Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2017/01138

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 17 өдөр

         Дугаар 183/ШШ2017/01138

                          Улаанбаатар хот

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасган А гудамж, 4 тоотод оршин суух, Шаадай овогт Баарайгийн Даваа /Регистрийн дугаар:ПЮ58010614/-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж,  39/1 тоотод байрлах “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох,

            Тэтгэмж 4,281,466 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов. 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Даваа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Даваа миний бие “Автобус-3” компанийн захирлын 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 37 тоот тушаалаар жолоочоор ажилд орж,  6 жил 7 сар ажиллаад “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/8 тоот тушаалаар халагдаж, хүнд нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.  

“Автобус-3” ОНӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2010-2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 1.3-т дараагийн гэрээ батлагдах хүртэл энэ хамтын гэрээ хүчинтэй байхаар заасан бөгөөд тус гэрээний 2д-д зааснаар нэхэмжлэгч нь 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах ёстой байна.  Гэтэл захиргаа түүнд 1,863,332 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр олгосон байна. Нэхэмжлэгч 2017оны 1 дүгээр сард ээлжийн амралттай байсан тул түүний 2016 оны 10, 11,12 дугаар сард авсан цалин хөлснөөс дундажлан үзвэл нэг сарын 1,024,133 төгрөг байна. Үүнийг 6 сараар тооцвол 6,144,799 төгрөг олгох ёстой байна. Үүнээс тэтгэмжид олгосон 1,863,332 төгрөгийг хасч, зөрүү  4,281,466 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын баталсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д сүүлийн гурван сарын дундаж цалин хөлснөөс тооцно гэж заасан тул нэхэмжлэгчийн уг саруудад авсан хоол, унааны мөнгийг хасч тооцох ёстой  гэсэн хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Даваа нь тус үйлдвэрийн газрын 3 дугаар баазад 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 37 дугаар тушаалаар жолоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/86 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Түүнд байгууллагын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/149 дүгээр тушаалаар хоёр сарын дундаж цалинтай тэнцэх 1,863,332 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, түүний дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Хамтын гэрээ нь “Автобус-3” бааз болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2010-2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ юм. “Автобус-3” компани нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 тоот захирамжаар татан буугдаж, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болж байгуулагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээг шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 0-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Иймд шинээр байгуулагдсан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ г гэрээг мөрдлөг болгон ажиллахгүй.  Энэ тухай 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3155 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “ Аж ахуй нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасан.  “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т Нэгтгэлийн, Автобус-1 дүгээр баазын, Автобус 2 дугаар баазын, Автобус  дугаар баазын гэсэн 4 үйлдвэрчний эвлэлийн хороо ажиллаж байгаа тул тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгжийг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хамтын гэрээг шинээр байгуулах эсэхийг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгч хэлэлцээр хийж байж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг бөгөөд дээрх хамтын гэрээг хэвээр нь мөрдөе, нэмэлт өөрчлөлт оруулья гэсэн хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээ хийгдэж оролцох төлөөллийг томилж хамтын гэрээний төслийг хүргүүлж байсан боловч Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтын гэрээг байгуулахгүй гацаанд оруулж байна.

Мөн нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 4-т ажилтны  цалин хөлсний бүрэлдэхүүнд унаа хоолны мөнгийг оруулахгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалинг тооцохдоо 2016 оны 10-12 дугаар сард түүнд олгосон хоолны 219,000 төгрөг, унааны 58,400 төгрөгийг хасч тооцвол нэг сарын дундаж 931,666 төгрөг болж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Даваа нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийн зөрүү 4,281,466 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/86 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэн Б.Давааг ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-14/

Нэхэмжлэгч нь “Автобус-3” ОНӨҮГ-т 2010 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ажилд орж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдөх хүртэл нийт 6 жил 7 сар тасралтгүй жолоочоор ажилласан, хүнд нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, тэтгэмжид 1,863,332 төгрөг хүлээн авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “Автобус-3” ОНӨҮГ, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээг хариуцагч байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй, Хамтын гэрээний дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй гэж харин хариуцагч нь “Автобус-3” ОНӨҮГ татан буугдсан, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болон өөрчлөгдсөн учир өмнөх хамтын гэрээг дагаж мөрдөх үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

   2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэг талаас ажил олгогч “Автобус-3” ОНӨҮГ, нөгөө талаас ажилтны төлөөлөл буюу Үйлдвэрчний эвлэл хэлэлцэн тохиролцож, хамтын гэрээг байгуулж, улмаар гэрээг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу хамтын гэрээ хүчин төгөлдөр байна.  /хх 4-8/

   Хэрэгт авагдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Автобус-1” ОНӨҮГ, “Автобус-3” ОНӨҮГ, “Цахилгаан тээвэр” ОНӨҮГ-уудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамтаар шинээр байгуулагдсан Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн дагуу “Автобус-3” ОНӨҮГ-ийн эд хөрөнгө, эрхийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ шилжүүлэн авсан гэдэгт хариуцагч маргаагүй байна. /хх-9/

Өөрчлөгдөн зохион байгуулагдсан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т шинээр хамтын гэрээг байгуулаагүй байгаа, харин өмнө байгуулагдсан хамтын гэрээг шинэчилэн байгуулахаар ажилтны төлөөлөлтэй хамтран хэлэлцэж байсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. /хх 11-13/

Хамтын гэрээний 1.3-т “Энэхүү гэрээ нь бүртгүүлсэн өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд мөрдөгдөх бөгөөд дахин шинээр байгуулагдаагүй бол дараагийн гэрээ батлагдан хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хүчинтэй байх”-аар заасан тул  хамтын гэрээг мөрдөхгүй, дуусгавар болсон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. 

Иймд нэхэмжлэгч нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар шаардах эрхтэй.

Хамтын гэрээний 2.д-д зааснаар “өндөр насны тэтгэвэрт гарсны улмаас хөдөлмөрийн гэрээ цуцалсан бол тус компанид ажилласан жилээс хамаарч ... 6-10 жил ажилласан бол 6 сарын тэтгэмж олгох”-оор заасан байх тул хариуцагчаас  6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн зөрүүг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 4, 7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилласан сүүлийн гурван сарын цалин хөлс  3,072,400 /10,11,12 сар/ төгрөгнөөс түүнд олгосон хоол, унааны хөнгөлөлтийн орлого 277,400 төгрөгийг хасч тооцвол, нэг сарын дундаж цалин 931,666 төгрөг байх тул тэтгэмжид олговол зохих 5,589,996 төгрөгнөөс олгосон 1,863,332 төгрөгийг хасч үлдэх 3,726,664 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул  хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 3,726,664 /гурван сая долоон зуун хорин зургаан мянга зургаан зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Даваад олгож, нэхэмжлэлээс үлдэх 554,802 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 74,576 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.  

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ