Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00263

 

 

       Г.А-ын төлөөлөн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 150 дугаар шийдвэр,

          Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгчийг төлөөлж: Г.А-

          Хариуцагч: Н.Г-од холбогдох

          Нийт 482,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.А- нэхэмжлэлдээ: Би хүүгийн хамт У.... улс явах шаардлагатай болсон. Сэлэнгэ аймгийн гадаадын иргэн харьяатын газрын ажилтан Н.Г-оос утсаар холбогдон яах ёстойг асуухад Сэлэнгэд ирж уулзан зөвшөөрөл ав гэсэн. Энэ дагуу 2019-01-11-ний өдөр эхнэр А-ын хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум дахь Гадаадын иргэн, харьяатын газрын ажилтан Н.Г-той уулзан өөрийн паспортын хавсралтаар Монголд хамт ирсэн хүү мань тэр паспорттай У.... улс явж болох уу гээд У.... улсын гадаад паспорт, хүүхдийн төрсний гэрчилгээ хоёрыг үзүүлсэн.    Г-ын хэлсний дагуу 54,000 төгрөг, 3 доллар тушаан явж ирэх зөвшөөрөл авсны дараа Г- бидэнд та одоо хүүтэйгээ хилээр чөлөөтэй зорчиж болно гэсэн. Бид  цахимаар тасалбар захиалан 2019-01-22-ны өглөө 08.00 цагт Улан-Үдээс Москва орох онгоцонд суух 2 хүний билет 10,683 рублиэр авсан. Дарханаас Улан-Үдэ орох таксинд хоёр хүний 80,000 төгрөг төлөн сууж 2019-01-21-ний өглөө 05.00 цагийн үед Алтанбулаг боомтоор хил нэвтрэхээр очиход Гадаадын иргэн харьяатын газрын ажилтан Ц биднийг саатуулж, улмаар 3 хоног хүлээлгэсний эцэст “одоо зорчиж болно” гээд явуулсан. 2019-01-21-ний өдөр бид Г-д “...сууж ирсэн такси хаяад явснаас 80,000 төгрөгөөр хохирлоо. Онгоцны билет 11000 рублиэр авчихсан 01-22-ны өглөө 08 цагт Улан-Үдээс Москва руу нисэх онгоцноос хоцорвол бид их хохирох нь та нар биднийг явуулаад өгөөч...” гэхэд Н.Г- 11000 рубль чинь 440,000 төгрөг болох юм байна, би төлчихнө гэж аашлан зандарч байсан. Одоо явж болно гэхээр нь “... 11,000 рублийг өгнө үү ...”гэхэд “..би уурандаа тэгж хэлсэн... харин ч та нарыг 2,500,000 төгрөгийн торгуулиас чөлөөлсөн... та нарт арга хэмжээ авах эцсийн шийдвэр гараагүй байна...” гэж дарамтлан зүй зохисгүй авирлаж, сүрдүүлж заналхийлэн доромжилсон. Хойшоо явахаасаа 10-аад хоногийн өмнө Сэлэнгэд очиж уулзан шаардлагатай бичиг баримтыг үзүүлэхэд 54,000 төгрөг 3 доллар тушаалгаад хилээр зорчиж болно гэсэн зөвшөөрөл олгосон Гадаадын иргэн, харьяатын газрын ажилтан Г- нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36.1.3, 36.2 дахь заалтуудыг ноцтой зөрчин ажилдаа хариуцлагагүй, хэнэггүй хайхрамжгүй хандсанаас болж маш их чирэгдэж бухимдан сэтгэл санааны гүн шоконд орж асар их цаг хугацааг алдаж, мөнгө санхүүгээр хохирсон. Ингээд Улаанбаатар хотын Гадаадын иргэдийн бүртгэл мэдээллийн төвд энэ хүнд холбогдуулж гомдол гаргахад Г-оор хохирлыг төлүүлэх шийдвэр гаргасан. Бид анх 2019-01-11-нд Г-той уулзахад А-ыг аавынхаа паспортын хавсралтаар хамт явахад асуудал үүсэхийг мэдсэн бол хүү А- нь Монголд ирээд хүүхдийн гэрчилгээ авсан байгаа тул гадаад паспорт аваад явуулах, эсвэл явуулахгүй үлдээгээд аав нь ганцаараа явах байдлаар зохицуулах боломжтой байсан. Иймд энэ ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох онгоцны зардал 10683 рубль буюу тухайн өдрийн ханшаар 1 рублийг 40.5 төгрөгөөр бодоход 432,000 төгрөг, уг асуудлыг шүүхээр шийдүүлэхийн тулд Дархан Сэлэнгийн хооронд хүүтэйгээ гурвуул нааш цааш явсан зардал 50,000 төгрөг нийт 482,000 төгрөгийг Гадаадын иргэн харьяатын газрын ажилтан Г-оос гаргуулан бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгчийн эхнэр Г.А- нь 2019-01-10-ны өдөр Хойд бүс дэх газрын албаны суурин утас /утасны дугаар: ...../-аар холбогдож, зандрангуй байдалтайгаар манай нөхөр У.... улсын иргэн, оршин суух үнэмлэхтэй, У.... улс руу түр хугацаагаар яваад буцаж ирэхэд ямар нэг гарах зөвшөөрөл авах уу гэж асуухад нь Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн Монгол Улсаас гараад буцаж ирэх тохиолдолд гарах-орох виз авах шаардлагатай” гэж зөвлөгөө, мэдээлэл өгсөн. Улмаар нэхэмжлэгч нь эхнэр Г.А-ын хамт 2019-01-11-ний өдөр Хойд бүс дэх газрын байранд ирж Монгол Улсын виз мэдүүлэх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үнэртүүлсэн байдалтай, хэл ярианы өөрчлөлттэй байсан. Бидний зүгээс тиймэрхүү байдалтай ирсэн иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж болох байсан. Гэвч “....ээжийнх нь эрүүл мэндийн байдал хүнд, яаралтай У.... улс руу явах шаардлагатай байгаа, виз олгож өгөөч...” гэсэн хүсэлтийг нь харгалзан хүндрэл чирэгдэл учруулалгүй, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс тус иргэнд Засгийн газрын 145 дугаар тогтоол Монгол Улсын виз олгох журамд заасны дагуу виз олгоход шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн авч, виз олголтын үйлчилгээ үзүүлсэн. Тухайн иргэн нь Монгол Улсын виз хүссэн гараар бичсэн өргөдөл болон виз мэдүүлгийн хуудаст хүүхдийн талаар огт дурдаагүй болно. Нэхэмжлэгч нь  2019-01-21-ний өдөр хүүгийн хамт Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсаас гарахаар бичиг баримтаа Хил хамгаалах байгууллагад шалгуулах үед хүү нь 2015 оноос хойш Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогдож, Хойд бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Ж.Ц-т зөрчилтэй иргэнийг нотломжоор хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч болон түүний эхнэр Г.А- нар хүүхэд нь Монголд 2015 онд ирсэн даруйд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24-р зүйлд заасны дагуу зохих байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй байсан ч анхнаасаа Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, мөн зөрчилтэй иргэнийг Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гаргасан учраас түр саатуулагдсан. Дээрх иргэд миний виз олголтын үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотойгоор Улсын хил дээр түр саатуулагдаагүй. Дээд байгууллагын шийдвэрээр цалингийн арга хэмжээ авагдаж одоо цалингаасаа төлж байгаа. Иймд нэхэмжлэлд дурдсан нисэх онгоцны тасалбар үрэгдсэн, замын зардлаар хохирсон гэх төлбөрийг миний бие төлөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 150 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар Н.Г-од холбогдох 482,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 372 тоот захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан шийдвэрлэжээ.

       Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 150 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргах тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсан байна.

      Хариуцагч, түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.А- нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Г-ын буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзэж, түүнийг хариуцагч гэж тодорхойлон нэхэмжлэл гаргасан. Улмаар анхан шатны шүүхэд ХХША-ны явцад удаа дараа Н.Г-ыг буруутгаж нэхэмжлэлээ дэмжсэн тайлбар нотлох баримтуудыг хүргүүлж байсан агаад анхан шатны шүүхээс түүнд ХХША-нд ямар байдлаар оролцох болон нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах, өмгөөлөгч авч эрхээр хангуулах зэрэг бүхий л эрхийг эдлүүлж үүргийг нь тайлбарлаж өгсөн. Нэхэмжлэгчийн хуульд заагдсан эрхийг нэг ч удаа үндэслэлгүйгээр хязгаарлаж байсан тохиолдол байдаггүй. Анхан шатны шүүх хуралдаан явагдахаас өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өмгөөлөгч авах, нотлох баримт гаргаж өгөх талаар сануулж, өөрийнх нь саналыг сонсоход нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг түр завсарлуулж, улмаар Г.А- нь өөрийн зөвлөгөө авч байгаа хуульчтайгаа утсаар ярина гэж гараад “холбоо барьж зөвлөгөө авлаа шүүх хуралдааныг хойшлуулахгүй, нэмж гаргаж өгөх нотлох баримт байхгүй би өөрөө тайлбараа өгч шүүх хуралдаанд оролцоно” гэж саналаа хэлээд шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу үргэлжлүүлсэн. Ингээд 2019-04-10-ны өдөр хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж улмаар хуульд нийцсэн, “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангасан 150 тоот шийдвэр гарсан. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс; Анхны шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн, Нэхэмжлэгч нь хариуцагчаар Г-ыг сонгосон нь буруу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх үүрэг тайлбарлаж өгөх үүргээ анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй хэмээн ямар ч үндэслэлгүйгээр хэргийг буцаасныг хариуцагч талаас эс зөвшөөрч байна. Учир нь; Нэхэмжлэгч гэх Д.С... Н.... нь нэхэмжлэл гаргахаас эхлээд хуульд заасан бүх эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг өөрийн эхнэр болох Г.А-даа өгсөн.( хавтаст хэрэгт гаргасан нэхэмжлэл, итгэмжлэлээр нотлогдоно) Давж заалдах шатны шүүхээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх ёсгүй хүнийг чөлөөлсөн гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэдэг үндэслэл зааж хэргийг хүлээн авахаас татгалзах учиртай байсан. Нөгөөтэйгүүр Нэхэмжлэгч нь Н.Г-ыг буруутгаж хариуцагчаар сонгосон, гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон хэнийг хариуцагчаар татах эрхэнд халдаж, хуулийн этгээдийг хариуцагчаар сонгох эсэхийг тодруулах ажиллагаа хийгээгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.( анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд удаа дараа шүүхийн зүгээс ямар шалтгааны улмаас Н.Г-ыг буруутгаж хариуцагчаар сонгосон талаар асууж тодруулсан, нэхэмжлэгч үндэслэл бүхий тайлбараа дэмжиж шүүхэд бичгийн хэлбэр болон амаар гаргаж байсан. ) Хэрэв Н.Г- нь Давж заалдах шатны шүүхийн үзэж байгаагаар хариуцах ёсгүй этгээд юм бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох байсан, заавал нэхэмжлэгчийн хүсэл зоригийн эсрэг энэ хүн хариуцагч, чи тэрийг сонгох ёстой гэж заах нь нэхэмжлэгчийн хариуцагчийг сонгох эрхэнд халдаж байна гэж ойлгогдохоор байна. Анхан шатны шүүхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарлан өгөх үүргийг шүүх хэрэгжүүлээгүй гэдэг дүгнэлттэй огт санал нийлэхгүй байгаа. Нэхэмжлэгчээс гаргасан бүхий л хүсэлт тайлбарыг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэж байсан. Харин давж заалдах шатны шүүхээс Монгол улсын шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлан гаргасан хэргийн хөдөлгөөний стандартад нийцсэн эрх үүрэг тайлбарласан нотлох баримтууд, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нотлох баримтуудыг огт хэрэгт байхгүй гэж дүгнэж байна уу? Эсвэл тэр нотлох баримтууд нь байгаа боловч давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт баталсан эрх зүйн акт хангалттай бус байсан уу? Энэ талаараа огт тайлбарлалгүй шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй байна. Харин анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтанд хуульд нийцсэн дүгнэлтийг хийсэн болох нь хавтаст хэрэгт байгаа бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно. Давж заалдах шатны шүүх талууд маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын зарчимд үндэслэх, шүүх хөндлөнгийн байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгчийг төлөөлж Г.А- 2019-02-26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Н.Г-оос нийт 482,000 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “...бичиг баримтаа авч очиж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь Гадаадын иргэн, харьяатын газрын ажилтан Н.Г-од үзүүлээд зохих зөвлөгөөг аваад “хил нэвтэрч болно” гэсэн тул Улан-Үдээс Москва орох онгоцонд суух 2 хүний билет 10,683 рубль-р авсан...  Дарханаас Улан-Үдэ орох таксинд хоёр хүний 80,000 төгрөг төлсөн...гэвч бичиг баримтын асуудлаас саатаж онгоцноос хоцорч хохирсон...” гэжээ. 

       Хариуцагч тайлбартаа “...нэхэмжлэгч нь 2019-01-21-ний өдөр хүүгийн хамт Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсаас гарахаар бичиг баримтаа Хил хамгаалах байгууллагад шалгуулах үед хүүхэд нь 2015 оноос хойш Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогдсон...өмнө нь хил нэвтрэх талаараа асуухдаа хүүхдийнхээ талаар мэдээлэл өгөөгүй байсан...” гэжээ. 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...хариуцагч нь хил зорчих асуудлыг хязгаарласан болон хориглосон зүйл тогтоогдоогүй... түүний хүүг саатуулсан үйлдэлд хариуцагчийг буруутгах боломжгүй... нэхэмжлэлийн үндэслэл баримтаар нотлогдоогүй...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

       Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгохдоо “...шүүх   итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж хууль хэрэглээний алдаа гаргасан байна... хариуцагчийг солих эсэх ажиллагааг шүүх хийгээгүй байна...” гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

       Хариуцагч, түүний өмгөөлөгч нар хяналтын гомдолдоо “..анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй..” гэжээ.  

       Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

       1. Г.А- бусдыг төлөөлж шүүхэд хандсан гэх боловч нэхэмжлэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй байгааг шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1-40.3 дахь хэсэг, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлд нийцээгүй байна. 

       Нэхэмжлэгчийг Монгол улсад оршин суух үнэмлэх-д Д.... С... /D... S.../  гэж, гэр бүлийн баталгаанд Д... Н... С... гэж., хүүхдийн төрсний гэрчилгээнд Д.. Н... С... гэж, зарим албан бичигт Д... С... Н... гэж тус тус  нэрлэжээ.   

      Шүүх нэхэмжлэгчийн хувийн байдлыг албан ёсны бичиг баримтад зааснаар бус, харин  хэрэгт авагдсан албан бичигт дурдсанаар тодорхойлсон үндэслэлээ заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсгийг зөрчсөн байна.

        2. Монгол хэл дээр бичиж, олгосон гэх итгэмжлэл /хх11 ар тал/ нь У.... улсын иргэний хүсэл зориг мөн эсэх нь тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ. 

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй.

        Нэхэмжлэгч нь У.... улсын иргэн гэх бөгөөд тэрээр монгол хэл ойлгодог, мэддэг эсэх нь тодорхойгүй байхад шүүх монгол хэлээр бичсэн итгэмжлэлээр Г.А-ыг нэхэмжлэгчийн төлөөлөгч гэж үзсэн нь буруу байна.     

        Түүнчлэн 2002-07-04-ний өдөр төрсөн С.А-ыг эцэг нь эсхүл эх нь төлөөлж буйг шүүх тодруулаагүй нь дутагдалтай болжээ. 

      3. Анхан шатны шүүх төрийн албан хаагч албаны үүргээ хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг анхаарч үзээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. 

       Сэлэнгэ аймаг дахь Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газрын виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн 2019-01-10-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа хохирол учруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд ханджээ. 

       Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан ажиллагааны талаар нэхэмжлэгчид танилцуулах нь хэргийг нэр мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

       Харин давж заалдах шатны шүүх улсын тэмдэгтийн хураамж төлсөн нөхцөл байдлыг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд нийцээгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

       Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, эсхүл шүүх үндэслэлгүй чөлөөлсөн тохиолдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй бөгөөд энэ нь шийдвэрийг хүчингүй болгох бус, харин өөрчлөлт оруулах үндэслэл юм. 

     4. Шүүх зохигчийн хувийн байдлыг тодруулж, итгэмжлэл хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээдийн талаар тодруулсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

       Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 15,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР                                                                                                               

ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ