Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00218

 

Г И ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01700 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1736 дугаар магадлалтай,

Г И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ИНЕГ ТӨААТҮГ-т холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 126.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г И ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ИНЕГтай 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ИНЕГ/УЗ/ТББ/Б-05/18 дугаартай төвийн болон орон нутгийн нисэх буудлуудын аэродромуудын засвар арчлалтад шаардлагатай 35 тонн мастик нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр нийлүүлэгч нь барааг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор нийлүүлэх, захиалагч 148.000.000 төгрөг төлөх ба хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Гэтэл захиалагч гэрээний ерөнхий нөхцлийн 14-т заасан бараа нийлүүлснээс хойш 30 хоногт үлдэгдэл төлбөрийг шуурхай шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж Констракшн Коммершл инвестмент ББСБ ХХК-иас 15.000.000 төгрөг зээлж, компанийн үйл ажиллагаа зогсоход хүрсэн. Гэрээний үлдэгдэл 74.000.000 төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 37.000.000 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 15.000.000 төгрөг, нийт 126.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын шүүхэд гаргасан тайлбарт: ...Г И ХХК-ийн нийлүүлсэн гэх мастик нь техникийн тодорхойлолтод нийцээгүй. Гэрээний ерөнхий нөхцөлийн 7.3, 7.4-т шалгалт туршилтаар мастик нь техникийн тодорхойлолтыг хангаагүй тохиолдолд захиалагч уг бараанаас татгалзах эрхтэй бөгөөд барааг тээвэрлэхээс өмнө захиалагч, эсхүл түүний төлөөлөгч шалгасан, туршсан байх нь Монгол Улсад орж ирсний дараа түүнийг дахин шалгах, турших болон шаардлагатай тохиолдолд татгалзах захиалагчийн эрхийг хөндөхгүй гэж зааснаар бараанаас татгалзсан. Мөн үлдэгдэл төлбөрийг гэрээний тусгай нөхцөлийн 14.2.2-т зааснаар бараа ирснээс хойш захиалагч хүлээн авсан тухай акт, гэрээ дүгнэсэн актыг үндэслэн төлж барагдуулахаар тохиролцсон. Захиалагч нь өнөөдрийг хүртэл бараа хүлээн авсан тухай акт, гэрээ дүгнэсэн актыг үйлдээгүй бөгөөд гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй нь үндэслэлтэй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01700 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 99 900 000 төгрөгийг гаргуулж, Г И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 837 959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 657 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г И ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1736 дугаар магадлалаар Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01700 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ИНЕГ давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 787 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Хариуцагч ИНЕГ өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзаагүй байтал шүүх дээрх маргааныг хянан шийдвэрлэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхнасанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчиж нэхэмжлэлийг гардуулаагүй, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2 дахь заалт, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдээгүй. Хэрэгт маргааны зүйл болох мастикийг хэрхэн хадгалах, яаж хэрэглэх, тээвэрлэх талаар нөхцөл, журам байхгүй. Гэтэл хуульд зааснаар энэхүү нөхцөл, журмыг худалдагч тал буюу Г И ХХК гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас уг баримтыг гаргаж өгөх боломжтой гэсээр байхад шүүгч үүнийг үнэлэхгүй шийдвэр гаргасан. Үүнийг давж заалдах шатны шүүх “...давж заалдах гомдол нь хүсэлт шийдвэрлэсэн нөхцөл байдалд нийцээгүйг дурдах нь зүйтэй.” гэжээ. Хэрэгт болон шүүх хуралдаанд дээрх бичгээр гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай үйл баримт, нотлох баримт тогтоогдоогүй. Энэ нь шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Хэргийн 19 дүгээр хуудсанд авагдсан нэхэмжлэгчийн санал болгосон “Техникийн санал”-ын 5 дугаарт “Престиж БП-Г25” 35, 50 маркийн мастикийн наалданги чанар С° /багагүй/ ГОСТ, ТН шаардлага +50, ИНЕГ-ийн техникийн шаардлага +50, мөн 2019.01.29-ний өдрийн Зам, Тээврийн хөгжлийн төвийн Зам барилгын эрдэм шинжилгээ, судалгааны итгэмжлэгдсэн төв лабораторийн 0016.01.19 дугаартай “Мастикийн шинжилгээний дүн”-д “...+50° С-ийн температуртай камержуулсан SТ5027 халаах зууханд 2 цагийн (14:50-16:50) хугацаатай хийж наалданги чанарыг тодорхойлох туршилтын дагуу 1,2 МПа хүчээр 5 секундийн турш дарав. Ингэхэд резин нь мастиктай наалдсан тул наалданги чанарыг МNS 30740:2017 стандартыг хангаж байна гэж тодорхойллоо” гэснийг үнэлээгүй. Шүүх маргалдагч талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр ИНЕГ/УЗ/ТББ/Б-05/18 дугаартай Төвийн болон орон нутгийн нисэх буудлуудын аэродромуудын засвар арчлалтад шаардлагатай мастик /35 тонн/ нийлүүлэх гэрээг бүрэн гүйцэд үнэлээгүй, буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. Шүүх маргааны зүйл болох мастикийг хадгалагдаж байгаа гэдгийг тогтоосон атлаа үүнийг хүлээн авсанд тооцож байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь гэрээний дагуу талууд ямар үйлдэл хийснийг хүлээн авсанд тооцох тухай, мөн уг үйлдэл хийгдсэн нь гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэл болно хэмээн гэрээний тусгай нөхцлийн 7.0, 14.4-т харилцан тохиролцож гэрээнд заасан. Давж заалдах шатны шүүх “...гэрээний тусгай нөхцлийн 14.3-т захиалагч төлбөрийг бараа нийлүүлэгдсэнээс хойш буюу нэхэмжлэх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шуурхай хийнэ ...энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй.” гэсэн нь шүүх гэрээг буруу тайлбарлаж үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэхүү гэрээний тусгай нөхцөлийн 14.3-т “Гэрээний тусгай нөхцөлд өөрөөр заагаагүй бол...” гэж заасан. Иймээс талууд гэрээний тусгай нөхцлийн 14.4 (1), 14.4 (2)-т заасны дагуу төлбөрийг хэрхэн төлөхийг зохицуулна. Мөн шийдвэрт “...гэрээний ерөнхий нөхцлийн 8 дугаарт алдангийн хэмжээг хоногийн 0.5 хувиар тооцохоор тохиролцсон байгааг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг тохиролцсон байгааг...” гэж гэрээ түүний заалтыг үнэлсэн атлаа дээр дурдсан хүлээн авч, акт үйлдэх тухай, энэхүү акт нь үлдэгдэл төлбөрийг олгох үндэслэл болох тухай талуудын гэрээгээр тохирсон тохиролцоог огт үнэлээгүй буюу гэрээг бүхэлд нь үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г И ХХК нь хариуцагч ИНЕГ ТӨААТҮГ-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 126.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 99.900.000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигч 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Г И ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 52.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ИНЕГ ТӨААТҮГ нь үлдэх 74.000.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөрт багтаан төлж барагдуулснаар талуудын хооронд байгуулагдсан ИНЕГ/УЗ/ТББ/Б-05/18 гэрээний үүрэг дуусгавар болохоор харилцан тохиролцов гэжээ.

Эвлэрлийн гэрээнд зохигчийг төлөөлж, хариуцагч Г И ХХК-ийн захирал Л.М, хариуцагч ИНЕГ ТӨААТҮГ-ын дарга Л.Б нар гарын үсэг зурсан байх ба тэд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлах үндэслэлтэй байна. 

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т “хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01700 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1736 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Г И ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 52.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ИНЕГ ТӨААТҮГ нь үлдэх 74.000.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөрт багтаан төлж барагдуулснаар талуудын хооронд байгуулагдсан ИНЕГ/УЗ/ТББ/Б-05/18 гэрээний үүрэг дуусгавар болохоор харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 787.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ