Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өсөхбаяр даргалж, улсын яллагч Б.Батхишиг, нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, хохирогч Н.Энхтуяа, шүүгдэгч Д.Баянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Дашцэрэнгийн Баянжаргалд холбогдох 201625010897 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

            Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1957 оны 03 дугаар сарын 08-нд Дорноговь аймагт төрсөн, 59 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16-р хороо, Сүүний 27-25 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Боржигин овогт Дашрэнцэнгийн Баянжаргал /РД:ТЖ57030862/;

 

Хоёр. Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Баянжаргал нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр 27 байрны 25 тоот гэртээ иргэн Нямдорж овогтой Энхтуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан хийж, улмаар түүнийг цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Баянжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэр бүлийн харилцаанаас болж энэ асуудал үүссэн. Би өвчтэй үр хүүхдээ эмчлүүлэх гэсэн сэтгэл байсан. Энэ эгзэгтэй үед хохирогч орж ирээд асуудал үүсгэсэн. Би энэ асуудлаас болж шүүхэд дуудагдана гэж бодоогүй. Бид худ ургууд учир энэ асуудлыг хүндрүүлж шийдэж байгаа нь таалагдахгүй байна гэв.

 

Хохирогч Н.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би  шүүгдэгчийнд  дүүгийнхээ  хүүхдийг  авах гэж очсон. Бид нар хагас сайн

 

өдөр болгон авч явдаг. Бид нар өвчтэй байгаа бол эмийг нь эмийн сангаас аваад авч явъя гэсэн. Би шүүгдэгчийг их ууртай хүн гэдгийг нь ер мэдээгүй. Намайг авч явна гэхэд надад их уурласан. Намайг хатуу ултай гутлаараа зодсон. Шүүгдэгчийн энэ үйлдлээс болж их айдастай байдаг. Өнөөдрийг хүртэл айдас гараагүй байна. Шүүгдэгч өөрөө санаандаа юм санасан юм шиг байгаа юм. Миний хөл, гар, чих рүү цохиод ээмгийг маань унагаасан. Надруу 2 удаа хутга барьж дайрсан. Бидний хажууд 1 залуу байсан тулдаа тэр хүн шүүгдэгчийг зогсоосон. Надад хөгшин настай хүн рүү хэрэлдэж маргалдах хүмүүжил байдаггүй. Би шүүгдэгчид нааштай хандаж байсан. Мөн үнэ хөлс дээр нь ч гэсэн нааштай хандаж байсан. Шүүгдэгч намайг зодсондоо огт гэмшихгүй байна. Өөрөө над шиг охинтой хэрнээ намайг зэрлэгээр зодсон. Надад шүүгдэгч дахиж гар хүрэхгүй гэсэн баталгаа байхгүй байна. Тиймээс би шүүхэд хандсан. Би шүүгдэгч гомдсондоо хэлэх үг олдохгүй байна. Охин нь нөхөртэйгээ хэрэлдсэнээс болж намайг зодсон гэж бодож байна. Шүүгдэгчийг өөрийн аашнаасаа болж ийм үйлдэл гаргасан. Шүүгдэгч нь эмэгтэй хүнд байхгүй харгис хатуу зан надад гаргаж байсан гэв.

Гэрч И.Бямбасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

Би тухайн иргэдийн хооронд юу болсон талаар харсан үзсэн зүйл байхгүй. Миний охин Н.Энхтуяа нь 2016 оны 02 сарын 19-ний өдөр дүүгийнхээ хүүхэд болох Э.Хунболорыг цэцэрлэгээс нь авах гэж очоод цэцэрлэгтээ байхгүй байхаар нь иргэн Д.Баянжаргалын гэрт очиж дүүгээ авах гэснээс болоод л маргаан болж. Иргэн Д.Баянжаргал нь миний охин Н.Энхтуяаг зодсон гэж тухайн асуудал гарсанаас хойш 2-3 хоногийн дараа охин Н.Энхтуяагаас сонссон юм. Иргэн Д.Баянжаргал нь миний охин Н.Энхтуяагийн шанаа руу нь алгадаж, хөл, бөгс, элэг рүү нь өшиглөсөн гэж би охин Энхтуяагаас сонссон юм. Тухайн асуудал гарсан өдөр нь юу болсон талаар мэдээгүй орондоо ороод л хэвтсэн байсан. Маргааш нь баруун мөр болон баруун талын гуя хөхөрсөн байсан гэхдээ бүрэн үзүүлэхгүй байсан юм. Энэ байдлыг хараад юу болсон талаар асууж мэдсэн юм. /хх.10/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Мөнхбатын 3005 тоот дүгнэлтээр:

1. Н.Энхтуяагийн биед 2 мөр, цээж, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх.12/ гэжээ.     

 

Дээрх нотлох баримтуудаас гадна Н.Энхтуяагийн цагдаад гаргасан гомдол, тайлбар, хохирогчийг байцаасан тэмдэглэл /хх-8-9/, гэрч И.Бямбасүрэнгийн мэдүүлэг /хх-10/, Д.Баянжаргалыг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-22-23/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Д.Баянжаргал нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр, 27-р байрын 25 тоот гэртээ иргэн Нямдорж овогтой Н.Энхтуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан хийж, улмаар түүнийг цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Энхтуяагийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3005 тоот дүгнэлт, шүүгдэгч Д.Баянжаргалын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч И.Бямбасүрэнгийн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, нөхцөл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэгт шууд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тал бүрээс хангалттай тогтоогджээ.

Хэргийн зүйлчлэл зөв, хэрэг бүртгэлтэнд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй байна.

Хохирогч Н.Энхтуяа нь шүүгдэгчид гомдолтой, гэмт хэргийн улмаас түүнд учирсан эрүүл мэндийн хохирлын эмчилгээний зардалд 414.090 төгрөг нэхэмжилж байгаа тул шүүгдэгч Д.Баянжаргалд холбогдох хуульд заасан зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Тухайн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр шийтгэсэн болно.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Энхтуяа нь 414.090 төгрөг нэхэмжилсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Баянжаргалын ургийн овгийг түүний иргэний үнэмлэхийн лавлагаанд /хх.26/ "Боржигин" гэсэн байхад урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх.24/ "Боржигон" гэж үсгийн зөрөөтэй ташаа тэмдэглэсэн байх боловч тэдгээр баримт дахь шүүгдэгчийн эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар зэрэг биеийн байцаалтын талаарх бусад мэдээлэл зөрөөгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Дашрэнцэнгийн Баянжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн   хуулийн  тусгай   ангийн  99  дүгээр  зүйлийн  99.1 дэх  хэсэгт

зааснаар шүүгдэгч Д.Баянжаргалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дүгээр зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Д.Баянжаргалд сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Баянжаргалаас 414.090 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Энхтуяад олгосугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Баянжаргал цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.           

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баянжаргалд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

 

         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР