Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2019/01700

 

 2019 оны 08 сарын 07 өдөр

         Дугаар 183/ШШ2019/01700

                Улаанбаатар хот

  

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Г ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И Г /РД:/-т холбогдох 

Мастик нийлүүлэх гэрээний үүрэгт 126 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Мандахсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манай Гана интернэшл ХХК нь И Гтай 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ИНЕГ/УЗ/ТББ/Б-05/18 дугаартай төвийн болон орон нутгийн нисэх буудлуудын аеродромуудын засвар арчлалтад шаардлагатай мастик /35 тонн/ нийлүүлэх гэрээ байгуулсан. Дээрх гэрээгээр нийлүүлэгч тал нь барааг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд захиалагч 148 000 000 төгрөг төлөхөөр гэрээгээр тохирсон. Хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцжээ. Гэтэл захиалагч талаас гэрээний ерөнхий нөхцлийн 14-т зааснаар бараа нийлүүлснээс хойш 30 хоногийн дотор үлдэгдэл төлбөрийг шуурхай шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байна. Захиалагч үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс шалтгаалж “Констракшн Коммершл инвестмент” ББСБ-иас 15 000 000 төгрөг зээлсэн бөгөөд компанийн үйл ажиллагаа зогсоход хүрээд байна. Иймд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ИНЕГ/УЗ/ТББ/Б-05/18 гэрээний үлдэгдэл төлбөр 74 000 000 төгрөг алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 37 000 000 төгрөг, захиалагч үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 15 000 000 төгрөг нийт 126 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргаж өгнө үү”  гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “И Г нь Г ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ИНЕГ/УЗ/ТББ/Б-05/18 дугаартай “Төвийн болон орон нутгийн нисэх буудлуудын аеродромуудын засвар арчлалтад шаардлагатай мастик /35 тонн/ нийлүүлэх гэрээг байгуулсан боловч энэ гэрээний Нийлүүлэгч тал болох Г ХХК-ийн нийлүүлсэн гэх мастик нь техникийн тодорхойлолтод нийцээгүй тул  гэрээний ерөнхий нөхцөлийн 7.3, 7.4-т шалгалт туршилтаар бараа нь техникийн тодорхойлолтыг хангаагүй тохиолдолд захиалагч буюу ИНЕГ тус бараанаас татгалзах эрхтэй, барааг тээвэрлэхээс өмнө захиалагч, эсхүл түүний төлөөлөгч шалгасан, туршсан байх нь Монгол Улсад орж ирсний дараа түүнийг дахин шалгах турших болон шаардлагатай тохиолдолд татгалзаж болох захиалагчийн эрхийг хөндөхгүй гэж заасны дагуу бараанаас  татгалзсан болно. Мөн үлдэгдэл төлбөрийг гэрээний тусгай нөхцөлийн 14.2-ийн 2 дахь заалтад бараа ирснээс хойш захиалагч хүлээн авсан тухай акт, гэрээ дүгнэсэн актыг үндэслэн төлж барагдуулахаар тохиролцсон. Захиалагч ИНЕГ нь өнөөдрийг хүртэл бараа хүлээн авсан тухай  акт болон гэрээ дүгнэсэн актыг үйлдээгүй бөгөөд дээр дурдсан ГТН-ийн заалтын дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй нь үндэслэлтэй юм. Иймд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ”гэжээ

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г ХХК худалдах худалдан авах гэрээний үүрэгт 126 000 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас шаардаж, гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй тул үлдэгдэл төлбөр, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирлын хамт шаардах эрхтэй гэж үндэслэлээ тайлбарлаж байна.

            Хариуцагч И Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд Г ХХК-ний нийлүүлсэн мастик нь чанарын шаардлага хангахгүй тул актаар хүлээн аваагүй, онгоцны дугуйнд наалдах эрсдэлтэй байгаа нь онгоцны  аюулгүй ажиллагааны журамд нийцэхгүй, биет байдлын доголдолтой тул гэрээнээс татгалзана гэж тайлбарлаж байна.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, урьдчилгаа төлбөрт 74 400 000 төгрөг төлөгдсөн, худалдах худалдан авах гэрээний зүйл болох мастик нь Иргэний нисэхийн ерөнхий газрын аэродромын талбайд хадгалагдаж байгаа зэрэг үйл баримтад маргаангүй бол гэрээний зүйл биет байдлын доголдолтой эсэх, нэхэмжлэгч гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч хүлээн авахаас татгалзсан зэрэгт маргаантай.  

             Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар, зохигч 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 148 000 000 төгрөгийн өртөг бүхий нисэх буудлуудын аэродромуудын засвар арчлалтад шаардлагатай 35 тонн мастик гэх бүтээгдэхүүнийг 2018.11.29-ний өдрийн дотор нийлүүлэхээр харилцан тохиролцож,  гэрээний ерөнхий болон тусгай нөхцлөөр нийлүүлэгч тал гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх 7 400 000 төгрөгийн баталгаа гаргах,  ажлын талбай олон улсын нисэх буудлын аэродромын алба байхаар, ажил хүлээн авах комисс барааг шалгаж туршин хүлээн авч акт үйлдэх зэрэг нөхцлийг нэмж тохиролцсон байна.  

            Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээнд хамаарахаар байна.

Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд худалдан авагчийн гомдлын шаардлага гаргах эрхийн талаар, 255 дугаар зүйлд гомдлын шаардлага гаргах эрхээ алдах талаар тус тус зохицуулсан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, гэрээний зүйлийг хүлээн авах, биет болон эрхийн доголдлыг шалгах нь худалдан авагчийн эрх хэмжээнд хамаарна гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, худалдан худалдах авах гэрээний зүйл биет байдлын доголдолтой гэж маргаж байгаа тохиолдолд тухайн тайлбараа нотлох нь хариуцагчид хамаарах бөгөөд гэрээний ерөнхий нөхцлийн 7 дугаарт “техникийн тодорхойлолтыг хангаж буй эсэхийг баталгаажуулах зорилгоор барааг шалгах, туршилт хийх...” талаар заасан боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал уг эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн болох нь нотлогдохгүй байна.

Мөн Зам барилгын эрдэм шинжилгээ, судалгааны итгэмжлэгдсэн төв лабораторийн 2018.12.27-ны өдрийн 1383.12.18 дугаар, 2019.01.29-ний 0016.01.19 дугаар шинжилгээний дүнгээр техникийн шаардлагыг хангаагүй гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна гэж үзэхээр байна.

Нөгөө талаас талууд гэрээний тусгай нөхцлийн 2 дугаар хэсгийн 7.0-д “ажил хүлээн авах комисс барааг шалгаж туршин хүлээн авч акт үйлдэнэ” гэж заасан боловч бодит байдалд мастик нь хариуцагч байгууллагын аэродромын талбайд хадгалагдаж байгаа үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар эд хөрөнгийг хүлээн авсан тодорхой үйлдэл хийсэн гэж дүгнэлээ.  

Иймд, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй гэсэн үндэслэлээр худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 74 000 000 /нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд/ төгрөгөөс гүйцэтгэлийн баталгаа 7 400 000 төгрөгийг хасч үлдэх 66 600 000 төгрөгийг, гэрээний ерөнхий нөхцлийн 8 дугаарт алдангийн хэмжээг хоногийн 0.5 хувиар тооцохоор тохиролцсон байгааг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг тохиролцсон гэх үндэслэлээр мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн 33 300 00 төгрөгийн хамт нийт 99 900 000 төгрөгийг мастик нийлүүлэх гэрээний үүрэгт хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

Тодруулбал, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өрхийн хэрэглээний  зориулалтаар Констракшн коммершиал инвестмент ББСБ-аас 15 000 000 төгрөгийн зээл авсан болох нь зээлийн гэрээгээр нотлогдож байх тул хариуцагч И Г  гэрээний үүргээ зөрчсөнийн улмаас нэхэмжлэгч уг зээлийн авсан, улмаар хохирол учирсан болох нь тогтоогдохгүй гэж дүгнэсэн болно.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,  нэхэмжлэлийн шаардлагын шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч, хариуцагчид хуваарилан хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И  газраас /РД:/-иас 99 900 000 /ерөн есөн сая есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж, Г ХХК /РД:/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 100 000 /хорин зургаан сая нэг зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 837 959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий  газраас улсын тэмдэгтийн хураамжид 657 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

            3.Иргэний     хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ