Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 19

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор С.Мөнхтулга

          Цагаатгагдсан этгээд  А.Б

          Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр А.Б д холбогдох 1728000690099 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд 1994 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Урт баг, Бригадын байранд оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Тасран овгийн А.Б , регистрийн дугаар ..........................  

          А.Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор 29-96 ӨМӨ улсын дугаартай фургон маркийн автомашинд 18 килограмм ногоон хас нэртэй хуулиар хязгаарлалт тогтоосон эрдэнэсийн чулууг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тасран овгийн А.Б гийн үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Б г цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18 кг /100грамм ногоон хас/ чулуу мэт зүйлийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Б д буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Б гийн эзэмшлийн 29-96 ӨМӨ улсын дугаартай Фургон маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч А.Б д буцаан олгож, Шүүгдэгч А.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

          Улсын яллагч эсэргүүцэлдээ: Дээрх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь: Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "эрдэнэс" гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн, түүх, соёлын дурсгалт зүйл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ;”, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т, Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно, 7.3-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.”

          Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Энэ хуулийн 46.1-д заасны дагуу бүртгүүлбэл зохих үнэт металл, эрдэнийн чулууны жагсаалт, тэдгээрийн сорьц, чанарыг тогтоох, бүртгэх журмыг Засгийн газар батална.”, 46.4-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монголбанкаар дамжуулан экспортод гаргаж болно.” гэж заасан байна. Дээрх хуулийн заалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам” батлагдан гарсан бөгөөд хас нэртэй чулуу нь эрдэнийн чулууны ангилалд хамаарч байна. Энэ нөхцөл байдлаас дүгнэхэд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь буюу Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд нь эрдэнийн чулууг Монголбанкаар дамжуулан экспортод гаргахаар зохицуулагдсан ба хувь хүн, иргэнд эрдэнийн чулууг хилээр гаргах зөвшөөрөл хуулиар олгогдоогүй байх тул эрдэнийн чулууг экспортод гаргах хязгаарлалтыг хуулиар тогтоосон гэж үзнэ. А овогтой А.Б гээс хураан авсан 18 кг ижил төрлийн чулуунаас шинжилгээнд зориулан дээжийг авч, Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийн газарт хүргүүлэхэд шинжээч Т.Төгөлдөр 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 640 дугаартай дүгнэлтээр ногоон хас гэх чулуу болохыг тодорхойлж өгсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд шинжилгээнд зориулан эд мөрийн баримтаар хураагдсан бүх зүйлийг заавал биет байдлаар хүргүүлж шинжлүүлнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байна. Хэргийн хамт шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан 18 кг ногоон хас чулууг хүргүүлсэн бөгөөд хэрэв шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 18 кг чулуунд дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгаж болохоор байтал хэт нэг талыг барьж, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардаагүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан байх тул А.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

          Иймд А.Б д холбогдох Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч А.Б гийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэж чадаагүй байна.

  1. Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн барааны нэр төрлийг шүүх  эргэлзээтэй тодорхойлжээ. Анхан шатны шүүхийн шүүгдэгч А.Б г 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ хүрэн гаалийн боомтоор 29-96 ӨМӨ улсын дугаартай, фургон маркийн автомашинаар 18 кг чулуу мэт зүйлийг нэвтрүүлсэн байж болох үйл баримт тогтоогдсон, дээрх чулуу нь Хууль болон Олон улсын ямар гэрээнд зааснаар хязгаарлалт тогтоосон бараа болох нь тогтоогдоогүй байна гэсэн хоёр дүгнэлтээс хилээр нэвтрүүлсэн бараа нь чулуу, эсхүл чулуутай адил шинж чанарын өөр эд зүйл байсан гэх эргэлзээтэй байдал үүсч байна.  /хэргийн 121 дугаар хуудас/

          2. Шүүх 100 грамм ногоон хас чулууг хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзсэн боловч уг хас чулууг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эсхүл хилээр нэвтрүүлэх эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр тогтоосон тоон хязгаарлалтыг зөрчсөн, гаалийн хяналтаас нуун далдлах зэргээр хууль зөрчсөн ямар арга, хэлбэрээр гаалийн хяналтын талбайн хилээр гаргасан талаар цагаатгах тогтоолдоо бичээгүй байна.

          Мөн прокурор нь А.Б г 18 кг чулууг ногоон хас нэртэй хуулиар хязгаарлалт тогтоосон эрдэнэсийн чулууг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн.          Шүүхийн шийдвэр болон прокурорын дүгнэлтэд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарлалт тогтоосон барааны аль төрөлд уг чулуу хамаарч байгааг нотолж, тогтоогоогүй байна. 

            Анхан шатны шүүх “ чулуу нь Хууль болон Олон улсын ямар гэрээнд зааснаар хязгаарлалт тогтоосон бараа болох нь тогтоогдоогүй”  гэж нийт 18 кг чулууг хилээр нэвтрүүлсэн үйлдлийн талаар дүгнэлт хийсэн атлаа “А.Б гийн 100 грамм ногоон хас чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж, гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэл бий болгож байгааг дурдах нь зүйтэй” гэж хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна. /хэргийн 121 дугаар хуудас/

          3. Шүүгдэгч А.Б гийн 100 грамм хас чулуу хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан ямар эрх зөрчигдсөн талаар нотлох ажиллагаа хийгээгүй, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирол хор уршиг учирсан эсэх нь тодорхойгүй гэсэн шүүхийн  дүгнэлт нь тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг буюу нотолбол зохих асуудлыг нотлоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. /хэргийн 121 дугаар хуудас/

          Нөгөө талаар 100 грамм хас чулууг хилээр нэвтрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан материаллаг хор уршиг шаардсан гэмт хэргийн бүрэлдэхүүний үнийн дүн, тоо, хэмжээнд хүрээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр боловч шүүх хязгаарлалтыг хэрхэн зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй.

          4.   Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн  З дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "эрдэнэс" гэж ... ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ,  мөн зүйлийн 6 дахь хэсэгт  “эрдэнийн чулуу” гэж олон улсад хэвшсэн ангилалд хамрагдах үнэт, хагас үнэт чулууг хэлнэ, Валютын зохицуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Валют" гэж ... төлбөрт хэрэглэгдэж буй тооцооны нэгж, мөнгөжсөн алт болон валютын үнэт зүйлсийг хэлнэ, мөн зүйлийн  5 дахь хэсэгт  "Валютын үнэт зүйлс" гэж мөнгөжсөн алттай адилтгах үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ гэжээ.

 Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр  тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Үнэт металлын  сорьц, тогтоох, баталгаажуулах, эрдэний чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журмын 6.2.4-т зааснаар хас /Jasper/ чулуу нь эрдэнийн чулууны өнгөлгөөний чулууны ангилалд хамрагдаж байна.

Иймд хас чулуу нь эрдэнийн чулуу буюу валютын үнэт зүйлсэд, валютын үнэт зүйл нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д  заасан “ бараа”-нд тус тус хамаарагдаж болох эрх зүйн үндэслэлд  шүүх дүгнэлт өгөөгүй байна.

5. Нэг хугацаанд, нэг эд мөрийн баримтаар хураагдсан чулуунаас дээж хэлбэрээр 100 грамм чулууг авч түүний эрдэслэг бүрэлдэхүүнд шинжилгээ хийснийг анхан шатны шүүх үгүйсгээгүй байна.

Шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хас чулуу гэж үзэхдээ шинжээч томилох тогтоолд “шинжээч нарт” гэсэн байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар шинжилгээг бүрэлдэхүүнээр хийлгэхээр тогтоосон эсэх, шинжээчид хууль сануулсан хэсэгт шинжээч Төгөлдөр гэж гарын үсэг зурагдсан байхад Шинжээчийн дүгнэлт гэх баримтад Г.Б, Т.Т гэж гарын үсэг зурсан, шинжилгээний дүн гэх баримтад Ш.Ч, Б.Т гэсэн гарын үсэг зурагдсан нь томилогдсон шинжээч дүгнэлт гаргасан гэж үзэх эсэх, шинжээчид хууль сануулсан эсэх зэрэг шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагаа нь хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй байна. /хэргийн 51-55 дугаар хуудас/

          Иймд анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан   тогтоолдоо  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлий 1.2, 2.1-т заасны дагуу  шүүхээс нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж үзэж, улсын яллагчийн хязгаарлалт тогтоосон бараа гэсэн дүгнэлтийг тус тус няцааж үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүйг шүүхээс шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр нотолж, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж үзлээ.

          Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, А.Б д холбогдох хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

          Прокурор нь давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийн талаар дүгнээгүй  харин “А.Б гийн гаргасан үйлдэл бол Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт ноцтой зөрчил үүсгэж байгаа гэмт хэрэг мөн” гэх агуулгаар дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно ” гэсэнтэй нийцээгүйг  дурдаж байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, А.Б д холбогдох 1728000690099 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасугай.
  2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол А.Б д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                         Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА