Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2019/00515

 

 

 

 

 

 

 

 

 

     2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2019/00515

              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Т  овогт С  Б  / /-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н газарт холбогдох

 

С.Б тай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 18290321/02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Итгэл, хариуцагчийн төлөөлөгч Б.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

            Нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авав.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Б гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Итгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай М ХХК нь тус шүүхийн 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 2643 дугаар шийдвэрийн дагуу Э.А  төлбөр төлөхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувиар оролцож байгаа билээ. Манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж төлбөрийн чадваргүй болсон тул тухайн шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлэх боломжгүй болсон байгаа хэдий ч төлбөрийг хуваарь гарган тогтмол төлсөөр ирсэн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх Тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Ц.Гантуяагийн 2018 оны 10 сарын 02-ны өдрийн 4/16467 тоот албан мэдэгдлийн дагуу дээрх шийдвэрээр манай “М ” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн 26 356 887 төгрөгийн төлбөрийг хувьцаа эзэмшигч С.Б  миний бие болон компанийн өмнөх хувьцаа эзэмшигч Д.А  нараас гаргуулахаар шийдвэрлэсэн төдийгүй, төлбөрийг төлөөгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн хуваарьт хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулна гэсэн утгатай хууль бус шийдвэр гарсанд туйлын гомдолтой байна. Дээрх шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандсан боловч төрийн албаны хүнд суртал гарган мэдэгдлийг хэвээр үлдээн шийдсэн. Гүйцэтгэх хуудсанд заагдаагүй эрх зүйн этгээдийн хуваарьт хөрөнгөнөөс төлбөр гаргуулах шийдвэр гарсан нь тухайн харилцаанд оролцоогүй, гэрээ байгуулаагүй, шүүхээр маргаанаа шийдвэрлүүлээгүй иргэний өмчлөх эрхэд ноцтой халдсан, шийдвэр болсон байна. Мөн дээрх шийдвэр хууль зөрчсөн байх тул тус шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна. Компанийн тухай хуулийн 9.5-д заасан журмыг өөрөө дур мэдэн хэрэглэж энэ компанийн хариуцлагыг хувьцаа эзэмшигчээс гаргуулж болно гэж үзэж ажиллагаа явуулсан. Монголиан стар менежмент корпорэйшн ХХК-ийн гэрчилгээ, дүрмээс харахад энэ компани нь 1 000 000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, эхлэлтийн тайлан тэнцлээс харахад энэ хөрөнгийг анх хувьцаа эзэмшигч оруулсан 1 000 000 төгрөгийн хөрөнгө байдаг. 2018 онд гаргасан санхүүгийн тайлангаас харахад энэ хөрөнгө нь мөн тусдаа компанийн санхүүгийн тайлан дээр бүртгэгддэг. Хувьцаа эзэмшигч дангаараа оруулсан хөрөнгө гэж бүртгэгдсэн байдаг. Оруулсан хөрөнгө нь хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс ялган зааглагдаагүй гэсэн шаардлагыг хангаагүй учраас тухайн компанийн төлбөрийг хувьцаа эзэмшигчээс гаргуулах боломжгүй. Үүнийг тогтоогоогүй байж хөрөнгө рүү нь орж данс битүүмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Х  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02643 дугаар шийдвэрээр “М ХХК-иас 29 606 887 төгрөгийг гаргуулж Э.А  олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 18290321 дүгээр тогтоолоор үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд зааснаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн банкин дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлж, эзэмшил болон өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахаар холбогдох байгууллагуудад лавлагаа хүргүүлэхэд эд хөрөнгө тогтоогдоогүй. Төлбөр төлөгч “М ” ХХК-ийн эзэмшил болон өмчлөлд эд хөрөнгө тогтоогдоогүй, улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар тус компаний 100 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Б  бүртгэлтэй байсан тул Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасны дагуу түүний хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулж С.Б гийн хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлсэн. Төлбөр төлөгч хуулийн этгээд нь шийдвэр гүйцэтгэгчид өгсөн тайлбартаа “компани ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа, орлого байхгүй” гэх боловч, ямар эх үүсвэрээс хэрхэн төлбөрийг төлж байгаа нь тодорхойгүй байна, нэгэнт л төлбөрийг компанийн хөрөнгө орлогоос төлөх ёстой хэмээн үзэж байгаа бол тухайн компани үйл ажиллагаа явуулахгүй байхад төлбөрийг төлсөөр байгаа нь компаний хөрөнгө, хувьцаа эзэмшигчийн хөрөнгө зааглагдаагүй болох нь харагдаж байна. Төлбөрийг хэрхэн яаж, ямар орлогоос төлөөд байгаа нь тодорхойгүй, компанийн олсон орлогыг хувьцаа эзэмшигч нь хувьдаа ашиглаж байгаа эсэх шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж байгаа үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар 2019 оны 2/2602 дугаар албан бичгээр Цагдаагийн байгууллагад хандаад байна. Мөн Улсын бүртгэлийн газраас 2018 оны 8/1675 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн лавлагаагаар компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Б  бүртгэлтэй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлд дурдсан гүйцэтгэх захирал Д.А т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй болно. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, захирал нар нь компаний орлогыг компанид биш хувьдаа ашиглаж, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа компанийн тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б  нь хариуцагч Н газарт холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ Н газрын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/17750 тоот мэдэгдлийг хүчингүй болгож, гүйцэтгэх хуудсанд тусгайлан заагдаагүй этгээдээс төлбөр гаргуулахыг байхыг даалгуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Б тай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 18290321/02 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02643 дугаар шийдвэрээр хариуцагч М ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 29 302 425 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.А  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 705 231 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Төлбөр төлөгч М ХХК 29 302 425 төгрөг гаргуулж шийдвэрлэснээс 3 250 000 төгрөгийг барагдуулсан ба үлдэх 26 356 887 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

 

Дээрх хүчинтөгөлдөр шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр газар 2018 оны 10 сарын 02-ны өдрийн 4/16467 тоот, 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 4/17750 тоот мэдэгдлүүдээр төлбөр төлөгч М ХХК-д төлбөрийн үлдэгдэл болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тус газрын дансанд шилжүүлэхийг мэдэгдэж, улмаар хариуцагч байгууллага 2018 оны 6 сарын 06-ны өдрийн 18290321 дугаар төлбөр төлөгчийн банкууд дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг банкуудад хүргүүлж, хариу авсан байна./хх-ийн 42-47/ 

Уг ажиллагаагаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн Худалдаа хөгжлийн банк дахь данснаас хэсэгчилсэн дүнгээр хасалт хийж, холбогдох дансанд шилжүүлсэн ажиллагааг хийж нийт 3 250 000 төгрөгийг төлбөр авагчийн дансанд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна./хх-ийн 44, 46/

Мөн хэрэгт авагдсан баримтаар болон зохигчдын тайлбар зэргээс М ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай, үүсгэн байгуулагч нь С.Б  гэж, оруулсан хөрөнгийн хэмжээ нь 1 000 000 гэж бүртгэгдсэн байх ба уг компанийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө тогтоогдоогүй байна.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасан байна.

 

Хариуцагч Н газар нь 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 18290321/02 дугаар Төлбөр төлөгчийн банкууд дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг банкуудад хүргүүлж, уг тогтоолоор гүйцэтгэх захирал С.Б гийн эзэмшлийн дансыг хаах, битүүмжлэх ажиллагааг хийж эхэлсэн байх ба уг ажиллагаагаар С.Б гийн Хаан банк болон Төрийн банкны дансуудыг битүүмжилж, эдгээр данснаас ямар нэг төлбөр суутгаагүй талаарх баримтуудыг нэр бүхий банкнуудаас ирүүлжээ./хх-ийн 42-64/

Дээрх данс хаасан ажиллагаа нь хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал С.Б гийн эрхийг хөндсөн гэж үзэхээргүй байна.

 

Тодруулбал, хувьцаа эзэмшигч нь ямар хэмжээнд өр төлбөрийг хариуцах, түүнчлэн С.Б гийн бүх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг хязгаарлах шаардлагатай эсэх, түүнчлэн тухайн эд хөрөнгүүд нь компанийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэх ажиллагааг хийж, шалгах ажиллагаа хийгдээгүй байхад дээрхийг нийтэд нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно.” гэснээр хувьцаа эзэмшигч С.Б гийн эд хөрөнгөнд эдгээр ажиллагаа хийгдсэн талаар хэрэгт баримт ирээгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Б  нь Н газарт болон холбогдох албанд дээрх ажиллагааны талаарх гомдлоо гаргаж, Шийдвэр гүйцэтгэх албанаас 2018.10.16-ны өдрийн 4/2096 тоот, 2018.12.19-ний өдрийн 4/2600 тоотоор хариуг албан бичгээр өгсөн байх ба шүүхэд нэхэмжлэлээ 2018 оны 12 сарын 31-ний өдөр гаргасан байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн зүйлийн 122.1, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Б тай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 18290321/02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч С.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

 

             ДАРГАЛАГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ