвэр тогтоох цалингийн дунджийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хориглосон ажил албан тушаал давхар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, төрийн захиргааны албан хаагч нэр бүхий 5 иргэнд ажил олгогчоос хөдөлмөрийн хөлс, орлогоос төлсөн шимтгэлийг буцаан олгож, уг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хассан хэмжээгээр тогтоосон 5 жилийн дундаж цалинг бууруулах тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөн тогтоон олгох” гэснийг үндэслэн бууруулсан гэж Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын албаны даргаас амаар тайлбарлаж байгаа боловч миний тэтгэврийг бууруулах тухай нийгмийн даатгалын байцаагчийн акт шийдвэр гараагүй. Хавсралт 5 хүний нэр гэж надад огт юм үзүүлээгүй. Тэр 5 хүн ямар улс болохыг би мэдэхгүй зөвхөн өөрийгөө төлөөлж энэхүү нэхэмжлэлээ гаргаж байна.

Миний бие нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6, 20.1 дэх заалтыг зөрчөөгүй. Миний бие Улаанбаатар хотод ажиллаж байхдаа 2011 оноос “С” шүдний эмнэлгийн санхүүгийн зөвлөхөөр, 2013 оноос “Э” ХХК-д орон тооны бус зөвлөхөөр ажиллаж ирсэн. Би эдгээр компаниудад орон тооны бус ажил хийж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-т заасан “... орон тооны” албан тушаал гэдэгт хамаарахгүй юм. / “Орон тооны албан тушаал” гэдгийг Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолд тайлбарласан/. Дундговь аймагт ажиллаж байхдаа Улаанбаатар хотын 2 компанид утсаар болон интернетээр харьцаж зөвлөн тусалж, санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Гэтэл Нийгмийн даатгалын байгууллага нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар миний тэтгэврийг бууруулсан гэж үзэж байна.

Дээрх компаниуд Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар ажил олгогчийн хүлээсэн үүргийн дагуу “Хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүргээ биелүүлж ажилласан талаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст албан бичиг хүргүүлсэн.

Авилгатай тэмцэх газрын 2018 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн 05/4882 албан бичигт "... эсхүл жилийн орлого нь 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй байх тохиолдолд албан тушаалтан түүнийгээ давхар эрхэлж болно” гэж заасан байна.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн 626 тоот албан бичигт "... Төрийн албаны тухай хуульд 15.1.8-г зөрчиж ажилласан цалин хөлсний орлогоос тэтгэвэр тооцох эсэх талаар зохицуулаагүй тул Нийгмийн даатгалын холбогдох хууль тогтоомжид тулгуурлан шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байна. Би анх 1,044,146 төгрөгөөр тогтоогдож авч байсан ба 2018 оны 6 дугаар сараас эхлэн 715,434 төгрөг болж 5466036622 тоот дансанд орсон.

Иймд миний тэтгэврийг хууль зүйн үндэслэлгүйгээр 2018 оны 6 дугаар сараас хойш бууруулж, миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа тул НДЕГ-н 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Шалгалтын дүнгийн тухай” А/68 тоот тушаалын 1.5 дахь заалтын Б.Б надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр бууруулсан тэтгэврийг нөхөн олгуулж, түүнээс хойш тэтгэврийг анх тогтоосон хэмжээгээр бүрэн олгуулахыг хүсч байна. 14 сарын тэтгэврийн зөрүү: 328,712 * 14 сар = 4,601,968 төгрөг.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О-ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь улсад 33 жил ажиллаад 2016 оны 12 дугаар сард тэтгэврээ тогтоолгосон. Ингээд тэтгэврээ аваад явж байтал 1 жил 6 сарын дараа буюу 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийн хэмжээг үндэслэлгүйгээр 328,712 төгрөгөөр бууруулж олгож эхэлсэн. Ингээд үүний дагуу Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад Улсын байцаагчийн акт гараагүй. Шалгалт ирсэн гэж тайлбарласан боловч энэ тухай өөрт нь мэдэгдээгүй, уулзуулаагүй, ямар нэгэн тайлбар аваагүй байсан. Ингээд 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан. Гэтэл тус Нийгмийн даатгалын хэлтсээс 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 461 тоот албан бичгээр энэ асуудлаа Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж шийдвэрлүүл гэдэг хариу өгсөн. Үүний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр НДЕГ-н дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл гэх байгууллагад гомдол гаргасан. Тус байгууллагаас 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 135 гэдэг тоотоор хариу өгсөн. Энэ тоотоор тэтгэврийг бууруулах болсон үндэслэлээ тайлбарлахдаа НДЕГ-н даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А68 дугаар шалгалтын дүнгийн тухай хууль тушаалын 1.5-д зааснаар ашиг сонирхолын зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хориглосон ажил, албан тушаалыг давхар эрхэлсэн гээд тэтгэврийн хэмжээг бууруулсан гэж тайлбарласан албан бичиг ирүүлсэн байдаг. Б.Б нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан заалтыг зөрчөөгүй. Ямар нэгэн хуулийг зөрчилгүйгээр тодорхой аж ахуйн нэгжүүдэд давхар ажил эрхэлж байсан. Ийм учраас Нийгмийн даатгалын байгууллага хууль бусаар тэтгэврийг бууруулан тогтоох шийдвэр гаргасан байна гээд Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасныг зөрчиж цалин хөлс аваагүй бол давхар ажил хийх боломжтой гэсэн хариуг өгсөн. Мөн Авилгатай тэмцэх газраас хуулийн заалтыг зөрчихгүйгээр ажил эрхлэн боломжтой гэсэн хариу өгсөн. Ийм учраас би ямар нэгэн хууль зөрчөөгүй буюу НДЕГ-н даргаас миний тэтгэврийг бууруулан тогтоох хууль зүйн үндэслэл байгаагүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Нэхэмжлэлийн шаардлагын бас нэг үндэслэл нь Нийгмийн даатгалын ерөнхий газар Б.Бийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүйгээр эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын үйл ажиллагаа нээлттэй бодитой байх, хуульд нийцсэн байх зарчим алдагдсан. Мөн дээр дурдсан хуулийн заалтуудыг илтэд зөрчсөн тушаалыг гаргасан. Иймд НДЕГ-н даргын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А168 дугаар тушаалын 1.5 дахь заалтын Б.Бт  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, үндэслэлгүйгээр бууруулсан тэтгэврийн нөхөн олгох, шүүхийн шийдвэр гарснаа хойш тэтгэврийг анх тогтоосон хэмжээгээр бүрэн барагдуулахыг хариуцагчид даалгуулах, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар алдангид 1,210,380 төгрөгийг гаргуулах, олгогдоогүй саатуулагдсан 6,902,952 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан” гэв.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

НДЕГ-н даргын 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар “Аж ахуйн нэгж байгууллагад хавсран ажиллаж, тэтгэвэр тогтоолгосон төрийн захиргааны албан хаагчийн цалингийн үндэслэлийг шалгах шалгалтын нэгдсэн удирдамж” батлагдаж тус удирдамжийн хүрээнд Улсын хэмжээнд шалгалтын ажлыг зохион байгуулсан.

Тус шалгалтаар Төрийн захиргааны албан хаагчид нь өндөр тэтгэвэр тогтоолгох зорилгоор Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглосон албан тушаалд давхар ажиллан авсан хөдөлмөрийн хөлс, орлогыг 5 жилийн хөдөлмөрийн хөлс, орлогын бүрэлдэхүүнд оруулж тэтгэвэр тогтоолгосон зөрчил, дутагдал илэрсэн. Уг зөрчил, дутагдлыг арилгахаар Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтэс 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн улсын байцаагчийн “Өндөр насны тэтгэвэр бууруулан тогтоох тухай” 06 тоот акт гарсан.

Дундговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 тоот тушаалаар Б.Б ажилд томилогдсоноор төрийн захиргааны албан хаагч болж Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөх  үүрэг хүлээсэн.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолын 1-д Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д заасан “... орон тооны албан тушаал...” гэдгийг аж ахуйн нэгж, нам олон нийтийн бусад байгууллагын бүтцэд багтдаг, цалин хөлстэй, тодорхой чиг үүрэг бүхий, байнгын шинжтэй ажлын байр гэж ойлгохоор заасан.

Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 626 тоот албан бичгээр Монгол улсын Дээд шүүхийн дээрх заасан заалт нь төрийн жинхэнэ албан хаагчид буюу Төрийн албаны тухай хуулийн 7,8 дугаар зүйлд заасан албан тушаалыг хашиж буй албан хаагчдад хамаарах ба төрийн жинхэнэ албан хаагч 15-р зүйлийг зөрчсөн тохиолдолд 26 дугаар зүйлийн дагуу сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалттай болно. Харин Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-г зөрчиж ажилласан цалин хөлсний орлогоос тэтгэвэр тооцох эсэх талаар зохицуулаагүй тул Нийгмийн даатгалын холбогдох хууль тогтоомжид тулгуурлан шийдэх нь зүйтэй гэсэн.

Иймд Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан татварын тайланд тусгагдсан боловч ямар хэлбэрээр олгогдсон нь тодорхойгүй зөвхөн тэтгэвэр тогтоолгох дундаж цалингаа нэмэгдүүлсэн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 15.1.8, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн зөрчил гэж үзэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдсон” гэж үндэслэн Б.Бийн тэтгэвэр тогтоолгосон үндэслэлгүй цалинг хасч, өндөр насны тэтгэврийг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэг удаа бууруулах мөн үндэслэлгүй олгосон цалинд ногдуулсан Нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг “Э” ХХК-д нэг удаа олгосон.

Нийгмийн даатгалын байгууллага хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд улсын хэмжээнд хийсэн дээрх ажил нь хууль зөрчсөн, ямар нэгэн хууль бус тушаал гаргасан үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ээс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын сангийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол явуулдаг.

НДЕГ-н Хяналт шалгалтын газарт Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 тоот албан бичгээр иргэн Б.Д-ийн Төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж байхдаа хувийн байгууллагад давхар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалинг өндөр насны тэтгэвэр тогтоох 5 жилийн дундаж цалинд оруулах эсэх талаар шалгаж, хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл авахаар албан бичиг ирүүлсэн. Дээрх албан бичгийн дагуу НДЕГ-н Хяналт шалгалтын газар нь Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс холбогдох материалыг шалгаж, хариуцсан ажилтнаас тодруулахад 2013 оноос хойш Төрийн захиргааны алба хааж байх хугацаандаа давхар ажилласан 5 иргэн тэтгэврээ тогтоолгосон талаар мэдэгдсэн ба эдгээр иргэдийн нэрсийн жагсаалтад Б.Б  хамрагдсан.

Авилгатай тэмцэх газар болон Төрийн албаны зөвлөлд хандан Төрийн албаны тухай хууль болон нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд Төрийн захиргааны алба хааж байх хугацаандаа давхар ажиллаж байгаа асуудлыг хэрхэн зохицуулсан талаар зөвлөмж авахаар албан бичиг хүргүүлсний дагуу 2018 оны 05/2272, 2018 оны 22 тоот албан бичгээр тус тус хариу ирүүлсэн.

НДЕГ-н даргын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд хяналт, шалгалт хийсэн.

НДЕГ-н шалгалтын ажлын хэсэгт Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь дотоодын хяналт шалгалтаар Төрийн захиргааны алба хааж байх хугацаандаа давхар ажиллаж тэтгэвэр тогтоолгосон 5 иргэнтэй холбогдох зөрчил илэрсэн тухай танилцуулсан.

НДЕГ-н шалгалтын дүнгийн нэгдсэн акт болон шалгалтын дүнгийн тухай НДЕГ-н даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/68 тоот тушаалд дээрхи иргэдийн тэтгэврийн тогтоолтын үндэслэлийг дахин шалгаж шийдвэрлэх талаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгож мөн тус аймгийн шалгалтын дүнг НДЕГ-н даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн тус аймагт илэрсэн Төрийн захиргааны алба хааж байх хугацаандаа давхар ажиллаж тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр тогтоолтын үндэслэлийг улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар шалгаж, нэгдсэн дүнг гаргаж, НДЕГ-н даргын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэсэн.

НДЕГ-н даргын 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн баталсан нэгдсэн удирдамжийн дагуу аймаг /дүүрэг/-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хуулиар хориглосон ажил, албан тушаалд давхар ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчийн тэтгэвэр тогтоолгосон 5 жилийн дундаж цалингийн эрх зүйн үндэслэлийг шалгах шалгалтыг зохион байгуулсан.

Шалгалтад 2016 оны 01 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх шинээр тогтоон олгосон өндөр насны тэтгэврийг хамруулсан.

Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах ажлын хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтыг Төрийн жинхэнэ албан хаагч нарт хэрхэн мөрдөх талаар тайлбар, зөвлөмж ирүүлэхийг хүсч Төрийн албаны зөвлөл болон Авилгатай тэмцэх газарт албан бичиг хүргүүлсэн.

Дээрх хүсэлтийн дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 626 дугаар албан бичгээр, Авилгатай тэмцэх газраас 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 05/4882 дугаар албан бичгээр тус тус чиглэл ирүүлсэн байна.

Шалгалтыг аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга удирдаж, Санхүү бүртгэл судалгааны тасаг, Орлого бүрдүүлэлтийн тасаг, Үйлчилгээний тасаг хамтран, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж дүнгээ ирүүлсэн.

Шалгалтаар улсын хэмжээнд нийт зөрчилтэй 14 тэтгэвэр авагчтай холбоотой 15309057 төгрөгийн илүү олгосон тэтгэвэр болон эдгээр тэтгэвэр авагчийн давхар ажилласан ажил олгогчид 20,068,535.64 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасны дагуу эргүүлэн олгох буюу дараа төлөх шимтгэлд суутган тооцох тооцоо гарч холбогдох арга хэмжээг авч дүнгээ ирүүлж, Нийгмийн даатгалын хэлтсүүдэд цаашид анхаарч ажиллах талаар НДЕГ-н 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2/1513 тоот чиглэл хүргүүлсэн.

Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь удирдамжийн дагуу шалгалтыг зохион байгуулж 6 иргэнтэй холбоотой 9,014,761 төгрөгийн зөрчил илэрсэн нь нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтаар илэрсэн нийт зөрчлийн 58.8 хувийг эзэлж байсан.

Тус аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн шийдвэрээр дээрх 6 иргэний илүү авсан 9,014,761 төгрөгийг төлүүлэхгүйгээр 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс сард олгох тэтгэврийн хэмжээг нь өөрчлөн олгохоор улсын байцаагчийн 06 тоот акт тогтоон шийдвэрлэсэн.

Шалгалтын ажлын хүрээнд, Б.Б-ийн давхар ажиллаж байсан гэх “Э” ХХК болон “С” шүдний эмнэлэгт 2013-2016 онуудад ажиллаж байсныг нотлох цалин тооцож олгосон баримт, санхүүгийн тайлан, Хувь хүний орлогын албан татварын тайлан, ажлын цагийн бүртгэл, ажилтантай, байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, төрийн захиргааны албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгасан цалингийн орлого зэрэг баримтыг дээрх байгууллагаас шаардсан боловч ирүүлээгүй.

Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны цалин хөлсийг хийснээр буюу цагаар бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тааруулж олгоно гэж заасан.  Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг 5 жилийн дундаж үндэслэлийг үнэн зөв байна уу гэдэг баримтыг тухайн ажилтанд цалин олгосон анхан шатны баримтад үндэслэх шаардлагатай байдаг. Улсын байцаагч нар шалгалтын явцад анхан шатны баримтыг удаа дараа нэхсэн боловч тухайн баримт нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, хувь хүний орлогын албан татварын тайланг тайлагнасан боловч энэ баримтыг ямар хэлбэрээр яаж авч байсан гэдэг анхан шатны баримттай танилцах ажиллагаа явуулах ёстой байтал тэр ажиллагааг явуулах нөхцөл боломжийг бүрдүүлээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу эдгээр 3 байгууллагыг гэрчээр оролцуулж, баримт бүрдүүлж шүүхэд ирүүлсэн. “Э” ХХК нь Б.Бийн хүүгийн компани юм. 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр энэ компанийн менежер н.Л******* гэдэг хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлэхэд н.Л гэдэг хүн нь уг тайланд байдаггүй. “Э” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээний загвар нь “Б” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээнээс ялгарах зүйлгүй адилхан гэрээ байдаг. Тэр гэрээнд нь цалин хөлсийг сард 2 удаа буюу 05, 20-ны өдрүүдэд олгоно. Мөн ажилласан цагийн төлөлтийг цалингийн тооцооны хүснэгтийг хэргийн материалд нотлох баримтаар ирүүлсэн байдаг. Хэзээ цалин хүлээж авч байсан гэдэг хугацаа нь тодорхойгүй тайлан ирсэн байдаг. Мөн нягтлан бодох бүртгэлийн дагуу бүртгэлийн тухайн өдөр олгосон цалингийн зарлага нь гарсан байх ёстой. Гэтэл кассын зарлагад зөвхөн сарын эцэст цалин тавьж олгов гэсэн баримт байдаг. Цалингийн тооцооны кассын тайлангийн доод талд нь нягтлан бодогч нь гарын үсэг зурсан боловч байгууллагын дарга нь зурж зөвшөөрсөн зүйл байхгүй. Цагийн бүртгэл нь тухай сарынхаа ажлын өдөр нь 18 хоног байлаа гэхэд бүтэн ажилласан мэтээр хийсэн байсан. Цагийн бүртгэлийг ирсэн, явсан гэдгээр баталгаажуулдаг. Цалингийн тооцооны хүснэгтэд нотариатаар шивсэн мэт баталгаажуулсан зэргээр мэдээлж байгаа нь нягтлан бодох бүртгэл үнэн зөв байх гэх хуульд заасан зарчимтай нийцэхгүй байна гэж үзсэн. “Л” ХХК нь Дундговь аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаад 2019 онд татан буугдсан. Татан буугдсан боловч шүүхэд гэрчээр ирсэн хүн нь бүх баримтуудаа шатаасан гэдэг тайлбар өгсөн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Архивын тухай хуульд санхүүгийн тайланг тухайн байгууллага татан буугдсанаас үл хамааран 10 жилээс доошгүй хугацаагаар хадгалах ёстой байдаг. “Б” ХХК нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг шүдний эмнэлэг юм. Б.Б-ийн ах, дүү нарынх нь компани байдаг. Эдгээр 3 байгууллагад ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байдаггүй. Мөн дээрх 3 байгууллагын гэрчийн мэдүүлгээс үзэхэд улсын байцаагчийн актын үндэслэлийг шүүхээс дахин нотолж үзэхэд нотлох баримтын шаардлага хангасан баримт ирүүлсэнгүй. Иймд улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...НДЕГ-н даргын баталсан 2018 оны 5 дугаар сарын удирдамжийн дагуу аж ахуйн нэгж байгууллагууд хуулиар хориглосон албан тушаалд давхар ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчийн тэтгэвэр олгосон сүүлийн 5 жилийн дундаж цалингийн эрх зүйн үндэслэлийг 2016, 2017, 2018 онуудад шинээр тогтоосон тэтгэвэр олголтын үндэслэлийг шалгах ажлыг шалгалт зохион байгуулагдсан. Шалгалтаар Дундговь аймагт нэр бүхий 6 иргэний тэтгэвэр тогтоолгох өндөр цалингаар нэмэгдүүлэх зорилгоор давхар ажил эрхлэлтийн цалин хөлс нь нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, татварын тайлан тусгагдсан боловч ямар хэлбэрээр олгогдсон нь тодорхойгүй зөвхөн тэтгэвэр тогтоолгох дундаж цалингаа нэмэгдүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үндэслэл тогтоогдсон. Тус шалгалтын дүнг үндэслэн Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6 дугаартай улсын байцаагчийн акт тавигдсан. Энэ актын үндэслэл нь түрүү нь дурдсан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. Тэтгэвэр тэтгэмж тогтоолгох сүүлийн 5 жилийн дундаж цалинг өсгөхийн тулд төрийн албан хаагч зориуд давхар ажилласан юм шиг харагдуулах нөхцөл байдлыг үүсгэж дундаж цалин хөлс нэмэгдүүлсэн байдал ажиглагдсан. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан Авилгатай тэмцэх газраар холбогдох онуудад ажиллаж байсан хөрөнгө оруулгын мэдүүлгийг авъя гэдэг хүсэлтийг дэмжиж оролцсон. Авилгатай тэмцэх газрын хөрөнгө оруулгын мэдүүлэгт тухайн цаг үеийн “Э” ХХК, “Б” ХХК, “Л” ХХК гэх байгууллагуудад ажиллаж байсан, хөрөнгө оруулгын мэдүүлэг дурдагдсан зүйл ганц ч байхгүй байсан. Мөн нэхэмжлэгч нь ашиг сонирхолын зөрчил үүсгээгүй бол удирдлагын зөвшөөрлөөр давхар ажил эрхэлж болох зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллагаас авах үүрэгтэй. Энэ үүргийг зөрчсөн. Нэхэмжлэгч өмнөх шүүх хуралдаанд одоо хүртэл энэ байгууллагуудад ажиллаж байгаа гэж хэлдэг боловч 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б.Б тэтгэврээ тогтоолгосноос хойш тухайн 3 аж ахуйн нэгжийн төлж байсан шимтгэл нь зогссон. Тэгэхээр үүнээс Нийгмийн даатгалын байгууллага болон байцаагч нар энэ бол дундаж цалин хөлсийг нэмэгдүүлэх зорилгоор санаатайгаар ажилласан үйлдэл байна гэж үзэн улсын байцаагчийн акт гарсан. Үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаж байгаа мөнгөн дүнг хариуцагч Нийгмийн даатгалын байгууллага болон байцаагч нар төлөх хууль зүйн үндэслэл байхгүй.” гэв. 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б-ээс анх тус шүүхэд хандан “НДЕГ-н даргын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Шалгалтын дүнгийн тухай” А/68 тоот тушаалын 1.5 дахь заалтын Б.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр бууруулсан тэтгэврийг нөхөн олгуулж, түүнээс хойш тэтгэврийг анх тогтоосон хэмжээгээр бүрэн олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “НДЕГ-н даргын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Шалгалтын дүнгийн тухай” А/68 тоот тушаалын 1.5 дахь заалтын Б.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд үндэслэлгүйгээр олгогдоогүй саатуулсан 6,902,952 төгрөгийн тэтгэвэр, тус дүнгээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тооцсон 1,210,381 төгрөгийн алданги нийт 8,113,333 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, шүүхийн шийдвэр гарснаас хойш тэтгэврийг анх тогтоосон хэмжээгээр тооцон олгохыг хариуцагчид даалгах” хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. НДЕГ-н даргын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр баталсан “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст шалгах ажлын удирдамж”-ийн дагуу тус газрын Хяналт шалгалтын газрын Улсын ахлах байцаагч Б.Г, Д.Э нар “Нийгмийн даатгалын тухай хуулиуд, Төсвийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилт болон өмнөх шалгалтын мөрөөр хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг 2016, 2017 оныг дуустал хугацааг хамруулан шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх” зорилгоор 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийжээ.

Шалгалтын дүн, түүнийг хэлэлцсэн НДЕГ-н даргын зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн НДЕГ-н даргын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаар тушаалаар “Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил, төлбөрийг барагдуулах, арилгах зорилгоор” 1.5-д “...тэтгэвэр тогтоолгох цалингийн дунджийг нэмэгдүүлэх зорилгоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хориглосон ажил албан тушаалд давхар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, төрийн захиргааны албан хаагч нэр бүхий 5 иргэнд ажил олгогчоос хөдөлмөрийн хөлс, орлогоос төлсөн шимтгэлийг буцаан олгож, уг хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг хассан хэмжээгээр тэтгэвэр тогтоосон 5 жилийн дундаж цалинг бууруулах тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөн тогтоон олгох” ажлыг зохион байгуулан, биелэлтийг тооцож, дүнг 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Хяналт, шалгалтын газар ирүүлэхийг Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгосон.

Улмаар, Дундговь аймагт хийсэн шалгалтын дүнтэй холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/1049 дүгээр албан бичгээр Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нар “... хуулиар хориглосон ажил, албан тушаалд давхар ажилласан тэтгэвэр тогтоолгох 5 жилийн хөдөлмөрийн хөлс, орлогын бүрэлдэхүүнд оруулан тэтгэвэр тогтоолгосон иргэдийн хөлс, орлогын үндэслэлийг нэгдсэн удирдамжийн дагуу шалгахаар шийдвэрлэсэн” болохыг мэдэгдэж, “Аж ахуйн нэгж, байгууллагад хавсран ажиллаж, тэтгэвэр тогтоолгосон төрийн захиргааны албан хаагчийн цалингийн үндэслэлийг шалгах шалгалтын нэгдсэн удирдамж”-ийг хүргүүлжээ.

2. НДЕГ-н даргын 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн удирдамжийн дагуу Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, санхүү бүртгэл, үйлчилгээний тасаг “2016 оны 01 сараас 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх шинээр тогтоогдсон өндөр насны тэтгэврийг хамруулан” шалгалтыг хамруулан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хийж, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Аж ахуйн нэгж байгууллагад хавсран ажиллаж, тэтгэвэр тогтоолгосон төрийн захиргааны албан хаагчдын цалингийн үндэслэлийг шалгах шалгалтын дүнгийн тухай” тайланг гаргаж, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар Улсын байцаагчийн актын 1 дэх заалтаар “...нэр бүхий 6 иргэний тэтгэвэр тогтоолгосон үндэслэлгүй цалинг 9,014,761 төгрөгөөр хасч өндөр насны тэтгэврийг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэг удаа бууруулахыг Тэтгэврийн байцаагчид үүрэг болгож”, 1 дүгээр хавсралт:

д/д

Тэтгэвэр авагчийн нэр

РД

ТЗ-ын албан тушаал

Давхар эрхэлсэн албан тушаал

Тэтгэвэр тогтоосон огноо

Одоо авч байгаа тэтгэвэр

Өөрчлөгдсөн тэтгэвэр

Олгосон сар

Илүү олгосон тэтгэвэр

1

Б.Б 

МХГ Улсын байцаагч

Зөвлөх

2016.12.01

1,044,146

715,434

18

5,817,808

2 дахь заалтаар : “...Үндэслэлгүй олгосон цалинд ногдуулсан Нийгмийн даатгалын шимтгэл 12256490,64 төгрөгийг нэр бүхий 8 Аж ахуйн нэгж, байгууллагад нэг удаа олгосугай” 2 дугаар хавсралт:

д/д

Ажил олгогчийн нэр

Үйл ажиллагааны чиглэл

НДБГ-ний дугаар

Шалгалтанд хамрагдсан огноо

Буцаан олгох НДШ дүн

6

Л ХХК

Автозасвар

081600040

2018.06.05

1,078,000

7

Б ХХК

Эмнэлгийн үйл ажиллагаа

240000213

 

3,179,999

8

Э ХХК

Гадаад худалдаа

005444594

 

2,378,400

хэмээн тус тус шийдвэрлэжээ.

 3. Нэхэмжлэгч Б.Б-ээс НДЕГ-н даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд тэтгэврийг маань үндэслэлгүйгээр бууруулсан”, “Дундговь аймагт ажиллаж байхдаа эдгээр компаниудад орон тооны бус, утсаар болон интернетээр харьцаж зөвлөн тусалж, санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байсан” хэмээн, хариуцагчаас “төрийн жинхэнэ албан хаагч хувийн компанид давхар ажиллаж, Төрийн албаны тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн тул эдгээр компанид ажиллаж, авсан гэх цалинг тэтгэвэр тогтоох цалингийн бүрэлдэхүүнд оруулан тооцохгүй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

4. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасанчлан Төрийн жинхэнэ албан хаагчид “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх” нь хориотой. Эл асуудлыг тухайлан зохицуулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3, 18.6-д заасанчлан албан тушаалтан нь “ашиг сонирхолын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр” “Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал, сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно”.

Улмаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-т заасан журмын дагуу “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид “хөдөлмөрийн хөлс”гэх/-ын 45 хувиар тогтооно” өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

Гэвч хуулийн дээрх заалтыг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоо хуульд нийцээгүй аргаар нэмэгдүүлж түүнээсээ шимтгэл төлөх аргаар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгод ашиглах нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй.

5. Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дугаар зүйлийн 1, 5-д тус тус заасанчлан Нийгмийн даатгалын байгууллага нь “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж”, “доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих” үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд маргаан бүхий акт болох НДЕГ-н даргын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/68 дугаар тушаалын 1.5 дахь заалт нь ерөнхий агууллагаараа шалгалтын дүн, түүнийг хэлэлцсэн НДЕГ-н даргын зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэсэн, “Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил, төлбөрийг барагдуулах, арилгах зорилгоор” тодорхой ажлыг зохион байгуулан, биелэлтийг тооцож, дүнг ирүүлэхийг Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгосон шинжтэй байх боловч “...тэтгэвэр тогтоолгох цалингийн дунджийг нэмэгдүүлэх зорилгоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хориглосон ажил албан тушаалд давхар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, төрийн захиргааны албан хаагч нэр бүхий 5 иргэнд ажил олгогчоос хөдөлмөрийн хөлс, орлогоос төлсөн шимтгэлийг буцаан олгож, уг хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг хассан хэмжээгээр тэтгэвэр тогтоосон 5 жилийн дундаж цалинг бууруулах тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөн тогтоон олгох”-ыг Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтэст даалгаснаараа Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан захиргааны актын шинжийг агуулсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хязгаарласан захиргааны акт байна.

6. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар болон гэрч нарын мэдүүлгээр,

нэхэмжлэгч Б.Б нь Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар “Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч”-аар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 01-нд өндөр насны тэтгэвэрт гарсан.

Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа Б.Б нь:

2011 оны 12 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд “Б” ХХК-ийн “С” шүдний эмнэлэгт нягтлан бодогчийн үүрэгт ажилд “хугацаагүй” томилогдон ажиллаж байсан гэх үйл баримт “Б” ХХК-ийн захирлын 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” 02 дугаар тушаал, мөн өдрийн огноо бүхий 03 дугаар Хөдөлмөрийн гэрээ, “Б” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19/23 болон 2020 оны 20/07 дугаар албан бичиг, холбогдох бусад баримтаар,

2013 оны 02 дугаар сараас 2016 оныг дуустал хугацаанд “Э” ХХК-нд санхүүгийн зөвлөх, нягтлан бодогчоор ажиллаж байсан гэх үйл баримт 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, “Э” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаар болон 2020 оны 04 дүгээр албан бичиг, холбогдох бусад баримтаар,

2013 оны 02 дугаар сараас 2014 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд “Л” ХХК-нд нягтлангаар ажиллаж байсан, “Л” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр татан буугдсан  гэх үйл баримт “*******” ХХК-ийн захирал Н.Б гэрчийн мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11/1210 дугаар албан бичиг холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байх боловч 

эдгээр компаниудад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэхдээ нэхэмжлэгч Б.Б нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-т заасан “өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн” зөвшөөрлийг аваагүй,

төрийн албан хаагч болохын хувьд Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа гаргаж өгсөн буюу 2013-2016 оны “Албан тушаалтны хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг”-тээ “Б” ХХК, “Э” ХХК болон “Л” ХХК-иудад давхар ажил, хөдөлмөр эрхэлж байгаа тухай мэдүүлээгүй, этгээд компаниас авсан цалин хөлсөө мэдүүлээгүй болох нь Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 341 дугаар албан бичиг, Авлигтай тэмцэх газрын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 05/5460 дугаар албан бичиг, холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

Иймд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-т заасан “өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн” зөвшөөрлийг авалгүйгээр “Б” ХХК, “Э” ХХК болон “Л” ХХК-уудтай хөдөлмөрийн гэрээ байгуулан, тогтмол цалин авч, түүнийгээ Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан журмын дагуу үнэн зөв мэдүүлээгүй нэхэмжлэгч Б.Бийн “хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг тэтгэвэр тогтоолгох цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцох боломжгүй” гэх үзсэн хариуцагчийн шийдвэр зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  28 дугаар зүйлийн 1.1-д заасныг  тус тус үндэслэн НДЕГ-н даргад холбогдуулан нэхэмжлэгч Б.Б-ээс гаргасан “НДЕГ-н даргын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Шалгалтын дүнгийн тухай” А/68 тоот тушаалын 1.5 дахь заалтын Б.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд үндэслэлгүйгээр олгогдоогүй саатуулсан 6,902,952 төгрөгийн тэтгэвэр, тус дүнгээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тооцсон 1,210,381 төгрөгийн алданги нийт 8,113,333 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, шүүхийн шийдвэр гарснаас хойш тэтгэврийг анх тогтоосон хэмжээгээр тооцон олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА