Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00216

 

С.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 183/ШШ2019/00515 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 656 дугаар магадлалтай,

С.Б-гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

С.Б-тай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18290321/02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02643 дугаар шийдвэрээр "Монголиан стар менежмент корпорэшион ХХК-иас 29.606.887 төгрөгийг гаргуулж Э.Алтанхуягт олгохоор шийдвэрлэсэн. Манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж төлбөрийн чадваргүй болсон тул тухайн шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлэх боломжгүй болсон байгаа хэдий ч төлбөрийг хуваарь гарган тогтмол төлсөөр ирсэн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4/16467 тоот албан мэдэгдлийн дагуу манай "Монголиан Стар Менежмент Корпорэшион" ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн 26.356.887 төгрөгийн төлбөрийг хувьцаа эзэмшигч С.Б- болон компанийн өмнөх хувьцаа эзэмшигч Д.Алтанцэцэг нараас гаргуулахаар шийдвэрлэсэн төдийгүй, төлбөрийг төлөөгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн хуваарьт хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар шийдвэр гарсанд гомдолтой байна. Дээрх шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандсан боловч хэвээр үлдээн шийдсэн. Гүйцэтгэх хуудсанд заагдаагүй эрх зүйн этгээдийн хуваарьт хөрөнгөнөөс төлбөр гаргуулах шийдвэр гарсан нь тухайн харилцаанд оролцоогүй, гэрээ байгуулаагүй, шүүхээр маргаанаа шийдвэрлүүлээгүй иргэний өмчлөх эрхэд ноцтой халдсан шийдвэр болсон тул тус шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна. Компанийн тухай хуулийн 9.5-д заасан журмыг өөрөө дур мэдэн хэрэглэж энэ компанийн хариуцлагыг хувьцаа эзэмшигчээс гаргуулж болно гэж үзэж ажиллагаа явуулсан. Монголиан стар менежмент корпорэйшн ХХК-ийн гэрчилгээ, дүрмээс харахад энэ компани нь 1.000.000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, эхлэлтийн тайлан тэнцлээс харахад энэ хөрөнгийг анх хувьцаа эзэмшигч оруулсан 1.000.000 төгрөгийн хөрөнгө байдаг. 2018 онд гаргасан санхүүгийн тайлангаас харахад энэ хөрөнгө нь мөн тусдаа компанийн санхүүгийн тайлан дээр бүртгэгддэг. Хувьцаа эзэмшигч дангаараа оруулсан хөрөнгө гэж бүртгэгдсэн байдаг. Оруулсан хөрөнгө нь хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс ялган зааглагдаагүй гэсэн шаардлагыг хангаагүй учраас тухайн компанийн төлбөрийг хувьцаа эзэмшигчээс гаргуулах боломжгүй. Үүнийг тогтоогоогүй байж хөрөнгө рүү нь орж данс битүүмжилж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18290321 дүгээр тогтоолоор үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд зааснаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн банкин дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлж, эзэмшил болон өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахаар холбогдох байгууллагуудад лавлагаа хүргүүлэхэд эд хөрөнгө тогтоогдоогүй. Төлбөр төлөгч Монголиан стар менежмент корпорэшион ХХК-ийн эзэмшил болон өмчлөлд эд хөрөнгө тогтоогдоогүй, улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар тус компаний 100 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Б- бүртгэлтэй байсан тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасны дагуу түүний хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулж С.Б-гийн хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлсэн. Төлбөр төлөгч хуулийн этгээд нь шийдвэр гүйцэтгэгчид өгсөн тайлбартаа "компани ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа, орлого байхгүй" гэх боловч, ямар эх үүсвэрээс хэрхэн төлбөрийг төлж байгаа нь тодорхойгүй байна, нэгэнт л төлбөрийг компанийн хөрөнгө орлогоос төлөх ёстой хэмээн үзэж байгаа бол тухайн компани үйл ажиллагаа явуулахгүй байхад төлбөрийг төлсөөр байгаа нь компанийн хөрөнгө, хувьцаа эзэмшигчийн хөрөнгө зааглагдаагүй болох нь харагдаж байна. Мөн Улсын бүртгэлийн газраас 2018 оны 8/1675 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн лавлагаагаар компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Б- бүртгэлтэй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлд дурдсан гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй болно. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, захирал нар нь компанийн орлогыг компанид биш хувьдаа ашиглаж, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/00515 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн зүйлийн 122.1, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Б-тай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18290321/02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч С.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 656 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/00515 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 44 дүгээр зүйлийн 44.1 гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ... Хариуцагч нэхэмжлэгчийн хувьцааг нь эзэмшдэг Монголиан стар менежмент корпорэшион ХХК-ийн хариуцлагыг нэхэмжлэгчээр хангуулах хууль бус ажиллагаа явуулж, арилжааны банкууд дахь харилцах дансыг битүүмжлэн нэхэмжлэгчийн бусад хуваарьт хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэлийг хангуулах тухай албан мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, компанийн хариуцлагыг хувьцаа эзэмшигч хүлээхгүй тухай шаардлагаа санхүүгийн тайлан, компанийн дүрэм, эхлэлтийн тайлан тэнцлээр нотолсон нь хэрэгт авагдсан байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт “Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 18290321/02 дугаар төлбөр төлөгчийн банкууд дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг банкуудад хүргүүлж, уг тогтоолоор гүйцэтгэх захирал С.Б-гийн эзэмшлийн дансыг хаах, битүүмжлэх ажиллагааг хийж эхэлсэн байх ба уг ажиллагаагаар С.Б-гийн Хаан банк болон Төрийн банкны дансуудыг битүүмжилж, эдгээр данснаас ямар нэгэн төлбөр суутгаагүй талаарх баримтуудыг нэр бүхий банкуудаас ирүүлжээ.” Дээрх данс хаасан ажиллагаа нь хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал С.Б-гийн эрхийг хөндсөн гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн байна. Банкны харилцах данс дахь мөнгөн хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгч битүүмжилж, захиран зарцуулах эрхгүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй байна гэсэн шүүгчийн дүгнэлт үнэхээр ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2.8. ”гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх,...” гэсэн шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ нь нэхэмжлэгчийн өмч, хөрөнгөө захиран зарцуулах эрхийг зөрчих нь гарцаагүй юм. Хуулийн дээрх зүйлээс харахад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгийг битүүмжлэх эрхтэй байх боловч, энэ тохиолдолд гүйцэтгэх хуудасд заагдаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус этгээдийн хөрөнгийг битүүмжилсэн байна. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус этгээдийн хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хааснаар тухайн хөрөнгөө эзэмших, захиран зарцуулах эрхийг ноцтой хөндсөн үйлдэл болжээ. Мөн түүнчлэн дээрх шүүхийн шийдвэрт “...хувьцаа эзэмшигч нь ямар хэмжээнд өр төлбөрийг хариуцах, түүнчлэн С.Б-гийн бүх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг хязгаарлах шаардлагатай эсэх, тухайн эд хөрөнгүүд нь компанийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэх ажиллагааг хийж, шалгах ажиллагаа хийгдээгүй байхад дээрхийг нийтэд нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэнд туйлын гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэгч хуулийн этгээдийн хариуцлагыг хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч, улмаар хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлах ажиллагаа явуулсан нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас хангалттай тогтоогдож байхад шүүгч дээрх дүгнэлтийг гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн хуваарьт хөрөнгөөс компанийн хариуцлагыг бүхэлд хангуулах болохоо нэгэнт тодорхойлж, энэ тухай мэдэгдлийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид нэгэнт хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан байдаг. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар Монголиан стар менежмент корпорэшион ХХК-н хүлээх хариуцлагыг хувьцаа эзэмшигч С.Б- хариуцахгүй болохыг тогтоосон баримт буюу Санхүүгийн тайлан тэнцэл, эхлэлтийн баланс хэрэгт хангалттай авагдсан бөгөөд мөн хуулийн 9.3-т заасны дагуу хувьцаа эзэмшигч зөвхөн эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээгээр буюу оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэлтэй байхад ийнхүү хувьцаа эзэмшигчийн хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан үйлдлийг хуульд нийцсэн гэж шүүгч үзсэн байна. Нэхэмжлэгч тухайн компанид 1.000.000 төгрөгийн хөрөнгө оруулсан байх бөгөөд тухайн нэг сая төгрөгийн оруулсан хөрөнгийг тухай бүрд санхүүгийн тайлан тэнцэлд тусгаарлан тусгаж, компанийн дансанд байршуулсан байх бөгөөд оруулсан хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгч компанийн данснаас хасалт хийж барагдуулсан байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах гомдолд дурдсан үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

С.Б-, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан түүнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18290321/02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглэх асуудлаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Монголиан стар менежмент корпорэшион ХХК-с 29.302.425 төгрөг гаргуулж Э.Алтанхуягт олгох Хан-Уул дүүргийн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны  өдрийн 182/ШШ2017/02643 дугаар шийдвэрийг гүйцэтгэхдээ тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Б-гийн Төрийн банк ХХК дахь дансыг 26.466.887 төгрөгийн хэмжээнд битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Компанийн тухай хуулийг зөрчөөгүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуулийн этгээд буюу Монголиан стар менежмент корпорэшион ХХК-иас төлбөр гаргуулахаар хуульд заасан бүхий л ажиллагааг хийсэн боловч төлбөр төлөгч тус компани гүйцэтгэх бичиг баримтад заасан төлбөрийн үлдэх хэсгийг төлөх эд хөрөнгөгүй болох нь тогтоогдсон байна.

Төлбөр төлөгч хуулийн этгээдийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй нь тогтоогдсон тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93  дугаар зүйлийн 93.4-т заажээ.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь зохицуулалтаар хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг байна.

Харин хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч  өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцаж болохыг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заажээ.

Нэхэмжлэгч С.Б- нь Монголиан стар менежмент корпорэшион ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ба түүний компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэхийг тогтоохоор шийдвэр гүйцэтгэгч зохих ажиллагааг явуулна. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хувьцаа эзэмшигч С.Б- нь компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ, хувийн эд хөрөнгөөс заагласан, эсхүл зааглаагүй аль нь болохыг тогтоох ажиллагаа явагдаагүй байхад нэхэмжлэгч шүүхэд хандсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогджээ.

Учир нь шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энэ ажиллагаатай холбоотой С.Б-гаас Монголиан стар менежмент корпорэшион ХХК-ийн дүрэм, санхүүгийн бүртгэл тайлан, нягтлан бодох бүртгэлийн баримт зэргийг гаргуулахаар шаардсан, нөгөө талаас С.Б- мөн энэ талаархи баримтыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

С.Б- шүүхэд Монголиан стар менежмент корпорэшион ХХК-ийн дүрэм, санхүүгийн бүртгэл тайлан, нягтлан бодох бүртгэлийн баримтыг гаргасан хэдий ч шүүх энэ талаар дүгнэлт хийх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн  93.4-т заасантай нийцэхгүй юм.

Иймд гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын шүүхэд гомдол гаргах эрхийг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримталсан нь оновчтой болоогүй байна.

С.Б- гуравдагч этгээдийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өөрийн эрх ашгийг зөрчсөн гэх агуулгаар гомдол гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3-т заасныг баримтлах нь зөв байна. Иймд энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 656 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “44 дүгээр зүйлийн 44.4” гэснийг “122 дугаар зүйлийн 122.1, 122.3” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ